Серби Улсад болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэхдээ их мастер цолны сүүлчийн болзлыг хангасан Уртнасангийн Насанжаргалтай ярилцлаа. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат тэрбээр шатрын оргил цолд хүрсэн Монголын 11 дэх тамирчин.
Түүнээс өмнө Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, залуу шатарчин Д.Шаравдорж, Б.Гүндаваа, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Амина, Ү.Үүрийнтуяа нар их мастер цолны эзэн болсон билээ.
-Хамгийн сүүлд буюу 2012 онд Б.Гүндаваа их мастер болсноос хойш монгол эрэгтэй шатарчин эл цолоор энгэрээ мялаалгүй өдий хүрсэн. Түүний амжилтыг үргэлжлүүлэхдээ та болзлыг нь хэрхэн хангав?
-Их мастер болоход юуны түрүүнд чансааны оноогоо 2500-гаас дээш болгон, дахин гурван болзол хангах учиртай. Би өнгөрсөн жил Дэлхийн шатрын олимпиадад оролцохдоо хоёр болзлыг нь хангасан.
Сая Серби улсад зохион байгуулсан тэмцээний үеэр сүүлчийнхийг нь биелүүлээд их мастер боллоо. Би эл цолыг хүртсэн Монголын 11, эрэгтэйчүүдээс тав дахь тамирчин.
-Шатарчин бүхэн их мастер болохыг зорьдог. Тууштай хичээллэн, хичээвэл эл цолны эзэн болно гэх итгэл танд хэдийнээс төрсөн бэ?
-Ямар ч салбарт хүчин зүтгэхэд юуны өмнө зорилгоо зөв тодорхойлох, түүндээ хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Би таван настайдаа анх шатраар хичээллэхдээ л их мастер болохыг зорьсон.
Тиймээс өдий хүртэл миний зорилго тодорхой байсан, ерөөсөө хадуураагүй. 18 жилийн дараа түүндээ хүрлээ.
-Их мастер болоод хамгийн түрүүнд юу бодов?
-Мэдээж зорилгодоо хүрээд сайхан байлгүй яах вэ. Их мастер цол хүртэхийн тулд бэлтгэлээ хэрхэн базаах, ямар тэмцээнд оролцох гээд бүх зүйлийг нарийн төлөвлөсөн. Түүнийхээ дагуу зүтгээд бас энэ жил их мастер цол авах нь тодорхой байсан болоод ч тэр үү, нэг их догдлоогүй. Аав, ээж хоёр их баярласан.
-Үүнээс өмнө Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер цолны болзлыг хангасан ч аваагүй юм билээ. Яагаад тэгсэн юм бэ?
-Сая дурдсанчлан миний хамгийн том зорилго их мастер болох байсан. Тиймээс түүндээ хүртлээ амжилтдаа ханаж, зарим зүйлд сатаарахыг хүсээгүй. Жижигхэн толгойн орой дээр гарчихаад амсхийгээд байвал зорилгодоо удаан хүрнэ. Тиймээс олон улсын мастер төдийгүй бусад цолны болзол хангасан ч аваагүй.
-Тэгснийг чинь мэдээгүй хүмүүс “Олон улсын мастер болоогүй байж шууд их мастер цол хүртлээ” гээд гайхаж магадгүй.
-Тийм шүү. Чансааны оноогоо 2400-гаас дээш гаргаж, тодорхой болзлыг нь хангасан тохиолдолд олон улсын мастер болдог. Их мастерын өмнөх том цол л доо. Хоёр жилийн өмнө эл цолны болзлыг хангасан. Дэлхийн шатрын холбооноос олон улсын мастер цол олгосон ч би хөөцөлдөөгүй, материалыг нь бүрдүүлж өгөөгүй, хураамжийг нь төлөөгүй.
-Өнөө үед зарим хүн алдар нэр, зэрэг цолд дурлах болсон. Тан шиг ийм бодолтой хүн улам ховордоод байх шиг. Та үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй бололтой.
-Намайг ингэж төлөвшихөд Сүрэндорж багш их нөлөөлсөн. Спортын дэд мастер цолны болзол хангахад надад хэдхэн оноо дутуу байв. Гэтэл Монголын шатрын холбооноос эл цолыг надад олгох шийдвэр гаргасан юм. Ер нь дэд мастер болох нь тодорхой байсан тул тэгсэн юм билээ.
Тэр үед Сүрэндорж багш “Цол, алдар нэр, төмөрний төлөө явбал тамирчин хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй” гэж намайг их зэмлэж билээ. Багшийн хэлсэн үг одоо ч миний санаанаас гардаггүй. Түүнээс хойш алдар, нэрнээс илүү чухал зүйл байдгийг ухаарсан.
-Өнгөрсөн хугацаанд олон улсын мастер болчихоод цолоо авахгүй байгаад нь зарим хүн гайхсан уу. Гэр бүлийнхэн тань юу гэж зөвлөж байв?
-Аав, ээж хоёр гадаадад амьдардаг. Ихэнх зүйлд төдийлөн оролцдоггүй, “Миний хүү өөрөө л мэд” гэдэг.
-Таван настайгаасаа хойш шатраар хичээллэж байгаа гэсэн. Эл спортод хөл тавихад юу нөлөөлөв?
-Би өвөө, эмээгийндээ өссөн. Тэдэнтэйгээ тоглосоор шатрын спортод хорхойссон юм. Сургуулийнхаа дугуйланд бүртгүүлэн, ангийнхаа багш Жаргалсайханаар шатар заалгаж байлаа. Долоон настайдаа өсвөр үеийн УАШТ-д оюунаа сорьсноосоо хойш тэмцээнд өрсөлдөх болсон.
10 настайгаасаа хойш шатрын спортод улам дурласан. Өдөржингөө бэлтгэл хийнэ. Клуб нээгдэхэд нь очин, хаах хүртэл тоглосоор өнждөг байлаа. Өнөөг хүртэл Эрдэнэдорж, Сүрэндорж тэргүүтэй олон багшаар шатар заалган, суралцсаар байна. Одоо бэлтгэлээ улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Б.Гүндаваа багшийн удирдлагад хийдэг.
-Одоогоор ямар амжилт гаргаад байгаа вэ?
-16 насандаа түргэн тоглолтын улсын аварга болсон. Дараа жил нь насанд хүрэгчдийн УАШТ-ээс стандарт төрөлд хүрэл медаль хүртсэн. Түүнээс гадна улсынхаа дэвжээнээс авсан мөнгөн медаль бий. Өсвөр үеийн УАШТ-ий таван түрүүтэй, Азийн АШТ-д хоёр удаа IV байрт шалгарсан. Олон улсын тэмцээний цөөнгүй медальтай.
-Ид амжилт гаргаж байхдаа яагаад УАШТ-ийг цөөнгүй жил өнжив?
-Би тухайн үед залуучуудын ДАШТ-д түрүүлж, их мастер болохын төлөө бүхнээ зориулсан. Зөвхөн алтан медаль хүртвэл л зорилгодоо хүрэх байв. Бэлтгэлээ жил гаруй хугацаанд унтах нойроо умартаж хийсэн юм. Ямар нэг баяр, ёслолын үеэр ч цалгардуулаагүй. Шинийн нэгний өглөө хүртэл бэлтгэл хийж байлаа.
Гэвч 2014 онд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхдөө гавьтай амжилт гаргаж чадаагүй. Тэгсэн нь спортоос түр завсарлахад нөлөөлсөн. Тэр хүртэл бүх тэмцээнд хувийн зардлаараа оролцдог, санхүүгийн асуудлаа өөрөө зохицуулдаг байлаа. Сургуулиа төгсөн, санхүүгийн боломжтой болохыг зорьсон юм л даа.
Уг нь тухайн үед олон улсын тэмцээнд идэвхтэй оролцсон бол нэлээд хэдэн жилийн өмнө их мастер болох боломж байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед надад хангалттай мөнгө байгаагүйг нуугаад яах вэ.
-Спортоос хөндийрсөн он жилүүдэд БНСУ-д дасгалжуулагчаар ажилласан бил үү?
-Тэгсэн. Солонгосын нэгэн клубт дасгалжуулагчаар хоёр жил ажилласан. Тухайн жилүүдэд тэмцээнд оролцоогүй, УАШТ-ийг хүртэл өнжсөн. 2017 онд Монголын шилдэг шатарчныг Хэнтий аймагт тодруулсан юм. Нутагтаа болсон тул хүндэтгээд өрсөлдсөн. УАШТ-ээс хэдхэн хоногийн өмнө Монголдоо ирээд оролцож билээ.
-Тэр жил та улсын дэд аварга болсон нь бүхнийг шинээр эхлэх урам өгсөн байх.
-Тэгэлгүй яах вэ. Тэр олон жил хөдөлмөрлөчихөөд гэнэт больчих хайран санагдсан. Тэгээд л спортдоо эргэж ирсэн юм. 2014 онд шатраас түр хөндийрөхдөө тэмдэглэлийнхээ дэвтэрт надад ийм алдаа бий, их мастер болоход тийм бэлтгэл хийх хэрэгтэй гэх мэт зүйлийг бичсэн. Тэр бүхэн формдоо хурдан ороход их нөлөөлсөн шүү.
-Шарын спортын танд өгсөн үнэт зүйл юу вэ?
-Асар их. Тэдгээрээс төлөвшил, хүмүүжил олгосныг нь онцолъё.
-У.Насанжаргалын тоглолтын гол онцлог юу бол?
-Мэдээж тамирчин бүрийн тоглолт харилцан адилгүй. Би довтлоод ч юм уу, хамгаалж тоглодоггүй. Тухайн өргийн байрлалаас шалтгаалж хэрхэн тоглохоо шийддэг. Супер их мастер, дэлхийн шилдэг шатарчдын амжилтын нууцыг судлах дуртай. Тэд хожихын тулд бус бүх талаараа шилдэг байхын төлөө зүтгэдэг юм билээ. Хэн хүний мэдэх өргөөр бус, шинэ шийдлээр өрсөлддөг нь тэдний амжилтын нууц.
-Эл спортын өрөг олон цаг үргэлжилдэг. Та хамгийн удаандаа хэдэн цаг өрсөлдөж байв?
-Хэнтий аймагт болсон УАШТ-ий үеэр тамирчид өдөр бүр хоёр өрөг тоглосон. Би эхний өрөгт таарсан тамирчинтайгаа зургаан цаг гаруй тоглоод дараагийнхаа учраатайгаа өрсөлдөхөөс 30 минутын өмнө дууссан.
Тэгээд хэдхэн минут амраад хоёр дахь өрөгт оюунаа сорьсон юм. Тэгэхэд 09.00-22.00 цагийн хооронд хоёр тамирчинтай тоглосон. Өдөржингөө өрсөлдөхөөр яалт ч үгүй их ядардаг юм билээ. Тэр миний хамгийн удаан тоглосон өрөг.
-Танд ивээн тэтгэж, дэмждэг байгууллага бий юү?
-Ер нь бараг байхгүй. УАШТ зэрэг дотоодын тэмцээнд оролцоход “Эрч” спорт хорооноос дэмждэг байсан. Их мастер цолны сүүлчийн болзол дутуу байхад Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболд ах намайг дэмжсэн.
“За, ах нь их мастер болох хүртэл нь санхүүгээр дэмжье” гэсэн. Бид хоёрын ганзага сайхан нийллээ. Дэмжлэгээр нь оролцсон анхны тэмцээндээ өрсөлдөөд л их мастер болов.
-Г.Энхболд дарга таныг цаашид ивээн тэтгэх үү?
-Үнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй байна. Намайг их мастер болтол л дэмжинэ гэсэн. Одоогоор намайг ивээн тэтгэдэг байгууллага байхгүй. Нутгийн зөвлөлдөө хандах бодол бий.
-Тамирчин бүхэнд хүч сорихыг хүсдэг өрсөлдөгч байдаг. Та хэнийг онцлох вэ?
-Мэдээж өнөө цагийн шатрын спортыг хаанчилж буй Магнус Карлсентай өрсөлдөхийг хүсдэг.
-Түүнтэй өрсөлдвөл та хоёрын өрөг хэрхэн өрнөх бол?
-(инээв). Сүүлийн үед шатрын спорт дэлхийд жигд хөгжиж байгаа. Мэдээж онолын хувьд түүнтэй хэрхэн өрсөлдөхөө сайтар судлан, төлөвлөх боломжтой. Гэхдээ супер их мастерууд түгээмэл онолоор хэзээ ч тоглодоггүй.
-Их мастер болохын төлөө 18 жил зүтгэсэн гэлээ. Дараагийнхаа зорилгыг тодорхойлсон уу?
-Тодорхойлсоон. Их мастер болж авьяастай, нөөцтэйгөө мэдэрлээ. Одоо супер их мастер болохын төлөө зүтгэнэ. Юуны өмнө чансааны оноогоо 2600-гаас дээш хүргээдэхье. Тэгсний дараа уйгагүй хөдөлмөрлөн, хоёргүй сэтгэлээр зүтгэхэд болох байх.
Энэ ташрамд Ц.Сайнбаяр ерөнхийлөгчтэй Монголын шатрын холбооны хамт олон, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболд ах, Гавьяат хуульч Н.Чинбат дарга, Б.Гүндаваа багшдаа болон гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлье.