“Найруулагч нар л намайг өдий хэмжээний жүжигчин болгосон. Тэд байгаагүй, мөн намайг тоогоогүй бол би хэний, ямар бүтээлд тоглож өдий зэрэгт хүрэх вэ. Би бол хэний ч танихгүй нэгэн шүү дээ” хэмээн ярих түүнийг монголчууд “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Хүний амь”, “Жинжиймаа” зэрэг олон киноны дүрээр нь андахгүй. “Хүмүүс” буландаа Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийг урилаа.
-Та АНУ-д олон жил амьдарсан. Эх орондоо байхдаа сайн сайхныг нь анзаарахаа больчихдог. Алс холыг зорьж байж л ухаардаг гэлцдэг шүү дээ. Таны хувьд эх орон гэж юу вэ?
-Эх орон гэдгийг бага байхад хичээлээр их өргөн агуулгаар нь заадаг байж. Тиймээс энэ хорвоод байдаг, надад баригдаж үзэгдэхгүй том зүйл гэж төсөөлдөг байсан. Дуу, шүлэгт ч их л том зүйлийг магтан дуулж байна хэмээн хийсвэрээр ойлгодог байж. Гэтэл яг эх орноосоо яваад үзэхэд ямар энгийн болохыг таньж мэдлээ.
Энэ ертөнцийн жижигхэн буланд халуун дулаан орчин, миний хайртай хүмүүс сууж буй газрыг эх орон гэдэг юм байна. Эргэн тойрныхон миний ярьж байгаа хэлээр ярьж, намайг хайрладаг, би тэдэнд хязгааргүй татагддаг тийм л орчныг миний эх орон гэж хэлнэ. Тэнд баян, ядуу, хөгжсөн, хөгжөөгүй байх нь хамаагүй. Би АНУ-д сайхан л байсан. Үр хүүхэд минь гоё сайхан зүйл үзэж, нүд нь нээгдэн, хэл сурч, олон үндэстний хүмүүстэй харилцаж, нөхөрлөж байсан ч эх орныг минь гүйцэхгүй.
Тоос, шороотой, утаатай ч Улаанбаатараа их санадаг байлаа. “Чингис хаан” нисэх онгоцны буудал өндөр хөгжилтэй орных шиг сүрлэг биш ч гэсэн сэтгэлд нэг л дотно дулаахан мэдрэмж төрдөг. Гэртээ ирэхэд Америкт амьдарч байсан байшин шиг том, гял цал биш, эгэл даруухан мөртлөө сэтгэл хамгийн амгалан, халуун дулаан, бүх хайртай хүн минь байх, юугаар ч зүйрлэшгүй нандин орчин байсан. Тиймээс эх орон гэдэг бидний хамгийн халуун дулаан, сэтгэл тайван орших газар юм даа.
Гэхдээ тэндээс сурах зүйл их. Хамгийн гол нь энэ хүн надаас илүү мэдлэг, чадвартай, мундаг гэж бодож харилцах чухал. Гэтэл манайд эсрэгээрээ “Энэ муу хэн юм” гэж харилцах гээд байдаг. Үүнийг л өөрчилмөөр байна. Америкт саятан уу, гуйлгачин уу гэдгийг ялгахад хэцүү. Бүгд л урагдсан жийнстэй, энгийн хувцасладаг. Манайхан баян харагдах гэж хичээдэг нь ядуу сэтгэлгээтэй байгаагийн шинж юм уу даа. Ер нь бусдыг хүндлэхийг л сурмаар байна. Тэгж чадвал их олон зүйл өөрчлөгдөнө.
-“Суварган цэнхэр уулс” кино эх орноо хамгаалж яваа цэрэг эрийн тухай өгүүлдэг. Яг орчинд нь та юу мэдэрсэн бэ?
-“Суварган цэнхэр уулс” кинонд тоглох үед би 20 настай байлаа. Ямар кинонд тоглохоо ч ухаараагүй, хилийн цэрэг гэдэг ойлголтгүй байлаа. Мөн хөдөө бараг явж үзээгүй. Түүний өмнө “Эх бүрдийн домог” кинонд тоглохдоо анх удаа хөдөө явж үзсэн. Хоёр дахь удаагаа хөдөө явж байгаа нь тэр.
Дөнгөж киноны тухай төсөөлөл сууж, хөдөөний амьдралыг зах зухаас нь мэдэрч эхэлж байсан үе гэсэн үг. Хилийн цэргийн анги руу явахдаа эх орны талаар тийм ч их ойлголт аваагүй. Тухайн үед “Цэрэг дагаснаас тэрэг дага” гэж хошигнодог байлаа шүү дээ. Орой, үдэш гадуур явахдаа цэргүүдээс их айдаг байсан.
Гэтэл хилийн цэрэгт очоод жинхэнэ эрвэлзэж, дэрвэлзэж байгаа залуустай уулзсан. Тэднийг хараад “Энэ залуус чинь дүрэмт хувцас л өмссөн болохоос биш бидэнтэй л адилхан юм байна” гэж бодон, өөрөөр харах болсон. Киноны зураг дуусаад буцахад сэтгэл эзгүйрч, ийм сайхан газар, хүмүүсийг орхиод яаж явна даа гэж бодож билээ.
Цэргийн амьдрал, хилчин дайчид, “Суварган цэнхэр уулс” кино эх орон, бусдыг хайрлах сэтгэлтэй болох суурийг тавьсан, насан туршийн дурсамж.
-Монголчууд эмэгтэй хүний хатан ухаан гэж ярьдаг. Тэгвэл таны хувьд хатан ухаан гэж юу вэ?
-Бидний амьдарч байгаа гараг олон янзын шашин шүтлэг, чиг хандлагатай хүмүүсээс бүрддэг. Лалын шашинтай улс бол эмэгтэй хүнийг их дорд үздэг шүү дээ. Суух суудал, алхах гишгэх бүр нь заалттай, нүүрээ ч ил гаргах эрх тэдэнд алга. Би Америкт очоод л хүүхэд, эмэгтэйчүүдийг бусадтай яг ижил үздэгийг нүдээрээ харлаа.
Манайд урьд нь эмэгтэй хүн баганаас дээш гарч болдоггүй, түрүүлж идээ шүүсэнд хүрдэггүй гэх зэрэг зүйл байсан. Одоо ч мэр сэр бий. Мөн зочин ирэхэд түрүүлж, цай, хоолны дээжээ нөхөртөө барьж, өөрсдөө идээ шүүсэндээ хүрчихээд дараа нь ирсэн гийчдээ дайлдаг.
Харин би ирсэн зочиндоо цай, хоолныхоо дээжийг барих дуртай. Түүгээрээ зочдоо хүндэлж буйгаа илэрхийлдэг. Манайхыг зориод ирсэн учраас түрүүлж зочиндоо л гар сунгана. Манайх гэдэг айл, бидний л босгосон амьдрал учраас өөрийнхөөрөө бусдыг хайрлаж, хүндлэх ёс жаяг тогтооно гэж боддог.
-Сүүлийн үед айлын эхнэр, нөхөр тэгш эрхтэй байх ёстой гэж нэлээд ярих боллоо. Үүнд таны бодол ямар байдаг вэ?
-Сүүлийн үед манай улсад хүйсийн харилцаа өөрчлөгдөөд байх шиг. Эмэгтэйчүүд давамгайлж, ганц бие ээж олширчээ. Мөн ганц бие чадалтай эмэгтэй ч олон боллоо. Харин зарим эрэгтэй нь эмэгтэйчүүдийнхээ энд хүрэхгүй санагддаг.
Эмэгтэйчүүд нийгэмд илүү өндөр байр суурь эзлэхийн хэрээр ганцаараа явах нь элбэг байна. Миний ээж, аавын үед эцэг хүн гэрээ тэжээх үүрэгтэй гэж ярьдаг байлаа. Нөхөр ажил хийж мөнгө олж, түүнийг эхнэр нь амьдралдаа хүргэж, бүх зүйлийг зохицуулна. Тэр үеийн гэр бүлийн ажил, үүргийн хуваарь тийм л байсан.
Гэтэл одоо эрчүүд амьдралын хариуцлагагүй болжээ. Мөнгө олно, би энэ айлыг өнгөтэй, өөдтэй явуулна, эхнэр минь үр, хүүхэд төрүүлж, өсгөн, сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэх мэт хуваарийг ойлгохгүй байна.
Хосууд ажил, үүргийнхээ хуваарийг мэдэж, гэр бүлийнхээ төлөө зүтгэж л байвал заавал эрчүүдийг илүүд үзэж, тахин шүтээд байх шаардлагагүй гэж боддог. Хүнийг хүн чигээр нь л харахаас биш, хүйсээр нь ялгах дургүй.
-Монгол, Германы хамтарсан “Газарчин” кинонд та тоглосон. Энэ кинонд тоглох тохиол хэрхэн бүрдэв. Гол дүрийн эрэгтэй жүжигчин Гойко Митичтэй одоо холбоотой байдаг уу?
-Ж.Бунтар найруулагч “Чамайг “Газарчин” киноны дүрийн сонгон шалгаруулалтад оруулна. Гэхдээ өөр жүжигчин тоглуулахаар товлосон байгаа. Сорилд хэд хэдэн жүжигчин оруулах ёстой байдаг юм” гэлээ. Би зүгээр л сорилд орж байгаа юм чинь гээд хайнгадуухан хандана аа. Найруулагчийн сонгосон жүжигчин дөнгөж төрсөн нялх биетэй учраас мяраалаг байсан. Харин би туранхай байсан юм уу даа. Гэтэл германчууд индиан хүн мяраалаг байдаггүй гээд намайг сонгосон юм билээ.
Кинонд тоглоно гэж огт төсөөлөөгүй байж байтал “Хурлын шийдвэрээр чамайг тоглуулахаар боллоо, биеийнхээ хэмжээг өгөөд индиан хувцас захиал” гэв. Сорилд л оролцоно гэж бодож байсан учраас их сүрдсэн. Тухайн үед “Хэлмэгдсэн омгийнхон” зэрэг индианчуудын тухай хэд хэдэн кино гарчихсан. Түүнээс нь илүү тоглож чадах болов уу гэж айна. Мөн Европт нэрд гарсан Гойко Митичтэй хамт тоглоно гээд сүрдэх зүйл мундахгүй.
Манай ахмадууд “За миний хүү сүрдэж болохгүй. Өндөр, сайхан хүн байгаа. Оросоор ярьдаг. Чи ч гэсэн ялгаагүй Монгол Улсаа төлөөлж байгаа гол дүрийн жүжигчин. Нэг киноны хоёр гол дүр юм чинь түүнээс дутаад байх юу байх вэ” гэж захисан. Би “За тийм дээ” гэж бодсон ч нэг л хулчгар. Яг уулзаад, хамт явахад их нийтэч, хүнтэй сайхан харилцдаг, байгаа газартаа дасан зохицож ажиллаж чаддаг хүн байсан.
Олон хоногоор хөдөө явахаар сумуудад усанд орох газар байхгүй шүү дээ. Гойко кино багийнхандаа тайлбарлаж “Бид ямар ч нөхцөлд ажлаа хийх ёстой. Та нар ямар нэгэн аргаар өөрсдөө болго” гэнэ. Ер нь бусадтай ойр дотно байж, орчноо хүндэлж, хөгжлийн болон соёлын ялгааг зөв зохицуулна гэдэг нь чухал чанар юм гэдгийг Гойкогоос олж харсан.
Тэрбээр усны машины жолоочтой их найз болсон. Бүхээгт нь суугаад л алга болно. Маргааш нь ирээд “Нүхнээс гардаг юм юу билээ”, “Тэрийг бид хоёр буудсан” гээд л ярина. Усны машины жолооч буутай, тарвага агнадаг байж л дээ. Уг нь хивс дэвссэн, олон таван хошуутай, зөвхөн өөрт нь үйлчилдэг машин бий. Гэтэл түүндээ суухгүй.
Үүний дараа бид Германд болсон кино наадамд очиход тэрбээр маш их баярлаж, сүйд болсон. Тэгэхэд л Гойког үнэхээр “од” гэдгийг мэдэрсэн дээ. Биднийг тоссон түүнийг хүүхнүүд шавж, хамт зургаа авхуулах гэж татаж, чангаагаад, ганц ч гишгүүлэхгүй, бараг л тасдаж идэх нь ээ.
Би “Чамайг Монголд байхад ийм од гэж мэдээгүй” гэхэд надаар тоглоод “Чи ч бас нутагтаа од шүү дээ” гээд инээж байсан. Их энгийн, найрсаг, сайхан хүн. Өнгөрсөн жил Гойко Монголд ирэхэд телевизийнхэн ярилцлага авсан юм билээ.
Тэгээд миний тухай бичлэг үзээд “Хүүе энэ Батцэцэг мөн үү” гэж таньж ядаад баярласан гэсэн. Цаг хугацаа намайг элээж, өтөлж, таргалаад өөр болсон байх. Гойко бол үс нь бууралтсаныг эс тооцвол яг хэвээрээ байсан.
-Та одоо ямар уран бүтээл хийж байна вэ?
-Хилийн цэргийн ойд зориулж алаг морьтой Дандар баатрын тухай, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмидын зохиолоор хийж буй уран сайхны кинонд тоглож байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Солонго ерөнхий найруулагчаар, Ө.Дашцэрэн зургийн даргаар ажиллаж байна.
-Таны хоёр хүү АНУ-д кино найруулагчаар төгссөн. Тэндээ ажиллаж байна уу?
-Миний хоёр хүү АНУ-д дунд сургууль төгсөөд, дараа нь урлагийн сургуульд суралцаж кино найруулагч болцгоолоо. Одоо тэндээ уран бүтээлээ хийгээд, амьдарч байна. Дэлхийн киноны гол ундарга нь АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хот. Тиймээс хүүхдүүд минь тэнд очиж ажиллахаар Чикаго хотоос нүүсэн.
Тэнд яг киноны чиглэлээр төгссөн манай олон залуу байдаг юм билээ. Тэд одоохондоо бяр сууж, эд хаваа үзүүлэх арай болоогүй байна. Хожим тэд эцэг, эхийнхээ нэрийг гаргасан мундаг мэргэжилтэн болно гэдэгт итгэдэг.
-Та орчуулагч мэргэжилтэй юм билээ. Мэргэжлээрээ ажилласан уу?
-Би багадаа хэлний чиглэлийн хүн болно. Эсвэл жүжигчин болно гэж ярьдаг байсан. Гэтэл жүжигчин болоход тусалж дэмжих хүн хамаатан садан дунд минь байгаагүй учраас орос хэлний орчуулагч мэргэжил эзэмшихээр их сургуульд орсон.
Оюутан болсон эхний хавар нь “Эх бүрдийн домог” киноны дүрийн сонгон шалгаруулалт болж байна гэдэг сураг сонсоод, оролцсон. Азаар киноны хамт олон намайг тоож, кинонд тоглох завшаан тохиосон. Тус киноны зураг авахуулахад би морь унаж чадахгүй, кино хэрхэн бүтээдгийг мэдэхгүй, хөдөө явж үзээгүй байв. Өглөө босоод л хүмүүсийн хэлснийг хийчихээд сууж байдаг, юу ч мэдэхгүй хүүхэд.
Гэтэл нэг өдөр намайг жигтэйхэн гоёод, тоорцог, хувцас өмсүүлээд, зүүлт чимэглэл зүүгээд байлаа. Тэгээд толинд хартал бараг л өөртөө дурлах нь. Киноны ажлын үеэр мөн ч олон уйлсан даа. Морь унаж чадахгүй, зарим үед учраа олохгүй.
Хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ сүрдээд яах ёстойгоо мэдэхгүй мөртлөө хэлж зүрхлэхгүй. Киноны хүмүүс гэдэг миний хувьд тэнгэрийн орныхон шиг л санагддаг байсан учраас тэр шүү дээ.
-Та Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Залуудаа харчуудаас захиа их авч байв уу?
-Үгүй дээ. Тэр үед жинхэнэ сайхан хүүхэн чинь Н.Сувд эгч байлаа шүү дээ. Намайг “Монгол кино” үйлдвэрт ороход Орост мэргэжлийн сургуулийг нь төгсөөд ирчихсэн, нуруулаг, гадаад хэлтэй, ямар гоё эгч байсан гэж санана.
Тэрбээр надаас найм эгч. Н.Сувд эгчийн яриа, ухаалаг байдал, хэл устай байгаа нь гээд мөнч сайхан харагддаг. Надад тэр нь их нөлөөлсөн. Эмэгтэй хүн өөрийгөө хэрхэн дайчлах, хэлний мэдлэгтэй байх зэргээс суралцаж, түүн шиг болох гэж хичээдэг байв.
Харин миний сайхан гэж харагддаг нь киноны хамт олны л ач шүү дээ. Кинонд тоглуулах гэж нүүр будан, гоё хувцас өмсгөхөөр тэгж харагдаж байхгүй юу. Яг гудамжинд явж байхыг минь харвал хэн тоох вэ дээ. Нэг муу бор оюутан л харагдана. Тэр үед захиа бичиж зүрхэлдэг хүн байхгүй байж. Одоо бол цахим хуудсаар юу л бол юу гэж бичдэг болж.
Хааяа захиа ирэхээр “Сайн байна уу, анд аа. (Найзаа ч биш)
Хичээл, сурлага өндөр үү. Манай хил дээр ойрдоо нам тайван байна. Бид харуулд гарч байна. Хамт байгаа бүх хилчин дайчид мэнд хүргэж байна. Хариу хүлээе” гээд л дуусна. Тэр үед цэргүүдийн захиа шуудангаар үнэгүй хүргэгддэг учраас маркгүй. Би хариуд нь “Сайн байна уу, найз аа. Бид сайн. Киноны үеэр сайхан танилцсанаа дурсаж, боддог. Хичээл ном сайн. За баяртай” гэж захиагаа дуусгаад 10, 20 мөнгөний марк наагаад явуулна. Яг л дипломат зурвас солилцож байгаа мэт албаны захиа бичдэг байсан.
-“Монголжин” кино студийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү?
-Нөхөр минь өнгөрснөөс хойш би өрөөсөн жигүүргүй боллоо. Миний хань надад “Монголжин” студи байгуулж өгсөн ч яг арын албанд ажилладаг гол хөдөлгүүр нь өөрөө байсан. Би бэлгэдлийн чанартай ерөнхийлөгч шиг байж. Ер нь олон жилийн хамтын хөдөлмөр гэдэг бие биенээ үгүйлдэг юм байна.
Уран бүтээл гэдэг гар, сэтгэл нийлсэн хүмүүсийн ажил учраас оронд нь өөр баг бүрдүүлж ажиллуулж чадна гэдэгт одоохондоо итгэхгүй байна. Нэг нартай сайхан өдөр сэтгэл сэргээд ямар санаа орж ирэхийг хэлж мэдэхгүй нь.
-Та өөрөө урлагийн хүн. Мөн урлагийн хүний гэргий байсан. Алба, амины ажлыг хэрхэн амжуулдаг байв?
-Би нэг их сүрхийдээ амжуулаад өдий хүрсэн хэрэг биш. Урлагийн хүний ар талд сайн тусалдаг, ойлгодог хүн байж амжилтад хүрдэг. Бид хоёрт аав, ээжээс эхлээд найз нөхөд, ах дүүс байсан. Заримдаа ажлынхаа дүү нарыг гуйж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргүүлж, авхуулна. Эцэг, эхийн хуралд нь ч суулгачихна.
Манай хүүхдүүд орос сургуульд сурдаг байсан. Нэг өдөр хуралд нь ажлынхаа хүүг явуулчихсан чинь “Юу ч ойлгосонгүй. Нэг орос хүн юм яриад байсан. Би инээгээд л толгой дохиод байлаа” гэсээр ирэв. Бид хоёрт хуралд суусан гэж тэмдэглүүлэх нь л чухал учраас ойлгосон, эсэх нь ер хамаагүй.
-Хамгийн мартагдашгүй дурсамж, кино тань юу байв?
-Анхны кино учраас “Эх бүрдийн домог”-оос өөрийгөө хараад ямар ч гоё Нарангарав вэ, энэ би гэж үү гээд итгэхэд ч хэцүү байсан. Өөрийгөө дэлгэцээр хараад уйлах гээд байх шиг сонин мэдрэмж төрсөн. Дараа нь “Жинжиймаа” киног их догдолж бүтээсэн. Уран бүтээлч байх, тэр дундаа уран бүтээлч гэр бүл байхын эд хавыг үзүүлж хийсэн учраас идэр есийн хүйтэнд даарсан ч их баяртай байлаа.
Киноны эвлүүлгийг Ц.Гансэрээгийн студид хийсэн юм. Нэг өдөр багийнхан маань Д.Ганцэцэг бид хоёрыг дуудаад, киногоо үз гэлээ. Бид хоол, цай бэлдээд, толгой хаялж инээлдэж ороод үзлээ. Ёстой л нус, нулимстайгаа хутгалдав. Манайхан “Нээрэн ингэж их сэтгэл хөдөлж байна уу” гэхэд Д.Ганцэцэг “Юу гэж худлаа уйлдаг юм” гээд л уйлж гарсан. Үзэгчид ч их ам сайтай байх шиг санагдсан.
Хүүхдүүдийн минь үлдээсэн дурсамж бас бий. Миний хоёр хүү нэг, хоёрдугаар ангид л байсан санагдана. Мартын 8-нд гэртээ ортол “Ээж гутлаа тайлаад шууд өрөө рүүгээ ороорой” гэж байна. Гар, хөл нь гурил болчихож. Гал тогооны өрөөнөөс нөгөөх нь хөлсөө цувуулаад гараад ирлээ. Тэр үед дөнгөж манайд орж ирж байсан өнгө өнгийн мушгиа гоймонг би сонирхоод авсан байсан юм. Түүнийг дутуу чанаад, дээр нь кетчуп “шомбойлгоод”, мах чанаад тавьчихсан. Мах нь бас шүүрхий. Хөргөгчинд байсан бүх л зүйлийг дутуу болгоод ширээн дээр өрчихсөн байв.
“Ээж ид” л гэж байна. Би ганц, хоёрыг идэв. “Гоё байна уу” л гэнэ. Урмыг нь бодоод “Ёстой гоё байна” гэсэн. Бас нэг ногоон шигтгээтэй төмөр зүүлт авчихсан байсан. Ааваасаа “Том болоод өгье” гээд мөнгө гуйсан гэсэн. “Ээж биеэсээ салгахгүй зүүгээрэй” гэнэ. Би түүнийг нь гэрээсээ зүүж гараад, халаасална. Гэрийн гадаа ирээд зүүнэ. Хоёр хүү минь тийм багаасаа ээжийгээ баярлуулах гэж хичээдэг байж. Одоо ч хэвээр. Бид хоёр бүгдийг өгье гэдэг. Эх хүнд үүнээс илүү жаргал байх уу.