Зочин Ж.ЧИНБҮРЭН
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал
Уншигч-сурвалжлагч Л.БЯМБАСҮРЭН
Эрүүл мэндийн дэд сайд
“Өнөөдөр” энэ удаа Монголын хүн амын эрүүл мэндийн “манаач” болсон хоёр эрхмийг уулзууллаа. Манай сонины “томилолтоор” уншигч-сурвалжлагчийн үүргийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн гүйцэтгэж, ХСҮТ-ийн ерөнхий захирал, Францын Мэс заслын академийн хүндэт гишүүн, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэнтэй хавдрын өвчлөл, тус байгууллага болон нийгэмд тулгамдсан цаг үеийн зарим асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
-Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон анхлан хийж, өдгөө өндөр түвшинд хүрсэн. ХСҮТ-ийнхөн хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо бие даан хийдэг боллоо. Энэ бол маш том амжилт.
Өнгөрсөн лхагва гарагт (энэ сарын 23) та бүхэн ес дэх хагалгаагаа амжилттай хийсэн танай хамт олонд баяр хүргэж, талархаж, бас бахархаж байна. Ер нь энэ төрлийн хагалгаа ямар явцтай болон гадаад, дотоод хүчин зүйлүүд нь юу байдаг талаар товчхон танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү?
-Бид 2018 оны нэгдүгээр сарын 28-нд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах анхны хагалгаагаа хийж байлаа. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд есөн давааны ард гарчээ. Хамт олноороо бахархаж, баярлаж байна. Хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах нь ганц хүний, эсвэл мэс заслын нэг багийнхан л хийчихдэг ажил биш. Энэ бол бүхэл бүтэн эмнэлгийн хамт олны сэтгэл, зүтгэл, ур чадвараар хийдэг асар том бүтээл. Сүүлийн хагалгаа маань мөн л амжилттай болсон. Өвчтөн болон донорын биеийн байдал тогтвортой, сайн байгаа учраас сэтгэл жаахан уужирсан ч хүндрэлгүй гэж ярихад эртэднэ. Мэс заслаас хойш ердөө долоо хонож байна шүү дээ.
Энэ удаагийн хагалгааны маань явцтай танилцахаар ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын төвийн мэс засалч, хавдар судлаач, элэг судлаач, унтуулгын эмч болон сувилагч, лаборант зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан ирсэн. Тус эмнэлэгт ойрын ирээдүйд энэ төрлийн мэс засал хийхээр зорьж байгаа учраас ийнхүү туршлага судалсан юм. Тэд 10-аад хоног ХСҮТ-д ажиллаж, элэгний хавдрын болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын дэвшилт арга, техникүүдтэй танилцлаа.
Үүнээс гадна бид элэг шилжүүлэн суулгах хагалгааны талаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох уулзалт, хурал зохион байгуулсан нь нэлээд өгөөжтэй байлаа. Ийм хагалгаанд орох гэж байгаа иргэд болон ар гэрийнхэн нь элгээ солиулсан хүмүүсийн амьдралын чанар хэрхэн дээшилснийг бодитоор харж, мэдэрч, урам зориг авсан. Мөн энэ үеэр Донорын тухай хуулийн хэрэгжилт, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулах албаны талаар мэргэжилтнүүд ухуулан таниулсан сайхан арга хэмжээ болсон. Үүний зэрэгцээ Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар, үр дүн нь ямар байгааг ярилцсан. Иргэдээ элэгний С вирусгүй болгох эл хөтөлбөрийг дэлхийд жишиг болохуйц гэж үзэж байгаа. Энэ төрлийн оношилгоо, эмчилгээний явцад элэгний хавдрыг эрт илрүүлэх давуу талтай. Дан элэгнийх гэлтгүй, бөөрний хавдрын илрүүлэгт ч хамаатай. 2018 онд ХСҮТ-д бөөр тайрах хагалгаа 109 удаа хийжээ. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Ингэхдээ ихэнх тохиолдолд хавдрын хэмжээ нь харьцангуй жижиг байсныг онцлох ёстой. Өөрөөр хэлбэл, бөөрийг бүтнээр биш, таллан авсан хагалгаа дийлэнх байсан шалтгаан нь эрт илрүүлэгтэй холбоотой. Энэ бол сайн үзүүлэлт шүү.
-Хавдрыг эрт илрүүлэх нь ийм олон давуу талтай, цаашлаад эдгэрэх боломжтой гэдгийг иргэд ойлгох хандлагатай байгаа нь үнэхээр сайн. Үүнийг улам дэмжиж, ямар нэгэн айдасгүйгээр, сайн дураараа үзлэгт хамрагддаг болгоход бид хаана хаанаа анхаарах учиртай.
-Тэгэлгүй яах вэ. Эрт илрүүлээд, эмчлэх, эдгэрэх магадлал нь хожуу үеийнхтэй харьцуулшгүй, газар, тэнгэр шиг ялгаатай. Өнөөдөр Монголд жилд дунджаар 6000 гаруй хүн хорт хавдартайгаа мэдэж байна. Тэдний 60 хувь нь нэг жилээс илүү амьдарч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь хавдрыг хожуу үед мэддэгтэй шууд холбоотой. Тиймээс иргэдийг зөв, цэгцтэй мэдээллээр тасралтгүй, тогтмол хангах нь чухал. Энэ үүднээс манай хамт олон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр 900 гаруй мэдээ, мэдээлэл түгээжээ. Өдөрт дунджаар гурван мэдээлэл гэсэн үг. Үүний өгөөж, үр дүнд иргэд эрт илрүүлэх үзлэгт хамрагдах нь харьцангуй нэмэгдсэн.
-Хорт хавдар өнөөдөр зөвхөн Монголд бус, дэлхий нийтэд эмзэг сэдэв болжээ. Жилд найман сая хүн хавдрын улмаас нас барж, 14 сая гаруй хүн хавдартайгаа мэдэж байна. Бараг 33 сая хүн хорт хавдартай гэсэн оноштой амьдарч буй. Цаашид энэ тоо өсөх хандлагатай. Орчны бохирдол, хоол хүнс, хорт зуршил, мөн насжилт зэрэг үүнд нөлөөлөх хүчин зүйл олон. Тиймээс улс орнууд хорт хавдрын нас баралтыг бууруулах, үүнд нөлөөлөх хүчин зүйлд анхаарч, нөөцөө хэрхэн хуваарилах, нэн шаардлагатай эмийн бодлого, хөнгөвчлөх тусламжийн үйлчилгээг нэмэгдүүлэх, оношилгооны дэвшилт технологи нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр бодлого боловсруулдаг. Манай улсын хувьд энэ бүхэнтэй хөл нийлүүлэн, төрөл бүрийн хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, элэг шилжүүлэн суулгах болон хавдартай эрхтэн тайрах хагалгаа хийж байна. Мөн хавдрын эсрэг үндэсний аян зохион байгуулж, “Элэг бүтэн Монгол”, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүнээс гадна хөнгөвчлөх тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ч анхаарч байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардал болон үүний дараа тогтмол уух эмийн зардлыг улсаас гаргадаг болж байна. Энэ мэтээр дурдаж болно.
Тэгэхээр өнөөдөр ХСҮТ-ийн хүний нөөц, ажлын байрны нөхцөл байдал ямар байгаа талаар энэ айлыг толгойлж яваа хүний хувьд та ярих уу?
-Та сая хэллээ, хавдар дэлхийн хэмжээнд их байна гэж. Үүнийг тодотгоод хэлэхэд, өвчлөл улам нэмэгдэх хандлагатай байгаа ч нас баралтыг бууруулахад олон улс анхаарч байна. Манайд хавдрын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь нэг талаар эрт илрүүлэх ажил эрчимтэй явж байгаагийн ач тус. Тиймээс л ийм үзлэгт хамрагдахыг уриалж, үнэ төлбөргүй хийх боломжийг нь хангаж байгаа шүү дээ. Бид 2017 онд хорт хавдартай 10 мянган хүн эмчилжээ. 2018 онд энэ тоо 1000-гаар нэмэгдсэн байна. Нөгөөх л илрүүлгийн ач. Тэгэхээр иргэд үүнийг ойлгоод ХСҮТ-д хандах нь олшрохын хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэх нь зүйн хэрэг. Ачааллаа дааж байна уу гэдэг асуудал гарцаагүй гарч ирнэ. Манай эмнэлэг 1982 онд барьсан барилгадаа өнөөдөр 560 эмч, сувилагч, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. ХСҮТ боловсон хүчин, ялангуяа эмчийн нөөцийн хувьд хангалттай. Хагалгааны 10 өрөөнд зэрэг мэс засал төлөвлөсөн ч хүрэлцэх эмчтэй. Саяхныг хүртэл манайх хагалгааны дөрвөн өрөөтэй байлаа. Өргөтгөлийн барилга дахь хоёрыг нэмээд өдгөө зургаа байгаа ч өвчтөнүүдийн хүлээгдэл хэвээр байсаар. Харин манай эмнэлэгт сувилагчийн орон тоо дутуу. 180 сувилагчтай байх ёстойгоос өдгөө 160 орчим байгаа. Ийм ажлын байр байна гэж зарлаад ч нэмэргүй. Монгол Улсад ярихгүй бол болохгүй нэг сэдэв нь сувилагчийн хүрэлцээ. Манай эмнэлэг энэ асуудлаа шийдэхийн тулд тэтгэвэрт гарсан сувилагчидтайгаа гэрээ хийж, арай ачаалал багатай хэсэгт ажиллуулж байна. Үүнээс гадна туслах сувилагчийн орон тоог нэмэх зэргээр зохицуулж байна даа.
ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг 2011 оноос эхлэн барьж, дуусгах гэж “үзэж тарсаар” өнгөрсөн оны эцэст ашиглалтад орууллаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, хэдэн долоо хоногоор хүлээгдэл үүсэхэд барилгын багтаамж, үзлэг, хагалгааны өрөөний хүртээмж багагүй нөлөөлдгийг хэн хүнгүй мэднэ. Манай хамт олон ЭМЯ, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчилж, үйл ажиллагаа явуулахад эмнэлгийн орон зай, талбайг өргөтгөх шаардлагатай болон үүнийг шийдэх боломж, гарцуудыг бид хэрхэн харж буйгаа уламжилсан. Энэ хүсэлтийн дагуу ЭМЯ шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг байгуулж, дэд сайд та ахалж байгаа шүү дээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч.
-ХСҮТ-ийн үндсэн дөрөв, өргөтгөлийн барилгын хоёр, нийт зургаан хагалгааны өрөөнд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой, хүний нөөц хангалттай гэлээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Хавдрын эмнэлгийн мэс заслын дөрвөн өрөөнд 2800 хагалгаа хийсэн гэдэг статистик байна. Тодруулбал, өрөө тус бүрт өдөрт 4-5 хагалгаа хийжээ. Энэ нь нэг талаар сайн ч, нөгөөтээгүүр, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм, цэвэрлэгээ, үйлчилгээнд анхаарах учиртай.
Танай хамт олны хүсэлтээс гадна өсөн нэмэгдэж буй хавдрын өвчлөлийг бууруулахад ХСҮТ-д орчин үеийн стандартад нийцсэн шинэ барилга шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Тэнд ажиллагсдын ажлын нөхцөлийг ч сайжруулах нь зүйн хэрэг. Энэ асуудлын хүрээнд ХСҮТ-ийн хаяанд барьж буй, “Энэр мед” компанийн эмнэлгийн зориулалттай барилгын талаар танилцуулсны дагуу ажлын хэсэг байгуулж, дөрвөн удаа хуралдсан. Газар дээр нь очиж, танилцсан, эмнэлгийн зориулалттай барилга 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Санасны зоргоор “Авъя, өгье” гээд бүтчих ажил биш л дээ. Газар олголт, барилгын зураг, төсөл эмнэлгийн зориулалттай юу, тэр дагуу баригдсан уу, дэд бүтэц, техникийн нөхцөлүүд нь ямар вэ зэргээр олон талаас нь нягталж, судалж, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гаргуулна гээд өчнөөн ажил өрнөж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцуулга ирүүлсэн. Барилгын хийц, зохион байгуулалт нь эмнэлгийнх мөн, эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын зүгээс тодорхой материал бүрдүүлж танилцуулах ёстой. Энэ мэтээр ажлын хэсэг маань чиг үүргээ өгөөд явж байна. Цагаан сарын дараа Засгийн газарт танилцуулна.
Ташрамд хэлэхэд, эрүүл байх нь иргэн бидний үүрэг учраас эрүүл, зөв амьдарч гэр бүл, орчин тойрондоо нөлөөлөх нь чухал. Чинбүрэн эмч энэ талаар болон хавдраас урьдчилан сэргийлэхэд юу анхаарах ёстойг товчхон зөвлөнө үү?
-Монголчуудад тохиолдож буй хавдруудыг бусад орны иргэдийнхтэй харьцуулахад шалтгаан нь тодорхой. Тухайлбал, хамгийн их байгаа элэгний хавдрын шалтгаан нь В, С вирус. Ийм вирусгүй хүн элэгний хавдраар өвчлөх магадлал бараг байхгүй. Тиймээс хавдрын шалтгаан болдог вирустэй, эсэхээ мэдчих. Шинжилгээг нь үнэ төлбөргүй хийж байгаа шүү дээ. Одоогийн байдлаар 400 мянга давсан иргэн хамрагдсанаас 70 гаруй хувь нь С вирусийн эмчилгээнд хамрагдсан байна. Ингээд үзүүлээд, хянуулаад явахад л хавдраас сэргийлэх боломжтой. Манайд умайн хүзүүний хавдрын тохиолдол хоёрдугаарт жагсдаг. Хөхөнцөр вирусээр үүсгэгддэг эл хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг 2012 оноос хойш насны гурван мөчлөгөөр хийж байгаа. Гэтэл манайхан тун хойрго ханддаг. 100 эмэгтэйгээс 40 нь л эл үзлэгт хамрагддаг гэсэн судалгаа байна. Сониноор дамжуулан, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдаарай гэж уриалъя. Монголд сайн технологиудыг нэвтрүүлж буйн нэг илрэл нь умайн хүзүүний хөхөнцөр вирусийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ буюу тест. Технологи асар хурдтай хөгжихийн хэрээр хэрэглэхэд энгийн бөгөөд өртөг багатай болж байна. Ийм сайхан боломжуудыг мэргэжлийн байгууллагууд бий болгож, нэвтрүүлж байхад иргэд ойшоохгүй, ойлгохгүй бол харамсалтай.
Элэг, ходоодны хавдрын нас баралтаараа Монгол дэлхийд цойлсон. Энэ бол муухай, харамсмаар үзүүлэлт. Ходоодны хорт хавдрын талаар ярихгүй байж болохгүй. Хелико бактертай, эсэхээ мэдчихвэл гурвалсан эмчилгээнд 21 хоног хамрагдаад явбал хавдраас сэргийлэх боломжтой. Мөн гурван жилд нэг удаа ходоодоо дурандуулчих. Энд нэг зүйл тодруулахад, тийм бактертай л бол хавдраар өвчилнө гэсэн үг биш шүү. Монголын хүн амын 80 хувь нь хелико бактерын халдвартай гэсэн судалгаа бий. Нөгөөтээгүүр, монголчууд давсныхаа хэрэглээг багасгах гарцаагүй шаардалага байна.
Энэ гурван өвчнийг хяналтдаа авчихвал нийт хавдрын 70 хувийг бууруулж чадна. Үүнээс гадна улаан хоолойн хавдар манайд их. Үүний нэг шалтгаан нь таргалалт. Хэвлий доторх даралт ихсэхээр ходоодоо шахна. Улмаар ходоодны амсрын хавхлага нь сулраад сөөргөө үүсдэг. ДЭМБ-ын тооцоолсноор, архи, тамхи, таргалалтыг зогсоож чадвал хорт хавдрын өвчлөлийг 30 хүртэл хувь буурулах боломжтой.
Хөндөх ёстой өөр нэгэн чухал асуудал бол иргэд орон нутагтаа эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах. Орон нутгуудад тийм төв байгуулах болсон талаар салбарын сайд маань ярьж байна лээ. Японоос бэлэглэх 34 ЭХО аппаратыг аймаг, дүүргүүдэд хуваарилах болжээ. Үүн дээр нэмээд дурангийн оношилгоотой болгочихвол эрт илрүүлгийг орон нутагт хийх, улмаар хавдрын өвчлөлийг хянах бүрэн боломжтой. Энэ бол маш том алхам.
-Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хувь нь 45-59 насныхан, нэг хүнийг хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулахад 100 мянган төгрөг. Харин өвдсөн тохиолдолд эмчилгээнд дунджаар 11.9 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүнийг иргэд ухаарч, ойлгож, хамгийн үнэтэй эрүүл мэнддээ анхаараасай.
-Нэмээд хэлэхэд, эрт үеийн хавдрыг эмчлэх технологи сүүлийн үед үнэхээр сайжирсан. Тухайлбал, илрүүлээд л дурангаар салстыг нь хуулж, хавдрыг авах, мөн түлэх эмчилгээ хийж байна. Тухайн хүн маргааш нь ажлаа хийгээд явах боломжтой. Энд нэг сайн мэдээ дуулгахад, Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй тусламжаар ХСҮТ-д нийлүүлсэн, байрны асуудлаас болж гурван жил “хэвтэж”, асар их бэрхшээл туулсан, цацраг туяаны эмчилгээний төхөөрөмж болох шугаман хурдасгуурыг угсарч эхэлсэн.
-Эрүүл эд, эсийг гэмтээхгүйгээр хавд-рын голомтыг, бүр тодруулбал, зууван, гурвалжин гээд ямар хэлбэр, хэмжээтэй байна яг л тэр цэгт нь цацраг туяагаар эмчилдэг дэвшилт технологи шүү дээ. Ер нь хавдар гэлтгүй, бүх өвчин эмгэгээс хүн өөрийгөө сэргийлэх боломжтой. Өнөөдөр нийгэмд тулгамдаад буй томуу, томуу төст өвчнөөр жишээлээд ярихад, үүсгэгч нь агаарт “тэнэж” явдаг. Агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс энэ удаа ид хүйтний үед сурагчдын амралтыг зохицуулж, урт хугацаагаар амраасан. Үр дүнд нь өвчлөл нэлээд багассан ч Шинэ жилийн баяраас хойш эрс ихэссэн. Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Үүнд эцэг, эх, асран хамгаалагчдын буруу их байна. Ид дэгдэлтийн үед нь яамныхан эмнэлгүүдээр явж, эмчилгээ, үйлчилгээтэй танилцсан. Хүүхдийн сахиурууд, ээж, аав нар үнэхээр хариуцлагагүй санагдсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд нь хонгилоор гүйж, холхиж байх юм. “Эргэлт ирлээ” гээд өвчинтэй хүүхэдтэйгээ тасгаас гарч явна. Хүүхдээ уйлуулахгүй гэж гар утсаа өгчих жишээтэй. Бүр цэнэглэж байгаа утсаа хүртэл хүүхдэдээ бариулж, саатуулж байсан ээжтэй ч таарсан. “Утас чинь дэлбэрч, муу зүйл тохиолдвол чи хэнд гомдох вэ” гэж асуухад “Өөртөө л гомдох байх” гэж байна лээ. Дэлбэрдэггүй юм гэхэд гар утаснаас ялгарах долгион хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй, дархлааг бууруулдаг гэдгийг ойлгох ёстой. Өвчин тусаад эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдийн дархлаа улам л суларна гэсэн үг.
-Эмнэлгийн ажилтнууд томуу, томуу төст өвчнийг тараах эрсдэлтэй байдгийг бодолцон ЭМЯ-наас тэднийг вакцинжуулах ажлыг идэвхтэй зохион байгуулсан шүү дээ. Үүнд ХСҮТ-ийн эмч, сувилагч, ажилтан 300 хүн хамрагдсан. Эл өвчнөөс хамгийн найдвартай хамгаалах арга бол вакцин.
-Иргэдийн дунд вакцинд эргэлздэг тал бий. Бас энэ талаар буруу ухуулан сурталчилж, эсэргүүцдэг хэсэг бүлэг ч байдаг. Вакцин бол тухайн өвчнөөс сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэхгүй, хүчийг нь сааруулах үйлчилгээтэй. Тухайлбал, элэгний В вирусийн вакциныг 1991 оноос төрсөн нярайд хийж эхэлсэн. Судалгаанаас харахад, 1991 оноос хойш төрсөн хүмүүсийн дунд В вирусийн халдвар эрс буурч байгаа. Тиймээс улирлын чанартай болон товлолт вакцинд хамрагдаж, үр хүүхдүүддээ ч хийлгэх ёстой гэдгийг иргэддээ хэлье. Ер нь эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нийгмийн сүлжээ, элдэв шар сайтаас бус, мэргэжлийн байгууллагаас авах нь эрсдэлгүй. Иргэд буруу мэдээллийн уршгаар вакцинаас татгалзвал урхаг нь өргөн хүрээтэй байна шүү дээ. Тухайн хүүхэд л өвдөөд зогсохгүй бусдад түгээж, нийгмийг хамарсан халдвар тараагч болно гэдгийг ойлгоорой.
Бид энэ жил эрсдэлт бүлгийн иргэдийг томуугийн вакцинд хамруулсан. Мөн 0-1 насныхан, жирэмсэн эхчүүд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ч вакцинжуулсан. Тав хүртэлх насныхны нас баралтын багагүй хувийг хатгалга өвчин эзэлж байгаа учраас үүний эсрэг вакцин хийж эхэллээ.
-Монгол Улс хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлон хэлье. Зарим хүн “Эл вакцины улмаас үргүйднэ, гаж нөлөөтэй” гэхчлэн буруу мэдээлэл түгээдэг. Өндөр хөгжилтэй орнуудад 15-аас дээш жил туршиж, үр дүнг нь баталчихсан зүйлийг “Монгол хүний биед туршиж байна” гэх зэргээр ташаа ойлголт төрүүлэх нь хэний сонирхолд нийцүүлсэн, ямар зорилготой юм бэ. Монгол охид, эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэхэд яагаад тээг болоод байгаа юм бэ гэж зориуд асуумаар байна. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхэд эл вакцин маш их ач холбогдолтой. Үр дүн нь өнөө, маргаашдаа бус, 10 жилийн дараа гарна. Өндөр хөгжилтэй зарим улсад хөвгүүд, эрэгтэйчүүдээ ч ийм вакцинд хамруулдаг, эл вирусийн тээгч гэдэг утгаар нь. Нөгөөтээгүүр, хөхөнцөр вирус залгиур хоолойд тархдаг, янз бүрийн хавьтлын үед (орал секс). Тиймээс эрчүүд сайн дураараа хөхөнцөр вирусийн вакцин хийлгэх нь жирийн л зүйл.
-ХСҮТ-ийн ерөнхий захиралтай хавдрын өвчлөл болон цаг үеийн тулгамдсан асуудлаар санал бодлоо хуваалцлаа. Мэргэжлийн хүний үг, зөвлөгөөг хүмүүс тунгааж, болгооно биз ээ. Эцэст нь хэлэхэд, Хавдрын эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлыг бүгд л мэдэж байгаа болов уу. Юутай ч иргэдэд тусламж, үйлчилгээг боломжийнхоо хэрээр шуурхай хүргэж, хавдрын өвчлөлийг бууруулахад дорвитой ажил хийж байгаа, хүн амаа эрүүлжүүлэх үйлсэд үнэлшгүй хувь нэмэр оруулж буй ХСҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье. Зөвхөн ХСҮТ гэлтгүй манай эмнэлгүүдийн эмч, сувилагч, ажилтнууд бидний эрүүл мэндийн төлөө сайн ажиллаж байгаа. Харин иргэд бид эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтарч, хавсарч ажиллавал аливаа өвчин, эмгэгээс сэргийлэх, ялах боломжтой.
-Манай хамт олон өөрсдөөс хамаарах бүх боломж нөөцийг хүртээмжтэй, чанартай хүргэхийн төлөө ажилладаг. Өглөө, өдөр, шөнө гэлтгүй хагалгаа хийж, цуцахгүй ажилладгийг иргэд ойлгодогт талархдагаа хэлье. Хавдар бол минут, цагаар өсөж, үржиж, томордог өвчин учраас хором алдвал үр дүнд асар их нөлөөлдөг. Тиймээс л эрт илрүүлэгт хамрагдаж, өвчинтэй, эсэхээ мэдэж, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсье. Ийм ч учраас эмчилгээ, үйлчилгээнд хамрагдахаар нэг сар хүртэл хүлээх, өвчинд шаналсан хүмүүсийг эмчилж, аврахад ХСҮТ-ийн өнөөгийн нөхцөл байдал багагүй нөлөөлж буйг төр, засгийнхан болгооно биз ээ.
Тэмдэглэсэн Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ