Улс болон хот хоорондын, жуулчны тээврийн үйлчилгээг зохион байгуулж, мэргэшсэн жолоочийн сургалт явуулж, шалгалт авч, автомашины улсын бүртгэл хөтлөх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийнхөн өчигдөр салбарын сайддаа ажлаа танилцуулаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус төвийн удирдлага, албан хаагчидтай уулзахдаа нэлээд хатуухан шүүмжилсэн. Тодруулбал, “Ховдын компани Дархан-Уул аймгийн зорчигч тээврийн үйлчилгээг авлаа”, “Тавантолгой”-д ажиллаж буй зарим жолооч мансуурч байна”, “Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахгүйгээр машин жолоодлоо”, “Цагдаагийн хурандаа нарын мэдэлд байдаг автомашины улсын дугаарын үйлдвэрүүд стандартаа мөрддөггүй” гэх утгатай өргөдөл гомдол сайдад цөөнгүй иржээ.
Тиймээс ажилтнуудад хандаж хариуцлага, сахилга батаа дээшлүүлэхийг анхааруулав. Харин АТҮТ-ийнхөн хөдөлгөөний болон зорчигчийн аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын тээврийн стандарт нэвтрүүлж, бүхий л үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсэн талаараа мэдээлсэн. Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд цахимаар өргөдлөө өгч, и-мэйлаар хариугаа авах нь.
Бас тасалбараа интернэтээр захиалж, тээврийн хэрэгсэлийн лавлагаа ч цахимаар авах боломжтой төдийгүй, торгуулиа тушаахын тулд банк, эсвэл зорчигч үйлчилгээний төвд заавал очих шаардлагагүй болжээ. Түүнчлэн хил дамнасан тээвэрт оролцож буй бүх байгууллага АТҮТ-ийн архив руу чөлөөтэй орох боломжийг ч бүрдүүлсэн гэнэ.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүнд даацын машины С зөвшөөрөл олгохыг зогсоосон гэв үү?
-Түр зогсоосон. Улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөх төлөвлөгөөтэй байна. Жишээ нь, хүнд даацын автомашиныг хар өнгөтэй дугаартай болгоно. Энэ нь энгийн замаар явж болохгүйг тодорхойлж буй хэрэг. Мөн “Тавантолгой”-гоос нүүрс тээвэрлэж байгаа бүх машиныг бүртгэнэ. Учир нь “Тавантолгойд” 3-4 машин нэг дугаар зүүх зөрчил цөөнгүй байна. Энэ мэт зөрчлөөс урьдчилан сэргийлж, журмыг чангатгахаар дэд сайдын ажлын хэсэгт хариуцуулж өгсөн. Цаашид журмаа шинэчилнэ.
-Улсын дугаарын үйлдвэрүүдийг хэрхэн хянах вэ?
-2016 онд 50 000 гаруй машин хилээр оруулж иржээ. Өнгөрсөн онд 98 000 машин нэмэгдсэн. Монголд автомашины улсын дугаарын үйлдвэр 30 гаруй байна. Нэг үйлдвэр өдөрт 10 гаруй дугаар хийдэг гэх судалгаа бий. Жилд 90 000 дугаар хэвлэхэд 30 үйлдвэр хэрэгтэй, эсэхийг эргэж харах шаардлагатай. Тиймээс АТҮТ-д дугаарын үйлдвэрүүдийг аттестатчилж, хатуу гэрээ байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэл өглөө.
-Салбарынхны сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд хамгийн түрүүнд юунд анхаарах вэ?
-Чанартай жолооч бэлтгэхэд анхаарна. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн байдлын стандартыг хангуулна. Гуравдугаарт, авто тээврийн үзлэг оношилгооны шалгуурыг чангатгахгүй бол утаа их гаргадаг машинуудыг шалгалтад тэнцүүлсээр байна. Жилд 526 хүн авто тээврийн ослоор амиа алдаж, 20 гаруй мянган хүн гэмтжээ. Авто тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах шаардлага тулгарсныг энэ тоо харуулж байна.