Алдарт найруулагч Жэймс Камерон зохиолыг нь бичиж, Роберт Родригоз найруулсан “Alita: Battle angel” адал явдалт, уран зөгнөлт кино үзэгчдийн хүртээл болж, “Box office”-ын жагсаалтад дээгүүр орж буй. Эл киноны гол дүрд жүжигчин Роза Салазар тоглосон бөгөөд түүний орлон тоглогчоор уран нугараач О.Уугантуяа ажилласан юм. Түүнтэй энэ талаар болон уран бүтээлийнх нь тухай цахимаар ярилцлаа.
-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?
-Миний тоглосон анхны дэлгэцийн бүтээл бол одоо үзэгчдэд хүрч буй “Alita: Battle angel”. Эл кинонд тоглосны дараахан “The greatest showman” кинонд мөн уран нугараачаар ажиллах санал ирж, тоглосон. Энэ кино өнгөрсөн онд олны хүртээл болсон.
-Ж.Камероны бүтээлд тоглох боломж хэрхэн олдов?
-Циркийн жүжигчин танил минь дэлгэцийн ийм уран бүтээл хийж буй, уран нугарах хүн хэрэгтэй байгаа тухай дуулгасан. Тэгээд шалгаруулалтад оролцохыг хүссэн юм. Би “Тэгье” гэснээр танил минь кино багийнханд уламжилж, удалгүй орлон тоглогчдыг хариуцсан зохион байгуулагчтай холбогдсон. Тэрбээр “Гол дүрийн жүжигчнийг орлон тоглох хүн маш их хайсан тухайгаа хэлээд өнөө, маргаашгүй ирэх боломжтой юу гэхэд би зөвшөөрсөн. Уг нь ОХУ-ын уран нугараач бүсгүйг мөн шалгаруулалтад дуудсан юм билээ. Харамсалтай нь, тэр бүсгүй мөрөө гэмтээснээс болоод уг уран бүтээлд оролцоогүй.
-Зураг авхуулах явцад бэрхшээл тохиолдсон уу?
-Бэрхшээл гэх зүйл тулгараагүй ээ, чаддаг зүйлээ хийсэн учраас. Гэхдээ “Миний хөдөлгөөн, гүйцэтгэл таалагдах болов уу, яах бол” гэж эмээсэн. Зураг авхуулахын өмнө орлон тоглогчдыг хариуцсан зохион байгуулагч миний хийх хөдөлгөөнүүдийн талаар зааварчилгаа өгч, би өөрөө найруулан сургуулилалт хийсэн.
-Киноны өөр санал ирж байна уу?
-Кинонд тоглуулах санал хараахан ирээгүй. Харин алдарт дуучин Марк Энтони, Принц Ройс нарын хамтран дуулсан “Adicto” дууны клипэнд тоглосон.
-Алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллах ямар байдаг бол?
-Хамаг анхаарлаа зөвхөн уран бүтээлдээ хандуулж, их шаргуу, цагийн нарийн хуваарьтай ажилладаг юм билээ. Санасныг бодвол бүгд их энгийн. “Alita: Battle angel” киноны зураг авхуулахын өмнөхөн нүүр хувиргалтын өрөөнд гол дүрийн жүжигчин Роза Салазартай таарсан. Надтай их сайхан, эелдэг харилцсан. Би жүжигчин Кристоф Вальцыг шүтдэг. Гэтэл нэг уран бүтээлд тоглох болж, танилцахдаа сандраад “Би таны үнэнч шүтэн бишрэгч” гэж түгдрэн хэлэхэд “Гайхалтай. Чи яаж ингэж нугарч чаддаг байна аа. Мундаг юм” гэхэд нь их баярласан. Тэгээд хамтдаа гэрэл зургаа татуулсан. “The greatest showman” кинонд тоглохдоо жүжигчин Хью Жекмантай танилцсан. Мөн л их энгийн хүн юм билээ. Арын алба, туслах ажилчин гэж ялгалгүй хүн бүртэй эелдэг мэндэлдэг нь сайхан санагдсан шүү.
-Олонх эрэгтэй орлон тоглогч аль нэг төрлөөр дагнадаг юм билээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд ямар байдаг бол. Та цаашдаа энэ чиглэлээр ажиллах уу?
-Би орлон тоглогч биш, уран нугараач. Дээрх кинонуудад уран нугараачийн үүрэг л гүйцэтгэсэн. Цаашид яахыг хэлж мэдэхгүй юм.
-Та циркийн урлагт хэрхэн хөл тавьж байв?
-Миний аав, ээж хоёулаа циркчин. Би зургаан настайгаасаа нугарч эхэлсэн.
-Хэн багшийн шавь бэ. Одоо та хэд дэх жилдээ нугарч байна вэ. Гарын шавь бэлдэж амжив уу?
-Нугарах суурийг минь тавьсан хүн бол миний ээж Ч.Дэлгэрцэцэг. Одоо Орхон аймгийн дөрөвдүгээр дунд сургуулийн дэргэдэх Хөгжмийн сургуульд уран нугаралтын багшаар ажилладаг. Мөн Монголын циркийн алтан үеийнхэн болох Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш, Гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг, Б.Норжмаа нарын багшаар хичээл заалгаж байснаараа бахархдаг. Би одоо 25 дахь жилдээ нугарч байна.
-Уран нугаралт бол тэсвэр тэвчээр шаарддаг мэргэжил. Хэрийн хүн эзэмшиж чадахгүй энэ мэргэжлийг сонгосон шалтгаан тань юу байв. Ээж, ааваас тань өөр нөлөөлсөн хүн бий юү?
-Хамгийн их нөлөөлсөн нь аав, ээж. Тэд минь одоо ч энэ салбартаа ажиллаж байгаа. Миний аав А.Отгонбаяр Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт циркийн багшаар ажилладаг.
-Та алдартай ямар цирк, театрт ажиллаж байв?
-Яг одоо Австралийн “Sydney opera house”-т ажиллаж байна. Дэлхийн хэмжээний, алдартай театр. Мөн “Нарны цирк”- ийн тоглолт, шоунуудад тоглож байсан.
-Олон улсын уралдаанд оролцож байсан уу. Үзүүлсэн амжилтуудаасаа дурдаач?
-Багадаа Хүүхдийн урлагийн улсын уралдаан, циркийн наадмуудаас гран при, алт, мөнгө, хүрэл медаль зөндөө хүртсэн. 2010 онд Монако улсад зохион байгуулдаг “Monte Carlo” дэлхийн циркчдийн 34 дэх удаагийн наадамд Монголынхоо найман уран нугараачтай хамт “Blue sky girls” хамтлаг болон оролцож, хүрэл цомын эзэн болсон.
-Одоо “Sydney opera house”-т ямар үзүүлбэрүүд үзэгчдэд хүргэдэг вэ?
-Тус театрын “Blanc de blanc encore” шоунд уран нугаралт болон бүжиг, агаарын үзүүлбэрүүдэд тоглодог.
-Хилийн дээс алхаад олон жил болжээ. Энэ хугацаанд хэчнээн оронд аялж, тоглолтоо хүргэв?
-АНУ, Канад, Монако, Бахам, Сингапур, Австри гээд олон оронд тогложээ.
-Гадаадын үзэгчид танай үзүүлбэрийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Их гайхдаг. Бүр алмайрдаг гээч. Үзүүлбэрээ үзүүлсний дараа алга ташаад, орилолдоод л. Ер нь гадаадын үзэгчид сэтгэл хөдлөл ихтэй, түүнийгээ ил гаргадаг нь их таалагддаг.
-Нугаралт бол залуу насны ажил. Нас ахисан хойноо юу хийхээ төлөвлөсөн үү?
-Биеэ эрүүл байлгаж, байнгын бэлтгэл сургуулилалттай байвал 40, 50 нас хүрсэн ч нугарах боломжтой. Гол нь тайз болон үзэгчдэдээ гологдохгүй л бол тэр шүү дээ. Нугарахаа болихоороо багшлах санаа бий.
-Монголдоо хэзээ ирэхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх зун Улсын наадмаар түр хугацаагаар очно. Манай ургийн баяр болох юм. Нутагтаа бүр буцах талаар одоохондоо бодоогүй л байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Ойрын хэдэн жилдээ одоо тоглож буй “Blanc de blanc encore” шоугаа Австрали, Шинэ Зеландад хийхээр төлөвлөж байна. Завсар зайгаар нь багшилж эхлэх санаатай. Яваандаа уран нугаралтын студитэй болно.