Манай улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад амиа алдсан билээ. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн сард тус улсад эхэлсэн. Шүүх хуралд гэрчээр оролцоод ирсэн иргэн С.Шаарийбуутай ярилцлаа.
-Хэргийн араас цөхрөлтгүй явсаар 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд үйл явдал хэрхэн өрнөв?
-Сайн явахад садан мундахгүй, ядарч явахад бурхан хүртэл нүүрээ буруулдаг гэдэг. Үнэн юм билээ. Хүн болгон зовлон, жаргалаа өөрийнхөөрөө үүрч, хорвоог туулдаг. Асуудлыг шударгаар шийдүүлэхээр 13 жил хөөцөлдлөө.
Энэ хугацаанд Гадаад хэргийн яам ноот бичгээс авхуулаад дипломат үгтэй хэдэн захидал бичиж тухайн улс руу илгээсэн нь үнэн. Энэ нь Малайзын шүүх ажиллагаанд төдийлөн нөлөөлөх боломжгүй юм.
-Олон жилийн дараа хэргийг сэргээн, шүүхээр дахин хэлэлцэж эхэллээ. Шүүх хурлын уур амьсгал ямархуу байна вэ?
-Хэвлэл мэдээллийнхнийг өмнө нь шүүхийн танхим руу ойртуулдаггүй байсан. Энэ удаа шүүх хурал хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй боллоо. Сэтгүүлчид шүүх хурлын танхимд ойр байсных мэдээлэл шуурхай түгж, олон улсад цацагдаж байна. Гэхдээ Малайзын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр, засгийнхаа үүргийн дагуу зориуд ташаа мэдээлэл тараасан.
Үүнийг нь манай зарим сэтгүүлч өгөөш гэдгийг нь мэдэхгүй өлгөн авч орчуулж, цахим орчинд түгээх юм. Хамгийн гол нь энэхүү ташаа мэдээллийг уншсан иргэд ёс зүйгүй, эрээ цээргүй үгээр балбасан сэтгэгдэл бичиж ядарсан намайг сэтгэл санаагаар туйлдууллаа. Тэр ч бүү хэл намайг их мөнгө нэхэмжилсэн мэтээр бичсэн байсан. Би тийм тоо мэдэхгүй, сонсоогүй.
Тиймээс ташаа мэдээллийн доорх сөрөг, ёс зүйгүй сэтгэгдлээ устгаасай хэмээн хүсэж байна. Энэ бүхэн шүүх хуралд нөлөөлөхгүй л дээ. Хаврын салхи хатуу ч зуны дэлгэр цаг ирдгийн адилаар үнэн байдагт итгэж, хүнд хэцүүг үүрч явахад Малайзын хэвлэлийнхэн санаатайгаар цахим орчинд сөрөг нийтлэл бичсээр байна.
Шүүх өөр системээр ажиллаж байгаа учраас хурал хэзээ дуусахыг мэдэхгүй. Шүүх бүрэлдэхүүн өмнө нь хэрэгтнүүдэд үйлчилсэн. Одоо анх удаа үнэнийг эрсэн шүүх хурал болж байна. Миний хуульчид үнэнийг тогтоох бүхий л боломжийг ашиглахаар хичээж буй.
-Олон улсын чанартай шүүх хурал тул гэрч болон хуульчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна уу?
-Шүүх хуралд Карпал Сингх фирмийн хуульчид, гэрчүүдээс гадна Малайзын Засгийн газрыг төлөөлж гурван хуульч ирсэн. Мөн Багиндагийн хуульч гээд дөрвөн хүн бий. Гэхдээ Засгийн газар болон Разак Нажибын өмгөөлөгчид гээд нүсэр бүрэлдэхүүн ажиллаж, шүүх хуралд ээлжлэн оролцож харагдсан.
Шүүх танхимд маш олон сэтгүүлч ирсэн. Куала-Лумпурын Шех Аламын шүүхийн танхим дүүрэн хүнтэй. Энд хэрэгт аллага үйлдсэн хоёр офицер, захиалагч А.Р.Багинда, Ерөнхий сайд, Засгийн газар нь хамаатай. Хоёр офицерын нэг нь экс Ерөнхий сайдын хамгаалалтын албаны ахлах офицер, нөгөөх нь тухайн үед Шадар сайд байсан Разак Нажибын бие хамгаалах албаны ажилтан байсан.
Төрийн нэрийн өмнөөс хэрэг үйлдсэн гэж үзээд Малайзын Засгийн газрыг шүүхэд өгсөн. Байлдаанд хэрэглэдэг, зөвхөн Батлан хамгаалах яамны зөвшөөрлөөр гаргадаг С4 тэсрэх бөмбөгийг хэрэг үйлдэхдээ ашигласан. Энэ тэсрэх бөмбөгийг сургуулилалтад ашиглах хориотой. Батлан хамгаалах яамны том албан тушаалтан Муса Саприд гэгч С4-ийг гаргах зөвшөөрөл өгсөн байдаг.
Разак Нажиб албан тушаалаасаа буухаасаа өмнө Муса Сапридэд дату цол олгосон. Ийм цолтой хүн алтан гэрэгэ өвөртөлсөн мэт халдашгүй дархан эрхтэй болдог. Цөөн хүнд олгодог юм гэсэн. Энэ нь Разак Нажиб хэргээ далдлах, хаацайлах гэсэн башир арга хэмээн Малайзын иргэд хардаж байна. Муса Саприд хоёр офицерт тушаал өгсөн.
А.Р.Багинда хэргийг захиалсан. Муса Сапридад А.Р.Багиндад тусал, зэвсгээр хангаж, гүйцэтгэх цэргийн хүн олж өг гэх зөвлөмжийг Разак Нажиб өгсөн гэдэг. Хэргийг зохион байгуулагч нь Разак Нажибын эхнэр Росмах Монсар юм. Росмах Монсар хэрэг гарсан газарт очсон гэх яриа байдаг.
-Шүүхээс Разак Нажибыг олон хэрэгт буруутган шүүж байгаа гэсэн үү?
-Разак Нажиб, түүний эхнэр Росмах Монсар нарыг маш олон хэрэгт холбогдуулан шүүж байгаа гэсэн. Улсынхаа асар их баялгийг завшсан гэж малайзчууд тэднийг буруутгадаг. Малайз Улсыг хөгжүүлэх “Нэг малай” үндэсний фондод 60 гаруй жил хуримтлагдсан олон тэрбум ам.долларыг завшсан гэх юм билээ.
Үүнээс гадна А.Р.Багинда, Росмах Монсар хоёр нэг өмгөөлөгчтэй. Уул уурхай, зэвсгийн наймааг Разак Нажиб хариуцаж байсан гэж малайзчууд ярьдаг. Малайз Улсад хэнийг ажлаас халах вэ, хэнийг томилох вэ гэдгийг бүгдийг захирч, шийддэг байсан гэх юм билээ. Аливаа юм чинээндээ тулахаар савнаасаа хальдаг.
2018 онд Малайзад ийм явдал тохиосон. Бүхнийг эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр шийддэггүйг Малайзын жишээ бидэнд харуулсан. Разак Нажибыг Ерөнхий сайд байх үед эрхшээлд нь байсан хүмүүс одоо амьсгаа авахтайгаа болоод дуугарч эхэлж байгаа юм.
Энэ хэргийг шийдэхгүй удах тусмаа Малайзын нэр хүндэд муу. Улс төр оролцсон их том хэрэг. Үүнийг ганц Монгол, Малайзад хараагүй, дэлхий ажиглаж эхэлсэн. Тиймээс эл хэргийг шударгаар шийдэх болов уу.
-А.Р.Багиндаг яагаад шүүхэд дуудсангүй вэ?
-Захиалагч А.Р.Багинда нь Разак Нажибын улс төрийн зөвлөх байсан. Энэ хүн хэрэгт холбогдсоноор Разак Нажибын улс төрийн булхайнууд илэрсэн юм. Нажиб хаана уулзалт хийх, хаашаа аялах, хэнтэй уулзах, айлчлал болгоны өмнө А.Р.Багинда урьдчилан очиж, уулзах хүн, суух газар, идэх хоол, унтах ор бүгдийг төлөвлөдөг.
Тэр дундаа ямар хожоо гаргах, хэдий хэр ашиг унагахыг зохицуулдаг байсан. Бахархаад байх зүйлгүй ч Малайзад улс төрийн том булхай илрэхэд охины минь үхэл том нөлөө үзүүлсэн. Нөгөө талаас 30 орчим хүн гэрчээр оролцох сурагтай. Харамсалтай нь, А.Р.Багинда нутагтаа ирэхгүй байна. Түүнээс Англид очиж мэдүүлэг авдаг гэсэн.
Тэр “Аллага үйлдсэн хоёр офицерын асуудлыг шийдээгүй байж, надтай энэ хэргийг холбоод яах вэ, би хэрэгт холбогдолгүй” гэсэн гэж дуулдсан. Нутагтаа байгаа офицер нь “Хэргийг хамтарч хийсэн, ганцаараа цаазлуулахгүй” гэдэг. Харин Австралид байгаа нөхөр нь “Намайг цаазаар авахгүй гэсэн тохиолдолд би очиж үнэнийг хэлж, мэдүүлэг өгнө” гээд байгаа.
Австралид байгаа офицер өмнө нь 7-8 хүн хөнөөсөн гэдгээ А.Р.Багиндад бахархалтайгаар хэлсэн гэж малайзчууд ярих юм билээ. Харамсалтай нь, энэ хэргийн гол гэрчүүдийг устгаад дуусаж байна. Үндсэндээ дээрх хоёр офицер л үлдлээ. Хэрэгт холбоотой хүмүүс нэг бол осолд орж, үгүй бол зүрх нь зогсож, зарим нь сураггүй болдог.
А.Р.Багиндагийн гадаа байсан, хэргийг харсан гол гэрчийг Энэтхэгт олон жил орогнуулаад, өнгөрсөн жил Малайзад авчраад зүрх нь өвдсөн нэрээр эмнэлэгт хэвтүүлж байгаад хөнөөсөн.
Тэр хүний эхнэр “Миний нөхрийг санаатайгаар хөнөөсөн” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн. ДНХ-ийн шинжилгээ авсан эмч нь алга болчихсон. Охиныг минь хөнөөхөөр авч явахад хамт байсан гэх эмэгтэй мөн сураггүй.
-Манай улс Малайзын Засгийн газарт хандаж, шүүх хурлыг шударга явуулах үүднээс байр сууриа илэрхийлсэн болов уу?
-А.Р.Багиндагийн хуульчид Монгол яагаад 12 жил чимээгүй байсан бэ гэдгийг ашиглаж байна. “Танай улс олон жил чимээгүй байсан нь иргэнийхээ үхлийг хүлээн зөвшөөрсөн юм биш үү” хэмээн голыг минь харлуулсан. Иргэнийхээ хойноос хүчтэй ярихгүй олон жил болсон нь асуултын тэмдэг.
Бас нэг асуултын тэмдэг нь 2008 онд шүүх бүрэлдэхүүн “А.Р.Багиндаг Аллах тэнгэрийн тааллаар цагаатгалаа” гэх шийдвэр гарахад Монголын тал чимээгүй өнгөрсөн. Монгол ямар нэг мэдэгдэл хийгээгүй, захидал цахилгаан явуулаагүй, эсэргүүцэл илэрхийлээгүй. А.Р.Багинда суллагдах нь зөв болжээ гэх шахуу ойлголтыг Малайзад үлдээсэн.
Гурав дахь асуултын тэмдэг нь алуурчин офицер гэх Сирулыг Австралид гаргачихаад байхад манай улс мөн л чимээгүй өнөөг хүрсэн. Хамгийн гол нь А.Р.Багиндагийн болон Засгийн газрын хуульчид сөрөг тал болоод багаараа ажиллаж өөрсдийгөө хамгаалж, гэрчүүд рүү дайрч “Чи худлаа ярьж байна, чи тоог нь зөрүүллээ” гэх мэтээр шүүх хурлыг хойшлуулаад байдаг юм билээ.
Разак Нажиб Австралийн Ерөнхий сайдтай манай офицерыг аюулгүй орогнуулж өгөөч гэж хандсан гэсэн. Энэ хүсэлтийг хүлээн авсан Австралийн Ерөнхий сайд өнгөрсөн намар ажлаа өгсөн гэж дуулдсан. Манай улс өмнөх шүүх хурлуудад хариуцлагагүй хандаж ирсэн. Энэ удаа тэгэхгүй байлгүй дээ.
-Монгол, Малайзын хооронд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байхгүй нь хэргийг шийдэхэд нөлөөлж байгаа болов уу?
-Хоёр улсын хооронд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулж өгөхийг би төр, засгаас удаа дараа гуйсан. Надад тусалж байна гэхээсээ илүүтэй Монголын иргэдэд үйлчилж буй хэрэг. Манай иргэд Малайзад хар тамхинаас авхуулаад хүний наймаа өөр олон хэрэгт холбогддог. Тиймээс ийм гэрээ байгуулах хэрэгтэй.
Олон жил хөөцөлдсөний эцэст Малайзын тал ХЗДХЯ-ны эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулах саналыг хүлээн авч ноот бичиг ирүүлсэн гэсэн. Одоо хоёр талын ажлын хэсэг гарч асуудлыг шийдэх байх. Гэрээтэй бол Малайзад ямар нэг хэрэг гарахад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, асуудал нааштай шийдэгдэх болов уу.
Сая шүүх хуралд Тайландад суугаа Монголын Элчин сайдын яамны ажилтан ирсэн. Тус ажилтан Малайзын Гадаад явдлын яамныхантай уулзахаар явахад нь эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний талаар дахин сануулаарай гэж гуйсан. Сануулсан л гэж байна лээ. Ер нь Малайзын тал сүүлийн найман жил Монголд итгэмжлэх жуухаа бариагүй. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байж харилцаа хөгжинө. Тийм атал манайх чимээгүй л байна.
Төр энэ хэрэгт анхаарлаа огт хандуулахгүй, чимээгүй байгаа. Үүнийг нь би манай төр, засгийн зарим хүн Малайзын Ерөнхий сайд асан Разак Нажибтай тодорхой хэмжээгээр харилцаатай, эрхшээлд нь орсон байхыг үгүйсгэхгүй гэж хардаж байгаа. Монгол, Австрали, Малайзын эрх мэдэл бүхий цөөнгүй хүн Разак Нажибтай холбоотой явж ирснээс хэрэг шийдэгдэхгүй сунжирсан гэж харддаг.
Тушаалаар уу, мөнгөөр нь үү, өнгөөр үү мэдэхгүй юм. Гэхдээ манай эрх мэдэлтнүүдтэй чимээгүй байх тохиролцоо хийж, энэ үүргээ сайн биелүүлж ирснийг цаг хугацаа харуулж байгаа болов уу. Харин өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын сонгуулийн өмнө иргэнийхээ талаар дуугарч, захидал илгээсэн нь тэднийг цочроосон. Түүнээс биш Монгол чимээгүй байхад чи чимээгүй л бай гэж Малайзын талынхан хэлдэг.
Австралийн тал “Монголчууд чимээгүй байхад та чимээгүй бай” гэдэг. Хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллага манайд цөөнгүй бий бий. Эдгээр байгууллагынхан эрх зүйн шийдвэр, тушаал гаргах эрхгүй. ХЭҮК зэрэг байгууллага ажиглалт хийгээд олон улсын байгууллагаар дамжуулж зөвлөмж гаргах л бололцоотой.
Аливаа хэрэг гарсан байхад тэр улс арал, тив, хот улс байна уу, хамаагүй Дотоод хэрэгт нь хэн ч нөлөөлөх эрхгүй гэсэн конвенц бий. Тиймээс шүүх хуралд хэн ч хөндлөнгөөс оролцох эрх байхгүй.
Жишээлбэл, ХЭҮК-ын гишүүн очлоо гэхэд зүгээр л сууж байх ёстой. Үг хэлэх эрхгүй, ямар нэг санал гаргах боломжгүй. Хэвлэлийнхэнд ирлээ гэсэн мессеж л өгнө. Тэнд Гадаад явдлын яамыг төлөөлж очсон хүн бас үг хэлэх эрхгүй. Шүүгч л үг хэлэхийг хүсэхгүй бол дуугүй л сууна.
-Шүүх хуралд Та гэрчээр үү, эсвэл хохирогчоор оролцож байна уу?
-Би шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн бусад гэрчийг аваачиж мэдүүлэг өгүүлэх үүрэгтэй. Би үнэнийг тогтоолгохын тулд бололцоотой бүх гэрчийг дагуулж, олон удаа Малайз руу явсан. Малайз руу дагуулан явж буй гэрчүүдийн зардал, буудлын төлбөр, орчуулагчийн хөлс гээд бүгдийг өөрөөсөө гаргах ёстой. Одоо өөрийгөө ломбардад тавьдаггүй юм бол сохор зоос ч үлдээгүй. Энэ хугацаанд Малайзыг 10 гаруй удаа зорьсон.
Харин сая явахад журмын дагуу манай ГХЯ, ХЗДХЯ, ХЭҮК-ынхон бололцоогоороо тусалсанд талархсанаа илэрхийлье. Хэнээс юу асуух, юу хэлүүлэх вэ гэдэг нь шүүгчийн асуудал. Шүүгч юм асуувал хариулна. Асуухгүй бол дуугүй байна. Угаас хохирогчийг хамгаалдаг шүүх хурал гэж байдаггүй. Хохирогч нэхэмжлэлээ гаргаж, гомдлоо мэдүүлэх зарчмаар явдаг.
Шүүх хурал надаас гэрчийн мэдүүлэг аваад л эхлэнгүүтээ асуудал үүсэж завсарласан. Би ч эсэргүүцсэн. Нөгөө тал одоо тактикаа боловсруулж буй байх. Одоо тус улсад яригдаж буй ноцтой асуудал бол Малайзад цаазын ялыг үгүй болгохоор хэлэлцэж байна. Хэдэн ч хүн алсан үхэхгүй шоронд байна гэсэн үзэлтэй хүмүүс олширно доо. А.Р.Багинда болон алуурчинд зориулж ийм хууль гаргах нь уу гэж асуумаар санагддаг.
-Ямар асуудал үүссэн гэж?
-Үүнийг тавдугаар сард болох шүүх хурлын үеэр ярих болно. Хамгийн гол нь би Малайз улс Монголын ард түмнээс уучлал гуйхыг л хүсэж байна.