Монголын чөлөөт бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнд цуурайтуулж яваа олон шилдэг дасгалжуулагч манай улсад бий.
Тэдний нэг бол Гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар. Ялангуяа монгол эмэгтэйчүүд чөлөөт бөхийн төрлөөр тив, дэлхийн дэвжээнд муугүй амжилттай яваа нь түүнтэй холбоотой. Эл спортын төрөлд эмэгтэй бөх бэлтгэсэн Монголын анхны дасгалжуулагч тэрбээр анхдагч гэсэн тодотгол бүхий амжилтын эзэн болсон олон шавьтай.
Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй бөх, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Азийн анхны аварга Н.Отгонжаргал, ДАШТ-ээс дөрвөн медаль авсан манай улсын цорын ганц бөх О.Насанбурмаа, сонгомол бөхийн төрөлд дэлхийн аварга болсон улсын начин М.Цанлиг болон ДАШТ-ий гурван медальтай, Гавьяат тамирчин О.Бурмаа, дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн Б.Оюунсүрэн, үндэсний бөхийн улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан С.Мөнхсүх тэргүүтэй олон шилдэг түүний шавь.
Залуудаа Монголын чөлөөт бөхийн хөнгөн жинг тэргүүлж явсан тэрбээр олимпод нэг, ДАШТ-д хоёр удаа оролцжээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2008-2016 онд ажилласан тэрбээр өдгөө “Женко” клубт багшилж байна. Түүнтэй ярилцлаа.
-Таныг дасгалжуулагч гэдгээр тань спортын хүрээнийхэн андахгүй. Тамирчин байсан үеийн дурсамжаасаа хуваалцана уу?
-Багаасаа бөхийн спортод хорхойсон, ноцолдож өссөн хүн дээ, би. 1974 онд болсон нэгэн тэмцээнд хүрэл медаль хүртсэнийхээ дараа Ардын багш А.Басхүү дасгалжуулагчийн шавь болж, 13 насандаа эл спортод хөл тавьсан. Манайхан намайг Жаамаа гэж дууддаг, тавхайлдах мэх муугүй хийдэг гэж багш нар маань үнэлдэг байв.
Улсын заан, 120 кг-д барилддаг Д.Хишигдоржийг нэг удаа тавхайлдах мэхээр өвдөг шороодуулж билээ. “Үндэсний шигшээ багийн тамирчдын дундаас хамгийн хөдөлмөрч, шазруун нь байсан” гэж ахмад багш нар минь хэлдэг.
Нэг удаагийн бэлтгэл дээр 700-800 суниана. Өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Дүү минь бас барилддаг. Дүү Зүүнбаянгаасаа би 10 насаар ах. Хамтдаа нэг л тэмцээнд оролцсон.
-Гар дээрээ олон сунайж буй таны бичлэг өнгөрсөн жил цахим орчинд тархсан. Та одоо хэдэн удаа сунайдаг вэ?
-Би өглөө бүр 108 удаа сунайдаг. Гүрийвэл 120 сунайчих байх. Залуустай сагс, хөлбөмбөг тоглон, цаг гаруй гүйхэд лав амьсгаадахгүй.
-Монгол бүсгүйчүүд чөлөөт бөхөөр барилдан, өнөөгийн амжилтад хүрэхэд таны оролцоо асар их байсан. Манай эмэгтэйчүүд эл спортоор дөнгөж барилдаж эхэлж байх үед эрэгтэй бус, бүсгүйчүүдтэй ажиллахад юу нөлөөлөв?
-Тамирчин байхдаа дасгалжуулагч болно гэж зүүдлээ ч үгүй. Н.Ганбаатар багшийнхаа зөвлөснөөр 1991 онд зодог тайлан, 28 насандаа дасгалжуулагч болсон. Монголд эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн нь 1998 он. Анх хөгжүүлсэн хүн нь яах аргагүй Гавьяат тамирчин Ц.Нацагдорж багш, Гавьяат дасгалжуулагч Л.Ням. Харин хөгжүүлж, сайн тамирчин бэлтгэх, амжилтад хүргэхийн эхлэлийг тавьсан нь би юм болов уу.
Зарим хүн намайг онгирч байна гэж бодох байх. Би үүнд ёстой бардам явдаг. Мэдээж эрэгтэй тамирчдыг дасгалжуулсан бол хамаагүй амар байсан. Тухайн үед Монголд эмэгтэй бөх дасгалжуулсан туршлага байхгүй, яах вэ, ийх вэ гээд зөвлөгөө авах хүн байгаагүй. Ямар нэгэн бэрхшээл тулгарвал өөрөө л зохицуулна.
2000 онд Японоос ирснийхээ дараа Төмөр замын “Замчин” спорт хороонд 10 гаруй бөх хичээллүүлэн, Монголд эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилдахын эхлэлийг тавьсан. Шавь нараа өдөрт 2-3 удаа бэлтгэл хийлгэн, тэмцээнд тогтмол оролцуулах нь юу юунаас чухал байлаа. Урсгалаар нь явуулбал хэзээ ч амжилтад хүрэхгүй нь ойлгомжтой. Тэр үед эмэгтэй бөхийг ойлгодог хүн, бэлтгэл хийлгэх клуб ховор. Ихэвчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэлийн танхимыг царайчилна.
Жирийн хүн байтугай спортын хүрээнийхэн, эрэгтэй бөхчүүд ч биднийг эхэндээ ойлгоогүй. Эмэгтэй хүн дэвжээнд гарвал хийморь доройтно гээд хавьтуулахгүй нь олон. Дамийл (Ч.Дамдиншарав) багш хүртэл биднийг ойлгойхгүй, дэвжээнээс хөөж байлаа. Одоо уулзахаараа тэр тухай ярьж, инээлддэг юм. Тэр үе ч ёстой амаргүй байсан шүү. Заримд нь “Чи эх хүнээс төрсөн биз дээ. Шавь нартай минь адилхан эхтэй, эгчтэй, эхнэртэй юм байж, юунаас нь бузартана гэж” хэмээн ойлгуулахыг хичээнэ, цөөнгүйтэй нь маргалдана.
Эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилдаад амжилтад хүртэл өдий байна гэж шүүмжилсэн нэгэнд “Ямар ч алдартай хүн, баатар, олимп, дэлхийн аварга байсан ч эхээс л төрдөг. Тэгэхээр эмэгтэй хүн тэднээс хүчтэй л байж таарна” гэж учирлана. Эмэгтэйчүүдийн шигшээ баггүй, цалингүй байсан тул шавь нараа гэртээ байлгана, хооллож, ундална.
Тэмцээнд оролцох зардал олохын тулд гэрийнхээ эд, хогшлыг зарах нь энүүхэнд. Хань минь тамирчин хүний жаргал, зовлонг ойлгодоггүй байсан бол ёстой балрах байсан. Сайн ханийнхаа буянд тэр хүнд үеийг давсан.
-Тухайн үед эмэгтэй бөх бэлтгэдэг, дагнаж ажилладаг дасгалжуулагч танаас өөр байсан уу?
-Байгаагүй. Эрэгтэй тамирчин бэлтгэхийн хажуугаар дасгалжуулдаг мэр сэр хүн байсаан. Би 2005 онд “Долоон бурхан” клубээ нээснээсээ хойш өдийг хүртэл эмэгтэй бөхчүүдийг дасгалжуулж байна.
-Эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлог өөр. Тэр хэрээр дасгалжуулахад ур чадвар шаарддаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Эмэгтэй хүний биеийн онцлогт таарсан бэлтгэл чухал. Ачаалалтай бэлтгэл базаалгахаар амархан сульдана, үр дүнгүй болох нь олонтоо. Үүнийг анхандаа мэддэггүй байлаа. Заавар, зөвлөгөө авч, туршлага судлах хүн байсангүй. Хэрэндээ сандарсан. Аль болох сайн амрааж байгаад бэлтгэл хийлгэдэг байлаа.
Эмэгтэй хүн их эмзэг. Ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд охид ичиж, зовоод надад хэлэхгүй. Эмэгтэй бөхийн бэлтгэл хангагчаар чадвартай тамирчин сонгох нь их чухал. Ер нь эрэгтэй тамирчинтай бэлтгэл хийсэн хүн илүү хурдан сайжирдаг. Эрэгтэйчүүдтэй эн тэнцүү барилдахаар хурцлагдан, тэмцэгч чанар нь ирлэгддэг юм билээ.
-2003 онд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс таны гурван шавь медаль хүртэн, Н.Отгонжаргал тивийнхээ аварга болсон. Ажлын тань үр дүн гарч, амжилтын үзүүрээс атгаж эхэлсэн нь танд их урам өгсөн байх.
-Бид тэр жил Азийн дэвжээнд гурав дахиа өрсөлдсөн. Манай улсад 2001 онд болсон Азийн АШТ-д монгол эмэгтэйчүүд анх удаа оролцоход Гавьяат тамирчин Ц.Энхжаргал мөнгө, ОУХМ Н.Отгонжаргал, ДАШТ-ий дөрвөн медальт О.Насанбурмаагийн эгч Мягмарсүрэн хүрэл медаль авсан.
Тэд дараа жил нь Бусаны Азийн наадмаас медаль хүртсэн. Тэр бүхэн амжилтын минь эхлэл байлаа, ёстой булган сүүлтэй. 2003 онд Энэтхэгт болсон Азийн АШТ-д дөрвөн шавиа оролцуулах зардал олох гэж нэлээд сандарсан. Тамирчдын зардлыг одоогийнх шиг улсаас даадаггүй байлаа. Арайхийж зардлаа бүрдүүлэн өрсөлдөхдөө дөрвүүлээ медаль хүртэн, Азийн анхны аваргатай болж, багийн дүнгээр 10 гаруй орноос хүрэл цомын эзэн болсон.
Монгол эмэгтэйчүүд чөлөөт бөхөөр тивийнхээ аварга болж чадахыг баталж, хүрэл цом өргөн зогссоноо одоо ч тод санаж байна. Тэгэхэд ёстой хонгилын үзүүрт гэрэл ассан шүү. 2004 онд Афины олимпод хоёр эмэгтэй шавь минь (Ц.Энхжаргал, О.Бурмаа) оролцсон нь яах аргагүй түүхэн үйл явдал.
-Монгол эмэгтэй бөхчүүд 2005 онд ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн. Түүхэн үйл явдлын эзэн нь таны шавь Ц.Энхжаргал. Унаган шавиа анхдагч болоход юу бодогдож байв?
-Мэдээж бахархалгүй яах вэ. Магнайгаа хагартал баярласан. Гэхдээ тухайн үед Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага хоорондоо зөрчилтэй, маргаантай байлаа. Тиймэрхүү явдлын улмаас миний амжилтыг үгүйсгэсэн тал бий.
Ц.Энхжаргалыг дэлхийн медальтан болгосон амжилтыг А.Басхүү багш З.Дүвчин ахад наахад би багагүй гомдсон. Хүний амьдралд тиймэрхүү зүйл тохиолдохын алийг тэр гэх вэ. ДАШТ гэснээс санаанаас ер гардаггүй сайхан дурсамжийнхаа тухай ярьж болох уу?
-Бололгүй яах вэ.
-2013 онд ДАШТ-ээс эмэгтэй бөхчүүд таван медаль хүртсэн тухай юм л даа. Дэлхийн дэвжээнээс тийм олон медаль авсан нь яах аргагүй түүхэн амжилт. Тэмцээнд явахын өмнө бид “Говь” цогцолборт бэлтгэл хийж байв. Нэг орой З.Дүвчин, Б.Батбаяр багш хоёртой хамт гадаа гартал тэнгэрт зэрэгцсэн таван од байсан.
“Тэр таван одыг хар даа. Ямар сайхан харагдаж байна аа” гээд би өөрийн мэдэлгүй дуу алдсан юм. Хэдийгээр сэтгэл их хөдөлсөн ч айсуй амжилтыг зөгнөснөө мэдээгүй. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн долоон жингийн таваас нь медаль хүртсэн тамирчид (Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Э.Сумъяа хоёр мөнгө, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Т.Мөнхтуяа, О.Бурмаа нар хүрэл)-ынхаа инээмсэглэн зогсохыг харах хэчнээн сайхан байсан гэж санана.
-Таны шавь нар ДАШТ-ий 10 медальтай. Хамгийн дурсамжтай нь аль тэмцээн бол?
-2008 онд Японд болсон ДАШТ. Тэр жил гурван шавь минь (Ц.Энхжаргал, О.Насанбурмаа, О.Бурмаа) медалийн төлөө барилдахад сайхан байсан, бас эмээсэн. Хүн харахад сайхан л байдаг болов уу, үнэндээ халгамаар шүү дээ. За, тэрний барилдаан яах бол, энэнд ямар мэх хийлгэвэл шавь минь ялах бол гэж бодоод л.
Нэг нь ялагдахад сэтгэл хөдлөлөө барьж, нөгөө хоёрынх нь барилдаанд төвлөрнө. Ц.Энхжаргал, О.Бурмаа хоёр ялагдан, О.Насанбурмаа дэлхийн дэвжээнээс анхны медалиа хүртсэн. Тэгэхэд ёстой өөрийн эрхгүй уйлсан.
-О.Насанбурмаа өнгөрсөн жил дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн. ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх боллоо гэх бахдал, түрүүлж чадсангүй гэх харууслын аль нь танд илүү төрөв?
-Одоо надад шавь нараа дэлхийн аварга, олимпын медальтан болгох л дутуу байна. Өнгөрсөн жил Унгарт болсон ДАШТ-д О.Насанбурмаа дутууг минь гүйцээх тун дөхлөө. Шавь минь өмнө нь дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртчихсэн байсан. Энэ жил медалийн өнгөө хувирган, аваргын төлөө барилдлаа гээд амжилтдаа ханаагүй ээ, бид хоёр.
-Залуу насны аагаар амжилтдаа аархаж явсан үе танд бий юү?
-1999 онд Гавьяат дасгалжуулагч болж, шавь нар ДАШТ-ээс 2-3 медаль авахаар яалт ч үгүй онгирмоор санагддаг юм билээ. “Би л сайн эмэгтэй тамирчин бэлтгэж байна, би л чадаж байна” гэж андуу бодоод л. Тийм үеийг зөвхөн би бус бүх хүн туулдаг байх.
Тэгж байтал шавь нар дэлхийн дэвжээнээс бүр олон медаль хүртээд ирэхээр тэгж бодохоо больчихдог юм билээ. “Хэн ч гаргаж чадах амжилтад юунд нь онгирох вэ. Ажлаа л сайн хийе” гэж бодох болсон. Түүнээс биш шавь нар минь ДАШТ-ээс арван медальтай, Ардын багш болох ёстой энэ тэр гэх амбиц надад байхгүй.
Ер нь би мундагтаа ийм олон сайхан шавь бэлтгээгүй. “Женко”-д надаас гадна Б.Оюунсүрэн, С.Мөнхсүх багшилж байлаа, А.Энхээ Гавьяат үргэлж тусалдаг. Намайг үргэлж дэмждэг Х.Баттуул захиралтай “Женко” клуб, “Талх чихэр” компани, Монголын чөлөөт бөхийн холбооны хамт олон, үе үеийн чөлөөтийнхөн, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.
-Дасгалжуулагч бүр өөрийн гэсэн арга барилтай. Таны дасгажуулалтын гол онцлог юу вэ?
-Бэлтгэлээ аль болох эрч хүчтэй, цоглог заахыг хичээдэг. “Зүгээр л ноцолдон, танхим тойрч гүйн, аар саархан хөдөлсөн бэлтгэлийг жирийн хүн ч хийчихнэ. Хайран цаг хугацаа, нас. Одоо л хичээхгүй бол гурван жилийн дараа гэхэд чи хэн ч биш болно” гэж шавь нартаа захидаг.
Тиймээс бэлтгэл эхлэнгүүт тамирчдаа ачаалалтай мэх, техникээр больё гэтэл нь шахдаг. Аль болох шинэ мэх, техник заахыг хичээдэг. Нэг мэхийг бүх тамирчинд бус, зөвхөн тохирсныг нь заахыг чухалчилдаг. Би одоо ч суралцсаар байна. Зөвхөн шилдгүүдээс бус, дөнгөж ажлын гараагаа эхлүүлж буй залуу дасгалжуулагчаас ч сурах зүйл их бий.
Надад тийм ч олон шавь байхгүй. Яг миний удирдлагад бэлтгэл хийн, чөлөөт бөхөөр тууштай хичээллэсэн нь цөөхөн ч амжилт нь чанартай. Олонх нь ОУХМ цолтой, тив, дэлхийн аваргын медальтай. Спортоор хичээллэсэн хүн бүхэн амжилтад хүрэхгүй. Амжилт гаргаагүй ч зөв хүн болж төлөвшин, өрх гэрийнхээ түшиг болж яваа шавь нараараа бахархдаг.
-Тийм мэх хийлгэн, бэлтгэлийг нь ингэж хийлгэдэг байж гэж өөрийгөө чамлаж байв уу?
-Байлгүй яах вэ. Одоо ч гэсэн өөрийгөө чамладаг. О.Насанбурмаа анхандаа баруун талаараа барилддаг байлаа. Чөлөөт гэлтгүй бөхийн спортод зүүн талтай тамирчин нүдний гэм. Тиймээс шавьтайгаа ярилцаж байгаад өрсөлддөг талыг нь өөрчилсөн юм.
Би өөрөө баруун талтай. Тэгэхээр яалт ч үгүй зүүн талтай бөхөд мэх, техник төгс зааж чадахгүй байсаар өдий хүрлээ. Одоо ч тийм. Тиймээс зүүн талтай багшаар О.Насанбурмаад мэх заалгах талаар судалж, ярилцаж байгаа.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Хэнз ганц охинтой. Одоо 12 настай. Охин минь багадаа чөлөөт бөх сонирхдог байсан ч А.Энхээ Гавьяат, Болормаа шүүгч эсэргүүцээд барилдуулаагүй. Ганц юмыг чинь хайрлалгүй яах вэ. Өөрийнхөө охиныг хайрлаад барилдуулж чадахгүй юм билээ. Хоёр, гурван хүүхэдтэй байсан бол яах вэ гэхсэн.
-Та үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2008-2016 онд ажилласан. Риогоос Токиогийн олимпын мөчлөгт ажиллах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад яагаад оролцоогүй юм бэ?
-Өөрийнхөө хүсэлтээр клубтээ буцаж ирсэн. Б.Оюунсүрэн бэртэн, Ц.Энхжаргал, О.Бурмаа нар “харьж” яваа, О.Насанбурмаа тийм ч залуу тамирчин биш. Тэгэхээр тэднийхээ үргэлжлэлийг бэлтгэх шаардлага яалт ч үгүй гарсан.
“Риогийн олимпоос тамирчдаа медаль авхуулж чадсангүй, үндэсний шигшээ багт дахин дөрвөн жил ажиллаад яах вэ. Залуу хүмүүст боломж олгоё” гээд сонгон шалгаруулалтад оролцоогүй. Мэдээж “Женко”-д ирэнгүүтээ ирээдүйтэй тамирчин бэлтгэнэ гэж юу байх вэ. Ер нь сайн бөх бэлтгэхэд хамгийн багадаа 7-8 жил уйгагүй хөдөлмөрлөх шаардлагатай.