Б.Түвдэндорж, Д.Дамдин, Ш.Батсуурь, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ч.Бээжин аварга, Б.Жамъяандорж, Г.Дэмүүл, Ж.Чойжилсүрэн, Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн зэрэг аваргын энтэй арслангуудтай нэгэн үе барилдан, уран хурц, дайчин барилдаанаараа шагшигдаж явсан хүчтэн бол Төв аймгийн Баянбараат (1974 онд татан буугдаж, Баян-Өнжүүлтэй нийлсэн) сумын харьяат, улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам билээ.
Шуу, цээжиндээ их тэнхээтэй түүнийг амлахаас дархан аваргууд хүртэл жийрхдэг байсан гэдэг. Төрийн наадамд 50 гаруй жил барилдахдаа тавхан удаа амлуулсан нь үүний илрэл. Жудагтай бөх, сайхан эрийн төлөөлөл байж, олон түмэнд хүндлэгдсээр ирсэн тэрбээр улсын наадамд 13 удаа шөвгөрсөн. 1959 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа зургаа даван, өсөх идэр начин цол хүртжээ. Эл барилдаантай зэрэг зохион байгуулсан Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадамд 37 бөхөөс 32 давж, улсын заан болсон юм. 21 насандаа хоёр өөр барилдаанаас нэг өдөр улсын начин, заан цол авсан нь яах аргагүй ховор амжилт.
Монголын бүх ард түмний II спартакиадад 28 хүчтэнээс ганц ч уналгүй манлайлж, улсын арслан цол хүртсэн тэрбээр Цагаан сарын барилдаанд түрүүлж (1965), үзүүрлэсэн (1976) бөх. Гавьяат дасгалжуулагч Л.Сосорбарам Монголын самбо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн анхны тамирчдын нэг. Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол жүдоч, долдугаар дантай тэрбээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий цөөнгүй медальтай, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргатай өрсөлдөж явсан хүчтэн.
Боловсролын салбарт 50 гаруй жил ажиллан, сэхээтэн бэлтгэсэн Л.Сосорбарам арслан Цагаан сарын босгон дээр Ардын багш болсон юм. 82 настай гэхэд итгэмээргүй, хөнгөн шингэн гэж жигтэйхэн түүнтэй ярилцлаа.
-Сайхан шинэлсэн үү, Та. Юуны өмнө Ардын багш болсонд баяр хүргэе. Тантай шинийн таванд холбоо барихад айлчин ихтэй, амсхийх чөлөөгүй сууж байна гэсэн. Золгохоос гадна Ардын багш болсон баяраас нь хуваалцах хүсэлтэй зочдын хөлд дарагдав уу?
-Баярлалаа. Эхний хэдэн өдөр ёстой оволзлоо. Одоо ч зочдын хөл, баярын мэндчилгээ татраагүй байна. Олон өдөр хөл ихтэй байх өндөр настай хүнд амаргүй шүү. Хөдөөнийхөнд зав тэр бүр гарах биш. Түрүүч нь мал хуйгаа зохицуулаад ирж байгаа сурагтай. Хүмүүс “Амрыг нь эрье, баяр хүргэе” гэж золгоод сайхан байна. Удмынхан дундаа хамгийн өндөр настай нь, би. Манайх 1999 онд ургийн баяр хийхэд 30-40 айл байлаа. 2012 онд дахин зохион байгуулахад 70 гаруй болж, голомт нэмсэн байна лээ.
ХААИС-Д 50 ГАРУЙ ЖИЛ БАГШИЛСАН
-2007 онд Гавьяат дасгалжуулагч болоход тань спортын хүрээнийхэн “Оройтож шагнууллаа” гэж байгаа нь анзаарагдсан. Ардын багш цолыг та хэр удаан хүлээв?
-Би тэгж бодохгүй байна. Дасгалжуулагчийн хувьд гавьяа байгуулж, улс үнэлэх хэмжээнд хүрсэн үедээ л Гавьяат болсон. Ардын багш цол авах даа ч мөн адил. Би Хөдөө аж ахуйн их сургуульд 50 гаруй жил багшилсан. Өөр газар ер ажиллаагүй. Би сургуульдаа 1958 онд элсэн, таван жил сурч төгсөөд багшлахаар үлдсэн.
Намайг Ардын багш цолд манай сум, сургуулиас тодорхойлсон юм билээ. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Сосорбарам гуай үндэсний бөх, их спортын төдийгүй боловсролын салбарт олон арван шавь бэлтгэсэн гавьяатан. Түүнийг хүчит арслан, мундаг дасгалжуулагч гэдгээр нь хүмүүс илүү мэднэ.
Боловсролын салбарт оруулсан хувь нэмэр нь ч их жин дарна” гэж онцолсон. Надад Ж.Чойжилсүрэн, Ж.Хайдав, У.Мижиддорж арслан, Ё.Ишгэн, З.Дүвчин, Д.Амгаа, Д.Мягмар заан тэргүүтэй улсын цолтой 30 гаруй шавь бий.
-Улсын арслан У.Мижиддорж, Ж.Чойжилсүрэн нар Танаас насаар ах. Тэгсэн мөртлөө таны шавь байсан гэхээр уншигчид гайхаж магадгүй. Эсвэл та андуурав уу?
-Андуураагүй ээ, юу гэж тэгэх вэ. Намайг тамирчин болоход үндэсний төдийгүй самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Монголд байгаагүй. Бид биенээ дасгалжуулан, зөвлөдөг байлаа. Тийм мэх хийвэл барилдаанд чинь таарна, тэгж өрсөлдвөл илүү үр дүнтэй гээд бие биедээ хэлж, санал бодлоо хуваалцана. Тэгж явсныгаа л дасгалжуулагч нь байсан гэж хэлсэн хэрэг.
-ХААИС-д бэлтгэсэн шавь нараас нь төр түшиж яваа хэн байна вэ?
-Өө, тоймгүй олон. УИХ-ын дарга асан Ж.Уртнасан, Байнгын хорооны дарга асан Норовсамбуу, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын олон түшээ бий. ХААИС 46 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Би бүх ангид хичээл заадаг байсан.
НЭГДҮГЭЭР ДАМЖААНЫ ОЮУТАН БАЙХДАА УЛСЫН ЗААН БОЛСОН
-Л.Сосорбарам гуай аравдугаар анги төгсөх жилээ (1958 онд) сумынхаа наадамд улсын арслан С.Оргодолыг өвдөг шороодуулан, түрүүлсэн. Түүнээс гурван жилийн өмнө улсын наадамд түрүүлсэн хүчтэнийг давсан тэр барилдаан танд их урам өгч, бөхийн спортод хөл тавихад нөлөөлсөн үү?
-Тэгсэн. Том цолтой бөхийг өвдөг шороодуулсандаа их баярлан, урамшиж билээ. Би багаасаа бөхийн спортод хорхойссон, бүтэн хувцастай явж үзээгүй. Зав л гарвал барилдана. Дээл, гутал тэсгээдэггүй байлаа. Үеийнхэнтэйгээ, насаар ах хүмүүстэй гээд хэнтэй ч хамаагүй хүч үзнэ. Тухайн үед Төв аймаг ганцхан сургуультай байв. Манай сургуулийн захирал, багш хоёр бөхөд их дуртай.
Тэд сургуульдаа бөхийн дугуйлан нээн, охидоор даалимбан зодог, шуудаг оёулсан. Түүнийгээ бидэнд өмсгөөд өрсөлдүүлдэг байлаа. С.Оргодол гуайг давж, сумынхаа наадамд түрүүлсэн жилээ ХААИС-д малын их эмч мэргэжлээр элсэв. Тухайн үед манай сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Жамъяанжав, Гавьяат багш Ч.Ишдорж бөхөд хорхойтой. Тэд “Заавал бөх болоорой” гэж надад зөвлөнө.
Улсын арслан Ж.Чойжилсүрэн бид хоёр ХААИС-ийн оюутан байлаа, нэг оны төгсөгч. Бидний үед бөхийн дасгалжуулагч байгаагүй гэж түрүүн хэлсэн. Нутгийн олон минь намайг бөх болгосон юм шүү дээ. “Сайн бөх болох ирээдүйтэй” гэж магтсан урмын үг нь надад жигүүр ургуулсан. Манай нутагт Ичинхорол, Чүлтэм, Сэтэв, Лодой гэдэг гэлэн байлаа. Зарим нь намайг бөх болгох сонирхолтой. Цөөнгүй нь малчин, эсвэл лам болгох хүсэлтэй.
“Малд нүдтэй, гярхай, тусархуу хүүхэд” гэж намайг магтана. Баянбараат сумд цэргийн заан Лүндэн, Гүнд гэдэг бөх байлаа. Гүнд гуай улсын наадамд ажрахгүй гурав давчихдаг байсан л даа. Тийм хүн хөдөө ховор. Зургадугаар ангид байхдаа айлын найран дээр түүнтэй барилдахдаа давалцаагүй. Одоо Гүнд гуай “Сайн бөх болох нь багаасаа мэдэгдсэн” гэдэг юм.
Манайх олон малтай айл байлаа. Нэгдэлжих үед 800 гаруй адуу улсад тушаасан. Суурь адуу л даа. Би өглөө бүр 17 азарга адуу хураана. Нэг азарга нь цөөндөө 50 гаруй адуутай. Аав минь нуруулаг хүн байсан. 90 гаруй настай байхад нь би ааваас намхан байсан шүү дээ. Багаас минь намайг бөх болгох сонирхолтой байсан. Гадаадад тэмцээнд оролцоод ирэхэд ээж “Хүү яаж барилдав гэж аав чинь үргэлж асуух юм. Эсэн мэнд ирэх нь л надад сайхан” гээд суудаг сан. Үүнд нөлөөлсөн нэг явдал бий.
Нэг удаа ээж Лодой гэлэнтэй уулзахдаа “Хүү минь үндэсний бөхөөр барилддаг болсон” гэхэд нь “Ээ, хайран хүүхэд” хэмээн дуу алдсан гэнэ лээ. Амьхандаа ерөөлийн үг хүлээж суусан ээж минь гайхаж, нүүр нь хувьсхийсэн гэдэг. Тэгэхэд нь угийн ажигч Лодой гуай “Бөх гэдэг мянган хүний бах, нэг хүний хохь” гэж бурхны номд бичсэн байдаг юм” гэж учирлаж. Түүний үг ээжийг тэгж бодоход нөлөөлсөн юм билээ. Эмэгтэй хүн хүүхдээ барилдахыг үзэх муу гээд наадам ер үзээгүй, ээж минь. Аав жил бүр Улаанбаатарт ирж, наадам үзэнгээ миний дээлийн захыг мушгисан. Би эцэг, эхийнхээ ачийг хариулж чадаагүй. Аавынхаа, сумынхаа нэрийг наадмын дэвжээнд олон удаа дуудуулсан. Түүнээс өөр ачийг нь хариулах гавьтай амжилт гаргаагүй, олигтой зүйл хийгээгүй.
-Та нэг жил улсын хоёр цол авсан ховор амжилтын эзэн. Нэг өдөр өөр барилдаанаас улсын начин, заан цол хүртсэн тухайгаа сонирхуулахгүй юу?
-Тухайн үед би 21 настай, нэгдүгээр дамжааны оюутан байлаа. Улсын наадамд хоёр дахь удаагаа өрсөлдсөн минь тэр. Долдугаар ангид байхдаа анх барилдахдаа их хөглөсөөн. Нэг их өндөр, туранхай бөхтэй учраа таарав. Цэрэг л юм байлгүй гэж бодоод өрлөө. Гэтэл намайг ганцхан гуд татчихаад яваад өгсөн.
Яасан айхтар цэрэг вэ гэж бодсон чинь “Тавхай” хэмээх улсын заан Д.Лувсан гуай байсан юм билээ. Танихгүй юм чинь яах вэ дээ. Оюутан болсныхоо дараа улсын наадамд дахин зодоглов. Улсын цол авах гэж шунаагүй, тийм бодол ч байгаагүй. Тухайн үеийн бөхчүүд улсын цолд шунадаггүй байлаа. Нутагтаа ирэхэд “Овоо барилдлаа” гэж ярихаас “Цол авлаа” гэж ер хэлэхгүй. Улсын цол хүртлээ гэж ярин, найр хийнэ гэвэл хүмүүс гайхна. Тэр жил улсын наадам, Монголын оюутан, залуучуудын анхдугаар наадам зэрэг болсон.
Нэг нь Төв цэнгэлдэхэд долдугаар сарын 11-нд, нөгөө нь Бага цэнгэлдэхэд 9-нд эхэлж, би хоёуланд нь зэрэг барилдсан. Оюутан, залуучуудын наадмын эхний өдөр улсын цолтой 17 бөхийг давсан. Нарийн оноолт байсангүй. Зарим том цолтон “Яасан овоо залуу вэ. Аль вэ, би нэг хүч үзье” гээд л надтай өрсөлдсөн. Тэгж барилдсаар тэр өдөр хоёр бөх ганц ч унаагүй. Нэг нь би, нөгөө нь Д.Дамдин аварга. Наадамчин олон заавал хэн нэгнийг нь давуулъя гэсээр Спортын төв ордны гадна бид хоёрыг барилдуултал Д.Дамдин аварга намайг цементэн дээр өргөөд шидчихсэн.
Гуянд шохой наалдчихаар нь арчтал улаан нялга, хорссон гэж жигтэйхэн. Тэгж байтал нөгөөдөр нь улсын наадам эхэллээ. Би гурав, дөрвийн даваанд тунаад давав. Тавын даваанд улсын арслан Д.Жамцыг, удаахад нь А.Нагнайдорж начныг өвдөг шороодуулан, улсын өсөх идэр начин боллоо. Харцага цолны даваанд Ж.Чойжилсүрэнд унасан. Тэгээд л Монголын оюутан, залуучуудын наадамд барилдахаар Бага цэнгэлдэх рүү алхчихав.
Эл барилдаанд өрсөлдөхдөө 37 бөхөөс 32 давж, хүрэл медаль авсан. Д.Дамдин аварга түрүүлж, Бээжин аварга мөнгөн медалиар энгэрээ мялаасан тэр жил Ч.Бээжин аварга, Б.Жамъяандорж арслан бид гурван улсын заан болж билээ.
-Аав, ээж тань их баярласан уу?
-Мэдэхгүй ээ, баярласан л байх. “Хүү минь улсын цол авлаа” л гэсэн. Би ч учиргүй баярлаж, хөөрөөгүй. Наадмын орой гэртээ ирэхэд хань минь мөнгөн аягатай сүүтэй угтсан. Тэгээд л болоо. Ер нь намайг ид барилдаж байхад цолны найр огт хийдэггүй, тийм юм мэддэг ч үгүй байж.
-21 насандаа улсын цол авлаа гээд залуу насны аагаар амжилтдаа эрдэж явсан үе Танд бий юү?
-Тэгэх шиг муухай юм байхгүй, тэгэхгүйг хичээсээр өдий хүрлээ. Оюутан байхад зав хомс ч хичээл, бэлтгэлээ аль болох зохицуулдаг байлаа. Би хичээл тасдаж, улирч үзээгүй. Онц сурч, нэмэгдэл цалин авдаг байсан. Нэг удаа ангийнхаа хүүхдийн эрүүн доороос нь эрхий хуруугаараа өргөв. Нөгөөх чинь “Муу тэнэг хог чинь алах дөхлөө” гэхээр нь “Тэнэг хүн нэмэгдэл цалин авч, сайн барилддаг юм уу” хэмээж бөөн инээдэм болж билээ. Түүнийгээ бид хоёр одоо ч дурсах дуртай.
-Цолдоо эзэн болж барилдах нэгдүгээр дамжааны оюутанд амаргүй байсан нь мэдээж. Танд дарамт болсон уу?
-Ёстой тэгээгүй. Ер нь улсын цол авсандаа нэг их ач холбогдол өгөөгүй. Сайн л барилдаж байвал цолтой, цолгүйн ялгаа юу байх вэ гэж боддог байлаа. Харин нас ахихаар мэдрэгддэг юм билээ. Ид барилдаж явахад залуу бөхчүүд “Намайг битгий амлаарай” гэж гуйдаг байсан. Бяр, тэнхээ харихаар эсрэгээрээ болдог юм байна лээ (инээв). Даваа ахих гэсэндээ тэгж байхгүй юу.
“ХОЁР МӨНХ”-ИЙГ ӨВДӨГ ШОРООДУУЛЖ ЯВЛАА
-Өрсөлдөхөд хамгийн эвгүй, барилдаан таардаггүй бөх хэн байв?
-Өө, олон. Ямар ч бөх өрсөлдөгчтэйгөө эвгүй барилдаж, мэх, техникийг нь хийлгэхгүйг хичээнэ шүү дээ. “Цахилгаан” хэмээх Мөнхөө арслангийн барилдаан их онцгой. Хурдан, шуурхай гэж жигтэйхэн, золгож барилдвал хэнийг ч давна. Нэгэн барилдаанд Д.Дамдин, Ж.Мөнхбат аваргыг унагааж байлаа. Д.Хадбаатар аварга өрсөлдөгчдөө хүссэн барьцыг нь өгч байгаад барилддаг. Ноолуулж байгаад л давчихна. Их бяртайгийнх нь шинж л дээ. Би шуурхай барилдаантай. Улсын арслан болдог жил 78 кг жинтэй байлаа. Бие жижиг ч түүнийгээ хурдан хөдөлгөөн, хурц, шуурхай барилдаанаар нөхсөн.
-Монголын бүх ард түмний II спартакиадад ганц ч уналгүй түрүүлж, улсын арслан болохдоо Х.Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан бил үү?
-Тэгсэн. Тэр жил би 28 бөхөөс ганц ч уналгүй түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэсэн. 1962 онд улсын аварга шалгаруулах барилдаанд би түрүүлж, Х.Мөнхбат аварга үзүүрлэж байлаа. Одоо ингэж ярихаар хүмүүс “Алдарт хоёр аваргыг унагаалаа гэж үү. Энэ өвгөн сайхан бурж байна даа” гээд итгэхгүй байж магадгүй. Яах вэ, түүх үнэнээрээ сайхан.
-Хэдийгээр залуудаа цахиур хагалж, олон жил дээгүүр даваанд барилдсан ч улсын наадамд түрүүлж, үзүүрлэж чадаагүйдээ харамсдаг уу?
-Надад ер нь тийм атаа жөтөө, ааг омог байдаггүй. Улсын наадамд түрүүлж, үзүүрлээгүйдээ харамсдаггүй. Харин шатар тоглоход л шар хөдөлдөг шүү. Түүнээс биш тэгж, ингэж барилддаг байж хэмээн харамсаж, тийм, ийм шагнал авах сан гэж ер шунадаггүй. Жил бүхэн түрүү бөхийн таамагт багтсан ч санаснаар болоогүй.
Улсын наадамд түрүүлж, үзүүрлэх боломжтой байсан барилдааныг алийг тэр гэх вэ. 1961, 1962 онд би их өнгөтэй, ид гялалзаж явсан шүү дээ. 1961 онд Төрийн наадамд улсын заан Д.Барамсайтай барилдахдаа зэрэг унав. Гэтэл түүний гар мултарчихаар нь “Бэртэлтэй хүнтэй дахиж хүч сорихгүй” гээд өрсөлдөөгүй.
Дараа жил нь дутуу унаад өндөр даваанд барилдаж чадаагүй. Би долоогийн даваанд улсын арслан Д.Жамцтай учраа таарав. Уг нь би түүнийг давсан юм. Гэтэл хөлийн цэцүүд намайг түрүүлж унасан гээд өвдөг шороодсонд тооцсон. Тэр жил Д.Жамц улсын наадамд түрүүлсэн. За, тэгээд аль алдаж, онохыг тэр гэх вэ дээ.
-Нэгэн мэргэн хүн Ж.Мөнхбат аваргад “Сосорбарам үсээ хусуулбал улсын наадамд түрүүлнэ” гэж хэлсэн хэмээх яриа бий. Үүнийг Та хэзээ мэдсэн бэ?
-Өө, бүр сүүлд мэдсэн. Ж.Мөнхбат аварга энэ тухай номдоо бичсэн шүү дээ. Намайг ид барилдаж явах үед улсын наадамд түрүүлж мэдэх 26 бөх байлаа. С.Цэрэн аварга “Эвээ л олоогүй болохоос бидний үед хэчнээн ч аварга төрж мэдэх байж” гэсэн нь үнэн л дээ.
Би дунд шөвөгт найман удаа шалгарсан. Аварга болох бөх тусгай төрдөг. Хүссэн бүхэн үүнд хүрч чадахгүй. Зарим хүн намайг “Азгүй бөх” гэдэг. Би тэдэнтэй санал нийлэхгүй. Улсын арслан цолдоо хайртай. Ёстой сайхан цол шүү дээ, базарваань. Үндэсний бөхийн хоёр дахь том цолыг чамлавал алдас болно. Би БНМАУ-ын арслан гэж цоллуулах их дуртай. Залуудаа улсын цолтон болсон, аваргууд жийрхээд ч тэр үү, үргэлж л тунадаг байсан.
Бөхчүүд аль давах магадлалтай өрсөлдөгчөө амладаг. Тиймээс амлуулахгүй, тунах сайхан. Намайг улсын наадамд 50 гаруй жил барилдахад тавхан бөх амласан нь дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ш.Батсуурь, улсын арслан У.Мижиддорж, улсын начин А.Нагнайдорж нар. Би улсын наадамд цолоо дөрвөн удаа дуудуулсан.
-Аварга болоход та юугаараа дутуу байв?
-Бусдаас нэг их дутуу, илүү юм надад байхгүй. Би гаргах боломжтой байсан амжилтынхаа 80 хувьд хүрсэн. Хүн ер нь амжилт, нийгэмд эзлэх байр сууриараа зэрэг дугаартай байдаг. Жишээлбэл, дэлхийн, улс гүрний, орон нутгийн гэсэн зэрэгтэй. Бүгд тус бүртээ дээд, дунд, доод гэсэн гурван хэсэгтэй. Нутагтаа алдартай, нэр хүндтэй, олны хүндлэлийг хүлээсэн хүн орон нутгийн зэрэгтэйд хамаарагдана. Эх орондоо тод мөртэй яваа хүн улс гүрний зэрэгт багтана. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн алдартан, олимп, ДАШТ-ий медальтай тамирчид дэлхийнхэд харьяалагдана.
БИ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ АВСАН АНХНЫ МОНГОЛ ЖҮДОЧ
-Та аль зэрэгт нь багтана гэж өөрийгөө боддог вэ?
-Би яах вэ, улсын зэрэгтэй л хүн. Ерөнхийлөгчийн зарлигаар төрөөс гурван том шагнал хүртэн, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, улсын арслан болсон тул түүнийхээ дээд зэрэгт багтах байх.
-Монголын жүдо, самбо бөхийн анхны шигшээ багийн тамирчдын нэг нь Л.Сосорбарам гуай. Бас олон улсын тэмцээнээс медаль авсан анхны монгол жүдоч. Их спортоор өөр ямар анхдагч амжилт Таных билээ?
-Би спортын мастер болсон анхны монгол самбоч, жүдогийн долдугаар дантай. Долдугаар дантай бөх Монголд хуруу дарам. 1971 онд БНАСАУ-д болсон ах дүү армиудын олон улсын тэмцээнд Монголоос долоон бөх оролцон, нэг тамирчин медаль авсан нь би. Тэгэхэд хүрэл медалиар энгэрээ мялааж билээ.
Тэмцээний үеэр өрөөсөн хөлөө бэртээн, эх орондоо таяг тулаад ирсэн. Би жүдо, самбо бөхийн УАШТ-ий цөөнгүй алтан медальтай. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргатай нэг жинд барилддаг байсан болохоор чөлөөт бөхийн УАШТ-д түрүүлж чадаагүй. Мөнгө, хүрэл медаль олон бий.
-Хоёр ч ач тань сүмогоор барилдсан. Үндэсний бөхөөр хичээллэж, амжилтыг тань үргэлжлүүлж яваа хүүхэд бий юү?
-Би дөрвөн охинтой. Одоохондоо барилдаж яваа хүүхэд, ач, зээ алга. Нэг ач минь сүмогоор барилддаг байсан, ДАШТ-ий хошой мөнгөн медальтай Өсөхбаяр шүү дээ. Азийн АШТ-ий хүрэл медальтай ач бий, бас сүмогоор. Уг нь удмаас минь сайн бөх төрөөсэй гэж их хүсэх юм. Даанч хичээллэхгүй хүүхдүүдийг яалтай билээ. Унтаж, унтаж байгаад л хичээлдээ явах юм.
Сонирхолгүй хүнийг мянга шахаж, дэмжээд нэмэргүй шүү дээ. Би хүүхдүүддээ “Ханиа л зөв сонгоорой. Муу ханьтай хүн насаараа зовдог юм шүү” гэж захидаг. Ижийгээс ижил гэдэг яг үнэн. Арван сар тээн, ангир уургаа шимүүлж өсгөсөн ижийгээс хань илүү байна гэхээр том ухаан, хүндлэл байгаа биз. Өнөө цагт нэгнийгээ сайн явахад нь баярладаг хүн ховордож. “Тэр муу хэн юм бэ, тийм л юм байсан даг” шүүмжилдэг, нэгнээ үгүйсгэх хүн олширч.
Бусдыг муу хэлж буй хүн өөрөө өөдтэй байдаггүй. Дээхнэ үеийн хүмүүс нэгнийхээ алдааг шударгаар хэлдэг, түүнийгээ засчихаасай, сайхан амьдраасай гэж боддог байсан. Хүнийг ер нь аль болох эерэг талаас нь харж байгаасай.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Залууст хандаж сургаалаа хайрлана уу?
-Намайг хүндэлж ярилцлага авсан “Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа. Зөв үзэлтэй, зөв үйлтэй, зөв үгтэй хүнийг сайн хүн гэдэг. Нэрээ хичээж, түүнийгээ эрхэмлэж яваарай. Илүү, дутуу юм битгий ярьж бай. Хэрүүл ихтэй айлд хүн хүртэл орохоос сэжиглэдэг юм шүү. Тиймээс залуу хос цуварч уурлан, цугтаа инээж эвийг эрхэмлэж байгаарай.
Үг, үзэл бодлоо зөв байлгаж, нэгэн зүгт зангидаж сураарай. Бусдын түрүүнд битгий яв. Атаа жөтөө их байдаг юм. Доор нь битгий ор. Захын хүн дээрэлхэх гээд байх нь бий. Дундуур нь жирийлгэвэл зүгээр. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.