Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн доктор, профессор, зөвлөх инженер, Монгол Улсын Гавьяат багш Ч.Чулуунтай ярилцлаа.
-Таны геологич болсон түүхээс яриагаа эхлэх үү, яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Би Өмнөговь аймгийн Манлай сумд төрсөн. Багаасаа малын захад байж, газар шороотой ойрхон өссөн гэж болно. Дунд сургуулиа төгсөөд гадаадад чулуу, нүүрсний геологийн чиглэлээр суралцах хуваарь авсан ч ар гэрийн байдлаас болж явж чадаагүй. Тэгээд МУИС-д 1964-1969 онд геологич мэргэжлээр сурч, төгсөөд геологийн зураглалын хичээлээр сургуульдаа багшлах болсон. Түүнээс хойш 50 жил багш гэдэг алдраар дуудуулж яваа товч түүхтэй хүн дээ.
-Геологич мэргэжлийн онцлог юу вэ?
-Геологич гэдэг бол Монголоор газар шинжээч гэсэн үг. Өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн чадвараар газрын сөөм нэг бүрийг шинжиж, тодорхойлж, дүгнэлтдээ үндэслэн эрэл, хайгуул хийдэг. Тэр эрлийн дүнд уул уурхайн аж үйлдвэр босдог юм. Мөн геологчидыг газрын түүхийг уншиж, бичиж байдаг байгалийн түүхчид гэж хэлж болно.
-Геологийн шинжлэх ухаан манайд хэр хөгжиж байна гэж та үзэж байна вэ?
-Манай улсад эл салбар үүсээд 80 жил болсон. Гэхдээ 1945 онд л анхны геологич мэргэжилтэн ОХУ-д сургууль төгсөж ирсэн байдаг. 1960 хүртэл Орост мэргэжил эзэмшүүлж байгаад дотооддоо бэлтгэдэг болсон. Түүнээс хойших 20-25 жилийг манай салбарын оргил үе гэж хэлж болно. Мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэн, ихэнх хичээлээ орос хэлээр зааж, Хойд хөршийн их, дээд сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалуулдаг байв.
ОХУ өргөн уудам нутаг дэвсгэртэй, газрын хэвлийдээ маш олон төрлийн эрдэс бодистой тул дэлхийн геологичдын дурладаг газруудын нэг гэж хэлж болно. Сайн ч боловсрол эзэмшүүлнэ. Манай ахмад геологичдын ур чадвар хэнээс ч дутахгүй байдаг нь үүнтэй холбоотой. Харин 1990 оноос хойш геологийн салбар уналтад орж, төрийн бодлого алдагдсан.
Ямар сайндаа 1990-ээд оны дундуур залуус төрийн эрхэнд гарчихаад, геологийн салбарынхныг хэрхэхээ мэдэхгүй “Тэд чинь хөдөө гадаа яваад байдаг хүмүүс биз дээ” гэлцэн одоогийн ХХААХҮЯ-ны харьяанд геологийн алба байгуулж байсан хошин түүх ч бий. Одоо байдал арай дээрдсэн ч төдийлөн сайнгүй, урт “настай”, арвин нөөцтэй шинэ орд илрүүлж чадаагүй, үүнд төрийн бодлого дутсан хэвээр байна.
-Их нөөцтэй, шинэ орд илрүүлэхэд юу хэрэгтэй байдаг вэ. Геологийн судалгаа нь ашиглалт, олборлолтоосоо 10 жилээр түрүүлж явах ёстой гэдэг байх аа?
-Тухайн бүс нутгийн хөрсөнд юу байна, юу байж болохыг анхан шатны байдлаар хэдэн зуун жилийн өмнө ч мэдэж болно. Тухайлбал, одоогоос 200 гаруй жилийн өмнө Говь түшээ гүний хошууны дархчуул шатамхай, хар чулууг дарх хийхдээ ашигладаг байсан тухай мэдээ бий.
Түүнийг нь 1864 онд Монгол орноор аялж явсан америк геологич хараад нүүрс гэдгийг нь тайлбарлаж өгсөн байдаг. Нүүрс гарч, ашиглаж байсан тэр газар нь одоогийн Тавантолгойн бүлэг орд юм. Тухайн газар нутагт ямар ашигт малтмал байж болох талаар анхан шатны шинж тэмдгийг геологчид судлан, баталгаажуулж, зураглал, эрэл, хайгуул хийдэг.
Ашигт малтмал илрүүлсэн талбайн яг аль хэсэгт, ямар хэмжээ, ямар өнцгөөр өрөмдвөл түүнд хүрэх, улмаар ямар зураглалаар явбал бүрэн ашиглаж болох талаар нарийвчлан тодорхойлох хэрэгтэй. Энд 10-15 жил зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө мөнгө ч их зарцуулна. Түүнээс энд тийм зүйл байгаа гэсэн таамаг, үл ялиг шинжээс шалтгаалан мина хайгч буюу одоогийнхоор металл илрүүлэгч ашиглан газрын хэвлийг ухаж сэндийчих нь үнэхээр байж боломгүй явдал.
-Манай улс газар нутгийнхаа хэдэн хувьд хайгуул хийж, зураглалыг нь гаргасан бэ?
-1990 он хүртэл бид оросуудын тусламжтайгаар геологийн эрэл хайгуулыг идэвхтэй хийж байсан. Энэ хугацаанд л одоо ашиглаж буй томоохон ордуудыг нээж, илрүүлсэн хэрэг. Тэр үед ихэнх нутгийг хамруулсан 1:200 000 масштабтай зураг гаргасан байдаг. Гэхдээ эл нарийвчлал хангалтгүй.
Бидэнд 1:50 000, түүнээс ч нарийн хэмжээтэй зураг хэрэгтэй. Одоогоор 1:50 000 нарийвчлалтай зурагтай талбай манай улсын нийт газар нутгийн 40 орчим хувийг эзэлж буй. Манай сургуулийн багш, оюутнууд жил бүр УУХҮЯ-ны захиалгаар геологийн зураглал хийдэг. Энэ хүрээнд сүүлийн гурван жил 4000 ам км-ийг хамруулсан 1:50 000-ны масштабтай зураг гаргажээ. Жилд ийм хэмжээтэй зураг гаргана гэдэг бол хангалтгүй тоо.
Энэ ажлыг ахицтай үргэлжлүүлэхийн тулд улсаас нэлээд хөрөнгө гаргах шаардлагатай. Бид болж өгвөл бүх нутаг дэвсгэрээ хамруулсан өндөр нарийвчлалтай геологийн зургийг ойрын 10-15 жилд гаргах ёстой. Үүний үндсэн дээр хаана, хэзээ, ямар ашигт малтмалын ордод гүнзгийрүүлсэн эрэл, хайгуул хийх талаар төсөөлөлтэй болно.
-Манайд боловсон хүчин хангалттай бий юү?
-Боловсон хүчин, хүний нөөц хангалттай бий. 1990-ээд оноос өмнө техник, технологийн хөгжил муу байсан ч манай геологчид ур чадвар, мэдрэмж сайтай байж. Ямар ч чулуулгийн бүтцийг харж, барьж үзээд хэлж чаддаг, тэр нь лабораторийн дүгнэлтээс төдийлөн зөрдөггүй байв.
Одоо ч ийм чадвартай геологич олон бий. Сүүлийн үед манай улсад ашиглаж буй том ордуудад өндөр технологи нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр оюутнууд ч дадлагажин, улам сайжирч байгаа. Ерөнхийдөө ШУТИС, МУИС геологи, уул уурхайн сургалтын төв болж байгаа ч хувийн цөөнгүй сургууль энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг.
АНУ, Канад, Австралид мэргэжлээрээ ажиллаж буй олон залуусаас харахад аль ч сургуулийн төгсгөсөн боловсон хүчин ажил, мэргэжилдээ хэнээс ч дутахгүй байна.
-Олборлож, зарж үрж болохгүй ашигт малтмал гэж бий юү?
-Нөхөн сэргээлтийг сайн хийгээд явбал ашиглаж болохгүй эрдэс бодис гэж үгүй. Одоогоор манайд алт, зэс, нүүрсийг түлхүү ашиглаж байна. Нүүрсний хувьд түүхийгээр нь экспортлох тийм ч сайн арга биш. Нүүрс бол химийн олон С
төрлийн нэгдлийг агуулж байдаг баялаг түүхий эд. Түүнийг аль болох боловсруулж нэмүү өртөг шингээж зарах хэрэгтэй л гэж боддог. 1980-аад онд намайг хойд хөршид эрдмийн зэрэг хамгаалж байхад XXI зуунд нүүрсийг хатуу хэлбэрээр нь түлэх нь гэмт хэрэг гэж байсан. Орчинд үзүүлэх хор нөлөө болон химийн салбарын чухал түүхий эдийг шууд шатааж байна гэдэг утгаар нь тэгж хэлж байсан болов уу.
-Одоо ашиглаж буй томоохон ордуудын геологи хайгуулын ажилд та оролцож байв уу?
-Өөрөө болон шавь нартайгаа Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэтийн овоо, Салхитын орд гээд бүх том ордын судалгааны ажилд оролцож, зөвлөж байлаа. Одоо ч багшлахаас гадна жилийн жилд геологийн зураглал хийдэг. Сүүлийн хагас зуун жил энэ салбарынхаа “тогоонд” бужигнаж яваагийн хувьд олон талын мэдээлэл, мэдлэгтэй болсон байх.
-Монголд бүх төрлийн ашигт малтмал бий гэдэг. Энэ нь газар зүйн байршил, онцлогтой холбоотой юу?
-Манай бүс нутаг Уралын нуруу болон Агнуурын тэнгис орчмын газартай нэг судалтай гэж үздэг. Энэ нь дэлхийн хамгийн олон төрлийн, хамгийн баялаг ашигт малтмал бүхий газ рын судлуудын нэг гэж ойлгож болно. Өргөн уудам, эх газар эзлэн оршдог эл бүс нутагт Д.Менделеевийн үелэх системд байдаг бүх элемент, геологийн салбарт олж нээсэн эрдэс бодис бүгд бий. Монголоос өөр хаана ч байхгүй урьд өмнө судалж, нээгдээгүй ашигт малтмал ч цөөнгүй байгааг шинээр тэмдэглэж, нэрлэсэн байдаг.
-Таны бодлоор нүүрс, алт, зэсээс өөр ямар ашигт малтмалд улс анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?
-1970-аад онд Уралын нуруунаас Номхон далай хүртэлх газар тариалангийн бүсийг Монголын фосфороор тэжээх боломжтой гэж байсан юм. Учир нь дэлхийн хаана ч байхгүй бордоо үйлдвэрлэх боломжтой фосфоритын арвин нөөц манайд бий. Түүнийг зөв ашиглаж чадвал ядаж хоёр хөршөө хангаад байх боломжтой. Мөн уран, гянтболд буюу вольфрамын хайгуул, олборлолтын салбарт хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Дэлхийд электроникийн салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед газрын ховор элементийг ашиглах талаар ч анхаарах хэрэгтэй.
-Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Манайх газрын тосны хязгаарлагдмал нөөцтэй, өндөр өртөгтэй үйлдвэр бариад ашиггүй гэх хүмүүс бий. Энэ талаар юу гэх вэ?
-Урьдчилсан таамгаар Зүүнбаянгаас гадна Увс нуурын хотгорын ай савд газрын тос байгаа. Ерөнхийдөө нөөц төдийлөн их биш ч хэрэглээгээ хангаад явах хэмжээнийхийг олборлоод байж дөнгөнө. Мөн тасралтгүй хайгуул хийн, хэмжээг нь тодорхойлж байх шаардлагатай салбар бол энэ. Ингэснээр тухайн ордын нөөц дуусахад өөр хаашаа шилжин, хайгуул хийвэл үр дүнд хүрэх талаар төсөөлөлтэй байна гэсэн үг.
-Та 50 гаруй жил багшлахдаа ер нь хэдэн шавьтай болов?
-4000 гаруй шавь төрүүлсэн юм билээ. Магистр, докторын зэрэгтэйг нь оролцуулбал түүнээс их тоо гарах байх. Миний шавь нарын дунд төрийн дээд шагнал, одон медаль хүртсэн хүн ч цөөнгүй бий. Дэлхийн 6-7 улсад мэргэжлээрээ ажиллаж байна. Багш хүний хувьд шавь нарынх нь амжилт, бүтээл хамгийн их сэтгэл догдлуулсан зүйл байдаг. Манай шавь нар болон үе үеийн геологчид дэлхийн хаана ч ур чадвараараа дутахгүй гэдгийг л ахин хэлье.