Тамирчин бүхэн олимп, дэлхийн дэвжээнд өрсөлдөх, түрүүлэхийг мөрөөддөг. Тэгвэл авто спортынхны хамгийн өндөр оргил нь яах аргагүй “Дакар ралли”. Эл уралдаанаас медаль хүртэх нь битгий хэл барианд орно гэдэг нь л нэр төрийн хэрэг, том амжилт.
“Дакар ралли”-д монголчууд оролцоод удаагүй ч чамлахааргүй амжилт гарган, тэр ч бүү хэл медалийн үзүүрээс атгах болсон. Өнөө жил Перу улсын нутаг дэвсгэрт, 5000 км зам туулан, 10 өдөр үргэлжилсэн уралдаанд Монголоос дөрвөн дугуйтаар оролцсон манай тамирчид UTV ангилалд хүрэл медаль хүртэн, автомашиныхад 32 дугаар байрт шалгарсан юм.
Авто спорт өндөр хөгжсөн оронтой харьцуулахын аргагүй нөхцөлд бэлтгэл хийн, бор зүрхээрээ зүтгэсээр зорилгодоо хүрсэн Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн бямба гарагт эх орондоо ирэв. Улсынхаа анхдагч болж, монгол тамирчид “Дакар ралли”-д чамгүй амжилт гаргах боломжтойг нотолсон тэд төрсөн ах, дүү.
Манай багийн бүрэлдэхүүнд жолоочоор Ө.Бямбацогт, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, механикчаар Б.Баттөр, сэтгүүлчээр “Бээжин-2008”, “Ванкувер-2010” олимпын наадмыг сурвалжилсан туршлагатай, спортын сэтгүүлч мэргэжлээр 10 дахь жилээ ажиллаж буй Б.Онон нар багтсан юм. Түүхэн амжилтын эзэн болсон Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нартай ярилцлаа.
-Та хоёр өмнө нь “Дакар ралли”-д оролцсон туршлагатай. Энэ удаа хамт уралдах санаа хэрхэн төрсөн бэ?
Ө.Бямбадэлгэр: -Бид хоёр өмнө нь өрсөлдөгч байлаа. 2011 оноос Монголынхоо тэмцээнд хамт оролцох болсон. “Дакар ралли”-д хамт хурд сорихыг олон жил мөрөөдсөн ч боломж бүрдэхгүй байсаар өдий хүрлээ. Эл уралдаанд оролцоход ур чадвараас гадна санхүү, бэлтгэл, хамтын ажиллагаа чухал. Бид хоёр 2015 онд “Дакар ралли”-д өөр, өөр багийн бүрэлдэхүүнд оролцсон. Эх орондоо ирснийхээ дараа ярилцаж байгаад хамт хурд сорихоор шийдсэн юм. Түүнээс хойш бэлтгэл ажлаа ханган, төлөвлөж байгаад уралдлаа.
Ө.Бямбацогт: -Тэгэхээр дөрвөн жил шахам хугацаанд техник хэрэгслээ бэлдэн, бэлтгэлээ хангаж байгаад уралдсан гэсэн үг. Бид хоёр л уралдаж байгаа юм шиг харагдах ч үнэндээ тийм биш. Олон хүний хөдөлмөр, зүтгэлээр эл амжилтад хүрлээ. Зөвхөн бид хоёрын бус, бүгдийнх нь амжилт юм шүү.
Ө.Бямбадэлгэр: -“Дакар ралли”-д уралдахад олон жилийн бэлтгэл, хугацаа их шаарддаг юм байна. Бид хоёрын уралдаан одоо ч дуусаагүй байгаа шүү дээ.
-Энэ тухайгаа тодруулахгүй юу?
Ө.Бямбацогт: -Тэмцээнд хөлөглөсөн автомашинаа гуравдугаар сарын эхээр Францаас эх орондоо унаж авчирна. Тэгэхэд л бид хоёрын уралдаан дуусна.
-10 дахь өдөр уралдаанаа дуусган, барианд амжилттай ороод гүнзгий амьсгаа авах мөчид юу бодогдох юм бэ?
Ө.Бямбадэлгэр: -Үнэхээр их баярласан. Дүүтэйгээ хамт шагналын тавцанд зогсоход үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрлөө.
Ө.Бямбацогт: -Биднийг дэмжсэн олон хүний итгэлийг хөсөрдүүлэх вий гэж санаа зовсон. Барианд ороход ахдаа “Бид чадлаа” гэж хэлсэн.
-Бусдаас хэчнээн олон цагаар тэргүүлж явсан ч өчүүхэн алдаанаас болж бүх зүйл талаар болох эрсдэлтэй. Алдаа гаргахаас болгоомжлон, шахаж уралдаагүй тал бий юү?
Ө.Бямбацогт: -Байгаа. Дөрвөн жил гаруй бэлдэж, их хэмжээний мөнгө зарцуулан байж оролцсон болохоор ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээс болгоомжилсон. Хэрвээ “Дакар ралли” Монголтой ойрхон болдог байсан бол байраа урагшлуулахын тулд хамаагүй шахаж уралдах байсан. Гэтэл тийм биш болохоор юу юунаас илүү барианд амжилттай орохыг чухалчиллаа. Ер нь эрсдэлийг маш сайн тооцож, няхуур уралдсан. Хэтэрхий улайрч, гүйцэх гэж уралдаад онхолдвол юу болох вэ. “Дакар ралли”-г дуусгах боломжгүй болохоос гадна амиа ч алдах эрсдэлтэй.
Ө.Бямбадэлгэр: -Ер нь уралдааны үеэр юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Хурдан давхихыг уралдаан гэхгүй. Аль саадыг яаж туулж, хэрхэн ухаалаг уралдахаас бүх зүйл шалтгаална.
Ө.Бямбацогт: -“Дакар ралли” дуусах дөхөх тусам өрсөлдөөн улам ширүүссэн. Бид хоёр тэмцээний эхний өдрүүдэд байраа нэжгээд ахиулж байв. Гэтэл тэгж чадахаа больж, өдөрт арайхийж 2-3-ыг гүйцэх болсон. Эрсдэл гаргахаас болгоомжилж, хянуур уралдсан нь үүнд нөлөөлсөн тал бий.
-Аль өдрийн уралдаан хамгийн хэцүү, бартаатай байв?
Ө.Бямбадэлгэр: -Сул шороо их, чулуутай замаар хурд сорьсон дөрөв дэх өдрийн уралдаан. “Дакар ралли”-д түрүүлсэн цөөнгүй тамирчин толгой сэгсэрч “Өнөөг хүртэл ийм замаар уралдаж үзээгүй” гэж гайхаж байсан.
Ө.Бямбацогт: -Тэр өдрийн уралдаан ч ёстой тэвчээрийг минь шалгасан шүү. Бид хоёр нээрэн, үүлнээс ч өндөр манхан дундуур хүртэл уралдсан.
-Ойролцоогоор хэдэн метр өндөр бол?
-Өө, тэр ёстой дуу алдмаар юм билээ. Яг тэд гээд тодорхой хэлж чадахгүй нь. Тал нь үүлнээс дээш гарсан өндөртэй гээд бодохоор овоо байгаа биз.
-Тийм байна. Уралдааны үеэр осолдох, амиа ч алдах эрсдэлтэй. Та хоёр хурд сорихынхоо өмнө айдаг уу?
Ө.Бямбадэлгэр: -Айдаггүй. Уралдаан бүрт тийм эрсдэл бий. Тэр болгоноос айж, эмээвэл авто спортоор хичээллэх хэрэггүй. Амжилт ч гаргаж чадахгүй.
-Ах, дүү хоёр хамт уралдаад авто спортын олимпод оролцсоноор тань олон хүн бахархаж байна. Уралдааны замд төдийгүй амьдрал дээр биенээ түшиж явдаг хүмүүс хамт өрсөлдөх нь ямар давуу талтай вэ?
Ө.Бямбадэлгэр: -Авто спортын тамирчид бие биетэйгээ богино хугацаанд ойлголцох нь их чухал. Би дүүгийнхээ хэлэх гэж байгаа үг, хийх гэж буй үйлдлийг нь бусдаас илүү мэддэг. Ойлголцоход хамаагүй амар байдаг. Хэр баргийн юман дээр буруу ойлголцдоггүй. Энэ тал дээр ёстой санаа зовдоггүй.
-Авто спорт өртөг өндөртэй. “Дакар ралли”-д уралдахдаа хэчнээн төгрөг зарцуулав?
-Ө.Бямбацогт: -Ойролцоогоор 500 гаруй сая төгрөг. Зардлынхаа 70 хувийг нь бид хоёр өөрсдөө гаргасан. Бусдыг нь ивээн тэтгэсэн байгууллагын дэмжлэгээр бүрдүүллээ.
-Ийм өндөр зардлаар эл уралдаанд оролцохын ач холбогдол юу вэ?
Ө.Бямбадэлгэр: -“Дакар ралли” дэлхийд алдартай уралдаан. Монголчууд эл уралдаанд амжилт гаргах боломжтойг харуулахыг зорьсон. Үүндээ ч хүрлээ. Эх орноо дэлхийд тодорхой хэмжээнд сурталчилж чадсан байх.