Судлаач О.Машбаттай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар парламентаас парламент дамжин ярьж байна. Улстөрчид энэ сэдвээр ярьж, цэцэрхэхийн зэрэгцээ судлаачид ч зүгээр суугаагүй.
Одоо УИХ-ын түвшинд боловсруулаад буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг та судлаачийн хувьд хэр цэгцэрсэн гэж хэлэх вэ?
-Нэлээд цэгцэрсэн.
-Тэр төслөөс харвал ер нь хэр хэмжээний нэмэлт, өөрчлөлт орох бол?
-Судалгаатайгаар хандаж, зөвшилцөж, санал нэгдсэн зүйлүүдийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр оруулах ёстой. Ингээд харвал их цөөхөн зүйл дээр Үндсэн хууль судлаачид санал нэгдсэн. Үндсэн хууль судлаачид гэж энэ сэдвээр дагнан судалж, ядаж л олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн хүмүүсийг хэлээд байгаа юм.
Ийм судлаачдын тоо манайд 20 ч хүрэхгүй. Б.Чимид гуайг амьд сэрүүн ахуйд ч ийм л байсан. Гэхдээ Үндсэн хуулийн зохицуулалт гэдэг нь системтэй зүйл учраас нэгийг нь өөрчлөхөд нөгөө талд 2-3 зүйлийг сольж, нэмэх шаардлагатай болдог. Тиймээс нэмэлт, өөрчлөлт нь нэлээд олон юм шиг харагдах талтай.
Жишээ нь, Засгийн газрын эрх мэдлийг сайжруулъя гэхээр үүнийг томилох, огцруулах, итгэх, эс итгэх тухай ойлголтоос гадна бидний хэлж заншсанаар “давхар дээл”, танхимын зарчмаар ажиллах гэх мэт олон асуудал хөндөгдөж байгаа юм.
-Цөөн боловч санал нэгдсэн зүйл нь юу юм бэ?
-Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурван үндсэн чиглэлээр хийхээр тооцоолж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрын бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, шүүх эрх мэдлийг хараат бус, хариуцлагатай болгох, гуравдугаарт, орон нутгийн засаг захиргаатай холбоотой зарим заалт нэмэхэд чиглэж байгаа гэж ойлгож болно.
Эхний хоёр нь зарчмын хувьд нэлээд судлагдсан сэдэв. Өөрөөр хэлбэл, нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд юуг яаж хийх вэ гэдэгт судлаачид санал нийлчихсэн гэсэн үг. Үлдсэн нь буюу орон нутгийн засаг захиргаатай холбоотой судалгаа харьцангуй бага. Үүнийг Үндсэн хуулийн түвшинд 3-4 жил л судалж байгаа юм.
Үндсэндээ улс төрийн шахалтаар судалж эхэлж байгаа гэхэд болно. Би гэхэд л парламент болон гүйцэтгэх засаглалын хоорондын харилцааг бараг 1996 оноос буюу оюутны дипломын ажлаас авхуулаад судалсаар л явна. Шүүх эрх мэдлийн бие даасан байдал, Засгийн газартай яаж харилцах ёстой вэ гэдгийг ч 20-иод жил дагнан судалсан хүмүүс бий.
Тухайлбал, шүүх эрх мэдлийн хүрээнд шүүхийн босгыг нэмэгдүүлэхээр байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилж байгаа үйл явцыг илүү тодотгоно гэсэн үг. Тэгэхгүй бол ердийн хууль батлаад л Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь томилдог хүн нь ганц Ерөнхийлөгч болсон. Тогтвортой, мэргэжлийн түвшинд ажиллах боломжийг тус зөвлөлд олгох ёстой.
-Улс төрийн шахалт гэдэг нь юу гэсэн үг вэ. Хотын статусыг тодорхой болгох, тухайн орон нутгийн иргэд нь Засаг даргаа сонгодог болох гэх мэт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хэрэггүй гэж үзэж байгаа юм уу?
-Судлаачдын үзэж буйгаар өнөөдөр орон нутагт үүсээд байгаа асуудлуудын дийлэнх буюу 80-аад хувийг Үндсэн хуулийн түвшинд зохицуулах боломжтой. Тиймээс ч төдийлөн судлаагүй байж болох. Жишээ нь, хотын статусын талаарх зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах гээд байгаа юм.
Энэ бол үндсэндээ Эрдэнэт, Дарханы л асуудал шүү дээ. Уг нь нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг хуулиар зохицуулах ёстой. Боломж нь ч бий. “Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот байна” гэж Үндсэн хуульд заалгүй, Эрдэнэт гэж аймгийн зэрэглэлтэй хот байлгах боломжтой. Ингэхийн тулд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд холбогдох өөрчлөлт хийх хэрэгтэй.
Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа ч засаж, сайжруулж болно. Өөрөөр хэлбэл, үүнийг ердийн хуулиар зохицуулах боломжтой. Ингээд үнэхээр болохгүй бол Үндсэн хуулийн хүрээнд шийдэх хэрэгтэй. Харин Засаг даргатай холбоотой зарим зүйлийг Үндсэн хуульд оруулж болох юм.
-УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвлөлдөх санал асуулгын дүнд тулгуурлан боловсруулсан гэж байгаа. Тэр нь судлаачдын санал нэгдсэн гээд байгаа зүйлстэй хэр дүйж байна вэ?
-“Тэнэг хүн тэхий дундуур нь” гэдэг дээ. Олон түмний саналтай ерөнхийдөө дүйж байгаа. Яах вэ, зөрж буй зүйл ганц, хоёр бий.
-Тухайлбал?
-Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгоно гээд байгаа. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон хүмүүсээс “Та төрийн албыг шударга, мэргэшсэн байгаасай гэж хүсэж байна уу” гэвэл хүн бүр л “Хүсэж байна” хэмээн хариулна.
Ийм байгаасай гэж хүсэж буйгаа л илэрхийлсэн болохоос Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгох нь зүйтэй, эсэхийг асуугаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн албыг шударга, мэргэжлийн ажиллаасай гэж бодож байгаа иргэдийн хүслийг “Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгохыг дэмжиж байна” гэх байдлаар тайлбарлаж болохгүй л дээ.
Иймэрхүү байдлаар улс төрийн манипуляц хийж, үймүүлээд байгаа тал бий. Нөгөө талаас санал асуулгын асуултыг буруу зохиосон арга зүйн алдаа ажиглагдаж байна.
-Хэдийгээр санал нийлсэн гэж байгаа ч тэр болгоныг нэг амьсгаагаар хөндөх нь хэт нүсэр юм биш үү. Өөрөөр хэлбэл, дахин шүүж, эхний ээлжинд тоймтой хэдхэн нэмэлт, өөрчлөлт хийх гээд үзвэл яасан юм бол?
-Ер нь судлаачдын хувьд тоймтой хэдэн зүйл хөндөх саналтай байгаа. Нэг амьсгаагаар хийх нь осолтой. Санал нэгдсэн зүйлсээ тэр чигээр нь харвал нэлээд нүсэр байна.
-Таныхаар хамгийн түрүүнд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?
-Засгийн газрын бие даасан байдлыг нэмэгдүүлэх чиглэлд эхний нэмэлт, өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Гэтэл үүнтэй санал нийлэхгүй судлаачид бас бий. Тэд шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг эхлээд нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг.
Магадгүй би Засгийн газар, парламентын харилцааг түлхүү судалсан учраас түүнийгээ л чухал гэж бодож байж болох. Мөн шүүх эрх мэдлийн чиглэлээр сүрхий судлаагүй учраас тэдний ярьж байгааг шууд үгүйсгэж чадахгүй.
Гэхдээ Засгийн газрын бие даасан байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг ердөө л Засгийн газартай холбоотой гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, үүний хамт шүүх эрх мэдлийн асуудлууд ч хөндөгдөнө. Тодорхой механизмыг бүхэлд нь амжилттай ажиллуулах тухай ярьж байгаа болохоос биш, чинийх, минийх гэж хуваагдаагүйг ойлгоно биз.
-Тэгвэл та Засгийн газрын эрх мэдлийн талаарх саналаа тодорхой, дэлгэрэнгүй хуваалцахгүй юу?
-“Төр эзгүйрчихлээ”, “Удирдагч хэрэгтэй” гээд л яриад байна. Улмаар Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэх жишээтэй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, шүүх эрх мэдлийн аль нь төрийг илүү төлөөлж байна вэ гээд харъя л даа.
Макс Веберийн хэлдгээр “Эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн нь төр юм” гэвэл явж явж Засгийн газар нь төр болчихоод байгаа юм. Энэ нь нэг талаас “Төр байхгүй болсон” гэдгийг нотолж буй хэрэг. Яагаад гэвэл, Засгийн газар ажиллаж чадахгүй байна шүү дээ.
Шалтгаан нь нэгдүгээрт, Ерөнхий сайд танхимын зарчмаар ажиллах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, баг бүрдүүлж ажиллах боломж Засгийн газрын тэргүүнд алга. “Тийм, тийм хүнтэй ажилла” гэж УИХ заагаад байна шүү дээ. “Давхар дээл” гэх мэтээс шалтгаалан Засгийн газар УИХ-ын байнгын хороо шиг ажиллаж байгаа нь үнэн.
Хоёрдугаарт, үйл ажиллагааны хувьд Засгийн газар хууль, бусад тогтоол, шийдвэрийн хүрээнд Ерөнхийлөгчөөс уяатай байна. Үндсэндээ гүйцэтгэх эрх мэдлээ хоёр хуваачихсан. Нэг нь Ерөнхий сайдад, нөгөө нь Ерөнхийлөгчид байна гэсэн үг. Ерөнхийлөгчид 30 гаруй хуулиар 70 гаруй эрх мэдэл олгочихсон.
Засгийн газар нь багаараа ч ажиллаж чадахгүй байна. Ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар зөвшилцөх шаардлага тулгардаг. Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ихэвчлэн өөр өөр намынх байгаа нь цаг хугацаа алдахад хүргэж байгаа юм.
-Тэгэхээр яг ямар нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй гэж?
-Манай улс нэгэнт парламентын засаглалтай л юм бол Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд гүйцэтгэх эрх мэдлийг тэнд төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд юуны түрүүнд Ерөнхий сайдад танхимын гишүүдээ өөрөө томилох эрхийг нь олгох ёстой. Яах вэ, үүнийгээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж болно. Аль нэг сайд нь алдаа гаргасан бол чөлөөлж, орных нь хүнийг томилох эрхийг ч өгөх хэрэгтэй. Ингэж байж л баг болж ажиллана. Бусад оронд ч ийм л байгаа.
Хоёрдугаарт, УИХ-аас Ерөнхий сайдад ирж байгаа хамгийн том дарамт бол түүнийг огцруулах санал. Үүнийг хамжааргатай болгох хэрэгтэй. Бусад улсын жишгийг хар. Бид дугуйг дахин зохион бүтээх хэрэггүй шүү дээ. УИХ Засгийн газрыг солих гэж байгаа бол оронд нь Ерөнхий сайдаар хэнийх томилох вэ гэдгээ танилцуулах шаардлагатай.
Үүнийг 1990 оноос хойш баталсан бараг бүх Үндсэн хуульд тусган, хэрэглэж байна. Манайхан огцруулчихаад дараагийн Ерөнхий сайдыг томилох гэж баахан цаг хугацаа алддаг. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар зургаан сар үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулсны шалтгаан ердөө л оронд хэн байх вэ гэдгээ тохирч чадаагүйтэй холбоотой. Ингэвэл төр “алга болж”, ажил цалгардахгүй.
Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгч болно. Одоогийн зохицуулалт нь хэт задгай. Гэтэл бусад оронд парламент өөрт нь итгэл үзүүлж байгаа, эсэхийг Ерөнхий сайд асууж болдог. Парламент нь итгэл үзүүлэхгүй байна гэвэл 72 цагийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой. Харин итгэл үзүүлж байгаа тохиолдолд парламент огцрох ёстой.
“Итгэл үзүүлж байгаа” гэх мөртлөө ажлыг нь хийлгэхгүй, байн байн оролдоод байгаа бол Ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд Ерөнхий сайд УИХ-ыг тараах санал тавьж болно гэсэн үг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах талаар таван удаа хөндсөн байдаг шүү дээ.
Жишээ нь, энэ тохиолдолд Н.Алтанхуяг ийм асуудал хөндөж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, надад ер нь итгэж байгаа юм уу, үгүй юү гэдгийг парламентдаа сөргүүлээд тавьснаар УИХ-ыг шахаанд оруулж буй хэрэг. Үүгээр УИХ-ыг хариуцлагатай болгоно. Засгийн газрыг тогтвортой ажиллуулаагүйн төлөө УИХ хариуцлага хүлээхгүй байна. Ерөнхийлөгчид үүрэх хариуцлага бүр ч алга. Аль алиныг нь хариуцлагажуулах хэрэгтэй.
Гэхдээ бусад улсад өрнөж байгаа үйл явцыг ажиглавал Ерөнхий сайд нь үүнийг өөрийн тоглоомын хэрэгсэл гэж үзэж, хэтэрхий давуу байдал бий болгож байна. Тиймээс ч үүнийг хязгаарлах хөшүүргийг Үндсэн хуульд тусгах болсон. Ингэхдээ юуны түрүүнд зөвхөн төсөв, эсвэл Засгийн газрын хамгийн чухал гэсэн бодлоготой холбоотой асуудлаар л Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх, эсэх тухай саналаа парламентад тавьж болно.
Жишээ нь, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа “Дубайн” гэх гэрээг байгуулснаасаа болж одоо шоронд орохдоо тулаад байна. Ч.Сайханбилэг “Би ийм гэрээ байгуулах гэж байна. Үүнийг зөвшөөрөх үү, үгүй юү” гээд УИХ-д хандсан бол өнөөдөр нэр цэвэр үлдэх байсан. Нөгөө талаас энэ нь парламентыг хамгаалж буй хэрэг.
Тэгж байж л тэнцвэрийг хангана. Ерөнхий сайдыг мангас болгохгүйн тулд тодорхой хязгаарлалт хийж өгөх ёстой. Засгийн газрын бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн сацуу УИХ-ыг хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Тэр нь Хянан шалгах хороо байна.
-Уучлаарай, УИХ хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх хангалттай боломж байгаа биз дээ. Сонсголыг олон хэлбэрээр явуулах эрх зүйн орчныг ч бүрдүүлсэн шүү дээ.
-Хянан шалгах хороо байгуулах арга замыг улс орнууд нийтлэг хэрэглэдэг. Жишээ нь, “Дубайн” гэх гэрээг “но”-той гэж үзэж байгаа бол олон нийт, эсвэл УИХ-ын гишүүдийн тодорхой хувийн хүсэлтээр Хянан шалгах хороо ажиллана. Тус хороонд хөндлөнгийн дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчид ажиллах ёстой.
Тэд цэвэр шинжээчийн хувиар дүгнэлт бичих үүрэгтэй. Бие даасан шинжээч нар дүгнэлтээ хамгаалах ёстой. Тэр дүгнэлтийг нь Хянан шалгах хороо хэлэлцэх юм. Шаардлагатай бол УИХ-ын нэрийн өмнөөс үндсэндээ “мөрдөн шалгах ажиллагаа” явуулна гэсэн үг. Хянан шалгах хороо ажиллах явцад тухайн асуудалд гэмт хэргийн шинж чанар илэрвэл түүнийгээ мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллагад шилжүүлнэ гэсэн үг.
УИХ-д хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломж бий л дээ. Гэхдээ жишээ хэлье. УИХ-ын гишүүн уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийн замбараагүй олголтын талаар сонсгол хийх санал гаргахад Уул уурхайн сайд нь өөдөөс нь харж байгаад “Чи намайг огцруулах гээд байгаа юм уу” гэх байдлаар эмзэглэн хүлээн авах жишээтэй.
Хугацаат цэрэг амь насаа алдсантай холбоотойгоор армид нөхцөл байдал ямар байгааг сайд, ЗХЖШ-ын даргыг нь байлцуулан сонсгол хийж болно. Сайд нь бас дургүйцвэл яах вэ. Энэ бол сонсгол хийж чадахгүй байгаа бодит шалтгаан. Ийм байхад одоогийн хуулийн хүрээнд Хянан шалгах хороо байгуулах ямар ч боломжгүй.
-УИХ-ын гишүүдийн хэд нь ч хамаагүй сайдаар ажиллаж байгаатай л холбоотой юм биш үү?
-Тийм. Засгийн газар, УИХ хоёр нь бараг бүрэлдэхүүнээрээ нийлчихээд байгаа учраас хэн нь хэнийгээ хянаад байгаа нь ойлгомжгүй болчихсон.
-Ерөнхий сайд танхимдаа УИХ-аас хүн авч болох юм уу?
-Босго тавих нь зүйтэй. Ерөнхийдөө УИХ-ын тав хүртэл гишүүн сайдаар ажиллаж болно гэдэг ч юм уу.
-Хянан шалгах хороог байгууллаа гэхэд хэн хянах юм бэ?
-Мэдээж эрх, хэмжээг нь хязгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол шүүх эрх мэдлийн ажлыг булаацалдаад эхэлнэ. Манай хороо энэ хүнийг буруутай гэж үзсэн учраас түүнийг тэгж ялла гэх байдлаар хандана шүү дээ. Тиймээс шүүхээр хэлэлцээд шийдсэн буюу шүүхийн шатанд байгаа хэрэгтэй холбогдуулан Хянан шалгах хороо байгуулж болохгүй.
Мөн уг хорооны шийдвэр нь шүүгчид үүрэг өгөх үндэслэл болох учиргүй. Түүнчлэн шүүгч шаардлагатай гэж үзвэл Хянан шалгах хорооны дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх, эсэхийг өөрөө шийднэ. Шүүх эрх мэдэл рүү халдаж болохгүй гэсэн хязгаарлалт хийх нь л чухал.
-Засгийн газрын бие даасан байдлыг нэмэгдүүлэхдээ Ерөнхийлөгчийн хуваалцаж буй нэлээд эрхийг Ерөнхий сайдад олгохоор байна. Ингэсэн тохиолдолд Ерөнхийлөгч юу болж үлдэх вэ?
-Парламентын засаглалтай аль ч оронд Ерөнхийлөгч бэлгэ тэмдгийн чанартай л байдаг. Гагцхүү УИХ-ыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах тохиолдолд сүүлчийн үгийг л хэлдэг хүн. Угтаа манайх шиг УИХ-ыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үүсгэдэг хүн байж таарахгүй юм.
Сүүлдээ УИХ-ын даргыг чөлөөлөх санаачилга хүртэл гаргалаа шүү дээ. Ерөнхийлөгч улс төрийн санаачилга гаргах ёсгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд үүссэн зөрчлийг тэнцвэржүүлэх үүргийг Ерөнхийлөгч хүлээх ёстой.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар төсөлд тодорхой тусгасан зүйл бий юү?
-Иймэрхүү асуудлыг манай Үндсэн хуульд харьцангуй бүрхэг тусгасан. Уг нь үүнийг Үндсэн хуулийн цэц тайлбарлах замаар шийдчих боломжтой. Гэвч одооохондоо Цэцийн тайлбар нь түүнийг гаргаж байгаа хувь хүн, түүний боловсрол, Үндсэн хуулийн шүүхийн байгууллагыг юу гэж ойлгож байгаагаас хамаараад байна л даа.
-Ингээд л Үндсэн хуультай холбогдохгүй зүйлгүй болчихоод байна шүү дээ. Асуудал бүрийн шалтгаан нь Үндсэн хууль юм шиг.
-Харин тийм. Жишээ нь, шүүх эрх мэдлийн хүрээнд Цэцтэй холбоотой зарим асуудлыг хөндөхөөр л байгаа юм.
-Нэмэлт, өөрчлөлтийг батлахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд гар хүрнэ гэх яриа чих дэлсэх боллоо. Б.Чимид багшийн батлуулсан, маш хатуу гэгддэг уг хуулийг өөрчилж, “зөөлрүүлж” байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл та санал нийлэх үү?
-Уг хуулийн босго өндөр. Гэхдээ энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг үгүй хийж байгаа хэрэг биш. Шалгуур нь тийм өндөр, хатуу байх ёстой л гэж боддог. Тэр олон давааг давж байж л баталбал сайн.