Сар шинийн босгон дээр Төрийн шагнал хүртсэн Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч абугайнд хөл ихтэй үеэр очиж, айлчин гийчдийнх нь завсар чөлөөгөөр ярилцлаа. Эдүгээ 81 насны сүүдэр зооглож буй тэрбээр ануухан бөгөөд алиа наргианч нь хэвээрээ байх авай.
-Та сайхан шинэлэв үү. Төрийн шагналтнуудын эгнээнд нэгдсэнд тань юуны өмнө баяр хүргэе. Өнөө жилийн Цагаан сар урьд урьдынхаас илүү хөлтэй байгаа биз?
-Та бүхэндээ баярлалаа. Зарим сонин хэвлэлээр намайг Төрийн шагналт гээд л бичсэн байдаг юм. 1990-ээд онд намайг хоёр ч удаа Төрийн шагналд нэр дэвшүүлж байв. “Би авсангүй, надад өгсөнгүй” гэж нэг их тоодоггүй хүн шүү дээ.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед хүртэх учиртай байсан юм байлгүй. Тал талаас баярлаж хөөрсөн амьтан ах дүүс бужигнаад л байна. Хэдэн өдөр дээлтэй байж байгаад уржигдраас л костюмаа өмслөө.
Настай хүнд дээл, гутал өмсөж, тайлна гэдэг нэг бодлын залхуутай ажил болжээ (инээв). Багад бол Цагаан сараар дээл шиг сайхан гоёл ховор байлаа.
-Цагаан сараар уулзсаных таны багын дурсамжаас сонирхмоор байна?
-Морины нуруун дээр гардаг болсон цагаасаа хойш буюу долоо, найман настайгаасаа ах нарыг дагаад айл саахалтаар орж, золгуут хийнэ. Надад хамгийн номхон, хашин морь л ногдоно. Өнөөдүүл чинь түрүүлээд давхичихна. Араас нь арайхийн гүйцээд очихоор зөрөөд дараагийн айл руу хурдална.
Би гэдэг хүн айлд санд мэнд идээ амсаад л араас нь гарна. Шуудай ганзагалчихаад, айлуудын өгсөн боов, тосыг хийдэг. Хаа нэг зарим айл цаастай чихэр өгвөл тэрийг нь түүгээд, өвөртөө хийчихдэг.
Хэрлэнбаян-Улаанд өвөлжсөн тэр нэг жилийн Цагаан сар миний сэтгэлд их тод үлдсэн байдаг юм. Хэрлэнгийн уулсын Барын аманд гурван гэрээрээ өвөлжиж байхад Битүүлэгний идээ зөрүүлэх үйл хэрэгт анх удаа томилогдож байгаа нь тэр.
Жавангаагийндаа (сийлбэрч Балдандорж гээд мундаг уран гартай хүн байжээ) битүүлэгний идээ шүүс, бууз хүргэж өгөх гээд харанхуйд хөглөж билээ. “Ижий, та үүдээ онгорхой байлгаж байгаарай. Харанхуйд би явж чадахгүй шүү” гээд хонь, үхэр, тэмээ хотолсон өтгөн хар бууцан дундуур монгол гутал, үстэй дээлтэй би явж байгаа юм.
Ижий минь “Миний хүү одоо хаана явна” гээд, би “Энд явна аа” гэж чимээ өгсөөр явтал Жавангаагийнх өөдөөс үүдээ онгойлгон, гэрэл гаргаснаар айлдаа очиж билээ. Сургуульд ороогүй гэхээр бага л байсан хэрэг.
...Зохиолчдын хороонд зураачаар ажиллаж байхдаа “Утга зохиол-Урлаг” сонины материалуудыг нүүр нүүрээр нь бэлтгээд главлитынхан дээр аваад очихоор Жавзмаа гээд хүүхэн “Цэдэндоржийн шүлэг наана чинь байгаа юу. Орчуулга нь байна уу. Энэ нөхөр л намайг нэг хэрэгт хийх хүн дээ” гээд жигтэйхэн болгоомжилно..
-Төрийн шагналыг танд их хожуу өглөө гэдэг яриа хүмүүсийн дунд бишгүй байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Оройтож ирсэн шагнал гэдэгтэй санал нийлнэ ээ. Хэдэн онд бичсэн “Есөн эрдэнийн орон” билээ. Гэхдээ төрийнхөө ивээл, хишигт баярлалгүй яах вэ. Ц.Намсрайжав гуай таван удаа нэр дэвшээд, зургаа дахь дээрээ Төрийн шагнал хүртсэн тухайгаа Д.Пүрэвдоржид ярьсан гэдэг юм. Түүн шиг хэдэнтээ амдаж өнгөрсөн шагналаа сая нэг хүртээд, сэтгэл өндөр байна аа.
1990-ээд оны эхээр Санжийн Пүрэв бид хоёрыг Төрийн шагналд анх нэр дэвшүүлсэн ч аль аль нь аваагүй. Дараа нь Шагдарын Уянга бид хоёр талбай дээр явж байтал Төрийн ордноос гарч ирсэн нэг хүн Уянгатай сүрхий юм яриад байна. Тэгсэн Уянга нэг их инээгээд “Чамд Төрийн шагнал олгох гэж байгаа юм байна” гэж билээ.
“За тэгвэл нэг өдөр дуудах юм байгаа биз” гэсэншүү юм бодоод л өнгөрсөн. Харин сая оны эхээр Ерөнхийлөгчийн зөвлөх Хулан ирээд “Бааст гуай, Сүрэнжав гуай, та гурвыг Хөдөлмөрийн баатарт нэр дэвшүүлсэн байна. Та минь Хөдөлмөрийн баатар болж тун магадгүй байна шүү” гэхэд нь “За” л гэсэн. Төрийн шагналын сураг хэд хэд дуулаад “нуруугаа авхуулсан” хүн чинь нэг их баярлахаа байчихдаг юм байна. “Энэ удаа шагнал өгөх юм бол өгчихөж үзээрэй дээ” гээд захиж болох л доо. Гэхдээ тэр дэмий. Харин Б.Бааст гуай минь Хөдөлмөрийн баатар болсонд өмнөөс нь их баярласан. Ардын хувьсгалтай нас чацуу гэдэг юм. Би Бааст гуайн тухай “95-тай хөвгүүн” гэдэг эсээ найруулал бичсэн удаатай.
-Төрийн шагналыг бүтээлд нь олгодог гэдгээрээ илүү их үнэ цэнтэй санагддаг. Эзнийхээ энгэрт Төрийн шагналын тэмдэг гялалзуулсан “Есөн эрдэнийн орон” шүлэг хэрхэн төрсөн талаар ярьж өгнө үү?
-1959 оны намар байх аа, Сталины номын санд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Сэр-Оджав, Цэвэл, “хар” Дорж гуай, Англиас Онон Өргөнгөө, Хянганы Гомбожав, Америкийн монголч эрдэмтэн Латимор гээд гадаад, дотоодын томоохон эрдэмтдийн оролцсон нэг хурал болсон юм.
Тэр үед би Холбооны техникумын оюутан байсан тул хэлэмгий, нүүрэмгий гээд намайг сонин заруулахаар марк, дугтуй өвөртлүүлээд явуулсан хэрэг л дээ. Тэр хуралд ирсэн монголч эрдэмтдэд номын сангийн хамгийн ховор, үнэт үзмэрүүдийг үзүүлэх үед есөн эрдэнээр бичсэн хоёр номыг анх харж билээ.
Сүүлд Зохиолчдын хороонд зураачаар ажиллаж байхдаа Цэвэл гуайтай тааран, есөн эрдэнэд юу юу ордгийг дахин асууж нягтлаад, өөрөөр нь хуучин үсгээр бичүүлж авч байв. Тэр цагаас хойш алт, мөнгө, шүр, тана, сувд, оюу, номин, зэс, ган гэдэг эдгээр есөн эрдэнийг юу юугаар төлөөлүүлж болох вэ гээд найраглалын зохиомжоо бодож явсаар 1970 онтой золгосон.
Д.Нацагдоржийн музейд манаач, цэвэрлэгч, тайлбарлагч гээд гурван ажил зэрэг хийж байхдаа найраглалын эхээ гаргасан. Ингээд 1971 оны дөрөвдүгээр сард офицер болоод Овоотын отрядад хуваарилагдсан юм. Явахдаа “Есөн эрдэнийн орон”-оо Ш.Дулмаад үлдээгээд, “Есөн эрдэнэ гэхээр шашин ном сурталчилсан болчих вий. Танай сонинд эхлээд нийтлэгдвэл гайгүй байх” гэж захилаа. Миний “элэг барих” хүн тэр л байв.
-Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуай та хэдийг үй зайгүй найз гэдэг байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Бид нэг дугуйлангийх. Өмнөговьд очоод нэг их удаагүй байтал манай гэр бүлийн хүнээс “Чиний “Есөн эрдэнийн орон” найраглал улсын уралдаанд гуравдугаар байрт шалгарчээ.
Өнөөдүүл чинь надтай таараад “Очиж мөнгийг нь аваарай” гэж байна” гэсэн захиа ирэв. Өвөл нь намайг амралтаараа иртэл манай хүн шагналын мөнгөнөөс минь хромон гутал, нэг шил архи авчихсан, хүлээж байв.
-Шагналын мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн байх юм?
-3000 төгрөг. Тэр үедээ их мөнгө шүү. Мөнгө нь яах вэ, хамгийн гол нь судлаач шүүмжлэгчид төр, ёсны уламжлал, түмэн олныхоо ахуй байдал, сэтгэл зүйг бүхэлд нь багтаасан найраглал гэж гайгүй үнэлдэгт нь баярладаг.
-Нэг, хоёрдугаар байрт хэний, ямар бүтээлүүд шалгарсан бол?
-Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал түрүүлсэн байдаг юм. Хоёрдугаар байр гэж шалгаруулаагүй, гуравдугаарт минийх орсон юм билээ.
-Эх орон гэж цээжээ дэлддэг, хамгийн их ярьдаг хүмүүс цаг дээрээ жинхэнэ эх оронч байж чадах болов уу. Таныхаар эх орон гэдэг ойлголтын үнэ цэн хаана оршдог вэ?
-Нацагдоржоос эхлээд олон зохиолч хэлмэгдэж, хоригдож, зарим нь амиа хүртэл алдсан. Хэнээс нь ч шоронд байсан тухай нь асуухад ам нээдэггүй. Нацагдорж, Пагмадулам хоёрын ээдрээт хувь заяа төгссөн нь мөн л цаг үеийн шалтгаанаас улбаатай гэж би боддог.
Д.Намдаг гуайгаас шүүмжлэгч Ч.Билигсайхан шоронд байсан үеийнх нь тухай сүүлд нэг асуухад “Биднийг шоронгоос гарахад тал цаасан дээр бичсэн анхааруулга маягийн юм уншуулаад, доор нь гарын үсэг зуруулж авсан. Шоронд ямар зовлон бэрхшээл үзэж туулсан тухайгаа хаана ч, хэнд ч хэлэхгүй.
Хилс хэрэгт гүтгэгдсэн, хэлмэгдсэн гэж ч ярихгүй гэдэг ам өчгөө өгсөн юм шүү дээ. Тэр бичгийн нэг хувь нь надад бий” гээд үзүүлсэн гэдэг. Бодвол судлаач, шүүмжлэгч хүн үнэн бодит зүйлийн зах зухаас мэдрэг гэсэндээ тэгсэн байлгүй. Д.Намдаг бүр сүүлд “Цаг төрийн үймээн” романаа бичсэн шүү дээ.
Зохиолчдын хороонд зураачаар ажиллаж байхдаа “Утга зохиол-Урлаг” сонины материалуудыг нүүр нүүрээр нь бэлтгээд главлитынхан дээр аваад очихоор Жавзмаа гээд хүүхэн “Цэдэндоржийн шүлэг наана чинь байгаа юу. Орчуулга нь байна уу. Энэ нөхөр л намайг нэг хэрэгт хийх хүн дээ” гээд жигтэйхэн болгоомжилно. Мишигийн Цэдэндорж бол “Гэрээслэл” энэ тэр гээд маш сайн шүлэгтэй, их том яруу найрагч шүү дээ. Тийм бэрх цаг үед ч гэсэн энэ мэт том хүмүүсийн оюун санааны хамгийн чухал орон зайд эх орон гэдэг ойлголт хүндтэй байр сууриа эзэлсээр байж.
Эх орон гэдэг агуу юм. Хайр нь ч тэр, хал нь ч тэр. Цаг үеийн ямар ч хүнд бэрх нөхцөл байдал хүний оюун санаан доторх эх орон гэдэг орон зай, тэр үнэ цэнийг ор тас баллуурдаж дийлэхгүй гэдэгт би итгэдэг. Эх орондоо хайртай хүн юм бол үнэхээр л хайртай байх ёстой. Хайр гэдэг хаа хамаагүй хэлж ярихын нэр биш л дээ.
Биднийг ийн ярилцаж байтал удаах зочин ирсэн нь ХХЕГ-ын дэд дарга асан, бригадын генерал Ж.Ганбаатар хилчдээ төлөөлөн ирсэн нь энэ аж. 2005 онд П.Бадарч гуайг Ардын уран зохиолч болоход нь тэд мөн л Зайсан толгой дээр хамтдаа баярыг нь тэмдэглэж байсан түүхтэй гэнэ.
Хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжсөний 75 жилийн ойгоор хилчин баатруудын хөшөө цогцолборыг босгохдоо “Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий” хэмээх мөртийг нь чулуун дээр сийлсэн түүхээр бас холбогджээ. Улсын тусгаар тогтнолын гол үндэс суурь болсон дархан хилийн сүлдэт баганын тухай яриа эндээс хөвөрч, хилчдийн бахархал, омогшлыг төрүүлдэг дээрх хоёр мөртийг Ж.Ганбаатар генерал чангаар дуудахад зохиогч нь амандаа даган уншиж байв.
-“Нулимст борхон болжмор”-оос эхлээд хилийн тухай, хилчдийн тухай таны олон сайхан бүтээл бий. Овоотын отрядад өнгөрүүлсэн он цаг таны амьдрал, уран бүтээлд том орон зай эзэлдэг байх, тийм үү?
-Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын минь итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Энэ хилийн багана хүртэл энхрий орон минь ашид бий
Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул
Эр цэргийн сэтгэлд эх орон минь багтдаг юм
Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал
Эгэл бие минь энэ чигээрээ чулуунд хувилах билээ...
гэсэн шүлгийг минь хилчид гайхалтай л гээд байдаг юм, мэдэхгүй. Тэгэхэд би сүлдтэй багана үзээгүй байсан юм шүү (инээв). Манай урд талын хил дээрх (Дорнод) багана сүлдтэй, нар зөв тойрохоор баруун талд (Сэлэнгэд) гурван улсын хилийн зурвас тэмдэгтэд нэг нь бий гэж хүнээс дуулсан юм.
Тэрийг нь тэмдэглэж авсан байснаа шүлгээр илэрхийлсэн хэрэг. Хилийн тухай хэдэн гайгүй бүтээл хийсэн гэж өөрийгөө жаахан тоодгийн нэг нь “Нулимст борхон болжмор”, нөгөө нь Дандар баатарт зориулсан “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа” гэдэг дуу юм.
Овоотын отрядад нэг шөнө харуулд гараад байж байтал цэргүүд бужигнаад, дуу шуу болоод эхлэв ээ. Дуу чимээ гараад байгаа майханд яваад очтол Лханаажав гээд Баянхонгороос ирсэн нэг цэрэг алган дээрээ болжмор суулгачихаж. Хачирхалтай нь, өнөөх болжмор шууд нисээд явчихаж чадахгүй юм. Тэндээс улбаалаад “Нулимст борхон минь эндээс цаашаа хүний газар шүү, Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ” гэдэг төгсгөлтэй шүлгээ бичсэн дээ.
“Би өөртөө дүгнэлт хийгээд, “Одоо больё” гэж шийдсэн. Хүсэл нэгэнт татарчихаад байхад би дахиад шүлэг бичихгүй. Хүн ер нь чадаж байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Өнөөхөө хийж чадахаа байвал болих хэрэгтэй. Өөрийнхөө хэр хэмжээг мэдэрнэ гэдэг нарийн ухаан шүү.
Би амьдралдаа таван дуурийн цомнол бичсэн. Дөрвийг нь эрдмийн театрууд тайзнаа тавилаа. Хамгийн сүүлд шавь Д.Төрбаттайгаа хамтран бичсэн “Оройн дээд” дуулалт жүжгийг саяхан Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан тоглосон. Их сайхан бүтээл болсон. Одоо тэгээд л болно доо” хэмээн тэрбээр хэдэн жилийн өмнө хэлсэн удаатай. П.Бадарч гуай цомнолыг нь бичиж, Төрийн шагналт Б.Шарав хөгжмийг нь зохиосон “Чингис хаан” дуурь нь удахгүй ягаан театрт дахин тоглогдох гэж буйг дуулаад тэр их баярласан бололтой ярьж байна.
Буурал найрагчийн тухай нэг нөхөр нь “Бадарч гуайтай мэнд зөрүүлэхэд 76-тай өвгөн л байна. Гуч, дөчин минут яриад суух хооронд л нас нь тавь руу ороод ирнэ. Ганц шил юмны бөглөө задрахад дөчин насыг шүргэчихсэн байна. Салж явахын үест хорин тавт болчихсон тас тас инээгээд л гарч өгнө дөө. Гэхдээ хорин таван насаа мөрөн дээрээ бөгтрөөд явчихгүй, уулзсан хүндээ орхичихоод оддог өгөөмөр хүн” хэмээснийг ер мартдаггүй билээ. Нулимс, инээд нь ил, уяхан нэгэн байтлаа басхүү шударга бус зүйлийг илтэд шүүмжилдэг “хурц өнцөгт” буюу, тэр.