АНУ-д болж, 10 орны 3500 гаруй тамирчин оролцсон гимнастикийн олон улсын “Экскалибур кап” тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн С.Намуунжаргалыг “Шинэ танил” онцоллоо.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Содномцэрэнгийн Намуунжаргал гэдэг, 10 настай, 83 дугаар сургуулийн 5в ангид сурдаг. Гимнастикийн спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна. Г.Энх-Амгалан багшийн шавь. Гимнастикийн спорт сонирхдог хүн манай гэр бүлд надаас өөр байхгүй. Нараа эгч (Мөнхнаран) болон Монголынхоо шилдэг тамирчдаас үлгэрлэдэг.
-“Экскалибур кап”-аас дөрвөн алтан медаль хүртсэн. С.Намуунжаргалаас олон медаль авсан тамирчин байсан уу?
-Байгаа. Долоон насны ангилалд оролцсон нэг монгол тамирчин таван алтан медаль хүртсэн. Түүний өрсөлдсөн зэрэглэл нь минийхээс чансаа арай сул.
-Эл тэмцээнд өнгөрсөн жил өрсөлдсөн бил үү?
-Тэгсэн. Тэр тэмцээнд би их тааруу оролцож, хүрэл медаль авсан.
-Спортын гимнастикаар хичээллэдэг юм билээ. Анхнаасаа эл төрлөөр бэлтгэл хийж байгаа юу?
-Тийм ээ. Би багаасаа гимнастикч болохыг мөрөөдсөн. Ээж, эмээ хоёр эл спортоор хичээлэхийг надад зөвлөсөн юм. Тэгээд л бэлтгэл хийж эхэлсэн. Намайг тэмцээнд оролцоход ихэвчлэн ээж, эмээ хоёр ирж, дэмждэг. “Миний охин чадна аа. Мундаг шүү. Тайван байгаарай” гэж намайг хурцалдаг.
-Спортын гимнастикаар хичээллэх амаргүй, бэртэх эрсдэл ихтэй. Уран сайхны гимнастик нь арай амар ч юм уу гэж бодогддог уу?
-Анхандаа тэгж боддог байсан. Одоо больсоон.
-Тамирчин хүнд бэртэх гэж айхавтар бэрхшээл байдаг. Бэртэхгүйн тулд бэлтгэлээ сайн хийх ёстой тийм үү?
-Нэг их бэртэж байгаагүй. Ганц, хоёр удаа л эвгүй буусан. Би бэртэхээс айдаг. Гэмтэхгүйн тулд үзүүлбэрээ болгоомжтой, өөртөө итгэлтэй хийдэг. Тэмцээний өмнө бага зэрэг сандардаг тал бий. Надад нээрэн, өөрийгөө тайвшруулдаг өвөрмөц арга бий шүү.
-Тийм үү, сонирхолтой санагдаж байна. Ямар аргатай вэ?
-Шоколад иддэг. Тэгэхээр тайвширч, сандрахаа больчихдог. Бас сайхан, гэгээлэг зүйлийн тухай бодохоор тайвширдаг.
-Гимнастикийн спорт олон элемент, техниктэй. Сурахад хамгийн хэцүү нь юу вэ?
-Би спортын гимнастикийн бүх төрөл (харайлт, дамжуурга, савлуур, чөлөөт хөдөлгөөн)-өөр хичээллэдэг. Савлуур, дамжуурганы техник их хэцүү.
-Одоо ч сайн сураагүй төрөл бий юү?
-За байз, жаахан бодъё. Ер нь бүгдийг нь жигд сурч байгаа.
-Аль төрөлд нь илүү дуртай вэ?
-Савлуур дээр эргэх гоё.
-Г.Энх-Амгалан багш хэр хатуу шаардлагатай вэ, загнадаг уу?
-Үгүй ээ. Манай багш зөөлөн, тайван. Би үзүүлбэрээ аль болох сайн гүйцэтгэн, заасныг нь хурдан сурч, багшийгаа баярлуулахыг хичээдэг. “Үзүүлбэр, дасгалаа болгоомжтой хийгээрэй. Багшийнхаа зөвлөгөөг сайн сонсоорой” гэж бидэнд хэлдэг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Гимнастикч л болно, эсвэл спортын гимнастикийн дасгалжуулагч.
-Охид ихэвчлэн мисс, эмч болохыг хүсдэг. Тийм бодол төрдөггүй гэж үү?
-Би математикийн хичээлд илүү дуртай. Ихэнх хичээлдээ онц авдаг. Гэсэн ч онц сураад, өөр мэргэжил эзэмшье гэж боддоггүй. Би амьдралаа гимнастикаар л төсөөлдөг. Эл спортын чиглэлээр гадаадад сурахыг хүсдэг. Олимпын наадамд оролцон, тэгээд бүр медаль хүртвэл гоё доо.
-Одоогоор ямар амжилт гаргаад байгаа вэ?
-УАШТ-ээс ихэвчлэн алтан медаль авдаг. Тус тэмцээнд сүүлийн хоёр жил оролцож байна, бүгдэд нь түрүүлсэн. Энэ жил УАШТ зургадугаар сард болно. Гурав дахиа түрүүлэхийн төлөө хичээнэ. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай.
Энэ жил манай улсад болсон Монгол, ОХУ-ын тамирчдын нөхөрсөг тэмцээнээс алт, хүрэл медаль авсан. Словакт болсон фитнес гимнастикийн ДАШТ-д оролцсон. Зургадугаар сард Мексикт зохион байгуулах олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр төлөвлөөд байгаа.
-Фитнес гимнастикаар хичээлэлэхээ яагаад больчихсон юм бэ?
-Г.Энх-Амгалан багш “Сонирхогчийн түвшинд өөрийгөө хөгжүүлэх нь фитнес гимнастикийг сонго. Мэргэжлийн түвшинд, тууштай хичээллэх нь спортын юм уу уран сайхны гимнастикаар бэлтгэл хий” гэсэн. Тэгээд л мэргэжлийн тамирчин болохыг зорьж яваа учраас больчихсон юм.
-Бэлтгэл, хичээлээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Би бэлтгэлээ энгийн үед долоо хоногт тав, тэмцээнтэй үед зургаан удаа хийдэг. Тэмцээний үеэр хичээлээсээ чөлөө авдаг.
-Гимнастикаар хичээллээрэй гэж ангийнхандаа зөвлөдөг үү. Өөрөөс чинь үлгэрлэн, бэлтгэл хийж байгаа хүүхэд бий юү?
-Байхгүй. Манай ангийнхан сагсан бөмбөг, бөхийн спортод л дуртай. Саяхан манай сургуульд сагсан бөмбөгийн дугуйлан нээгдэхэд бараг бүгд бүртгүүлсэн. Тэгсэн мөртлөө намайг гимнастикаар хичээллээрэй гэж хэлэхээр тоодоггүй юм аа (инээв).
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хичээлээ хийх, ном унших дуртай. Хамгийн сүүлд “Үүлэн бор” гэдэг үлгэрийн ном уншсан.