Монголын металл хөгжим сонирхогчдод зориулан жил бүр “Noise metal fest” хөгжмийн наадмыг зохион байгуулдаг. Монголоос гадна гадаадын хамтлагуудыг урин оролцуулдаг тус наадмын зохион байгуулагчид өнөө жил алдарт “Сепултура” хамтлагийг урьжээ. Дөрөвдүгээр сарын 24-нд манай улсын сонсогчдод уран бүтээлээ хүргэх тус хамтлагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
Бразилын алдарт “Сепултура” хамтлагийг ах, дүү Кавалера нар Бело Хоризонте хотод байгуулжээ. “Сепултура” гэдэг нь португалаар булш гэсэн утгатай аж. Анхны бүрэлдэхүүнд нь дуучин, гитарчин Макс Кавалера, бөмбөрчин Игорь Кавалера, аргил гитарчин Пауло Жуниор, гитарчин Жейрос Гуедес нар байв. 1990-ээд он хүртэл тус хамтлаг грүүв метал, траш метал, дэт метал зэрэг урсгалаар уран бүтээлээ туурвиж байлаа. Тус хамтлаг анхны цомгоо 1986 онд “Morbid visions” нэртэйгээр хэвлүүлжээ. Удаах цомог “Schizopherinia”-гаа дараа жил нь гаргасан байна. Байгуулагдсанаасаа хойш бүрэлдэхүүнээ нэлээд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд одоо дуучин Деррик Грийн, гитарчин Андреас Киссер, бөмбөрчин Элой Касагранде, аргил гитарчин Пауло Жуниор нарын бүрэлдэхүүнтэй. Тус хамтлаг өнөөдрийг хүртэл 14 цомог гаргасан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь 1989 онд гаргасан “Beneath the remains”, 1991 оны “Arise”, 1993 онд сонсогчдод хүргэсэн “Chaos A.D” болон 1996 онд олны хүртээл болгосон “Roots” юм. “Сепултура”-гийн цомгууд худалдаанд гарсан даруйдаа дэлхий даяар 20 сая, зөвхөн АНУ-д гурван сая гаруй хувиар борлогддог, Франц, Австрали, Индонез, Кипр зэрэг улсын хит дуу хөгжмийн олон жагсаалтад дээгүүр байрт эрэмбэлэгддэг байна.
Зарим дууных нь клипийг АНУ-д телевизээр гаргахыг хориглож байсан ч “Сепултура” хамтлаг улам нэрд гарсаар байв. Тэд Израил, Португал, Их Британи, Австрали, Япон, Шинэ Зеланд, Испани, Грек зэрэг улсад аялан тогложээ. Тэд ОХУ-д дөрвөн ч удаа бүрэн хэмжээний тоглолт хийж, 60 000 үзэгч цуглуулж байв. Сонирхуулахад, 1994 онд үзэгчдэд хүргэсэн “Reality bites” кинонд тус хамтлагийн “Sepise” дууны клипийг харуулж, “Talladega night: The Ricky Bobby of ballad”, “Meet the parents” зэрэг кинонд тус хамтлагийн дууг ашиглажээ. Урлаг судлаач, шүүмжлэгчид эл хамтлагийг “Хүнд хөгжмийн домог. Метал хөгжмийн өнгө төрхийг нэг бус удаа өөрчилсөн” гэж үнэлдэг. Хамгийн сүүлд тус хамтлаг 2017 онд “Machine Messiah” цомгоо гаргаснаас хойш аялан тоглолтоо олон улсад хүргэж буй. Тэд ирэх сард Украин, ОХУ, Казахстан, Турк болон манай улсад тоглох юм.