“Формула-1” бол хамгийн хурдан машиныг бүхнээс зоригтой, авьяастай нисгэгчид хөлөглөн уралддаг дэлхийн № 1 авто уралдаан билээ. Тийм ч учраас нисгэгчид нь олон арван сая долларын цалин авч, түүнтэйгээ дүйцэхүйц тансаг, хангалуун амьдардаг.
“Формула-1”-ийн тамирчдаас хамгийн өндөр орлоготой нь Л.Хэмилтон юм. Тэрбээр 2018 онд зөвхөн “Мерседес” багаас 52 сая долларын цалин авсан агаад үүн дээр нь зар сурталчилгааны орлого нэмэгдэнэ. Ийм орлоготой тамирчин хүссэн орон сууцаа авах боломжтой. Тэрбээр саяхан Нью-Йорк хотын Манхэттан дүүрэгт 41 сая долларын үнэтэй пэнтхаус худалдаж авчээ.
Тус үл хөдлөх хөрөнгө нь 600 ам метр талбайтай, 25 мерт урт бассейн, сквош тоглох талбай, номын сан, унтлагын дөрвөн өрөөтэй. Эл пентхаус нь Vestry Street 70 хаягт орших бөгөөд 2017 онд худалдаж авсан өөр нэг байрнаас нь хэдхэн хорооллын зайтай оршдог аж. Жүжигчин Женнифер Лоуренс, Майк Майерс нар англи нисгэгчийн хөрш гэнэ. Түүнчлэн Лондон хотын Кенсингтон дүүрэгт 23 сая долларын үнэтэй байшин, Монакод 107.5 сая долларын үнэтэй харш Л.Хэмилтоны нэр дээр бий.
Н.Энхбаяр