Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга, Гавьяат дасгалжуулагч Н.Батлавтай сар шинийн өмнө ярилцлаа. Тэрбээр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Ч.Болдбаатар, Г.Хэрлэн, Г.Батбилэг, Д.Мөнгөнхуяг нарыг бэлтгэсэн шилдэг багш билээ.
-Таныг Гавьяат дасгалжуулагч М.Пунцаг багшийн шавь гэдэг юм билээ. Та хоёрын багш, шавь болсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Би Ховд аймгийн Манхан сумын хүн. Анх 12-13 настайдаа 1973 оноос сумын наадмын аманд гардаг байлаа. 1976 онд VIII ангиа төгсөөд Дархан хотын Политехникумд суралцаж байхдаа, дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Пунцаг багшийн секцэнд орж, бөх болох гараагаа эхэлсэн.
Тухайн үед Дарханд олон сайхан бөх байлаа. Улсын начин Батмөнх, аймгийн арслан Дорж, Лхагвасүрэн, Лувсанпунцаг зэрэг улс, аймгийн цолтой бөх ид барилдаж байв. Тэднээс үлгэр дуурайл авч хичээллэдэг байсан.
-Багаасаа үндэсний бөхөөр барилджээ. Танайх бөхийн удамтай юу?
-Манайх бөхийн удамтай. Сумын наадамд долоон удаа үзүүрлэж байсан бөх бий. Тэр ах минь зодог тайлахдаа “Би чамд зодог, шуудгаа өгч чадахгүй. Яагаад гэхээр би сумдаа нэг удаа ч түрүүлсэнгүй. Миний хүрээгүй амжилтад чи хүрэх ёстой. Тийм болохоор чамд зодог, шуудгаа өгөхөөс ичиж байна” гэсэн.
Ер нь өөрийгөө их голдог хүн байлаа. Сүүлд би тэр ахаасаа зодог, шуудаг, бурхан тахилыг нь уламжлан авсан. Одоо гэртээ шүтээн болгон залсан.
-Анхны медалиа хэзээ, ямар тэмцээнээс хүртэв?
-1977 онд 17 настайдаа Монгол телевизийн нэрэмжит самбо бөхийн тэмцээнд 62 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн. Тэр медаль надад их урам, эрч хүч хайрласан.
-Та хэдэн онд залуучуудын дэлхийн аварга боллоо?
-1982 оны долдугаар сард Парис хотод болсон, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-д түрүүлсэн. Тэр тэмцээнд ЗХУ-ын бөхчүүд 10 жингийн есөд нь түрүүлж, үлдсэн нэг жинд нь би алтан медаль авч билээ.
Оросын бөх Василий Шикаловыг 7:3-аар ялж, дэлхийн аварга болсон. Алтан медаль зүүх хүртлээ аварга болсон гэдэгтээ нэг л итгэж чадаагүй юм даг.
-Та үндэсний бөхийн ямар цолтой билээ?
-Над шиг жин багатай, жижиг биетэй бөхчүүд үндэсний бөхөөр өндөр цолд хүрэх боломж бага. Би 1983 онд аймгийн заан цол хүртсэн. Аймгийн заан цолдоо сэтгэл хангалуун явдаг. Ер нь бөхийн цол гэдэг тухайн хүний хэр хэмжээнд тохирсон байх нь сайхан санагддаг.
-Улсын начин Д.Галдандагвыг давсан барилдааныг тань санаж байна. Та жижиг биетэй байж, бараг л хоёр метр өндөр, 120-130 кг жинтэй тэр бөхийг яаж унагав аа?
-Би үндэсний бөхөөр нэг их сүртэй өндөр амжилт гаргаагүй. Яах вэ заан цолныхоо хэмжээнд барилдаж байсан. Бөх гэдэг хэн хүчтэй, том биетэй нь даваад байдаг юм биш.
Том биетэй бөхийг унагахын тулд ухаанаа уралдуулна. Бяр тэнхээтэй хүний мэхийг яаж хариулж, хэрхэн тогтож үлдэх вэ гэдгээ бодно. Том биетэй бөхчүүдийн хүчийг хариулж, өөрөөсөө зайлуулж, тэнцвэрийг нь алдагдуулахыг хичээж барилддаг байлаа.
-Залуучуудын дэлхийн аваргад дахиж оролцсон уу. Жүдогийн дэлхийн аваргад барилдаж байв уу. Та 65 кг жинтэй байх даа, жүдогийн улсын аваргын үнэмлэхүй жинд түрүүлж байсан гэдэг бил үү?
-Залуучуудын дэлхийн аваргад нэг л удаа барилдсан. Жүдо бөхийн дэлхийн аваргад барилдаж үзээгүй. 1983 онд самбогийн дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Харин жүдогийн улсын аваргын үнэмлэхүй жингийн алтан медалийн төлөө Эрхэмбаяр начинтай барилдан түрүүлж байв. 1984 онд хөлийн шөрмөс гэмтээд түүнээс хойш барилдаагүй.
-Үндэсний бөхийн хүнд жинтэй бөхчүүдтэй барилдаж байгаад бэртсэн үү?
-Үгүй ээ. Олон улсын нөхөрсөг тэмцээнд Японы бөхтэй барилдсан юм. Тухайн үед багш нар Хятад, Японы бөхөд ялагдаж болохгүй гэдэг байв. Нутгийн дэвжээндээ харийн бөхөд ялагдвал гадагшаа тэмцээнд явуулдаггүй. Тийм сонин цаг үе байлаа.
Японы бөх миний хөлийг өчсөн юм. Хөлийн яс шажигнаад явчихсан ч ялагдахгүй гэсэндээ тэвчээд гарсан. Залуу байсан болохоор тэр гэмтлээ тоохгүй, барилдсаар бүр хүндрүүлчихсэн.
-Тэр бэртлээс болоод дасгалжуулагчийн албанд шилжсэн үү?
-Ер нь бол тийм. М.Пунцаг багш өөр ажилд шилжсэн учраас надад дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өглөө. Би шигшээ багийн тамирчин байхдаа УБИС-ийн биеийн тамирын багшийн ангийг төгссөн байлаа.
Тэндээс дуудагдаж ирээд Политехникумд биеийн тамирын багшаар ажилласан. Багшийнхаа итгэл найдварыг алдахгүйн тулд 1989-1999 онд Политехникумд багшилж, хажуугаар нь бөхийн дасгалжуулагч хийсэн.
-Та одоо олон шавьтай болсон биз. Хэдэн онд БТСХ-ны дарга болов?
-Миний удирдлагад самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан 300 гаруй шавь бий. Хамгийн өндөр амжилт гаргасан нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар. Цагаанаа олимпоос хүрэл медаль хүртэж, жүдо бөхийн Монголын анхны дэлхийн аварга болсон.
Үүнээс гадна дэлхийн аварга Н.Баатарболд, дэлхийн цомын аварга Ч.Болдбаатар, Б.Мөнхтулга, Д.Мөнгөнхуяг, Г.Бат-Эрдэнэ, Б.Ганзориг, Г.Батбилэг, Ц.Нямдорж гээд ОУХМ цолтой 30 гаруй бөх төрөн гарсан. Спортын мастер, дэд мастер цолтой гэвэл олон бий. 1999 оноос эхэлж дасгалжуулагчийн хажуугаар Дархан-Уул аймгийн БТСХ-ны даргаар ажиллаж байна.
-Та шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөр, зүтгэл хүнийг хэзээ нэгэн цагт үнэлж шагнадаг юм шүү. Амжилт гаргахгүй байсан ч эрүүл мэндээ бодож спортоор хичээллэх хэрэгтэй.
Спорт чамд хүмүүжил, ёс суртахуун, бие бялдрын гайхамшгийг бэлэглэнэ гэдэг. Мөн биеэ зөв авч явж, бусадтай найрсаг харилцаж яваарай. Даруу зан хүнийг чимдэг. Зөв ёс суртахуун, амьдралын ухаан, хүмүүжлийг спортоос олж авна шүү л гэж захидаг.
-Х.Цагаанбаатарыг анх хараад бөх болох хүүхэд гэж таньсан гэдэг байх аа?
-Хэдэн хүүхэд Спортын ордны гадаа ноцолдож байсан. Тэдний дотроос арай эвсэлтэй нь Цагаанаа харагдсан. Тэгээд л “Чи самбо, жүдо гэдэг бөх мэдэх үү. Бөх болох сонирхолтой бол маргааш ирээрэй” гэсэн. Маргааш нь ирэхэд гүйлгэлээ. Цагаанааг түрүүлж ирэхэд нь би чихрээр шагнаж “Сайн бөх болоорой” гэсэн.
Тэрэнд Цагаанаа их урамшиж секцээ таслахгүй явж, их хичээж бэлтгэлээ хийдэг болсон. Би Цагаанааг кросст түрүүлж ирснийг нь санадаг хэрнээ, чихрээр шагнаснаа ер санадаггүй юм. Харин Цагаанаа түүнийг ерөөсөө мартдаггүй дурсаж явдаг юм билээ. Нийгэм солигдоод удаагүй 1993 оны үед хүмүүсийн амьдрал их хүнд байлаа.
Идэж, уух юм хомс, автобус унаа ховор. Тийм хүнд үед Цагаанаа бэлтгэлээ таслахгүй явсан. Хуучин Дарханаас Зурагтын толгой даван 7-8 км замыг туулан гүйж ирдэг байв. Бэлтгэл дуусаад буцаад гэр рүүгээ гүйж харина. Их хөдөлмөрч, хичээл зүтгэл сайтай хүүхэд байсан.
Өглөө эрт босоод хоёр үнээгээ саачихаад, зах дээр хамгийн түрүүнд очиж, ээждээ худалдаа хийх талбай авч өгдөг байсан гэдэг. Үнэхээр хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй хүнийг бурхан харж шагнадаг юм байна.
-Дэлхийн аварга Н.Баатарболд, дэлхийн цомын аварга Ч.Болдбаатар нар таны шавь. Харин ОУХМ Г.Хэрлэн таны отгон шавь уу?
-Н.Баатарболдыг 1992 онд Политехникумд оюутан болж ирэхэд нь самбо, жүдо бөхөөр хичээллэх санал тавьсан. Их зүтгэлтэй, хөдөлмөрч хүүхэд байлаа. Тийм дээ ч самбо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон. Харин Ч.Болдбаатар миний гурав дахь үеийн шавь нарын нэг.
Их даруу, чармайлттай, уран барилдаантай хүүхэд. Жүдогийн дэлхийн цомд гурван удаа түрүүлсэн. Одоо Монголын шилдэг сайн дасгалжуулагчийн нэг болсон. Г.Хэрлэн, Э.Сумъяабазар, Японд сурч байгаа Э.Мөнхжаргал нар миний отгон шавь.
-Япончуудад таны шавь жүдо бөх зааж байсан гэдэг. Одоо таны шавь нараас дасгалжуулагчаар хэн хэн ажиллаж байна вэ?
-Японд Г.Бат-Эрдэнэ 10 гаруй жил жүдогийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Одоо Жүдо академид багшилдаг. Жүдогийн эх оронд Японд үндэснийх нь бөхийг нь заана гэхээр их бахархалтай. Япончууд жүдо бөхөө улам баяжуулж, хөгжүүлэхийн тулд монгол үндэсний бөхийн мэх, барьцыг судлан хөгжүүлэх зорилгоор ажиллуулсан байх.
АНУ-д Д.Мөнгөнхуяг дасгалжуулагч хийж байна. Д.Балжинням Дархандаа дасгалжуулагчаар сайн ажиллаж байгаа. Ц.Нямдорж холимог тулаан, байлдааны самбогоор олон тамирчин бэлтгэж, тив, дэлхийн аваргад оролцуулж байна.
-Дарханаас олон шилдэг жүдоч төрсөн нууц нь “Ирээдүйн одод” тэмцээн байсан гэвэл та санал нийлэх үү?
-Дарханыхаа хүүхдүүдийн ур чадварыг сайжруулж, ахиулахын тулд “Ирээдүйн одод”, “Сурагч жүдо” зэрэг тэмцээн зохион явуулдаг байсан. Мөн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод тэмцээнд оролцдог.
Орос, буриадуудтай барилдахаар хүүхдийн ур чадвар ахиж, туршлага, арга барил суудаг байв. Сэтгэл зүйн хувьд гадаадын ямар ч тамирчинтай айж эмээхгүйгээр барилдах чадвартай болдог.
-М.Пунцаг багшийнхаа талаар онцлон ярихгүй юу?
-Багш ОХУ-ын Севердловск хотод оюутан байхдаа самбогоор хичээллэж тэр үеийн ЗХУ-ын хойд бүсийн аварга болж байсан юм билээ. Тэгээд дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртэж дэлхийн хэмжээний том бөх болсон. Багш их цэвэрч нямбай, найрсаг, дотно харилцаатай хүн байсан.
1974 онд сургуулиа төгсөж ирээд хуучин Үйлчилгээний төвийн хонгилыг тохижуулан самбо, жүдогийн дугуйлан хичээллүүлсэн. Ингэж Дарханы самбочдыг “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн тамирчдын гол өрсөлдөгч болгосон юм даа. Би Спортын ордон ашиглалтад орохоор М.Пунцаг багшийнхаа хөшөөг ордныхоо өмнө босгоно гэсэн мөрөөдөлтэй байгаа.
Багш маань Дарханаас төрсөн анхны дэлхийн аварга, Гавьяат тамирчин болохоор алдар гавьяаг нь мөнхжүүлэх ёстой.
-Дэлхийн аварга Г.Батсүх М.Пунцаг багшийн шавь мөн үү?
-Тийм ээ. Г.Батсүх ах 1974 онд дэлхийн аварга болж, М.Пунцаг багш мөнгөн медаль хүртсэн. Харин 1975 онд М.Пунцаг багш Минскэд болсон тэмцээнд түрүүлж, дэлхийн аварга болсон юм.
Багшийн шавь Г.Батсүх ах Дарханы наадамд хоёр удаа түрүүлж, улсын наадамд барилдан өсөх идэр начин болсон.Мундаг бөх, шилдэг дасгалжуулагч байлаа.
-Шинээр барьж буй Спортын ордон хэзээ ашиглалтад орох вэ?
-Уг нь 2012 онд ашиглалтад орох ёстой байсан. Гэтэл улс төрийн тогтворгүй байдал, хөрөнгө санхүүжилт, зургийн өөрчлөлт зэргээс шалтгаалан 10 гаруй жил сунжирч одоо 22 тэрбум төгрөгөөр босохоор болсон. Энэ онд 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн.
2200 хүний суудалтай том танхим, бэлтгэлийн танхим нь удахгүй ашиглалтад орно. Усан бассейн, 300 хүн хүлээн авах есөн давхар зочид буудал ирэх онд баригдаж дуусна. Шинэ ордон ашиглалтад орчихвол Дархан хойд бүсийн спортын цогцолбор төв болно. Олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээн хийх боломжтой.
Мөн Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгийн хүүхдүүд Дарханд суралцах боломж нээгдэнэ. Бид спортын хуучин ордноо спортын дунд сургууль болгох төлөвлөгөөтэй байгаа.
Н.Отгонбаатар