Хилийн цэргийн “амьд домог” хэмээн хүндлэгддэг Г.Хүүжий хурандааг “Хоймор”-тоо урилаа. Сүхбаатар аймгийн Онгон суманд хилийн отряд анх байгуулахад даргаар нь томилогдон, долоон жил ажиллаад, Дорнод аймгийн Чойбалсангийн нэрэмжит отрядыг удирдахаар очсон гээд түүний амьдрал эх орны алтан хилийн үүх түүхтэй салшгүй холбоотой.
1980-аад оны сүүлчээс Орос, Монгол Улсын хилийг шалган тогтоож, тэмдэгжүүлсэн, Халх голын байлдааныг жирийн нэг тулгаралт бус, дэлхийн II дайны эхлэл байсан гэдгийг түүхэнд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм бол Г.Хүүжий гуай билээ.
Залуу цагтаа тангарагт ажлаа хийсэн шиг хийж, хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг байсан шулуун шударга хүмүүн өдгөө орчлонгийн жамаар насны хөлд мэхийсэн ч нийгэм, олон нийтийн төлөө сэтгэл чилээж явдаг зүйл буурал хурандаад бишгүй аж.
-Монгол цэргийн өдөр удахгүй болно. Үүнийг манайхан “Мартын 8”-ны хариу болгон эрчүүдээ баярлуулах өдөр гэж явцууруулах хандлага бий. Таныхаар Монгол цэргийн өдрийг бид яаж тэмдэглэвэл зохилтой вэ?
-Их өргөн агуулгатай баяр юм шүү дээ. Эрт дээр үеэс монголчууд цэрэг эрсийнхээ хүчээр дэлхийн талаас илүүг эзэлж явсан түүхтэй улс. Тэр талаас нь бодвол Монгол цэргийн өдрийг тэмдэглэж бололгүй яах вэ. Ялангуяа эрчүүдийн үнэ цэн унаж, доройтох болсон өнөөгийн нийгэмд үндэсний бахархалт өдрийн нэг болгох нь чухал.
Гурван жилийн цэргийн алба гэдэг нийгэм, улс оронд жинхэнэ эрчүүдийг бэлтгэж өгдөг байлаа. Ардын армийн баярын өдрийн нэршлийг ийн өөрчилсөн нь монгол үндэстний хувьд дотооддоо бол болж байгаа юм. Харин манай байлдан дагуулалд өртөж байсан улс орнууд, ард түмний тухайд бол Монгол цэргийн өдөр гэдэг нэршилтэй тэмдэглэлт баярыг тийм ч таатай хүлээж авахгүй болов уу гэж боддог.
ЗХУ-д Цэргийн дээд сургуульд сурч байхдаа эртний баримт бичгийн архивт нь сууж, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар зарим материалтай танилцахад манайхан халгамаар айхавтар хэрэг бишгүй хийж байсныг уншсан хүний хувьд хэлж байгаа юм шүү. Ухаандаа оросууд Улаан армийн өдрөө нэрийг нь өөрчилж, Эх орноо хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэж байгаа нь цаанаа учиртай.
Тэд ч бас бусдын нутаг руу халдан довтолж байхдаа өчнөөн гэмт хэрэг үйлдэж, болох, болохгүй зүйл бишгүй хийсэн учраас Орос цэргийн өдөр гээд баяр тэмдэглэвэл олон улсад огт өөр ухагдахуун ойлгогдож мэднэ гэдгийг бодолцсон биз. “Мартын 8” гэснээс энэ баяртай холбоотой нэг зүйл бодож явдгаа хэлж болох уу.
-Тэгэлгүй яах вэ.
-Би насаараа эрчүүдтэй ойр дотно ажилласан учраас эмэгтэйчүүдийн нарийн ширийн асуудлыг ойлгох тал дээр дутагдалтай хүн. Энэ нь нөлөөлдөг байж магадгүй. Гэхдээ манайхан “Мартын 8”-ныг баяр ч юм шиг, нөгөө талаас нь үзвэл эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөнддөг өдөр мэт хачин ойлгомжгүй тэмдэглэх юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийн эрх энэ тэр салбарт ингэж тэгж зөрчигдөж байна гэж их ярьдаг. Сүхбаатарын талбайд нэг хэсэг нь жагсаж ч байх шиг. Эсвэл эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг агуулгаар нь нэг мөр авч үзээд, асуудлаа хөндмөөр санагддаг. Баяраа өөр өдөр тэмдэглэнэ биз. Дээр үед бол манай улс үүнийг баяр ёслолын байдалтай өргөн хүрээнд тэмдэглэж, монгол эмэгтэйчүүд нийгэм, соёлын салбар, улс ардын аж ахуйд ямар амжилт гаргаж, хэрхэн үлгэр дуурайл болж байгааг магтан урамшуулж, дараагийн үеийнхэнд сурталчлан таниулахад анхаардаг байв.
Тухайлбал, ардчилсан нийгэмд шилжсэн 30-аад жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүд эх орон, нийгмийнхээ хөгжилд ямар нэмэр оруулав гэдэг үлгэр дуурайлыг охид бүсгүйчүүдэд өгвөл Сүхбаатарын талбайд жагсахаас илүү үр дүнтэй гэж бодох юм.
-Гурван жилийн цэргийн алба жинхэнэ эр хүнийг бэлтгэж өгдөг байсан гэлээ. Одоогийн цэргийн албаны хугацаанд Та сэтгэл дундуур явдаг юм уу даа?
-Үнэнийг хэлэхэд тийм. Орсон ч, гарсан ч цагаа хутгаж уугаад, морин дэл дээр дэмий хөөргөн сагсалзаж явсан залуусыг армид татаад цэргийн хуаранд “хорьчихоор” эхний нэг жилдээ урвайгаад хачин юм болно. Хоёр дахь жилээсээ шал өөр болоод явчихна.
Гурав дахь жил гэхэд элдүүр нь ханаад, ямар ч бэрхшээлийг даван туулдаг. 1980-аад онд Тангадын Галсантай хилээр явж байтал тэрбээр надад нэг цаас өгөөд уншуулав аа. Тэгсэн “Хязгаарын цэрэгт гурван жил алба хаасан эр морьтой давхиж явааг харсан залуу эмэгтэйн энгэрийн товч тасарч байна шүү” гээд биччихсэн байж билээ. Үнэхээр л гурван жил цэргийн алба хаасан эр хүн гэдэг ажил, амьдралын ямар ч ачааг даахаар бие, сэтгэлийн тэнхээтэй болдгийг би 60 жилийн туршлагаараа мэднэ.
Гэтэл ганц жилийн албанд бол залуус бие махбодын хөгжил ч гүйцээгүй, цэргийн эрдэм, тэсвэр хатуужилд ч суралцаж амжаагүй байхдаа халагддаг. Тиймээс цэргийн албыг хоёр жил, байг гэхэд жил зургаан сараар хаадаг болох хэрэгтэй гэж би боддог. Цэргийн алба гэдэг хатуу ч гэсэн хийморьлог сайхан алба.
Хатуу чанд дэглэм журамтай байхгүй бол цэрэг байхын хэрэг юун. Улс яах гэж тэднийг оймс, хөлийн ороолтоос эхлээд бүх зүйлээр нь хангаж, тэжээж, тэтгэдэг билээ. Нэг жил зүгээр тэжээлгээд, халагддаг ёс төдий цэрэг улс оронд хэрэггүй. Нэгэнт байлгах юм бол байлгасан шиг байлгах ёстой. Үгүй бол хугацаат цэргийн албанаас татгалзаж ч болно шүү дээ.
...Хаа холын Европт дэлхийн хоёрдугаар дайн гарч байхад азаргаар адуугаа өгөөд явуулж байсан ард түмэн шүү. Иймхэн зүйл дээр хүмүүсийг уриалаад, хөдөлгөж чадахгүй яасан арчаагүй юм” гээд аргаа баран хэлдэг. Ер нь манайхан хороо, дүүрэг, нийслэл гээд шат шатны байгууллагадаа хандаж, зөв шаардлага тавиад, өөрсдөө шийдэж болох зүйлээ санаачилгаараа хийхгүй байж бүх юманд Засгийн газрыг буруутгана. Монголын Засгийн газар гэж нэг их олон хүүхэд хөхүүлдэг сүү сайтай эмэгтэй хүн шиг л байх юм. Засгийн газар юм юманд орооцолдох боломжгүй, тэгэх ч ёсгүй...
-Хугацаат цэргийн албанд зодуур, дарамт шахалт байгаагаас болоод “Хүүхдээ цэрэгт явуулахгүй” гэдэг хандлагаа сүүлийн үед цахим орчинд эцэг, эхчүүд илэрхийлэх боллоо. Энэ нь нэг талаас өнөөгийн залуус хэтэрхий “нялцгай” болсонтой ч холбоотой гэх. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Цэргийн алба хүнийг бие бялдрын өв тэгш хөгжилтэй болгохын тулд зөвхөн булчинтай нь бус, уураг тархитай нь давхар ажилладаг юм. Ухаан суух, хэрсүүжих насандаа цэрэгт татагдсан залуусыг эхлээд оюуны тэсвэр хатуужилтай болгоход анхаардаг байлаа. Сэтгэл оюуны хаттай болгох ажлыг гардан зохион байгуулдаг “инженерийн байгууламж” нь цэргийн улс төрийн байгууллага байв.
Доор нь Хувьсгалт залуучуудын эвлэлээс эхлээд Цэргийн биеийн тамирын байгууллага байдаг. Дээр нь үзэл суртлын хүчтэй аппарат ажилладаг тул залуусын оюуны чадавхыг сайжруулахад их чухал нөлөөтэй байсан. Одоо бол хугацаандаа хавчигдаад, соёл хүмүүжлийн ажил гэдэг зүйлээр арай л өнгөц хандах болов.
Өнөөгийн манай нийгэм үзэл сурталгүй, нийтээрээ зорьж тэмүүлэх үнэт зүйлгүй болчихсон учраас оюун санааны чиг баримжаагүй яваад байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Хүн ажил хийнэ үү, байна уу, амьдарна уу, үхнэ үү хэнд ч хамаагүй. Бүх нийтээрээ яасан ч олон өдөр амардаг юм.
Угтаа цэргийн хүн гэдэг өөрийн амиа эх оронтойгоо хамт хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ хүндтэй албыг даван туулах бие, сэтгэлийн тэнхээ олгоход анхаарах ёстой юм. Нэгэнт оюун санааг нь тийм дархлаатай, тэмүүлэх үзэлтэй болгочихвол биеийн өчүүхэн зовиурыг ажирдаггүй юм байна. Улсын баатар Жамбаа, Чогдон гуай нарын ярьсан Халхын голын байлдааны нэг жишээгээр эш татъя л даа.
1939 оны нэгдүгээр сараас эхлээд манай хилчид Халхын голын цаадах манхан дотор буудалцсан юм шүү дээ. 40 градусын хүйтэнд хоногийн 8-12 цагаар, зарим үед ээлжгүй гурав хоногийн турш үүрэг гүйцэтгэж байхдаа манай цэргүүд адууны хөлдүү мах мэрж иддэг байж. Гал түлэхээр утаа, уур гараад, япончуудад баригдчихна. Ийм байдалтай дайсантай тулалдаж байсан тухайгаа тэд ярихдаа “Хацар, нүүр, хөл, гарын үзүүр хөлдөж, хайрагдах үе бишгүй. Гэхдээ аяндаа сурчихдаг юм. Хамгийн гол нь дайснаас эх орон, газар шороогоо хамгаалах ёстой гэдэг итгэл үнэмшил л биднийг зоригжуулж, урагшлуулдаг байлаа” гэсэн.
Юунд зорьж байгаа билээ гэдэг хүсэл зориг, үзэл санаа оргилд нь байгаа учраас хүнийг тэгж хөтөлдөг байх нь. Цэргийн албаны гол үзэл санаа, үнэт зүйл, бахархал, ач холбогдлыг залууст ойлгуулж, итгэл үнэмшил суулгамаар санагддаг.
-Манай төр, засгийн шийдвэр шийдвэр шиг байж чадахгүй, олон нийтийн сүлжээгээр хэсэг хүн жаахан шүүмжлэхэд л эргэж буцдаг. Сонгогчдод таалагдахгүй байх вий гэхээс үхтлээ айдаг хулчгар хүмүүс хугацаат цэргийн албыг хоёр жил болгох, эсвэл татгалзах тухай таны саналыг сонсохоос ч эмээх байх даа.
-1990-ээд онд сэтгүүлчид “Монголын төр азаргагүй адуу шиг боллоо” гэж ярьж, бичдэг байв. Одоо бол манай адуун сүрэг “азарга”-тай болсон авч, үрээнүүдээсээ айгаад гүү, байдас, сарваагаа ч хурааж чадахгүй, дэмий л нэг их сүртэй дэл хийсгэж явах юм (инээв). Жаахан л “хазаж” хавчвал өөрөө суудлаасаа онхолдчих учраас хэн хүний ая талыг харах болсон. “Энэ ажлыг төдийд дуусга, ингэж чадахгүй бол тэгээрэй” гэх мэт наад захын шаардлага ч тавьж чадахгүй юм.
Тал талын хавчлага дарамт, янз бүрийн хүчин зүйлээс болоод саад бэрхшээл тулгардаг бололтой. Иймэрхүү замнал ямар байдгийг мэдэх биш, би хувьдаа ингэж л боддог. Өөрийнхөө амьдралын жишээн дээр аваад ярихад, хязгаарын цэргийн анги салбар, отрядыг байлдаанд бэлэн байлгах, командлалаас даалгасан үүргийг цаг тухайд нь биелүүлэхийн зэрэгцээ тэндхийн 1000-аад хүнийг хоолтой, ундтай хонуулах, ажил, амьдралыг нь өөд татахын төлөө л зүтгэж байлаа.
Миний ар амьдрал ийм тийм байна, эхнэр, хүүхдэд юу хэрэгтэй билээ гэж хувийн ашиг сонирхол агуулж явсангүй. Тийм ч учраас миний хэлсэн үг үнэ цэнтэй, цэргийн ангийн хамгийн доод шатны нэгжид хүрдэг байв. Буруудвал дараа нь шүүмжлүүлэх тохиолдол ч гарна. Тэглээ гээд шүүмжлүүлэхээс айж, хэлэх үгээ залгиж, тавих шаардлагаа больсон удаагүй. Одоо ч хүмүүст шүүмжлэлийг нүүрэн дээр нь хэлчихдэг зантай.
Жишээ нь, манай хорооны Засаг дарга гэж ажилгүй нэг нөхөр байх. Найман жилийн өмнөх Засаг дарга хүүхний хийсэн өөдтэй өнгөтэй юм бүхэн одоо нурж, хэмхрээд дууслаа. Айлуудын хог нь орцондоо овоороод, ямар байдалтай байгааг та бүхэн орж ирэхдээ харсан байлгүй.
Адаглаад хүүхдийн тоглоомын талбайн хажуугийн гараашийг улаан даавуу татаад ч болсон тусгаарлахгүй бол багачууд бөмбөг хөөцөлдөж яваад машин доогуур орчих вий гэхээр “Мөнгө байхгүй” гэнэ. “Мөнгөгүй юм бол байр, орцоор нь ороод хүмүүст учраа хэл л дээ. Үр хүүхдийнхээ төлөө хэдэн төгрөг гаргачих сэтгэл хэнд ч бий. Тэр байтугай, хаа холын Европт дэлхийн хоёрдугаар дайн гарч байхад азаргаар адуугаа өгөөд явуулж байсан ард түмэн шүү.
Иймхэн зүйл дээр хүмүүсийг уриалаад, хөдөлгөж чадахгүй яасан арчаагүй юм” гээд аргаа баран хэлдэг. Ер нь манайхан хороо, дүүрэг, нийслэл гээд шат шатны байгууллагадаа хандаж, зөв шаардлага тавиад, өөрсдөө шийдэж болох зүйлээ санаачилгаараа хийхгүй байж бүх юманд Засгийн газрыг буруутгана. Монголын Засгийн газар гэж нэг их олон хүүхэд хөхүүлдэг сүү сайтай эмэгтэй хүн шиг л байх юм. Засгийн газар юм юманд орооцолдох боломжгүй, тэгэх ч ёсгүй.
-Та түрүүн монгол эр хүний үнэ цэн уналаа гэсэн. Таныхаар эрчүүдийн нэр хүндийг яавал өргөх вэ. Зөвхөн цэргийн албаны хугацааг нэмэхээс шалтгаалахгүй болов уу?
-Дайн тулаан их хийдэг учраас монголчууд эрт дээр үеэс эр хүнийг илүүтэй хүндэлдэг байж. Таван хүү дараалан төрүүлсэн хүнийг “дархан бэр” хэмээн хүндэтгэж, найр хуримд дээгүүр суулгадаг уламжлал ч байв. Одоо цагт энэ уламжлалыг там тум сэргээсэн юм билээ.
Гэхдээ л “Эрийн хийморь үхэж, гэрийн хоймор эзгүйрнэ” гэдэг ардын үг өдгөө биеллээ олж байна уу даа гэж эмзэглэдэг. Дээр үеийн эрчүүд, харцуул ажил хөдөлмөрт жигдэрсэн ханхар бие хаатай, дуу хоолой, яриа хөөрөө гээд бүхий л талаар хэн хүний хүндэтгэлийг хүлээхээр байсныг мэдэх учраас би одоо өөрийгөө голдог шүү. Аавын маань нэг ах лам байгаад хожим хар болсон, хүүхэдгүй хүн байсан юм. Хадлангийн үеэр намайг тэднийд туслуулахаар явуулна.
Эр хүн ажил хөдөлмөр хийх тусмаа улам өнгө орон жавхааждагийг тэр ахаасаа мэдэрч, гайхан биширдэг байж билээ. Өдөржин өвс хандлантай ноцолдчихоод, орой нь ирээд өвлийн түлшээ хөрөөдөж, хагалдаг. Ядарна, цуцна гэдгийг мэддэггүй хүн байв. Авга ах минь нас эцэслэтлээ ганц өвдөж, “ёо” гээгүй гэдэг. Үүнтэй холбогдуулаад, аавынхаа тухай нэг дурсамж хэлье. Би хурандаа цолтой болчихоод, амралтаараа нутгаа зорив.
Нэг өдөр аав минь ганцаараа түлээ хөрөөдөж байхаар нь очоод нэг талаас нь татаж өгөх гэтэл бариул ч алга. “Алив, би хөрөөдье” гэтэл “Чадахгүй, чи цаашаа яв” гэж билээ. Би түлээ ч хөрөөдөж чадахгүй, тийм цагаан гартан биш шүү дээ. Аав минь “Эр хүн хийх ёстой ажлаа хэнд ч ацаглалгүй өөрөө болгох хэрэгтэй” гэж үздэг хүн байсан шиг байгаа юм (хоолой нь зангирав).
Монгол эрчүүдийн олонх нь өрх гэртээ, нийгэм, улс орондоо үнэгүйдэж, гологдоход хүрсэн нэг том шалтгаан нь сэтгэлийн хатгүй, боловсрол мэдлэг дулимагийнх гэж би боддог. Өөрөөр хэлбэл, бид айл гэр, улс орныг авч явах эрчүүдийгээ оюуны хүмүүжил төлөвшилд сургаагүй, өдий олон жил алдчихсан. Дээр хэлсэнчлэн эр хүнийг багаас нь үг даадаг, өл даадаг, баргийн ачаа даадаг сэтгэлийн тэнхээтэй болгоход л анхаармаар байна.
Явж явж эрчүүд өөрсдөө л ухаан зарж, хичээх хэрэгтэй дээ. Хоёрдугаарт, архи гэдэг айхтар идээ монгол эр хүний сүр сүлдийг эрүүл мэнд, ажил, амьдралтай нь, ирээдүйтэй нь залгих боллоо. Архидалт, залхуурлын эсрэг төр төмөр нүүрээ одоо л гаргах хэрэгтэй. Согтуугаар элдэв гэмт хэрэг хийсэн хүмүүст өршөөл үзүүлэх бус, харин ч илүү чанга хатуу арга хэмжээ авдаг болмоор байна.
Архины үйлдвэрүүдийг цэгцэлж, адаглаад хатуулгийн дээд хэмжээг нь зааж өгөх ёстой гэж боддог. Би ч цагтаа ажлын шаардлагаар архи бишгүй хүртсэн хүн. “Шагналд” нь элгээ тайруулсан. Гэхдээ төр, засаг архины эсрэг арга хэмжээ авна гээд шууд эрс тэс шийдвэр гаргах бус, алсуур нь тойрон бүсэлж, дотогш зугуухнаар хавчлага явуулах нь чухал.
Хилийн отряд удирдаж байхдаа би 40-өөд хүнтэй салаа цэргийг бүгдийг нь дүнсэн тамхинаас гаргаад явуулж байв. Тамхи татахыг нь шууд хорихгүй, ороодог цаас нь байж л байдаг. Гэвч аажимдаа татгалзахаас аргагүй болтол нь зөөлөн бодлого баримтална шүү дээ.
-Та Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумын дархад хүн байх аа. Эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Бидний багад элдэв халдварт өвчнөөс болоод айлууд хүүхэд их цөөтэй, сайхан сайхан эмэгтэйчүүд хамаргүй голдуу явж байдаг байлаа. Нутагтаа манайх хамгийн олон хүүхэдтэйд тооцогддог. Ээж минь 16 төрснөөс 11 нь хүн болсон гэдэг юм.
Хавь ойрын хүмүүс “За, Гонио, Жижгээ хоёр минь энэ хүүхдээ төрөхөөр л манайд өгчихөөрэй” гээд гуйдаг. Биднээс зургаа нь айлд үрчлэгдсэн. Тав нь гэртээ өссөн. Би хамгийн том нь.
-Айлд үрчлүүлсэн дүү нартайгаа холбоотой байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр өөр өөр айлд өссөн ч гэлээ бид их ойр дотно. Гэртээ өссөн таван хүүхдийн гурав нь эрэгтэй. Гэвч айлын том нь болох би цэргийн сургууль төгсөөд, хилийн отряд тойроод явчихсан. Миний дараагийн эрэгтэй дүү сум, нэгдлийн дарга болоод аймаг тойроод ажиллачихсан.
Хамгийн бага эрэгтэй дүү минь Москвад Улс төр, дипломатын дээд сургууль төгсөөд, Гадаад харилцааны яаманд ажиллаад хотод үлдчихсэн. Ингээд гэртээ үлдсэн гурван эрэгтэй нь Гончигийн гэдэг данстай л болохоос тус нэмэр болсон нь ховор. Харин айлд үрчлүүлсэн дүү нар минь хүний ганц ганц хүүхдүүд гээд нутагтаа голомт сахиж үлдсэн учраас хоёр хөгшнөө биднээс илүү өргөж тэтгэсэн дээ.