Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ) 2019 оныг цахим үйлчилгээний жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэр тогтоолгох өргөдлийг цахимаар авахаар бэлтгэж буй аж. Энэ талаар тус газрын дарга Д.Зоригтоос тодрууллаа.
-2019 онд нийгмийн даатгалын ямар үйлчилгээг цахимаар үзүүлэх вэ?
-НДЕГ-аас гар утасны аппликэйшн зохиосон. Энэхүү аппликэйшнийг ашиглан иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал, ахмадууд тэтгэврийн хуулгаа авч болно.
Зарим иргэн нийгмийн даатгалын аль нэг хэлтэст заавал очиж аппликэйшний нууц үг авах болдог гэж гомдоллосон. Гуравдугаар сарын 1-нээс онлайнаар харилцаж, аппликэйшний нууц үг өгөхөөр боллоо. Цаашлаад гар утасны аппликэйшн ашиглан сайн дурын нийгмийн даатгалаа төлдөг болгохоор зохицуулж байна.
Иргэд заавал хэлтэст ирж гэрээ байгуулахгүй, онлайнаар харилцаж, нийгмийн даатгалд хамрагдана гэсэн үг.
-Ахмадууд өргөдлөө цахимаар өгч болох ч багагүй материал бүрдүүлэх шаардлагатай юм билээ. Энэ чирэгдлийг яаж арилгах вэ?
-Иргэд тэтгэвэр тогтоолгохын тулд архивын байгууллага, нийгмийн даатгалын хэлтэст очдог. Төрийн байгууллага өөрийн мэдээллийг иргэдээс нэхэхээ больж байгаа. Тиймээс Архивын ерөнхий газартай гэрээ байгуулж, мэдээллийг цахимаар солилцох боломж бүрдсэн.
Иргэд тэтгэвэрт гарах тухайгаа жилийн өмнөөс цахимаар мэдэгдчихвэл манай ажилтнууд материалыг нь цуглуулж, бэлтгэл ажлыг нь хангах боломжтой.
-Нийгмийн даатгалын өртэй компаниудын зээл авах эрхийг хязгаарлана гэсэн үү?
-Иргэд гар утасны аппликэйшнаар нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээллээ шалгадаг болсон. “Бид нийгмийн даатгалаа төлдөг боловч ажил олгогч маань төлөөгүй байна. Үүнээс болж гадагшаа явах, зээл авахад хүндрэл учирдаг. Эрүүл мэндийн тусламж авч чадахгүй хохирсон” гэх гомдол иргэдээс ирсэн.
Даатгуулагчийн эрх ашиг хохирч буй тул аж ахуйн нэгж байгууллагын эл асуудалд онцгой анхаарна. Тиймээс Монголбанктай хамтран ажиллах болсон. Аливаа компани нийгмийн даатгалын өртэй бол цаашдаа банкнаас зээл авахад хүндрэл учирна. Ийм байгууллагуудыг хар жагсаалтад оруулж, ажилтнаа хохироохгүй байхыг шаардана.