Агаарын бохирдлыг бууруулна хэмээн олон жил ярьж буй. Бодит үр дүн өгөх ажил хийсэн, эсэхэд иргэд эргэлздэг. Өдгөө уулга алдан суух нь чухал биш. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодрууллаа.
-Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллын иргэд сайжруулсан түлшээр бүрэн хангагдах боломж бүрдэх үү?
-Ирэх ес, аравдугаар сар гэхэд сайжруулсан түлшийг хангалттай нөөцөлсөн байх зорилго тавьсан. Түүхий эдээ нөөцлөх, үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, хөрөнгө мөнгө, агуулах газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн гэр хорооллын 220 гаруй мянган өрхөд хүргэх түгээлтийн асуудлыг зөв шийдэх ёстой.
Сайжруулсан түлшийг иргэдэд шуурхай нийлүүлэх, ченжүүдээр аль болох дамжуулахгүй байхад анхаарна. Үнийн бодлого барьж айл өрхөд хямд нийлүүлэх асуудлыг бас шийдэх юм. Одоогийн байдлаар нэг өрх жилд дунджаар таван тонн түүхий нүүрс түлж буй. Сайжруулсан түлш түлэхэд түүхий нүүрс шатааснаас 50 хувь хэмнэлт гарна. Санхүүгийн хувьд ч ашигтай. Туршилт хийх явцдаа 100 ам.метр талбайтай байшинг сайжруулсан түлшээр хоёр удаа галласан. Ингэхэд хангалттай халаахын зэрэгцээ дулаанаа 24 цаг барьж байсан.
-Түүхий нүүрсний хэрэглээнд яаж хяналт тавих юм бэ?
-Ирэх тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг Улаанбаатар руу нэвтрүүлэхийг хориглосон. Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газартай хамтарч хяналт тавина. Сайжруулсан түлшийг гэр хорооллын айлуудаар тараах цэг бий болгоно. Хуучин цэгүүдийн нөхцөлийг сайжруулах, түүхий нүүрс түлэхгүй байх тал дээр хяналт тавих, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх сургалт сурталчилгаа явуулна.
Сайжруулсан түлшний үйлдвэрүүдэд ажилтан авна. Сайн дурын хүмүүс ажиллуулна. Тэдэнд тодорхой хэмжээний урамшуулал өгч, гэр хорооллын гудамжуудыг хуваарилан айлуудын зуух, янданд хяналт тавиулна гэсэн үг. Мөн автобус, машинаас гарч буй хорт бодис, түүхий нүүрсний хэрэглээнд хатуу хяналт тавьж, хариуцлагатай ажиллана. Ингэснээр 4000 гаруй орчим ажлын байр нэмэгдэх тооцоо гарсан.