Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж, иргэд хувийн өмчтэй болох боломж бүрдсэн ба Засгийн газраас өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 13-р тоот тогтоолоор “Монголын Хөрөнгийн Бирж”-ийг байгуулснаар Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүссэн гэж үздэг. Өмч хувьчлалыг 1992-1995 оны хооронд явуулсан бөгөөд тухайн үед 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 475 улсын үйлдвэрийн газрын нийт 96.1 сая ширхэг хувьцааг иргэдэд олгосон байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу бидний мэддэг цэнхэр, ягаан тасалбар олгох замаар хэрэгжүүлсэн юм. Гэвч иргэд хөрөнгийн зах зээлийг энэхүү цэнхэр, ягаан тасалбар төдийхнөөр ойлгож байгаа нь уг зах зээл хөгжихгүй байгаагийн нэгэн шалтгаан хэмээн мэргэжилтнүүд үздэг. Энэ талаар Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.
-Монголын хөрөнгийн бирж байгуулагдаад 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэвч энэ хугацаанд сайн хөгжиж чадсангүй. Энэ юутай холбоотой вэ. Ер нь манай хөрөнгийн зах зээлийн хөгжил ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийг тооцоолоод үзэхээр сүүлийн 28 жилийн турш банк давамгайлсан байдаг. Тухайлбал, Монголд санхүүгийн зах зээл дэх ажил, гүйлгээний 95 хувь нь банкаар дамждаг. Гэтэл үүнийг шинжээчид “Монголд л таарсан санхүүгийн систем” юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, банк давамгайлсан санхүүгийн системээр Монгол хөгжиж, аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадах юм байна гэж бодож явсан. Харамсалтай нь 28 жилийн дараа энэхүү систем нь өөрөө хад мөргөөд зогсчихож байгаа юм. Аж ахуйн нэгжүүдээ санхүүжүүлээд, эдийн засгийн зуучлалын үүрэг гүйцэтгэх ёстой банк маань дампуурчихаж байна.
УИХ-ын хуралдаанаар банкны секторыг 511 тэрбум төгрөгөөр аврах хуулийг баталж байсан. Иргэд аж ахуйн нэгжийнхээ зээлийг санхүүжүүлэх бус харин иргэдийнхээ төсвийн хөрөнгөөс 511 тэрбум төгрөгийг авах нөхцөл байдалд хүргэж байгаа юм. Энэ нь бидний замыг зааж байсан банк, санхүүгийн систем цааш хөгжих боломжгүйг харууллаа.
Харин хад мөргөж зогсохгүйн тулд дараагийн шилжих ёстой систем бол хөрөнгийн зах зээл юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийн сайн, муу талыг хэлэлцэж, цаг нь ирсэн үү, үгүй юу гэж эргэлзэх шаардлага байхгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнийг хэн нэгэн шинжээч судлаад гаргаж ирээд байгаа хэрэг биш. Байгалийн шалгарсан хуулиараа хөрөнгийн зах зээл бол санхүүгийн зах зээлийн том түүчээ байсаар ирсэн, цаашдаа ч байх болно. Үүгээр санхүүжилт олгогдож, тайлан гаргагдаж байх ёстой.
-Иргэд уламжлалт аргаар мөнгөө банкинд л хадгалсаар байгаа. Тэгвэл хөрөнгийн зах зээлд оруулснаар юунд хүрэх юм бэ?
-Бид ч мөн адил уламжлалт ойлголттой явж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр банкаар эдийн засгийг санхүүлж болдог, аж ахуйн нэгжүүд банкнаас зээл аваад өсөн дэвших боломжтой юм байна гэж боддог байлаа. Эндээс хөрөнгийн зах зээлтэй хэрхэн холбогдох ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь маш энгийн. Жишээгээр авч үзвэл, манай банкны өнөөгийн систем нь тугалыг том болохоос нь өмнө сааж, сүүг нь гаргаж авах гэж үзээд байгаа юм. Нөгөөх нь юун сүүгээ өгөх, улам л ядраад туйлдаад байгаа шүү дээ. Сүүлдээ ачааллаа дийлж чадахгүй үхнэ. Энэ бол өнөөгийн банкны систем юм. Цөөн хэдэн аж ахуйн нэгждээ томрох боломжийг нь өгдөггүй. Өдөр бүр зээлийн өндөр хүү, шимтгэл, алданги, хугацаа хэтэрсэн торгуулиараа дарамт үүсгээд байдаг. Ингээд томрохоос нь өмнө дампууруулчихаад байгаа юм. Сүүлийн арван жилийн байдлаар томорч, өсөж дэвшсэн, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж маш ховор. Харин ч орон тоогоо улам цомхотгосон, өрөнд орсон, зээлийн хүүнд байраа хураалгасан гэсэн мэдээ л сонсогдож байна. Жишээлбэл, жилд 30-40 мянган аж ахуйн нэгж Х тайлан гаргаад л дампуурлаа зарлаж байна.
Тэгвэл хөрөнгийн зах зээл нь тугалаа эхлээд тэжээж, үнээ болгоно. Үүнийхээ дараа өгөөжөө хүртэнэ. Ингэж чадахгүй бол Монгол Улс улам л ядуурна. Хамгийн сүүлийн статистик мэдээллээс харахад монгол гурван хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдэл улам нэмэгдэж байна.
Харин хөрөнгийн зах зээл хөгжиж чадвал аж ахуйн нэгжүүд зээлийн хүүлэлт гэдэг зүйлээс ангижирна. Ингэснээр тэд томорч, хөгжиж, ажлын байр, татвар төлөлтөө нэмэгдүүлж, өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь бий болгоно. Хамгийн гол нь хөрөнгийн зах зээл ганц хоёрхон брокер дилерийн компанийн хувьцааны мэдээ биш. Үүний цаана аж ахуйн нэгж гэдэг том ойлголт явж байгааг ойлгох хэрэгтэй.
Улс зөвхөн бизнес эрхлэгчдээ дэмжиж байж л хөгжинө. Учир нь тэд улсдаа татварын системийг бий болгодог учраас. Тэрнээс биш монополь болсон хэдэн банкуудаа асарч тойглоод, татвараас чөлөөлөөд байвал эдийн засагт гажуудал үүснэ.
-Тэгвэл хөрөнгийн зах зээлийг бодлогоор хэрхэн дэмжих ёстой вэ. Юуг анхаарч, чухалчлах ёстой вэ?
-Хөгжүүлэх хүсэл л байвал маш амархан. Хөрөнгийн зах зээлийг хамгийн энгийнээр тайлбарлавал, мөнгөтэй хүн, мөнгө шаардлагатай хоёр хүний л уулзахыг л хэлээд байгаа юм. Үүнд төрийн оролцоо, элдэв янзын хуулийн төсөл, дүрэм журам шаардлагагүй. Ердөө тэр хүмүүсийн л уулзалдах боломжийг нь бүрдүүлж өгч чадвал хөрөнгийн зах зээл нь өөрөө хөгжөөд явах чадалтай юм. Гэтэл манай улсад явагдсан төр болон санхүүгийн бодлого нь мөнгөтэй хүмүүсээ нэг талд нь хашчихаад, нөгөө талд нь мөнгөгүй хүмүүсээ хязгаарлачихаад уулзуулах боломжийг нь өгөхгүй байгаа юм. Уулзъя гэхээр дунд нь банк гэдэг том субъектыг хааж тавьчихаад, мөнгөтэйг нь мөнгөө зөвхөн банкинд тушаа, харин мөнгө шаардлагатайг нь банкнаас зээл ав гээд тулгачихдаг. Уг нь мөнгөтэй нь мөнгөгүйдээ шууд замаар зээл өгөхийг л хөрөнгийн зах зээл гэж нэрлээд байгаа юм. Үүнийг хөгжүүлэхэд маш бага хэмжээний татварын болон татварын бус зохицуулалт л хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хөрөнгийн зах зээлийг хөхүүлэн дэмжсэн төрийн аливаа нэгэн бодлого, зохицуулалт гарч ирсэнгүй. Зөвхөн банкаа л хайрлаж хамгаалсан, төсвийн мөнгө өгч, эсрэгээрээ хөрөнгийн зах зээлийг өөрөө хөгжих боломжийг нь хааж боомилсон зохицуулалтууд л байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд 511 тэрбум байтугай таван тэрбум төгрөг ч хэрэггүй. Ердөө л хааж боомилсон зохицуулалтуудаа аваад хаячих хэрэгтэй. Харин улам бүр хөгжүүлэхийг хүсвэл бага зэрэг дэмжсэн эрх зүйн зохицуулалт хийгээд өгвөл өөрөө жамаараа хөгжинө.
-Хөрөнгийн зах зээлийн чанарын үзүүлэлтийг өндөр байлгахын тулд хувьцааны хөврөх чадварыг нэмэгдүүлэх ёстой байх. Ингэхийн тулд яах ёстой вэ?
-Монголд хөрөнгийн зах зээл хөгжихөд компаниуд нь ил тод нээлттэй биш байна гэж шүүмжилдэг. Энэ бол дараагийн асуудал. Хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө санхүүжээд ирэхээр жам ёсоороо компанийн хариуцлагатай, ил тод байдал зэргийг гаргаад явчихна. Яг одоогийн байдлаар компаниудад мөнгө орж ирэхгүй байгаа учир ил тод нээлттэй байх шаардлага байхгүй. Харин ч хаалттай байж, татвараас нуугдаад, зардлаа ихээр бичээд, бага татвар төлөх нь өөрсдөд нь ашигтай. Иймээс хувьцаа, иргэд олон нийтээс мөнгө босгож болдог нөхцөлийг л бүрдүүлээд өгвөл компаниуд маань өөрсдөө хүссэн хүсээгүй нээлттэй болоод ирнэ.
Мөн тооны өсөлтөөс илүү чанарт анхаарахын тулд хувьцааны төвлөрлийг сааруулах арга хэмжээг авах ёстой. Дээрээс нь хувьчлалын үр дүнд бий болсон ямар ч хөрөнгө мөнгөгүй хувьцаат нэртэй олон компани байна. Эдгээр компанийн жижиг хувьцаа эзэмшигчид 1-1000 төгрөгийн хувьцаатай байгаад байдаг. Тэрийг нь буцаагаад өгчихье гэхээр арилжааны банкны шилжүүлэг нь хувьцааных нь үнээс илүү гараад явчихсан хэдэн мянган хүний мөнгө байна. Энэ бүхнийг нийтэд нь тооцож үзэхээр 7 тэрбум гаруй төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бий. Иймд хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд жижиг хөрөнгө оруулагчдыг татахаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Мэргэжлийнхний гол тоглолтын талбар нь биржийн бус зах зээл байдаг.
Биржийн бус зах зээлээр дамжуулаад компаниуд ч мөн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ харьцангуй хялбархан босгох боломжтой.
-Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газар болоод УИХ-ын зүгээс “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, хөдөлгөөнд оруулах талаар мэдэгдсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлийг хэрхэн өөрчлөх вэ?
-Зөв хийж чадвал маш их өөрчлөх боломжтой. Гэхдээ одоогийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд хийж амжихгүй. Учир нь хувьцааны арилжааны асуудал дор хаяж 3-4 жил шаардлагатай. Ялангуяа гурван сая иргэний хувьцааг эргэлтэд оруулахад их хугацаа шаардагдана. Тэгтэл Засгийн газар энэ чиглэлээр одоог хүртэл нэг ч ажил хийсэнгүй. Ядаж бэлтгэл ажил ч эхэлсэнгүй. Саяхан Д.Сумъяабазар сайд 1072 ширхэг хувьцааг эргэлдүүлэх шийдлээ гаргаж, УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Энэ нь хэрүүл маргаан дагуулсаар байгаад Засгийн газар солигдох ээлж ирнэ. Тэгэхээр миний бодлоор тодорхой ажил болж чадна гэж харахгүй байна.
-Өнгөрсөн жил эдийн засаг макро түвшиндээ хүрч өссөн нь хөрөнгийн зах зээлд эерэг дохиог авчирсан. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ байгаагүйгээр өссөн. Үүнд юу голлон нөлөөлсөн гэж үзэж байна вэ?
-Үнэхээр макро эдийн засгийн өсөлт нөлөөлсөн гэвэл ташаа ойлголт болно. 2018 онд ч эдийн засаг өссөөр байна шүү дээ. Гол нь банкны эдийн засаг зогсчихсонтой холбоотой юм. Зах зээлийн 95 хувийг эзэлж, түүчээлж авч явж байсан банкны систем нь өөрөө хүнд байдалд орсон учраас компаниуд яалт ч үгүй өөр боломж хайж эрэлхийлж байгаа.
Харин нэг давуу тал нь улс орон даяараа буруу системээр явж ирснээ ойлгоод, дараагийн шинэ альтернатив замыг сонгож байгаа нь хөрөнгийн зах зээл юм. Түрүүн хэлсэнчлэн хөрөнгийн зах зээл бол ойлгоход хэцүү зүйл биш, харин ч бүх бүрт нээлттэй салбар.
-Хөрөнгийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт мөчлөгөөс хамааран хэлбэлзэж ирсэн. Сүүлийн үед ч нэлээдгүй өсч байна. Тэгвэл ирэх жилүүдэд энэ өсөлтөө хадгалж чадах болов уу?
-Мэдээжийн хэрэг уул уурхай бол манай голлох салбар мөн. Гэхдээ уул уурхайдаа 100 хувь найдаж болохгүй. Түүхий эдийн үнэ болоод эрэлт нийлүүлэлт унадаг, өсдөг. Яг л банкинд бүх итгэл найдвараа зориулсан боловч дампуурлын ирмэгт тулж ирдэг шиг л эрсдэл бий болно. Тийм учраас төр засаг маань эдийн засгаа чирж явах хэмжээний дараагийн салбарыг гаргаж ирэх ёстой. Төрөлжүүлэх цаг нь болсон. Үүний нэгийг нь хөдөө аж ахуйн салбар гэж хараад байна. Тэр дундаа мах, ноос ноолуур, хүнсний ногооны салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр өдөр тутам хэрэглэдэг ногоогоо хоёр хөршөөсөө авч байна гэдэг бол маш харамсалтай дүр зураг юм. Энэ нь Монголчуудыг ажилгүй, залхуу байгааг харуулж байгаа хэрэг.
Аливаа салбарыг хөгжих боломжийг нь нээж өгдөг зүйл нь хөрөнгийн зах зээл юм. Компаниуд нь өртөг зардал багатай, урт хугацаатай зээлээр л хөл дээрээ босно. Тэрнээс биш банкны 20-30 хувийн хүүтэй, сар бүр хүүгээ төлдөг ийм хатуу нөхцөлтэй зээлээр аж ахуйн нэгжүүд босохгүй.
-Компани, аж ахуйн нэгж гэлтгүй хувь хүмүүс сүүлийн үед хувьцааг их сонирхдог болж. Өнөөдөр дэлхийн хэмжээнд төрж байгаа биллионерууд энэ ертөнцтэй л холбоотой. Тэгвэл энэ ертөнц рүү орохыг хүссэн хүнд ямар шалгуур байдаг юм бол?
-Энэхүү салбар нь хүн ойлгохооргүй хэцүү зүйл биш. Англи, АНУ, Япон зэрэг улсуудын хөрөнгийн зах зээлд оролцогчдын дийлэнх нь санхүү, эдийн засгийн мэргэжилгүй хүмүүс байдаг. Японы хувьцааны тоглогчид нь гэрийн эзэгтэй нар байдаг. Тэд мөнгөө эргэлтэд оруулснаар улсынхаа санхүү, хөрөнгийн зах зээлийг хөдөлгөж байна. Иймээс ямар нэгэн шалгуур ярьж, өөрсдөөсөө холдуулах хэрэггүй. Хүн бүрт нээлттэй салбар юм.
-Хөрөнгийн зах зээл нь мэдээлэл болон судалгаан дээр тулгуурладаг. Энэ олон мянган компаниудаас хувьцаа нь өсөөд “мөнгө хийж” болох компанийг судалж олно гэдэг амаргүй байх.
-Хүмүүс сонирхоод, нэгдээд эхэлбэл судалгаа хийдэг компаниуд нь аяндаа л бий болно. Хэрвээ та хувьцаа худалдаж авахгүй бол би судалгаа хийгээд яах юм бэ. Өөртэй тань адил 1000-2000 залуус нэгдээд ирвэл би та нарын өмнөөс судалгаа хийдэг, зээлжих зэрэглэл тогтоодог, эрсдэлээс хамгаалах арга механизмыг бий болгоод зарж болно. Ийм л энгийн зүйл шүү дээ.