Монголын спортод гэр бүл, ах дүүсээрээ хүчин зүтгэж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгаж яваа олон тамирчин бий. Тэдний тэргүүн эгнээнд бичигдэх олон түүхэн амжилтын эзэд бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, ХХ зууны Монгол Улсын манлай тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт Зэвэгийн Ойдов, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цом болон Азийн наадмын аварга, улсын заан Зэвэгийн Дүвчин нар билээ. Тэд хамтдаа олимпод хоёр, ДАШТ-д дөрвөн удаа эх орноо төлөөлөн оролцсон юм.
Манай спортын түүхэнд ДАШТ-д Төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн анхны тамирчин З.Ойдов гуай дэлхийн хошой аварга болсон Монголын хоёрхон хүчтэний нэг (нөгөө нь С.Батцэцэг). Олимпын наадамд үзүүрлэсэн улсынхаа гурав дахь (түүнээс өмнө Ж.Мөнхбат, Х.Баянмөнх) тамирчин тэрбээр 1974 оны УАШТ-д толгой уургалсан байдлаас суйлж унагах мэх хийсэн нь хожим “Ойдов мэх” хэмээн олон улсад алдаршиж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохиогчийн эрхийг нь албан ёсоор 2005 онд баталгаажуулсан билээ.
Ингэснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн анхны монгол мэх болсон түүхтэй. Тэрбээр улсынхаа чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 1994-1996 онд ажилласан туршлагатай. Олимп, дэлхийн дэвжээнд хамгийн өндөр амжилт гаргасан монгол тамирчдын нэг.
Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Монголын хоёрхон хүний нэг (нөгөө нь Х.Болдбаатар) З.Дүвчин гуай Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, Азийн наадамд түрүүлсэн анхны эмэгтэй бөх Г.Наранчимэг, Азийн “олимп”-ын дэд аварга Ш.Түмэнцэцэг нарын өнөө цагийн өнгийг тодорхойлж буй олон шилдгийн гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн гавьяатан.
Үүний сацуу улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй олон хүчтэн Төрийн наадамд 10 удаа шөвгөрсөн түүний шавь. 1983 онд ДАШТ-д үзүүрлэсэн дутуугаа шавь С.Батцэцэгээрээ гүйцээлгэн, түүгээр ч үл барам ахынхаа амжилтыг давтуулсан тэрбээр Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг бөлгөө.
Их спортын ноён оргилд нэрээ тамгалсан бахдам түүхийн эздийг “Ах дүүс” булангийнхаа зочноор урьж, ярилцлаа.
-Нэг айлын хоёр хүү ижил спортын төрлөөр бахдам амжилт гаргасан нь яах аргагүй ховор тохиолдол. Монголын чөлөөт бөхийн спортыг та хоёргүйгээр төсөөлөх аргагүй. Биенээ түшиж, тулан, их спорттой амьдралаа холбосон дурсамжаас тань ярилцлагаа эхэлье.
З.Ойдов (З.О): -Манайх нэгдлийн гишүүн, малчин айл байв. Хариулж буй малынхаа тоогоор сүү, ноос, ноолуур зэрэг олон төрлийн норм биелүүлнэ. Тэдэн малтай айл төчнөөн кг цагаан идээ, сүү, архи, ноолуур тушаах ёстой гээд заачихдаг байлаа. Бид багадаа үрээ, даага сургаж, дээл гутлаа ханзартал барилдан, хар бор ажилд нухлагдаж өссөн. Зав л гарвал барилдана. Бид хоёрыг бөх болоход ах их нөлөөлсөн.
Ах шиг сайхан барилдаж сурах сан гэж боддог байлаа. Бид эхээс долуулаа. Бүгд спортод дөртэй, тав нь УАШТ-ий медальтай. Үүнд удам их нөлөөлсөн байх. Ер нь манай удмынхан дээр үеэсээ тэнхээтэй хүмүүс байсан юм билээ. Аав минь нутагтаа нэртэй адуучин, уран уургач байв. Том ах минь сайхан барилддаг, сумандаа олон түрүүлсэн. Нэг удаа ах Бүх ард түмний спартакиадад үндэсний бөхөөр бус, урт, өндрийн харайлтаар оролцов.
Нутагтаа болсон барилдаанд нэг хүнд уначихсан тул нөгөөх нь бөхийн төрлөөр өрсөлдөж. Гэтэл шалихгүй барилдахаар нь сумын дарга “Наадахаа хас. Оронд нь Содномдоржийг барилдуул” хэмээсэн гэдэг. Тэгж зодоглохдоо ах 26 барилдаж, бүгдэнд нь даваад аймгийн заан болсон юм билээ. Солигдохоос нь өмнө барилдсан хүний унааг ахынхад тооцсон учраас аймгийн арслан болоход даваа нь хүрээгүй гэдэг. Ах гүйлтээр улсын дээд амжилт тогтоосон Дондог гуайг 200 метрийн зайд гүйцдэг, 100 метрт арай дийлдэггүй байсан.
Эгч минь хөнгөн атлетикийн тамирчин, УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Дүвчингийн доод талын дүү сурагч байхдаа тэшүүрийн спортоор УАШТ-ээс дөрвөн медаль авсан. Хамгийн бага дүү минь 100, 200 метрт гүйдэг, спортын мастер цолтой. Хэрвээ эгч спортоор тууштай хичээллэн, тамирчин болсон бол чамлахааргүй амжилт гаргах байсан. Бас нэгэн түүх бичих байсан ч юм бил үү. Манай нутгийнхан биднийг “Эрэгтэйчүүд нь барилдаанд дийлдэхгүй, эмэгтэйчүүд нь уралдаанд гүйцэгдэхгүй лут шүү” хэмээн аавд хэлсэн гэдэг.
З.Дүвчин (З.Д): -Бүгдээрээ спортод хорхойтой, дөртэй ч тамирчин болсон нь Ойдов ах бид хоёр. Том ах, эгч хоёрын дунд дөрвөн хүүхэд төрөөд, эндсэн юм билээ. “Алдар” нийгэмлэгийнхэн хөдөөгүүр тамирчин шалгаруулж яваад эгчийг бүрэлдэхүүндээ багтаах гэхэд аав зөвшөөрөөгүй гэсэн. “Эндэж, эндэж үлдсэн охиныг минь аваад явчихна” хэмээн халгаагаагүй гэнэ лээ.
З.О: -Даш багш манайд “ГАЗ-51” маркийн машинтай ирсэн юм. Эгчийг “Алдар”-ын тамирчин болгохоор зорьж ирсэн нь тэр. Тэгэхэд аав тамирчин болгохгүй гээд эгчийг Хархорины сангийн аж ахуйд байсан ахынд нуусан юм билээ. Даш багшид “Охин минь алга болчихсон” гэсэн юм уу даа. Тэд манайд хоёр, гурав хоног хүлээн цөхрөнгөө бараад явсан гэдэг. Би тэр үеийг бүдэг бадаг санадаг юм.
-Аав тань охиноо тамирчин болгохыг зөвшөөрөөгүй гэлээ. Та хоёрыг бөх болоход хэрхэн хүлээж авав?
З.О: -Сургуулийн аварга болон, сумын наадамд түрүүлэн, амжилт гаргаад ирэхээр аль юм болгоныг хорих вэ. Бөхийн удамтай, ээжийн ах сайхан барилддаг болохоор аав дуртай байсан.
-З.Дүвчин гуай Баянхонгор аймгийн Барилгын ТМС төгссөнийхөө дараа жүдо, чөлөөт болон үндэсний бөхийн залуучуудын улсын аварга болсон юм билээ. Тухайн үед эл спортыг сонгоход ах тань нөлөөлсөн үү?
З.Д: -Тэгэлгүй яах вэ. Айлын том хүүхэд дүү нартаа үлгэрлэн, ажил, амьдралын далайд хөл тавиулдаг. “Барилгачин” нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Гүржав гэдэг хүн спортын аль төрлөөр хичээллэхээ сонго гэв. Тэгэхэд нь би чөлөөт бөхийг онцлон, жүдогийн УАШТ-ий багийн төрөлд надтай хамт түрүүлсэн гурван хүүхэд жүдог сонгосон.
Тухайн үед би жүдо, үндэсний бөх, чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга болчихсон, алинаар нь ч хичээллэх боломжтой байв. Үнэнийг хэлэхэд чөлөөт бөхөөс өөр төрөлд хөл тавих бодол байгаагүй. Үүнд нөлөөлсөн хүн бол ерөөсөө Ойдов ах. 1972 онд сургуулиа төгсөн, барилгачин болоход ах намайг хот руу дуудсан. Түүнээс хойш бэлтгэлээ тууштай хийн, амжилтын төлөө хамтдаа зүтгэх болсон.
З.О: -Тухайн үед аль төрлийг нь сонгох вэ гэж надаас асуугаагүй. Ах шигээ бөх болно гээд л чөлөөт бөхийг сонгосон гэсэн.
-Хэрвээ чөлөөт бөхөөс өөр төрөл сонгосон бол Та яах байсан бэ?
-Яах байсан нь тодорхой. Яаж ийж байгаад л чөлөөт бөхөөр барилдуулна.
-Багаасаа өрсөлдөж өссөн болохоор дүүгийнхээ барилдааныг андахгүй. Сайн бөх болно гэх багцаа танд хэр байв?
-Ерөөсөө амжилт гаргах, шаггүй бөх болох нь тодорхой байсан. Учир нь Дүвчин багадаа үеийнхэндээ дийлддэггүй байсан юм. Амжилт гаргана гэдэгт нь итгэлтэй байв. Дүвчин миний итгэлийг алдаагүй ээ.
Спортын хүрээнийхэн “Дүү чинь хэрвээ самбогоор хичээллэсэн бол ДАШТ-д мөн ч олон түрүүлэх байсан даа. Жүдогоор хүч сорьсон бол илүү амжилт гаргах байсан” гэдэг. Тэгэх байсан, эсэхийг тодорхой хэлэх боломжгүй. Тэд л тэгж харсан байх.
-Бусад спортынхон тэгж хэлэхээр “Өөр төрлөөр хичээллэсэн бол ямар амжилт гаргах байсан бол” гэж бодогдох юм уу?
-Үнэхээр тэгэх байсан, эсэхийг мэдэхгүй. Чөлөөт бөхийн гол онцлог нь хөл авах. Би амьдралдаа бараг ганц удаа ч өрсөлдөгчийнхөө хөлийг авч үзээгүй. Хөмрөх, гар ачих, хөлөөрөө голдуу мэх хийдэг тул тэдэнд тэгж санагдсан байх.
-Хамтдаа олон тэмцээнд оролцож, амжилт гаргасан. Хамгийн дурсамжтай нь хэзээний, ямар тэмцээн бол?
З.Д: -Ахтайгаа хамт олимпод хоёр, ДАШТ-д дөрвөн удаа өрсөлдсөнөөрөө бахархдаг. Санаасаас гардаггүй дурсамжтай тэмцээн олон бий. Даанч томоохон тэмцээнд хамтдаа түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй. Ахыг амжилт ид гаргаж явахад би сураггүй байлаа. “Харьчихсан” хойно нь л ганц нэг тэмцээнээс медаль хүртсэн шүү дээ.
-Тэмцээнд хамтдаа түрүүлж байв уу?
З.Д: -Нээрэн, яасан билээ?
З.О: -Лав 1976 оны УАШТ-д хоёулаа оролцоогүй. 1977 онд яасан билээ?
З.Д: -Би түрүүлсэн. Та яалаа?
З.О: -Оролцсон л бол түрүүлсэн байж таарна. 1978 онд чи мөнгөн медаль авсан, би түрүүлсэн л байлгүй дээ.
З.Д: -Дараа жил нь та түрүүлж, би өнжсөн. 1980 онд та оролцоогүй. Хоёулаа ер нь тэмцээнд цөөхөн удаа хамт зодоглосон юм байна.
З.О: -Тийм юм байна. Дүвчин надаас зургаан насаар дүү.
-Та хоёр өөр жинд барилддаг байсан. Хоорондоо учраа таарсан бил үү?
З.Д: -Ер нь ах, дүү хоёр хоорондоо барилдсан тохиолдол ховор. Хоёулаа ер нь хүч сорьж байсан бил үү?
З.О: -Яагаа вэ, 1975 онд болсон Монголын бүх ард түмний тавдугаар спартакиадад чи түрүүлж, би мөнгөн медаль авсан шүү дээ. Тэгэхэд би барилдаагүй. Дүүгийнхээ духан дээр үнэрлэчихээд яваад өгсөн. Тахимаа өгнө гэдгээ дэвжээнд гарахаасаа өмнө хэлээгүй.
З.Д: -Ах надтай барилдахгүй нь тодорхой байсан болохоор яаж өрсөлдөх вэ энэ тэр гэж элдэв юм бодоогүй.
-Та ахаасаа ямар зан, чанарыг нь үлгэрлэж явдаг вэ?
З.Д: -За даа, үлгэрлээд өөрийн болгосон юм ховор. Хөдөлмөрч чанар, барилдах ухаанаас нь суралцаж, тийм болохыг үнэхээр их хүссэн. Даанч санаснаар болоогүй, миний толгой хүрээгүй. Өнөөдөр ингээд ярилцлага өгөөд сууж байгаа нь Ойдов ахын л нэр, мөр бүтэн яваагийн ач шүү дээ.
З.О: -Үндэсний бөхөөр би Дүвчингээс барьц авахаас эхлээд олон талаар дутуу. Дүүгээсээ суралцсан зүйл их бий.
-Тэмцээнд хамт явахдаа бие биедээ юу гэж захиж, зөвлөдөг байв?
З.Д: -Өө, би ахад ямар юмаа зөвлөх вэ дээ (инээв).
З.О: -Санаанд орсон бүх юмаа хэлдэг байсан. Дүвчинд би олон мэх заасан гэж боддог.
-Мэх гэснээс Та ахынхаа алдарт “Ойдов мэх”-ээр өрсөлдөгчөө ялж байв уу?
-Амьдралдаа ганцхан удаа хийсэн, амжилттай болсон. Монголд болсон олон улсын нэгэн тэмцээнд Румын улсын бөхийг тэгж ялаад түрүүлж билээ. Тухайн үед би “Ойдов мэх”-ийг сайн хийж чадаагүй. Яах вэ, өрсөлдөгч л унаж таарсан.
-Өмнө нь хийхээр төлөвлөсөн байв уу. Эсвэл барилдааны явцад гэнэт шийдсэн үү?
-Үгүй ээ, гэнэт л тийм мэх хийчихсэн.
-Тэр барилдааныг нь Та үзсэн байх. Таны мэхээр өрсөлдөгчөө ялсан дүүгээ хараад юу бодсон бэ?
-Өө, тэр барилдааныг үзээгүй ээ. Тэгж ялсныг нь одоо л мэдэж байна.
-Тэгэхээр түүнийгээ Та ахдаа хэлээгүй хэрэг үү?
-Үгүй ээ, юу гэж хэлэх вэ. Онгирсон болно (инээв).
-Дэвжээн дээр төдийгүй амьдралд биенээ түшиж тулсаар өдий хүрсэн нь мэдээж. Ер нь ямар нэгэн чухал шийдвэр гаргахдаа хоорондоо хэр ярилцаж, зөвлөлддөг вэ?
З.Д: -Асуух зүйлээ асуулгүй яах вэ. Өөрөө мэдээд шийдчих юмыг бол зөвлөхгүй.
З.О: -Чи заавал тэгэх, ингэх ёстой гэж зааварлаж, амьдралд нь оролцох дургүй. Ерөнхийд нь л хардаг. Би нэг их зааж сургаад дүүгээ амжилтад хүргэсэн юм байхгүй.
-“Энэ хүн миний ах, миний дүү шүү дээ” гэж хэзээ хамгийн их бахархав?
З.Д: -Дэлхийн хошой аварга болж, олимпын дэвжээнд үзүүрлэн, Азийн наадамд түрүүлсэн гээд амжилт гаргах бүрт нь ахаараа бахархсан. Хүмүүс аль нэгийг нь онцлуулах гээд л ингэж асуудаг юм. Ямар учиртай юм, бүү мэд.
З.О: -Би дөрвөн дүүтэй. Бүгдээр нь бахархдаг. Амжилт гаргасан төдийгүй эрүүл саруул, цовоо сайхан харагдахад нь хүртэл баярладаг. Дэлхийн хошой аварга болсон амжилтыг З.Дүвчингийн шавь давтсанд сэтгэл их хөдөлсөн. Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн дүүгээрээ бахархалгүй яах вэ.
З.Д: -Тэр яах вэ, шавь нарын минь л гавьяа шүү дээ. Миний мундгийнх гэж юу байх вэ.
З.О: -Дагсалжуулагчийнх нь хувьд дүүдээ онц дүн тавина. Багаас нь бөхийн эрдэм заасан шавь Ч.Санжаадамба нь үндэсний бөхийн оргил цолд хүрлээ. С.Батцэцэг Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд олон анхдагч амжилтын эзэн болсоор байна. Олимп, ДАШТ-ээс медаль авах ирээдүйтэй өөр олон шавь дүүд минь бий.
-Гаргах боломжтой байсан амжилтынхаа хэдэн хувьд хүрсэн гэж боддог вэ?
З.О: -Хэн хэн нь лав 100 хувь хүрээгүй. Яг тэдэн хувьд хүрсэн гэхэд бэрх. 1980 оны олимпод бид хоёр хамт оролцлоо. Яг хажуу талын дэвжээн дээр З.Дүвчин дэлхийн хошой аварга бөхийг даралтанд оруулчихсан байлаа. Би ч бас өрсөлдөгчөө дарчихсан, хоёулаа бие бие рүүгээ байсхийн хараад л. Тэгэхэд бид хоёрын өрсөлдөгчөө даралтанд оруулсныг тооцоогүй, босгож барилдуулсан. Би баараггүй ялалтаа тэгж алдсан. Чи яасан билээ, оноогоор дийлсэн бил үү?
З.Д: -Өө, ялагдчихсан шүү дээ.
З.О: -Тэгэхээр тухайн үед хөрөнгө бэлтэй орнууд тамирчнаа ялуулах гээд зүтгэвэл өрсөлдөгчийг нь яаж ийж байгаад өвдөг шороодуулдаг байсан байгаа биз.
-Хоёулаа олимпын дэвжээнд адилхан байдлаар ялж яваад дийлдсэн нь сонин тохиолдол байх.
-З.О: -Яг бид хоёрынх шиг тийм тохиолдол дахиж гарахгүй байх.
-Спортод хөл тавьж, аавынхаа амжилтыг үргэлжлүүлж яваа хүүхэд бий юү?
З.Д: -Одоохондоо алга. Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү минь мэргэжлийн сүмогоор барилдаж байгаад Японд цунами болохоор нь буцаад ирсэн.
З.О: -Би гурван охин, нэг хүүтэй. Бүгд спортод дуртай. Хүү минь каноэ завины төрлөөр хичээллэдэг байсан, 20 гаруй медальтай. 2002 онд Азийн наадамд уралдсан. Ач, зээ нарын дундаас барилдах хүүхэд гараасай гэж хүсдэг.
-З.Дүвчин гуай 1983 онд дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ гэх бахдал, ах шигээ дэлхийн аварга болж чадсангүй гэх харууслын аль нь илүү төрсөн бэ?
З.Д: -Мэдэхгүй ээ, дэлхийн медальтан болчихлоо гээд нэг их баярлаагүй. Сайн яваад ирлээ гээд л эх орондоо хөл тавьсан.
З.О: -Дүү минь дэлхийн аваргын төлөө барилдаж байна гэж баярлахаас илүү өрсөлдөгчөө яавал ялах бол хэмээн бодож, сандардаг юм билээ. Яаж ч болохгүй юмыг яагаад ч нэмэргүй. Би тэр үед зодог тайлчихсан байлаа. Дүүгийнхээ барилдааныг үзэгчийн суудлаас үзсэн.
Тухайн үед Дүвчингийн жинд социалист орны дөрөв, капиталистын гурван сайн бөх байв. Гол өрсөлдөөн тэдний дунд өрнөх нь мэдээж. Өнөөх долоотой медалийн төлөө барилдлаа гэхэд шүүлтийн булхайгаар ялагдах магадлал өндөр. Учир нь тухайн үед Монгол Улс өөрийн гэсэн шүүгчгүй байв. 1983 оны ДАШТ-ээс хоёр сарын өмнө болсон ЗХУ-ын нээлттэй тэмцээнд З.Дүвчин Румыний бөхөд ялагдсан.
Яг тэр тамирчинтайгаа дэлхийн дэвжээнд учраа таарав. Түүнийг цэвэр, эсвэл 12:0-ээр ялбал аваргын төлөө барилдана. Тэгэхгүй бол медалиас ч мултрах эрсдэлтэй. Барилдаан дуусахад 30 секунд дутуу байхад дүү минь өрсөлдөгчөө 8:0-ээр ялж байв. Дахиад дөрвөн оноо шаардлагатай. Тэгэхдээ румын бөхөд оноо алдах эрхгүй.
Тийм эгзэгтэй мөчид өрсөлдөгчөөсөө дахин дөрвөн оноо аван ялж, дэлхийн дэд аварга болоход нь их баярласан. Мөнгөн медалиа энгэртээ зүүх мөчид нь харамсал, бахдал зэрэг төрдөг юм билээ.
-Та хоёр гадаад төрх, зан аашийн хувьд юугаараа илүү төстэй, бас ондоо вэ?
З.Д: -За байз, зан аашаар лав ондоо. Бусад орныхон бид хоёрыг араас ч, урдаас ч хараад ялгадаггүй. Уг нь өөр төрхтэй шүү дээ.
З.О: -Биеийн ерөнхий байдал их адилхан. Ингэж хэлэхээр хүмүүс “Дүвчин илүү биерхүү” гэж гайхаж магадгүй. Тэмцээнд явахад цээж зураг хэрэг болохыг алийг тэр гэх вэ. Тэгэхээр нь дүүгийнхээ фокус муутайхан зургийг наагаад өгөхөд анзаардаггүй байлаа. Зарим хүн намайг Содномдорж ахтай андуурдаг.
-Анзаараад байхад З.Дүвчин гуай дуу цөөтэй бололтой.
-Тийм шүү. Би ер нь нэг их юм ярьдаггүй шүү дээ.
-Түшиж, тулах ахтай байх сайхан. Ахынхаа нэрээр ажлаа бүтээсэн тохиолдол танд бий юү?
-Ахынхаа нэрийг өмнөө барьж, ямар нэг ажил бүтээж байгаагүй. Өөрөө чадахгүй бол больчих хэрэгтэй.
-Хэчнээн мундаг хүн ч эцэг, эхийнхээ ачийг бүрэн хариулж чаддаггүй гэдэг. Та хоёр хариулж чадсан уу?
З.О: -Хариулахаар амжилт үнэндээ гаргаагүй. Бид аав, ээжийнхээ сэтгэлийг нэлээд зовоосон шүү дээ. Барилдаж явна гээд гэртээ байгаагүй нь их. Тэр хооронд ээж хоёр “Хүүхдүүд минь сайн яваасай” хэмээн цайныхаа дээжийг өргөн, харуулдаад бүтэн нойртой хоноогүй нь мэдээж. Тэгэхээр үнэндээ жаргаасан биш, зовоосон байгаа биз.
З.Д: -Чихийг нь цөөхөн халууцуулсан байх. Түүнээс биш ачийг нь хариулж чадаагүй.
З.О: -Сагсуурах, онгирох, аархах зан манайханд байхгүй. Энэ нь эцэг, эхийн хүмүүжилтэй холбоотой. Ах минь “Амжилтдаа эрдэж болохгүй. Чамаас илүү тамирчин бий. Даруухан явсны буруу гэж хаана ч байхгүй” гэж захисан. Түүнийг нь үргэлж санаж явдаг.
Бид хоёр элдэв юманд орооцолдон, аав, ээжийнхээ чихийг халууцуулж байгаагүй. Саахалт айлын морь алдуурчихсан явахад бариад өгөлгүй хажуугаар нь гараад ирвэл ахмад настнуудад загнуулна. Тэр бүхэн даруу төлөв төлөвшиж, амжилтад хүрэхэд их нөлөөлсөн.
-З.Ойдов гуай багадаа “Царцаахайн тал далавч” гэдэг хочтой байсан гэж дуулсан. Танд хоч байв уу?
З.Д: -Байсан байх аа. Хочгүй хүн ховор шүү дээ. Яг ямар хочтой байснаа санадаггүй ээ.
З.О: -Аав минь намайг тэгж өхөөрдөн дууддаг байсан. Бие жижигтэй, туниа муутай болохоор тэгдэг байсан юм болов уу. Би бяр тэнхээгээр хэн хүнээс дутахгүй ч амархан наршдаг, даардаг, сармагар амьтан байсан шиг байгаа юм. Ааваас өөр хүн намайг “Царцаахайн тал далавч” гэж өхөөрддөггүй байсан.
З.Д: -Хөөрхий аав минь намайг бага байхад бурхан болсон. Ямар хүн байсныг нь бүдэг бадаг л санадаг юм.
-Хамгийн сүүлд нутагтаа хэзээ очсон бэ?
З.О: -Энэ ярилцлагыг уг нь хоёулаа өгч байгаа шүү дээ. Би л дандаа яриад байдаг, болохгүй байх аа. Одоо чи нэг сайхан ярь даа.
З.Д: -Өө, яах вэ, та хариулчих. Уншигчид таны үгийг илүү хүндэлнэ шүү дээ.
З.О: -(инээв). Үгүй ээ, чи хариулчих.
З.Д: -Өнгөрсөн намар сургуулийнхаа ойгоор гэр бүлээрээ нутагтаа очсон.
З.О: -Би Азар, чи Ганганы бууц гэдэг нэртэй газар мэндэлсэн. Төрсөн өвөлжөөгөө олов уу?
З.Д: -Нутгийнхаа Лхагвасүрэнгээр заалгаад олсоон.
-Токиогийн олимпын эрх олгох тэмцээн энэ жилээс эхэлнэ. Манай чөлөөтийнхөн төдийгүй тамирчид “Токио-2020”-д ямар амжилт гаргах бол?
З.О: -Би чөлөөт бөхийн спортоос хөндийрөөд удаж байгаа. Тиймээс тогоон дотор нь яваа дасгалжуулагчийн хувьд Дүвчин хариулсан нь дээр.
З.Д: -Бээжинтэй адил Монголтой ойрхон оронд болох тул цагийн зөрүү багатай, цаг агаар төстэй. Тэр хэрээр манай тамирчид амжилт гаргах магадлал өндөр. Ямар ч байсан Риогийн олимпод гаргасан амжилтаа ахиулах болов уу. Үүний сацуу олон жил тасраад буй медалийн буухиаг манай чөлөөтийнхөн үргэлжлүүлэх, аваргатай болох нь чухал байна.
З.О: -Ёстой тийм шүү. Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид олимпоос медаль авч чадалгүй 40 жил болж байна. Аварга дахин төрөөгүйд төдийгүй медалийн буухиа тасраад ийм олон жил болсонд Монголын чөлөөт бөхийн холбооныхон, тамирчин, дасгалжуулагчид дор бүрнээ дүгнэлт хийх хэрэгтэй.
Хамгийн сүүлд Гавьяат тамирчин Д.Оюунболд 1980 оны олимпоос хүрэл медаль авсан шүү дээ. Риогийн олимпод Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдаанд харамсалтай ялагдсан. Зургаан минут барилдчихаад сэтгэлийнхээ хөдөлгөөнийг зургаахан секунд барьж чадсангүй.
Дайраад ирэхэд нь өрсөлдөгчийнхөө бие рүү түлхээд, арагшаа хоёр алхахад л хүрэл медаль авах байлаа. Үнэнийг хэлэхэд, Токиогийн олимпод манай бөхчүүд тийм амжилт гаргана гээд итгэл дүүрэн хэлж чадахгүй нь. Тэр л медаль авна гээд хэлчих тамирчин алга.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Та хоёр шиг түүхэн амжилтын эзэн болох сон хэмээн зорьж яваа хүмүүст хандан сургаалаа хайрлана уу?
З.О: -Ямар ч зүйлийг чин сэтгээсээ хийж байгаарай. Аар саархан, аргацаасан юм хэзээ ч төгс болохгүй, үр дүнд хүрэхгүй. Үнэндээ бусдыг биш, өөрийгөө л хуурна шүү. Ямар нэг бэрхшээл туулахгүйгээр хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс шантралгүй улам зүтгээрэй. Үр шимийг нь заавал хүртэнэ.