“Завханы зохиолч”-той ярилцлаа. Удахгүй олны хүртээл болох “2000” уран сайхны киноны зохиолыг бичсэн, өмнө нь “Цагаан дуганын гэгээ”, “Дуутын хүрээний сүүлчийн хамба” гэх зэрэг уран сайхны, мөн Завханы 12 хутагтын тухай баримтат бүтээлүүд үзэгчдэд хүргэсэн, жүжгийн зохиолч, дууны шүлгийн мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан өөрийгөө “Хөдөөний хүн болохоор хүмүүс намайг бараг таньдаггүй дээ” гээд инээсэн.
-Та үйл явдал 1884 онд өрнөдөг, Улиастайн 2000 цэрэг манж амбаны эсрэг хэрхэн босож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хөдөлж байсан тухай өгүүлсэн “2000” хэмээх түүхэн сэдэвт баримтат уран сайхны киноны зохиол бичжээ.
Улмаар өөрөө санхүүжүүлж кино бүтээсэн байна. Нээлт нь гуравдугаар сарын 1, 2-нд гэхээр Ардын намын баярыг тохиолдуулав уу гэж бодлоо.
-Үгүй ээ, ямар нэг намтай хамаагүй. Эх орончдын өдрөөр нээе гэж товлосон юм.
-Энэ тухай хожуу ярихаар үлдээгээд таныг уншигчдадаа сайтар танилцуулмаар байна. Та хаана төрж, өссөн бэ?
-1956 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Нөмрөг сумын арван жилийн сургууль, МУИС дүүргэсэн, инженер-эдийн засагч мэргэжилтэй. Автын инженер талдаа мэргэшсэн. Нам боловсон хүчнийг мэргэжил хамаарахгүйгээр мэддэг байсан үед Завхан аймгийн Тээврийн болон Худалдаа бэлтгэлийн удирдах газарт инженер байлаа.
Дараа нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар 17 жил ажилласан. Мэргэжлийн хяналт хэмээх байгууллагын анхны дарга болж байлаа. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Ажил, амьдралын замналд танай сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Ц.Балдоржоос авхуулаад олон сайхан уран бүтээлчийн нөлөөгөөр соёл, урлагийн салбарт өөрийн зам мөрийг гаргасан даа.
Олон сайхан нөхдийн бүтээл туурвилтай танилцаж, судалж, сонирхсоор байгаад өөрөө бичдэг болсон. Завханы дуучин Х.Оюунцэцэг, С.Батсүх гавьяат, Ц.Бавуудорж, Д.Цэвээнравдан, Ц.Жамъян нарын уран бүтээлч нөхдийн дэмээр дуунд дуртай болсон. Дууны шүлэг бичсээр нийт 200-гаад бүтээлтэй болсон. Тэдгээрээс 50-60-аадыг нь олон түмэн дуулж байх шиг байна. Голдуу согтуудаа дуулдаг (хөхрөв). Найрын дуу болжээ гэж хэлж байгаа санаа минь.
-Бас нэлээд хэдэн жүжигтэй юм билээ.
-Жүжгийн зохиол тавыг бичсэн. Бүх жүжгээ аймгийнхаа Хөгжимт драмын театрт тавиулсан. 30-аад баримтат киноны зохиол бичсэний дийлэнх нь хутагтуудын тухай байдаг. Завхан аймаг эрдэм чадалт хутагт хувилгаадын нутаг. Монголчууд энэ тухай сонссон байдаг ч үнэн хэрэгтээ мэддэггүй.
Би хутагт, хувилгаадыг 40 жилийн турш судалж байж хутагт тус бүрээр хэн нь хэн байсан юм гэдгийг тодруулсан кино хийсэн. Уран сайхны таван киноны зохиол бичлээ. “Цагаан дуганын гэгээ”, “Дуутын хүрээний сүүлчийн хамба”, кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнтэй хамтарч, мэргэжлийн хяналтын системийн сайн, муу талыг харуулсан “Аймшигт нүүдэл” хэмээх кино үйлдвэрлэсэн.
Дөрөв дэх нь нутгийнхны, монголчуудын шүтээн Отгонтэнгэр хайрхны тухай баримтат уран сайхны кино юм. Түүх, уулын тухай домгуудыг мөн л олон жил судалж байж бичсэн. Ер нь хайрхан сүр хүчтэй гэж яриад л байдаг болохоос яг ямар учраас тэр юм гэдгийг хэн хүнгүй мэддэггүй. Энэ судлагдаагүй сэдэв анхаарал татсан тул барьж авсан даа.
-Улиастайн цэргүүдийн бослогын тухай яагаад бичих болсон бэ?
-Хутагт хувилгаадын тухай судлах явцад олон зүйл тодорсон. Хутагтуудын амьдрал, үйл бол тухайн үеийн Манжийн төртэй холбоотой. Улиастайн 2000 цэргийн нийгэмд гүйцэтгэсэн үүргийг төдийлөн тодруулаагүйн улмаас орхигдсоор, улам бүдгэрч, түүхийн цоорхой мэт үлдсэн байсан.
Би нутгийн хүү, зохиол бүтээл туурвидаг хүн учраас зайлшгүй бичих шаардлагатай гэж үзсэн. Түүх түүчээлэх учраас анхааралтай хандсан л даа. Нэг их магтан дуулаад, эсвэл хэтрүүлж, хүмүүст зэвүүцэл төрүүлэхгүйг хичээсэн. Бодит түүхээс сэдэвлэж, үнэнд тулгуурлаж бичсэн.
-Ямар ямар эх сурвалжууд тус болов?
-Судалгааг голчилж нутгийн уугуул өндөр настнуудын дунд явуулсан. Бага залуудаа Манжийн засаг захиргаанд алба хааж байсан хүмүүсээр яриулж, тэмдэглэж, хадгалсаар нэг мэдэхэд энэ ажилд 40 жилийг зориулсан байлаа.
-Завханчууд аймгаа хутагтуудын өлгий нутаг гэж тунхагладаг. Үүнд таны судалгаа, оролцоо маш их үүрэгтэй санагдлаа.
-Нутгийнхан намайг “Гавьяа байгуулсан” гэж үнэлдэг. Хичээл зүтгэлийг минь ойлгодогт баярладаг юм. Нэгэнт бүх хутагтын төрсөн газар, угаасан ус хаа байдгийг тогтоосных тэнд нь тэмдэг тавих, хөшөө дурсгалыг нь босгох ажил эхлүүлсэн. Хот мандал, хийд байгуулах гээд олон ажил ар араас нь ундруулсаар бүгдийг хийж амжуулсан.
-Хөрөнгө, санхүүжилтийг хэрхэн шийддэг вэ?
-Өөрөө гаргадаг. Энэ олон ажлыг хийхдээ төрөөс нэг ч төгрөг аваагүй. Мөнгө хатуу байхад хоёр тэрбум гаруй төгрөг нутаг орондоо зориулсан. Дилав гуай, Жалханз гуай гэсэн хоёр хутагтын хөшөө босгох ажлыг ч өөрөө л санхүүжүүлсэн.
Нутагтаа элэгтэй хүмүүс бас нэгдэж, тусалдаг. Завханаас төрсөн 12 гэгээнтнээр байгуулсан Хот мандал гэдэг музейг очиж үзээрэй. Энэ ажлуудыг хийж явахад “2000” киноны тухай санаа төрсөн юм.
-Үнэнийг хэлэхэд таныг дууны уран бүтээлч гэдгээр гадарладаг байжээ. Гэтэл та ивээн тэтгэгч, продюсер юм байна. Удахгүй нээх шинэ киног бас та санхүүжүүлж байгаа юу?
-Тийм. Нийт 800 сая төгрөг зарцуулсан.
-Бахархалтай юм. Дуу шүлэгхэн таны хувьд юу ч биш юм байна.
-Хэдийгээр тэс өөр мэргэжлийн хүн ч гэлээ байгалиас заяасан багахан авьяасын ачаар сэтгэлдээ хүрсэн хэдэн сайхан дуутай болсон. 1990-ээд оноос нийтийн дуу дэлгэрсэн. Үүдийг нь бид нээсэн ч юм болов уу гэж боддог. Дуучин “Завханы Батсүх” гарч ирсэн нь бие биеэ сайн ойлгодог үеийн хэдэн нөхөд нийлж уран бүтээл төрүүлж ирснийх болов уу.
-Жишээ нь, та шүлгийг нь бичиж, Д.Цэвээнравдан гуай хөгжим зохиож, С.Батсүх гавьяат дуулсан дуу хэд байна?
-Олон бий.
-Таны анхны шүлэг, дуу ямар вэ?
-Анх ээжийн тухай шүлэг бичсэн. Аяндаа хамгийн хайртай хүнийхээ тухай бичмээр санагддаг юм билээ. Дунд сургуульд хамгийн сулавтар сурдаг байсан хичээл бол монгол хэл, уран зохиол.
Гэтэл ижийгээ хайрлахдаа шүлэг биччихсэн хүн дээ. “Буян гэж хэрвээ байдаг бол буцаад та хүүдээ төрөөрэй, ээж ээ ...”, “Долоовор хуруундаа зүүний сорвитой, дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй...” гээд л бичсэн. Түүнээс хойш олон шүлэг төрүүлсэн.
-Амьдралын өнгийг дууны шүлгээр илэрхийлдэг юм байна.
-Байгаа зүйлийн тухай байгаагаар нь сэтгэлээсээ хэлдэг. Хий дэмий чамирхах дургүй. Үнэний тухай сэтгэлээсээ өгүүлэхэд шүлэг болдог. Тэр шүлэгт мөн адил сэтгэлээс төрсөн хөгжим “наалдана”. Түүнийг бас л сэтгэлтэй дуучин амилуулна. Ийм л юм.
-Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Ц.Жамъян нартай нэгэн үед туурвиж байгаа нь азтай гэж та боддог уу?
-Тэгэлгүй яах вэ. Ерөөл гэж байдаг. Энэ бол тохиолдол биш. Урьд насны сайн улсуудын ерөөл бидэнд ирсэн юм болов уу. Монголын 12 гэгээнтнийг 40 жил судлахад юу эсийг дуулж, туулах вэ. Тэрхүү 12 гэгээнтний хоёр нь миний номын багш нар.
Энэ хүмүүсийн адис, жанлав уран бүтээлд минь нөлөөлдөг ч байх. Уран сайхны “2000” киноны зохиол ч гэсэн уран яруу хэлэх гэж оролдсон, хэтрүүлж, халиасан зүйлгүй. Тухайн үед Улиастайд болсон үйл явдлыг бодитоор өгүүлсэн. Чанарын үнэлгээг үзэгчид өгөх байх.
-Энэ киногоор гол нь юу хэлэх гэсэн бэ?
-Улиастайн 2000 цэрэг өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж дур дурандаа өндийж, бослого гаргасан юм гэсэн яриа байдаг. Тийм биш. Энэ нь Манжийн дарлалын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан юм. Цэрэг болгоны дотор эх орноо гэсэн сэтгэл байсан.
Энэ үйл явдлыг түүхэнд цэрэг Онолт, Энхтайван нарын бослого гэж бичсэн байдаг. Манжууд 2000 цэргийн бослогыг дарах, ер нь монголчуудыг залхаах үүднээс Онолтын толгойг авч, үзэн ядуулахын тулд шонд өлгөсөн. Гэсэн ч монголчууд дарагдах нь бүү хэл, Онолтын үйл хэргийг цэрэг Энхтайван үргэлжлүүлсэн түүхтэй.
Тэр үед бослогыг зөвхөн цэргүүдийн дотор зохион байгуулсан уу гэвэл үгүй. Тэр үеийн монгол түшмэд, ноёд бүгд муу байгаагүй. Засагт ханы, цаг үеийн байдлыг сүрхий мэдэрсэн сайд, түшмэдүүд цэргүүдтэй нэгдсэн. Мөхөх төрийн оновчтой бус бодлого мандах төрийн галыг бадраадаг. Тэр гал нь бослого гаргасан 2000 цэрэг байсан юм.
-Түүхэн сэдэвт хэдэн сайхан уран сайхны кино байдаг. Түүн лугаа адил үзэгчдийн нүдийг нээсэн бас нэгэн сайхан бүтээл төржээ гэж ойлгож байна. Та дахиж кино хийх үү?
-Хийнэ. “1100” гэдэг бүтээл төлөвлөөд, ажилдаа орсон. Энэ нь Дилав хутагтын тухай дагнасан кино байх юм. Монгол Улс НҮБ-д элссэнийг сонсоод нүдэндээ нулимстай сууж байсан, Чүн Чинд, тухайн үед Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан Чин Хай Шигийн зөвлөхөөр ажилласан, XIV Далай багшийн номын багш энэ хутагтын тухай судалж мэдсэн хэрнээ уран сайхны гоё кино хийхгүй байж яаж болох вэ. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх талд идэвхийлэн ажилласан хүн бол Дилав хутагт юм.
-Таныг хүн судлаач юм гэж хэлж болохоор санагдлаа. Орчин цагийн монголчуудынхаа тухай ямар бодолтой явдаг вэ?
-Бурхан багшийн сургаал бий. Хэн бусдын төлөө залбирч чадна, тэр сайхан амьдарна гэдэг. Одоо цагт үүнийг хэн нийт олон, нийгэмдээ хүртээлтэй амьдарна, түүний хүн болж төрсний нь хэрэг бүтнэ гэж ойлгож болно. Монголчууд маань зарим талаар өнөө, маргаашаа харсан, хувиа бодсон, түр зуурын бодолтой, шоу цэнгээний маягийн амьдралд дурлах болсон санагддаг.
Залуус өвөг дээдсээ хүндлэхээ больж байна. Энэ байдал үргэлжилсээр байх юм бол дараа дараагийн үедээ их хортой байх болно. Товчхон хэлэхэд хүн их бохирджээ. Хүн оюун санааны хувьд цэвэршсэн цагт нийгэм гэгээлэг болно. Тэгэхээр бид нийгмээ сайн сайхан болгоё гэвэл хүнээ гэгээрүүлж, ирээдүй болсон хүүхэд багачуудаа цэвэр тунгалаг оюун санаатай өсгөх түүхэн шаардлага тулгамдаж байна даа. Төв сэтгэл гэж байдаг.
Үүнийг ойр дөтөөр тайлбарлаж болно. Манайхан Шинийн 1-ний өглөө нар мандахыг харах гэж хөл хөөрцөг болох боллоо. Шинийн 1-ний өглөөний нар дөрвөлжилж мандахгүй шүү дээ. Нар манддагаараа мандана. Дугуй хэлбэртэй байдгаараа л байна. Түүнийг хаанаас ч харж болно. Нар ургаж байгааг нь мэдэж буй юм бол шүтдэгээрээ л шүт. Ийм хөнгөмсөг, өнгөн байж боломгүй. Хандлага ийм байхад аливаад үүн шигээ л хандана.
Ажил, амьдрал, үндэстний эв нэгдлийн асуудалд ч мөн адил. Тэр буурай цагт эгэл цэргүүд эх орноо гэсэн сэтгэлээр босож чадсан байна. Тэгвэл өнөөдөр бидэнд үндэстнийхээ цус, ясны бүрэн бүтэн байдлын төлөө эвлэлдэн нэгдэх, нэг тийш харж хүчээ нэгтгэх тэнхээ байх ёстой юм. Түүнээс биш хэдэн хүн нийлж, нам гэдэг юм байгуулчихаад хоорондоо алалдаж байх цаг биш.
-Урдах ажлаа чимээгүй хийгээд аажим урагшилдаг хүмүүс байдаг. Та тэдний нэг юм. Байсхийгээд томоохон төслийн ард гардаг юм байна. Баг хамт олон хэдүүл вэ?
-Би дөрвөн охинтой. Тэдэнтэйгээ хамтарч ажилладаг. Тухайн тухайн төсөлд уран бүтээлчидтэй нэгдэж ажилладаг.