Сар шинийн босгон дээр Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцлаа.
-“Нинжин сэтгэл” уран сайхны киногоо гадаадад амьдардаг монголчуудад үзүүлээд ирсэн гэж дууллаа. Үзэгчид хэрхэн хүлээн авав?
-“Нинжин сэтгэл” киноны Жаргал гэж эмэгтэйн дүр бүтээсэн. Олон сайхан уран бүтээлч оролцсон, гоё бүтээл боллоо. Үзэгчид ч их сайхан хүлээн авсан. Гадаадад амьдардаг монголчуудынхаа хүсэлтийн дагуу АНУ-ын таван хотод толилууллаа.
Мөн шинийн гурванд Бүгд Найрамдах Турк Улс дахь монголчууддаа үзүүлсэн. гаргаад ирсэн. “Нинжин сэтгэл” киног үзэх хүсэлтэй хүмүүс одоо ч урилга ирүүлсээр байна. Киноны зохиолч, найруулагчаар миний хань Ц.Хүсэлбаатар ажилласан.
-Өөртэйгөө байнга зөрчилддөг Жаргал хэмээх ээжийн хүний дүр бүтээхэд амаргүй байв уу?
-Киноны хамгийн чухал зүйл нь зохиол. Жаргалын дүрийг бүтээх амаргүй байсан. Мэдээж амархан дүр гэж байхгүй шүү дээ. Гэхдээ л мэргэжлийн, чадварлаг жүжигчин тоглох, хүнд дүр. Уг нь зохиол бичихдээ Жаргалын дүрийг Ардын жүжигчин С.Сарантуяа эгчид зориулсан юм.
Гэтэл С.Сарантуяа эгчид хүндэтгэх шалтгаан гарсны улмаас нэлээд удаан хойшлуулсан. Цаг төлөвлөсөн байсан учраас би тоглох болсон.
-Дараагийнхаа уран бүтээлд орсон уу?
-Төлөвлөгөөгөө гаргачихсан, бэлтгэлээ хангаж байна. Шинэ киногоо “Хөх зэсний анир” гэж нэрлэсэн. Нэр нь солигдож магадгүй. Түүнчлэн Цагаан сарын өмнөхөн ӨМӨЗО-д очиж, “Инээдтэй үдэш” нэртэй хошин урлагийн бүрэн хөтөлбөрөө толилуулаад ирлээ.
Өвөрмонголчууд энэ жил Гавьяат жүжигчин Л.Баттулга, С.Лхагвасүрэн болон тэдний баг, хамт олныг бүрэн бүрэлдэхүүнээр нь, мөн Д.Баттөмөр бид хоёрыг урьсан.
-Сар шинийн босгон дээр Гавьяат жүжигчин цол хүртсэн. Хүндтэй шагнал авна гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Шагнал гардуулахын урьд өдөр нь хэлдэг юм билээ. Ийм хүндтэй шагнал хүртэнэ гэж төсөөлөөгүй байсан учраас их баярласан. 21.00 цаг өнгөрч байхад дуулгасан нь их давчуу байлаа. Юу өмсөж, зүүх вэ гээд л олон зүйлд самгардсан. Хамгийн түрүүнд ханьдаа дуулгасан. Хань минь надаас илүү баярласан.
...Багш нар минь “Жүжигчин хүн бол нэн тэргүүнд хүн чанартай байх ёстой” гэдэг. Мөн жүжигчин дүр голдоггүй, дүр л жүжигчнийг голно гэдэг байсан нь насан туршид минь батлагдаж байна...
-Шагналаа гардах үедээ юу бодож байв?
-20 гаруй жил ажилласан хөдөлмөрийг минь үнэлж байна даа гэж бодож зогслоо. Мөн зөвхөн өөрөөрөө бахархах биш, багш нартаа маш их баярласан. Сайн багш нар, өдий хүртэл хамтран ажилласан уран бүтээлчдэдээ талархсан. Би мундаг багш нараар хичээл заалгасан азтай хүн шүү дээ.
Жишээлбэл, “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр олонд танигдсан Л.Лхасүрэн, Гавьяат жүжигчин Г.Мягмарнаран, алдарт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу багшаар уран чадварын хичээл заалгасан минь энэ шагналыг хүртэх хөшүүрэг болсон гэж бодсон. Тэднээсээ айж, эмээдэг байснаа саналаа.
Сургуулийн хонгилд явж байгаад Г.Доржсамбуу багшийг харагдангуутаа буцаад гүйчихдэгсэн. Тэр хүн биднийг загнахгүй, зодохгүй шүү дээ. Гэсэн ч бид айж, эмээж, хүндэлдэг байсан.
-Таныг сувилагч байсан гэж сонссон. Жүжигчин болох зам нь хэрхэн нээгдэв?
-Дунд сургуулиа төгсөөд сувилагчийн сургуульд суралцсан. Дараа нь Анагаахын дээд сургуульд орохоор бэлдэж байсан юм. Сувилагчийн сургуулиа төгсөөд Нэгдүгээр эмнэлгийн Сэхээний тасагт ажиллаж байхад байгууллагаас урлагийн үзлэг, зохион байгууллаа. Би “Түвдэнгийн Бор” жүжгийн Борын дүрд тоглосон юм.
Тухайн үед жүжгийг Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Б.Батзаяа ах хоёр бэлдүүлж байхдаа намайг “Миний дүү жүжигчний сургуульд шалгалт өгөөд үзээч” гэж зөвлөсөн юм. Тэгээд л Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгалт өгч, тэнцсэн. Хүний хувь тавилан явах ёстой зам руу нь хөтөлдөг юм шиг санагддаг.
-Эмч болно гэж бодож явсан хүн гэнэт жүжигчин болох гээд суралцахад хэцүү байв уу?
-Жүжигчний мэргэжлээр суралцах хэцүү байсан. Манайх 08.30-12.00 цагт уран чадварын, үргэлжлээд ерөнхий эрдмийн хичээл 16.00 цаг хүртэл үздэг байсан. Дараа нь бие даалтаа хийцгээдэг.
Манай ангийнхан бүгд хичээлдээ идэвхтэй, мундаг байсан. Тиймээс бие даалтынхаа цагаар хичээлээ идэвхтэй давтдаг байлаа. Тэр ч утгаараа манай ангийнхан урлагийн салбарт нэр хүндтэй, амжилттай яваа гэж боддог.
Би ангийнхаа дөрөв дэх Гавьяат боллоо. Өмнө нь Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Д.Хүрэлхүү нар Гавьяат цол хүртсэн. Цаашид Д.Бямбацогт нарын хэд хэдэн авьяастан Гавьяатын буухиаг үргэлжлүүлэх байх гэж бодож байна.
-Оюутан цаг бол хамгийн дурсамж дүүрэн жилүүд байдаг. Тэр дундаа кино драмын ангийнханд хөгжилтэй зүйл цөөнгүй тохиолддог байх. Дурсамжаасаа хуваалцахгүй юү?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улс социализмаас ардчилсан нийгэмд шилжсэн хэцүү үед оюутан байлаа. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй үед бид ангиараа ОХУ-ын Улаан-Үд рүү дадлага хийхээр явав. Анх удаа хилийн дээс алхаж байгаа нь тэр шүү дээ. Юу ч үгүй газраас бүх л зүйл цэцэглэсэн тансаглалд очиж буй мэт сэтгэгдэл төрж билээ.
Хэзээ ч харж байгаагүй гоё амттанууд дэлгүүрийнх нь лангуун дээр өрөөстэй байхыг хараад үнэхээр их гайхсан. Хөгжилтэй зүйл их л тохиолдсон. Санаанд хамгийн тод үлдсэн нь гэвэл, манай Д.Бямбацогтын онигоо. Гадаад явсан хүн гэртээ бэлэгтэй харих ёстой шүү дээ. Тэгсэн мань хүн хамаг мөнгөө дуусгаад бэлэг авах мөнгөгүй болчихов.
Буцахын урьд орой “Би гэртээ ганц ч бэлэг авсангүй, яах вэ” гэж байснаа гурван рублийн бөмбөгнөөс 10 гаруйг аваад ирсэн. Бид яах гэж байгааг нь асуутал “Бөмбөгнүүдээ барьж гэртээ орохдоо босгондоо тээглээд унана. Намайг унангуут бөмбөгнүүд энд тэндгүй ойж, тараад, ээж, эхнэр нэг, нэгийг авах гэж гүйгээд, хүүхдүүд ч бужигнана.
Би аймар их бэлэгтэй ирсэн мэт харагдана” гэж билээ. Бид нулимсаа гартал инээж, Б.Бямбацогтыг шоолсон нь санаанаас гардаггүй юм.
-Багшийн дээдийн кино драмын анги төгсөөд Драмын театрт хувиарлагдсан юм билээ. Хамгийн анхны дүр тань ямар жүжгийнх вэ?
-Дөнгөж төгссөн хүүхэд тэр том театрт хувиарлагдана гэдэг үнэхээр сүрдмээр байсан. Тухайн үед драмын театрт Н.Сувд, Л.Жамсранжав гуай, Г.Мягмарнаран багш, Б.Цэрэнпагма С.Сэлэнгэ эгч, Д.Дамдин ах гээд алдартай жүжигчид цугларсан байсан.
Тэр гайхалтай хүмүүсийн дэргэд байж, суралцаж, үг хэлүүлж, тайзан дээр хамтарч тоглоно гэдэг маш том завшаан. “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрд анх тоглож байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхэд театрт гол дүр авна гэдэг хялбар зүйл биш учраас их айж байв.
Э.Санчигдан найруулагчийн хамгийн анхны уран бүтээлд тоглож байгаа нь тэр. Тэр үед өсгийтэй гутал өмсөж сураагүй байв. Голдуу л хөлд эвтэйхэн гутал өмсчихдөг байсан хүн чинь эмэгтэйлэг биш гэж их загнуулна.
Тэр бүхэн надад том сургалт болсон. Дараа нь “Хаан түүх” жүжгийн хатанд тоглосон. Кинонд анх “Цахилж яваа гөрөөс”-ийн Дэжидийн дүрийг бүтээсэн.
-Дээр дурдсанчлан амар бүтдэг дүр үгүй байх. Гэхдээ хамгийн хэцүү нь аль нь байв?
-Дүр болгон өөрийн гэсэн намтартай. “Нинжин сэтгэл” киноны Жаргалын дүр хүнээс сэтгэлийн асар их хүч, хөдөлгөөн шаардсан. Энэ дүр дээр нэлээд чармайж, хөдөлмөр зарцуулж ажилласан.
Мөн Монгол, Японы хамтарсан “Нэг оноо” кинонд тоглож байлаа. Япон улсад зургийг нь авсан юм. Би амьдралдаа нэг ч удаа гольф тоглож үзээгүй учраас тэр дүрийг бүтээхэд хэцүү байв.
Ганц ч тоглож үзээгүй спортыг биеэрээ мэдрэх, 30-40 хэмийн халуунд гольфын хувцастай, талбай дээр өдөржин зураг авхуулахад маш их тэвчээр, хөдөлмөр шаарддаг.
-Та охиндоо мэргэжлээ өвлүүлсэн. Анх жүжигчин болно гэхэд нь дургүйцсэн үү?
-Миний охин АНУ-ын Спрингфилдийн их сургуулийн магистрантурт сурч байгаа. Энэ жил төгсөнө. Жүжигчин болно гэхэд нь дургүйцээд “Өөр зөндөө сайхан мэргэжил бий. Тэдгээрээс сонго” гэж зөвлөсөн. Гэтэл өрөөндөө ороод гурав хоног дуугарахгүй, буруу хараад хэвтчихсэн.
Хүүхдээ дийлдэг эцэг эх гэж байхгүйгээс хойш бид хоёр гурав дахь хоног дээр нь “Шалгалт өгөөд үз” гээд явуултал тэнцчихсэн байсан. Ер нь ямар ч жүжигчин хүүхдээ жүжигчин болно гэхэд дэмждэггүй. Шалгалт өгөх гээд явахад нь “Битгий тэнцээсэй” гэж залбираад л үлдэнэ.
Учир нь мэргэжил амаргүй учраас хүүхдээ хайрлаад байхгүй юү. Манай жүжигчдийн хүүхдүүдээс мэргэжлийг нь өвлөсөн нь цөөнгүй.
-Нас явж, амьдралд нухлуулах тусам мундаг хүмүүсийн хэлсэн үг толгойд бууж, яг л үнэн байж гэдэг бодол төрдөг. Эсвэл дараа нь “Тэр үед багш үүнийг л хэлээд байж дээ” гэж боддог. Танд тэгж боддог зүйл бий юү?
-Манай багш нар их зүйл хэлж, ойлгуулж, нэг өгүүлбэрээр л бүхэл бүтэн философийг бидний тархинд шингээдэг байсан юм билээ. Багш нар минь “Жүжигчин хүн бол нэн тэргүүнд хүн чанартай байх ёстой” гэдэг. Мөн жүжигчин дүр голдоггүй, дүр л жүжигчнийг голно гэдэг байсан нь насан туршид минь батлагдаж байна.
Түүнчлэн жүжигчний мэргэжил цаг наргүй ажил. Түүнийг бид орой нь тоглолтоо дуусгаад л өглөө нь сургуулилалтдаа явдгийг л цаг наргүй гэдэг юм байна гэж ойлгодог байсан. Хүмүүс ч тэгж ойлгодог байх. Гэтэл тэр биш. Жирийн үед ч гэсэн жүжигчин хүний толгой үргэлж ажиллаж байх ёстойг хэлсэн юм билээ.
Жишээлбэл, би яг одоо чамтай ярилцаад сууж байхдаа чиний гаргаж байгаа хөдөлгөөн, эсвэл гаднаас хүн орж ирээд юм асуух гэх мэтийг нэгбүрчлэн анзаарч, ухаж боддог нь эрэл хайгуулын цаг наргүй ажил юм. Би өөрөө ямар нөхцөл байдалд, ямар үйл хөдлөл гаргав, бусад хүн яаж байна гэх зэргийг байнга анзаардаг.