СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш, найруулагч Б.Хулантай ярилцлаа.
-АНУ-д кино найруулагч мэргэжил эзэмшсэн юм билээ. Аль сургуулийг нь төгссөн юм бэ?
-Лос-Анжелес хот дахь Холливудын урлагийн институтийг 2015 онд төгссөн. Тус хотод кино урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль олон бий.
-Манайд эмэгтэй найруулагч олон биш. Яагаад энэ мэргэжлийг эзэмшихээр шийдсэн бэ?
-Залуу насандаа өөрийгөө төрөл бүрээр сорихыг хүсдэг. Би маш бүрэг охин байлаа. Тиймээс өөрийгөө сорьж, нээхийг хүсэж “Universe best songs” уралдаанд оролцсон.
Дуу ч бай, кино ч бай хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. Тус уралдааны дараа уран бүтээл хийж эхлэхдээ зохиосон дуундаа тохирох клипийг өөрөө хийдэг болъё гэж бодох болсон.
Яг үнэнээ хэлэхэд, анхандаа юу руу орж байгаагаа мэдээгүй. Салбарынхаа онцлог, нарийн ширийнийг мэдэхгүй учраас тэр.
-Яагаад заавал АНУ-д сурахаар шийдэв?
-Дунд сургууль төгсөөд АНУ-ын Норт Дакотад хуульчаар сурахаар тэтгэлэг авч явсан. Тэнд найман сар сурах хугацаандаа хуульч болох нь миний үнэхээр хүсэж байгаа зүйл биш гэдгийг ойлгосон. АНУ-д очсоноосоо хойш кино их үздэг болсон.
Эхэндээ хүмүүсийн сонирхолтой гэсэн кинонуудыг үзэж, яваандаа найруулагчийг нь харж сонгодог боллоо. Улмаар алдартай, өвөрмөц онцлогтой найруулагчдын бүтээлийг шилж үздэг болсон.
Тэгж явсаар энэ чиглэлээр сурахаар шийдэж, Лос-Анжелес хот руу нүүсэн дээ.
-Танаас өөр энэ сургуулийг төгссөн монгол мэргэжилтэн байдаг уу?
-Намайг элсэхээс нэлээд хэдэн жилийн өмнө хувцас загвар зохион бүтээгчээр монгол охин төгссөн гэж сонссон. Найруулагчаар төгссөн хүн надаас өөр байхгүй.
-Алдартай ямар хүмүүсээр хичээл заалгаж байв. Оюутан байх хугацаандаа кинонд ажилласан уу?
-Манайх хувийн сургууль л даа. Тиймээс өндөр төлбөртэй. Эхний хоёр жилд “Би юу хийчих вэ” л гэж боддог байлаа. Хичээлдээ явна, цагийн ажил хийнэ. Машингүй болохоор камер, гэрлээ чирээд л алхдаг байв. “Эхэлсэн юм чинь эцсийг нь үзнэ” гээд л гүрийдэг байлаа.
Харин гурав дахь жилээс мэргэжилдээ дурласан даа. Гадаадад амжилтад хүрч, олонд танигдсан уран бүтээлчид залуу хүмүүсийг маш их дэмждэг. Гэтэл манайд эсрэгээрээ мэт санагддаг. Оюутан байхдаа 3000 ам.долларын төсөвтэйгөөр богино хэмжээний кино хийсэн. Маш мундаг, туршлагатай зураглаачтай хамтарч ажилласан.
Тэр киногоо хүмүүст үзүүлэхээс санаа зовоод байдаг юм. Киноны зураглал маш сайн боловч миний зохиол сул. Тийм болохоор би кино зохиолын талаар илүү судалж, бичихээр оролдож байгаа. Киноны зохиол маш сайн байх ёстой. Лос-Анжелест кино компани маш олон. Оюутан байхдаа “Crystal sky” пикчерст ажилладаг байлаа. Зохиолчдын илгээсэн кино зохиолыг уншиж, таван хуудсанд багтаан хураангуйлах ажил хийдэг байлаа.
Кино зохиолд дурлах болсон минь ч үүнтэй холбоотой байх. Яг үнэндээ Холливуд бидний төсөөлдөг шиг том биш. Тэнд ажилладаг кино компаниуд, уран бүтээлчид бүгд нэгнээ мэддэг. Би нэг ажилд, уран бүтээлд амжилттай ажиллавал дараагийнхад нь өмнө хамтран ажилласан хүн зуучлаад, холбоод явчихна. Харин муу байвал эсрэгээрээ. Тийм болохоор шилдгүүд нь шигшигдэж үлддэг.
-АНУ-ын сургалтын арга барил ямар онцлогтой вэ. Ямар онцлогийг нь манай системд нэвтрүүлмээр санагддаг бол?
-Онолоор “бөмбөгдөх”-өөс илүүтэй бие даан сурах боломж олгодог. Нөгөөтээгүүр, бүх хичээлийг гурван түвшнээр заадаг. Жишээ нь, гэрэлтүүлгийг анхан, дунд, гүнзгий шатанд заана.
Ингэж сургахад оюутан найруулахаас гадна зураг авах, кино зохиол бичих, продюсерлох зэрэг тал бүрийн мэдлэгтэй болж төгсдөг. Ийм цогц мэдлэг, туршлага олгохоор оюутны хөрвөх чадвар илүү сайн болно.
-СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд багшлаад гурван жил болжээ. Сургуулиа төгсөөд удаагүй залуу хүн уран бүтээл хийхээс багшлахыг илүүд үзсэн нь ямар учиртай вэ?
-Сургуулиа төгсөөд ирсний дараа багшлах санал тавихад нь татгалзаагүй. СУИС-ийн зүгээс гадаадад, ялангуяа Барууны оронд мэргэжил эзэмшсэн залуу боловсон хүчнээр цус сэлбэх бодлого барьж буй. Багшлах арга зүй дутмаг ч өөрийн сурсан, мэдсэнээ бусадтай хуваалцах боломж учраас ажиллаж эхэлсэн дээ.
Хичээлийн хөтөлбөрийг нь хараад нэг зүйл анзаарсан нь оюутнуудад уншуулах монгол хэлээрх ном, гарын авлага байхгүй. Байгаа нь орос, англи хэлээр. Гэтэл хүүхдүүдийн хэлний мэдлэг тэдгээр номыг уншаад бүрэн ойлгох хэмжээнийх биш.
Ингээд гарын авлага болохуйц онолын ном байх хэрэгтэй гэж үзээд “Киног задлан уншихуй” номоо зориглон бичиж эхлээд байна.
-Өнгөрсөн жил та жүжигчин Б.Амарсайхан, С.Уран нарын продюсерлосон “The mongolian connection” киноны туслах найруулагчаар ажилласан. Найман улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ямар байв. Тэднээс юу сурав?
-Надад маш том боломж олгосон уран бүтээл. Яагаад гэхээр, залуу найруулагч бүрийн туулдаг хүндхэн үеийг би одоо туулж явна. Сайн уран бүтээл хийж, өөрийгөө бусад уран бүтээлч, үзэгчдэд нотлох ёстой. Тэгж чадвал урлагийн зам дурайна. Тэгэх хүртэл чадна гэдгээ нотлох, хөрөнгө санхүү босгох гээд амаргүй өдрүүдийг туулна.
“The Mongolian connection” киног АНУ-ын найруулагч Дрью Томас найруулж, ерөнхий зураглаачаар Жорж Белленжер ажилласан. Гол дүрүүдэд АНУ-ын жүжигчин Кайви Лайман, Казахстаны Санжар Мади, Жандос Айбассов нар тоглосон. Тэдгээр мундаг уран бүтээлчтэй ажилласан нь залуу хүний хувьд том боломж.
Б.Амарсайхан ах АНУ юм уу, Баруунд киноны чиглэлээр төгссөн, хэлний мэдлэгтэй хүн туслах найруулагчаар ажиллуулахаар хайж байсан юм билээ. Яг тэр үед нь санамсаргүй тохиолдлоор бид таарсан. Үүнийг аз гэх байх.
Нөгөөтээгүүр продюсер С.Уран эгч залуу эмэгтэй найруулагчийг дэмжихийг хүссэн байх. Тэдний итгэлийг алдахгүйн тулд маш их хичээсэн.
-Таныхаар кино урлаг уу, бизнес үү?
-1930-1960 он бол Холливудын сонгодог киноны үе. Тухайн үед Холливудад зургаан кино студи байж л дээ. Эдгээр студи нь хөрөнгө төвлөрүүлж, кино бүтээдэг. Харин эдгээр студиэс гадуур, маш бага зардлаар бүтээсэн киног индепендент бүтээл гэдэг байв.
Энэ үед Европт ньюреализм, нью вейв гэхчлэн төрлөөр, маш бага төсвөөр тухайн нийгмийг тольдсон кинонууд хийж эхэлсэн. Энэ үеэс артхаус төрлийн кино хөгжиж эхэлсэн түүхтэй. Холливудын түүхэнд маш бага зардлаар, арилжааны кино хийж өндөр ашиг олсон найруулагч олон бий. Тэгэхээр төсөв, мөнгөөр хэмжих боломжгүй мэт.
Би бол аль аль нь гэж хэлнэ. Үзэгчдээ мэдэрч чадахгүй зөвхөн урлаг талаас нь харж кино бүтээх нь бас өрөөсгөл. Нэгэнт л уран бүтээлч гэгдэж байгаа бол хүмүүст хүрэх бүтээл хийх хэрэгтэй шүү дээ.
-Яг одоо кино эхлүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Ямар төрлийн уран бүтээл вэ?
-СУИС-иас санхүүжүүлж буй бүтээл. Киноны зохиолыг дөрвөн хүн бичиж байна. Би ерөнхий найруулагчаар ажиллана. Маш их эмээж байна. Энэ киногоо сайн хийж чадвал миний дараа дараагийн хаалга нээгдэнэ шүү дээ. Киногоо олон үзэгчид хүргэхийг хүсэж байгаа ч ашгийн төлөө бус.
Болж өгвөл олон улсын кино наадмуудад сойх төлөвлөгөөтэй. Дэлхийн томоохон урлагийн сургуулиуд нэр хүндээ өсгөхийн тулд багш, оюутнуудаа дэмжиж, бүтээлийг нь олон улсын наадмуудад өрсөлдүүлэх боломж олгодог. СУИС ч энэ жишгийг сургалтын бодлогодоо тусгаж буйд баярлаж байна.
-Та богино хэмжээний кино хийсэн. Одоо баримтат кино бүтээж, удахгүй уран сайхны кино хийхээр зохиолыг нь бичиж байгаа гэсэн. Олонх найруулагч киноны аль нэг төрлөөр дагнан бүтээдэг. Танд тийм бодол бий юү?
-Аль нэг төрөл гэхээс илүүтэй өөрийн хэв маягийг олохоор хичээж явна. Тухайлбал, алдарт найруулагч Вес Андерсон гэхэд зураглал, хэмнэлээрээ эрс ялгардаг. Андрей Тарковскийн киног үзэхэд түүнийх гэдэг нь андашгүй.
-Тэгвэл та бүтээлдээ ямар онцлогоо шингээхийг хүсэж байна вэ?
-Дуу ч бай, кино ч бай хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл гэж түрүүн хэлсэн. Жан Люк Годард, Стэнли Кубрик нарын алдартай найруулагч зохиолоо өөрсдөө бичиж, найруулдаг. Яг л миний хүсдэг онцлог, шинж чанарууд тэдний бүтээлүүдээс харагддаг юм. Auteur director гэж нэрлэдэг шүү дээ. Би тийм л баймаар байна. Төрлийн хувьд хүүрнэлт кино надад илүү таалагддаг.
-Олон улсын кино наадамд оролцох бодолтой гэлээ. Сүүлийн жилүүдэд манай уран бүтээлчид олон ч кино наадамд оролцож байна. Ер нь гадаадынхан манай кино урлагийн талаар сонирхдог болов уу?
-Нэгэнт улсаас бодлогоор дэмждэггүй, санхүүжилт олгодоггүй, хувь уран бүтээлчид нь Холливуд шиг мөнгөөр “зодож” кино хийж чадахгүйгээс хойш олон улсын кино наадмуудад оролцож, бүтээлээ үзүүлэн, Монголынхоо кино урлагийг таниулах нь илүү зөв гэж санагддаг.
Дотооддоо ч олон улсын кино наадам зохион байгуулж, гадаадын уран бүтээлчдийг оролцуулах хэрэгтэй. Гол нь манайхан киноны зохиол дээрээ алддаг мэт санагддаг. Хэтэрхий монгол ахуй, үндэсний онцлогоо харуулна гэж туйлширдаг, эсвэл гадаадын олон улсын наадамд оролцуулах учраас тэр үү, гадаад хүн тоглуулдаг.
Гадаад үзэгчид яаж ч хичээж үзээд монгол ахуй, хэт монгол сэтгэлгээг ойлгохгүй. Бас бүтээлийнхээ хийцэд анхаардаггүй. Ялангуяа киноны дуугаралт, зураглал тааруу санагддаг. Олон улсын стандарт хангасан монгол кино ховор.
Гэтэл Ираны найруулагч Аббас Киаростамигийн кинонуудыг хар л даа. Маш бага зардлаар бүтээсэн хэрнээ зохиол, найруулга, бүтэц нь гойд сонирхолтой шүү дээ. Гэхдээ манай кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа. 10 жилийн дараа гэхэд олон улсын кино наадмуудад өрсөлдөхүйц бүтээлүүд гарна.
-АНУ руу буцах бодол байгаа юу?
-Бодол бий. Холливудад “Чи баян биш л бол аливааг багаас нь эхэлж, дор хаяж 10 жил тууштай зүтгэж байж хүссэн ирээдүйнхээ захаас зуурна” гэж ярьдаг. Очоод зуурахыг хичээнэ дээ.
Манай багш цахилгаан шатанд Николос Кейжтэй тааралдаж л дээ. Уг нь түүнд тохирох киноны санаа багшид байсан аж. Гэтэл багш киноны логлайн буюу 3-4 өгүүлбэрт багтаасан танилцуулгаа боловсруулж чадаагүй учраас юу ч хэлж чадалгүй өнгөрсөн гэсэн.
Тиймээс бидэнд “Чи Холливудад ажиллая л гэвэл байнгын бэлтгэлтэй яв” гэдэг байлаа. Гэхдээ эхлээд энд эхлүүлсэн ажлуудаа дуусгана аа.
-Хамгийн том мөрөөдөл, зорилго тань юу вэ?
-Дууныхаа үг, ая, хөгжмийн найруулгыг ч би өөрөө хийдэг. Үүн шиг киноныхоо зохиолыг ч өөрөө бичиж, найруулдаг болмоор байна. Аббас Киаростами шиг өөрийн гэсэн өнгө аястай, бүтээлч хүн болохын тулд үлгэрлэдэг.
Бүтээлээрээ улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргахыг хүсэж байна. “Оскар”-ын шагнал атгах нь найруулагч бүрийн л мөрөөдөл байх. Би ч мөрөөддөг.