Цэвээний Гэлэгжамц гуайг ярилцлагад урьж, Цагаан сарын тухай хөөрөлдлөө. Монголчууд түүнийг “Буур” хэмээх Н.Жамъян аваргын хүргэн, дархан аварга Г.Өсөхбаярын аав гэдгээр нь андахгүй.
-Билгийн тооллын энэ жилийн өнгө таны хувьд ямаршуухан байв. Ирэх жилийн өнгө ямар байна гэж бодож байна вэ. Юутай ч өнтэй сайхан өвөл боллоо.
-Энэ жил зуны дундаас хур бороо элбэг орж, ногоо, тариа сайхан ургалаа. Урт сайхан намартай жил болсон. Өвөл цөөхөн хоног л хүйтэрлээ. Ерөнхийдөө тэнүүн сайхан цаг агаартай жил боллоо гэж бодож байна. Үдэж буй жилээ муу хэлж болохгүй. Гэхдээ нохой гэдэг арсалдах дуртай, ядаж л хотондоо боргож хэвтдэг амьтан.
Энэ чанараараа төрийн түшээд маань баахан арсалдах шиг боллоо. Ойрноос чимээ нь намдах болов уу гэж бодож байна. Гахай жил сайхан жил гарна гэж бодож байна. Малчдын хуанли дээр ч гахай гэдэг амгалан тайван, элбэг хангалууны бэлгэ тэмдэг гэж бичсэн байна лээ. Хэрэлдсэн, тэрсэлдсэн, үймэлдсэн зүйлс сайхан цэгцрэх байх. Би гахай жилтэй хүн. Жил минь орж байгаа учраас сайхан байна л гэж дотроо бэлгэшээж сууна.
-Битүүний бөх үзээд л сар шинийн баяраа тэмдэглээд эхэлнэ биз дээ. Та бөх барилдах бүрт л үзээд сууж харагддаг.
-Бөхийн өргөөний идэвхтэн гэнэ үү, надад янз бүрийн цол өгөөд байгаа. Жаахан болчимгүй хүмүүсийн үл ойлголцлоос шалтгаалаад Бөхийн өргөөг хэдэн сар хаалаа. Тэгэхээр нь “ажил хаяж” байгаа ч юм уу, өөр газарт барилдсан бөхийг үзсэнгүй. Цагаан сарын барилдаанууд Бөхийнхөө өргөөнд болно.
Харин улс, аймгийн цолтой бөхчүүдийнх нь барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох юм гэнэ лээ. Гэрээ хэлэлцээртэй дуулдсан. Очоод суучихна даа. Бөх бол том өв соёл. Орчин цагт энэ өв соёлын утга агуулга гээгдээгүй байна. Үндэсний эрх чөлөөний, Ардын хувьсгалын ой, Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж, бөхөө л барилдуулж байна.
Пүүс компаниуд хүртэл ойгоо, баярт үйл явдлаа бөхөө барилдуулж тэмдэглэж байх жишээтэй. Бөх бол олон өв соёлын дундаас онцгой нь. Бөхөө хаана барилдуулах нь чухал биш. Гол нь ёс жаягаараа барилдаанаа зохион байгуулах учиртай.
-Өсөхөө аварга энэ жилийн сар шинийн барилдаанд зодоглох болов уу?
-Үгүй байлгүй. Зарим хүн “Та зодоглооч аварга аа” гэж санал болгож байна лээ. Өөрөө үгүй ч гэж хэлэхгүй байсан. Манай Өсөхөө 46 нас хүрсэн. Одоо залуу хүн биш болчихоод байна. Гэхдээ улсынхаа наадамд зодоглох байх.
Бөх хүн бэлтгэл хийж байж барилддаг. Ажил төрөл нь ч болдоггүй байх, нас нь ч нөлөөлдөг биз, бэлтгэл хийхгүй байх шиг л харагдах юм. Өөрөө шийдэх байлгүй.
-Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх бол. Танд таамаг бий юү?
-Хэлэхэд хэцүү. Биеэр очиж үзээгүй ч өнгөрсөн өвөл заал танхимд болсон барилдаануудыг зурагтаар харлаа. Улсын баяр наадмаар Увс аймгийн Н.Батсуурь гэж хүү хоёр дахиа түрүүлсэн. XXI зуунд улсын наадамд хоёр түрүүлсэн хүн дээгүүр амьтанд тооцогдох нь дамжиггүй.
Сүүлийн үед Ховд аймгийн харьяат, улсын харцага О.Хангай сайхан барилдаж байна. Бяртай ч хүү юм. Манай Ч.Санжаадамба аварга Цэргийн хурц арслан цолд хүрснийхээ дараа нэг хэсэг дийлдэхээ больсон доо. Тухайн үед Ч.Санжаадамбын зургаа, долоо дахь түрүү гээд тоолж байлаа. Гэтэл төрийн наадамд барилдахаараа уначихаад байсан.
Том барилдаанд түрүүлнэ гэдэг их учиртай. Шатарт ч өмнө нь хожигдсон хүнийхээ эсрэг тоглолт бэлддэг. Бөхөд ялгаагүй ингэж байгаа. Тэгэхээр О.Хангай өрсөлдөгч нь мэх бэлтгэж ирсэн гэж сайн бодох ёстой юм. Өнгөрсөн жил ч О.Хангай дийлдэхгүй нь гээд байсан. Улсын наадмаар Ш.Мөнгөнбаатарт унасан.
Төрийн наадамд жил бүр өөр өөр хүн түрүүлж байгаа нөхцөлд Цагаан сарын барилдаанд тэр манлайлна гэхэд хэцүү. Худлаа мэдэмхийрч байгаа юм шиг санагдана. Бэлтгэл сайтай, од нь гийсэн хүү түрүүлнэ дээ.
-Танд дотроо дэмжиж байгаа бөх бий биз.
-Хоёр банди минь бөх. Ус нутгийн минь олон сайхан залуу ид барилдаж байна. Тэгэхээр тэрийг дэмжиж байна гэж онцгойлж хэлэхгүй. Бүгдийг нь дэмжээд, уран сайхан барилдахыг нь хараад суух сайхан.
-Хүүхэд насныхаа Цагаан сарын дурсамжаас хуваалцаач. Ус нутгийнхан тань хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?
-Ах нь нас сүүдэр 85 хүрч байна гэхээр наяад жилийн өмнөх Цагаан сарыг мэдэх юм байна. Цагаан сарыг нутаг бүрт, ястан болгон өөр өөрийн онцлогтойгоор тэмдэглэдэг. Манай Архангай аймагт гэхэд гурван өөр байх жишээтэй.
Манай Эрдэнэмандал сумынхан өтгөс буурлынхаа тохойг өргөж, “Та амар байна уу” гэж золгодог. Тэгвэл хойд талын, хуучнаар Далай чойнхор вангийн хошууны сумуудынхан “Сайн оров уу” гэж золгох жишээтэй. Урд тал руугаа Хотонт, Хашаат сумынхан “Цагт сайн оров уу” гэдэг юм.
Эрдэнэмандал сумынхныг хуучнаар Заяын шавийнхан гэдэг байв. Зая гэгээн С.Лувсанпэрэнлэй Монголын бурхны шашны гурван тулгуурын нэг нь. Нөгөө хоёр нь Занабазар, Ламын гэгээн. Манай нутагт хүүхдүүд ахмад хүнтэй ер хоосон золгодоггүй. Миний багад үхрийн ширний өехийгээр хийсэн ганзага барьж золгодог байсан. Ганзагаа бүсэндээ намиртал зүүчихээд айл хэсдэг байж. Золгосон настан ганзагыг нь аваад хариу бэлэг өгнө. Ийм ёс олон газарт байгаагүй бололтой юм билээ. Манай Заяын шавийнханд л байсан юм уу. Ганзага дуусвал айлын өгсөн бэлгээр бусдаасаа сольж аваад золгоод давхиад байна.
Зөвхөн хүүхэд гэлтгүй манай аав хүртэл элдсэн сураар хийсэн ганзага барьж золгодог байсан. Битүүний орой Цагаан сараар бэлдсэн идээ, шүүсээ айл хотлоороо солилцдог байв. Том модон тэвш дээр идээ, шүүсээ тавиад, нар зөв тойроод солилцоод явчихна. Манай нутаг үхрийн дух солилцдог ёстой байсан. Үхрийн толгойны хоншоорыг тасдаад, духыг нь чаначихна. Тэгээд л солилцоно. Манай явуулсан дух солигдсоор байгаад буцаад ирсэн тохиолдол ч бий.
Азаргаа ер унахгүй байж байгаад битүүний өглөө барьж авна. Хөвгүүд азаргаар л айл хэснэ шүү дээ. Аль болох олон айлд очиж золгох гээд хурдална. Айлын баруун талаар өгсөөд бурханд нь мөргөөд, зүүн талд суугаа хөшчүүлээс эхлээд гэр дэх бүх хүнтэй ганзагаа барьж золгочихоод, цар тэвштэй идээ будаанаас нь хүртээд бэлгээ аваад шур хийгээд гараад явчихна.
-Тэр үед хүүхдэд ямар бэлэг өгдөг байсан бэ. Орчин цагийнхтай харьцуулалтгүй биз.
-Тэр үед амьдрал хэцүү байсан. Айлууд хавсай л өгнө. Хавсайг Сэлэнгээс авчирсан шар шаарны том ширхэгтэй бор гурилаар голцуу хийнэ. Түүнд нь хурууны урттай сүрэл тууж явах нь энүүхэнд.
Өнөөх цуглуулсан хавсайгаа сургуульдаа очихоороо тулганых нь хасганд хайрч иднэ. Тэр үед гэрт зуух байгаагүй юм. Бидний хүүхэд байсан 1940-1950 оны үед гурилаар хийсэн идэх юм барагтай бол олдохгүй. Олон хүнтэй золгож буян хийхээс гадна айл хэсдэгийн нэг шалтгаан нь хавсай цуглуулах байлаа.
-Таны хүүхэд насанд ганзага барьж золгодог байж. Тэгвэл одоо мөнгө, хадаг барьж золгодог болсон. Зарим хүн үүнийг шүүмжилдэг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Орчин цагт мөнгө, хадгаа бариад золгоно биз. Гэхдээ ахиу юм барих гэж зүтгэдэг буруу хандлага бий. Мянган төгрөг бариад золговол шүүмжлээд, 20 мянгатын дэвсгэрт баривал сайшаах маягтай байна. Бэлгэдлээ бодвол мянга, 20 мянгын дэвсгэрт хоёрт ялгаа байхгүй юм.
Ийм байдал нь Цагаан сар хэмээх уламжлалт баяраа булингартуулж байна. Үүнийг мань мэтийн өндөр настнууд, ёс мэддэг хүмүүс шүүмжилдэг. Энэ нь Цагаан сарын баярыг шүүмжлээд байгаа юм шиг зарим хүнд санагддаг байх. Угтаа бол Цагаан сараа биш, буруу хандлагыг нь шүүмжилж буй юм. Цагаан сар дөхөхөөр л хэвлэл мэдээллийнхэн хөгшчүүлээс “Цагаан сараа хангалуун тэмдэглэж байна уу. Тэтгэврийн хэдэн төгрөг нь хүрэлцдэг үү” гэж асуух юм.
Нөгөөдүүл нь “Тэтгэврийн зээл авч тэмдэглэж байна. Өрөнд орлоо” гэж ярина. Заавал зээл авч, өрөнд унаж байхаар чадалдаа тохируулаад л тэмдэглэчих хэрэгтэй. Цагаан сарын хамгийн чухал зүйл нь бэлгэдэл. Үүнийг л сайтар бодох хэрэгтэй.
Хүн ирээд золговол алгыг нь дээш харуулах л төдий юм өгөхөд болно. Түүнээс биш, заавал үнэтэй цайтай бэлэг өгөх албагүй. Эдийн засагтаа хор хохиролтой байдлаар Цагаан сараа бүү тэмдэглэ гэж ухуулга хийгээд л байна шүү дээ, би. Бусдаар бол ёс дэгийг сайтар дагах хэрэгтэй. Зурхайчид зам мөрөө гаргахдаа яах ийхийг нь бичээд өгдөг болж. Зам мөрөө гаргахаас эхлээд ёсыг бол сайн баримтал. Харин баян тарганаа харуулах гэсэн хандлагаа гээгээсэй гэж бодож байна.
-Социализмын үед Цагаан сарын баярыг тэмдэглэхийг хорьж байсан. Тэгээд гэнэт тэмдэглээд эхлэхээр ёс дэг, уламжлал нь алдагдлаа гэж зарим судлаач дүгнэдэг.
-1950-иад оны үед нуугдаж золгож байсан. Х.Чойбалсан даргыг нас барсан жил Цагаан сарын баярыг тэмдэглэхийг хорих жишээтэй. Цагаан сарын баярыг хорьж байсан нь үнэн. Гэхдээ түүнээс шалтгаалаад утга агуулгыг нь алдагдуулаад байна гэвэл өрөөсгөл ойлголт болно.
Өмнөх ёсоо мэдэхээ болиогүй, мартаагүй байна. Монголчуудын аж байдал, ёс уламжлал жаахан хазайвал социализмаас болсон гэж буруутгах хандлага манайханд байдаг. Өөрийнхөө бурууг диван галав руу чихэх ямар шаардлага байна вэ. Энэ бол шалтаг төдий болохоос шалтгаан биш. Засаад, зөв голдиролд нь оруулаад явах хэрэгтэй. Хорьж байснаас болоод би ийм болчихлоо гэж ярих нь дэмий хэрэг.
-Та нэгдэлд олон жил ажилласан хүн. Хорьж байх үед Цагаан сар тэмдэглэдэг байв уу?
-Тэмдэглэнэ. Тэр үед нэгдэлчдийн баяр гэж тэмдэглэдэг байлаа. Нэгдлийнхэн гайгүй малчин, саальчнаа шалгаруулаад бэлэг өгнө. Малчдаараа очиж золгоно. Дажгүй сайхан тэмдэглэчихдэг байсан. Би Архангай аймгийн Тариат сум буюу Далай чойнхор вангийн хошуунд долоон жил болсон.
Тэд хонины ууц тавиад найрлаад байна гэж үгүй. Үхрийн мах чанаад, модон хувинд хийгээд тавьчихсан байдаг. Тэндхийнхэн айл хэсээд, бэлэг сэлт цуглуулаад байхгүй. Тэндээс Архангайн Батцэнгэлд шилжиж ирлээ. Нөгөө “Тунгалаг тамир” кинонд гардаг Лу гүний хошуу. Лу гүнийхэн айл хэсээд л яваад байдаг. Бэлгэнд авсан бэлэн тамхи нь өврийг нь дүүргэчихсэн л тууж явна.
Би ч Батцэнгэлд амьдарч байхдаа нэгдэлчдийн баяраар нэлээд олон тамхи цуглуулдаг байлаа. Тамхи татах биш, орж ирж золгосон хүмүүст буцааж бэлэглээд л дуусгана. Заншил заншлаараа, ёс ёсоороо байх хэрэгтэй. Одоо бол заримдаа цадигаа алдаад байна шүү.
-Танайх Цагаан сараар хөл ихтэй юү?
-Зургаан хүүхэдтэй. Ач, зээ, тэдний үрстэй нийлээд 40-50-иад салаа мөчир болж байна. Манай муу байранд багтаж цөхөөд л золгодог доо. Шинийн нэгэн, хоёронд бол манайд зочны хөл тасрахгүй. Охид минь цагийн хуваарь гаргах шахам л хоорондоо ээлжлээд зочдод үйлчилдэг юм.
Одоо ч хөл ихтэй байхаас яах вэ. Цагаан сараар архи сөгнөхгүй гурван жил болж байна. Өмнө нь ч сөгнөдөг л байлаа. Дүү нар орж ирээд золгох бүрт архи амссаар байгаад оройдоо нэлээд манарах шинжтэй сууж байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд архи амсалгүй шинэллээ. Цагаан сарыг цагаан байдлаар нь тэмдэглэж байгаа ухаантай хүн юм уу даа.
Намайг Цагаан сараа ингэж тэмдэглэхээр дүү нар, хүүхдүүд архи хэрэглэхээ болж байна. Манай Өсөхөөгийнх сүүний хундагануудтай болсон байна лээ. Сүү амсуулаад ёсолдог болж.
Монголчууд Цагаан сараараа бэлгэ дэмбэрэл их боддог. Энэ л агуулгыг нь баримталж, Цагаан сараа ёс дэгтэй, заншлынх нь дагуу тэмдэглэх хэрэгтэй.
-Архи сөнгөхөө болсон гэдэг тань бусдад түгээмээр дэг байна.
-Ер нь архийг хумих хэрэгтэй гэж боддог. Айргаа базаачихсан байгаа. Айргаа сөгнөөд л Цагаан сараа тэмдэглэчихнэ.
-Цагаан сар өвгөд хөгшдөө хүндэтгэж, хотол олноороо цуглаж, мэнд усаа мэдэлцэж, тоглож нааддаг баяр болохоос өнгө мөнгөний уралдаан биш шүү дээ.
-Өнгө мөнгөний уралдаан болгож байгааг их ярьж байна. Ах нь баримжааг нь бол гадарлаад л байгаа юм. Тэгж болохгүй л дээ. Шинийн гурван, дөрвөнд морь уралдуулдаг болсон. Тэгээд дараа нь төдөн хүүхэд бэртлээ, гэмтлээ гэж ярина. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс л морь уяж уралдуулдаг болжээ. Баян цатгаланаа харуулах гэсэн үйлдлээ татах л ёстой.
Цагаан сараа тэмдэглэдэг зан заншил зуун жилийн өмнөхөөс өөр болж хувирах нь ойлгомжтой. Гэхдээ л замбараа, цадигтай тэмдэглэх хэрэгтэй. Цагаан сараар төдөн согтуу жолооч баригдлаа л гэнэ. Цагаан сараа тэмдэглээд өнгөрсний дараа баахан гэмт хэргийн мэдээлэл гарна. Ингэж тэмдэглэвэл ямар өөдтэй байх вэ.
-Та хүнд очиж золгодог уу?
-Манай гэрийн голомтыг сахисан хоёр дүүгийнх Цайзад амьдардаг. Аавын бурхан тэнд бий. Шинийн хоёронд аавынхаа бурханд мөргөж ёсолдог. Түүнээс биш, золгож очих надаас өндөр настай ойр дотнын хүн алга. Эхнэр бид хоёр “том амьтад” болчихоод байна (инээв).
Өвөг дээдсийн минь эртнээс тэмдэглэж ирсэн Цагаан сар бол нэг талаар баяр цэнгэл, нөгөөтээгүүр, үйл мөрөө цэгнэж дүгнэдэг хугацаа юм. Монголчууддаа хот, хөдөө, хөгшин, залуу ялгаагүй Цагаан сараа ёс заншлаар нь сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй гэж хэлье. Монголчууд ёс горимоо баримтлаад сайхан баярлаж чадна гэж бодож байна.