2020 оны УИХ-ын сонгуульд нэр цэвэр, зөв хүмүүсийг зохион байгуулалттайгаар бие даан нэр дэвшүүлэх “Электорат” буюу “Сонгогч” хөдөлгөөн байгуулах саналаа нийтлэлч Баабар тэргүүтэй хүмүүс илэрхийлээд буй. Энэ хөдөлгөөний талаар хуульч Д.Миеэгомботой ярилцаж, байр суурийг нь сонслоо.
-Баабар нарын санаачилсан “Электорат” хөдөлгөөний талаар та сонссон уу. Тэдний ярьж байгаа зүйл танд хэр боломжтой харагдаж байна вэ?
-Энэ сэдвээр ярихын өмнө хэд хэдэн зүйл хэлмээр байна. Нийгэмд яагаад ийм хандлага бий болов гэдгийг ярих ёстой. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар парламентын бүгд найрамдах төрийн хэлбэрийг тогтоосон. Төрийн энэ хэлбэрт төрийн мэргэшсэн алба, улс төрийн нам гэсэн хоёр институц их чухал нөлөөтэй. Үүнийг төрийн эрх мэдэл хуваарилах онолоос тусад нь ойлгох нь зүйтэй.
Гэвч улс төрийн намын өнөөгийн байдал нь төр зорилго, чиг үүргээ хэрэгжүүлж, сайн засаглаж, нийт улс, иргэдийн амьдралд үр нөлөөгөө өгч чадахгүй байна. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Ялангуяа хууль тогтоогчид буюу улстөрчид, намыг удирдаж байгаа хэсэг яг энэ хэвээр нь байлгаж, ийм бурангуй хэлбэрээр нь үргэлжлүүлэхийг хүсэж байна.
Өөрөөр хэлбэл, парламентын засаглал бүхий төрийн нэг тулгуур багана болсон намын эрх зүйн орчныг шинэчлэхийг огт хүсэхгүй байна гэсэн үг. Өнөөдөр төрийн албыг нам өөрөө худалдаж байна. Нам нь төрийн дээр гарчихсан байдалтай. Удирдлагууд нь төрийн албыг бүхэлд нь хянадаг. Удирдлага гэж намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг хэлж байна. Намын дарга яах вэ, УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайд болдог.
Албан тушаалаараа дамжуулан төрд тодорхой нөлөөтэй. Гэтэл ерөнхий нарийн бичгийн дарга нь улс төрийн албан тушаалтнуудыг бараг бүхэлд нь удирдаж байна шүү дээ. Тэр байтугай төрийн захиргааны дээд албан тушаалтан болох Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж, удирдаж байна.
Үүгээрээ ашиг хуваарилдаг, төсвийн хөрөнгийг захиран зарцуулдаг, ЖДҮХС-гаас албан тушаалтнууд зээл авсантай адил давуу байдлыг тойрон хүрээлэгчдэдээ бий болгох замаар намаа санхүүжүүлдэг механизм, ер нь бүх л холион бантан үүний цаана бий. Үүнийг өөрчилье гэж хүссэн бол хангалттай хугацаа байлаа шүү дээ.
НАМЫГ ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЛГАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУЦИЙН ЗҮГЭЭС ОГТ ХҮСЭЖ БАЙГААГҮЙ
-Нам яагаад ийм байдалтай болчихов?
-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл шинэчлэн батлах ажил бараг хоёр парламент дамжсан ч тодорхой шийдэл олж, урагшилсан зүйл алга. Намын өнөөгийн эрх зүйн орчинд шүүх чухал нөлөөтэй. Одоогийн мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд 2005 онд оруулсан өөрчлөлтөөр намын дотоод маргаанд шүүх оролцохыг хориглосон.
Энэ нь иргэний нийгмийн хамгийн чухал байгууллага болсон намд их эрх чөлөө өгсөн мэт харагдаж болох. Гэхдээ намын дотоод асуудал хурцдаж, Үндсэн хуулиас тогтоосон хэмжээ, хязгаараас давбал шүүх хазаарлах боломжгүй, дур зоргоор аашлах нөхцөл бүрдүүлчихэж байгаа юм.
Нөгөө талаас Улсын дээд шүүхийн онцгой гэмээр эрхүүдийг Улс төрийн намын тухай хуульд заачихсан. Өөрөөр хэлбэл, намыг анх байгуулахаас авхуулаад үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлт, даргыг нь бүртгэх, татан буулгах гээд бүгдийг нь Дээд шүүх хийж байгаа. Гэтэл үүнийгээ зөвхөн бүртгэх бус, баталгаажуулах эрх болгож хэрэглээд байх шиг. Бүртгэлийн энэ үйл явцыг эрүү, иргэн, захиргааны хэргийн процесс шиг нарийн журамлаагүй. Аливаа харилцааг нарийн журамлалгүйгээр бүрэн эрх өгөх нь “онцгой бүрэн эрх” буюу “дур зорго” гэдэгт дөхүүлчихэж байгаа юм.
Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгчийн институц нь Шүүхийн захиргааны тухай хуулиар шүүхийг бүрэн хянадаг болчихсон. Энэ нь нам байгуулах, шинэчлэх, бүртгэх, дотоод шинэчлэл, өөрчлөлт, тэр байтугай татан буулгахад нь Ерөнхийлөгч шүүхээр дамжуулан шууд нөлөөлөх бололцоо бий болгож буй. Шүүхийн ерөнхий зөвлөлийг дангаараа байгуулах Ерөнхийлөгчийн эрх Үндсэн хуульд ч байхгүй шүү дээ.
Эндээс Ерөнхийлөгч төрийн удирдлагад гүнзгий оролцох, эрх мэдэл, нөлөөллөө дээшлүүлэхээр байнга чармайж, ердийн хуулиудаар өргөн эрх олж авч байна.Үе үеийн Ерөнхийлөгч нар намыг хагалдаг. Жишээ нь, аль ч Ерөнхийлөгч өөрийг нь анх дэвшүүлсэн намтайгаа муудалцаад л албан тушаалаасаа буудаг. Намыг эв нэгдэлтэй, хүчтэй, үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй, ил тод санхүүжилттэй байхыг Ерөнхийлөгчийн институцийн зүгээс огт хүсэж байгаагүй гэхэд болно.
Ерөнхийлөгч хүч, нөлөөгөө тэлж, улсыг удирдахад илүү их оролцох сонирхолтой байна шүү дээ. Түүнийг мөрийн хөтөлбөртэйгөөр ард түмэн сонгодогтой ч холбоотой биз. Энэ мэт нөхцөл нь өнөөгийн байдлыг нэг талаас өдөөж, дэвэргэж, эрх зүйн орчныг нь шинэчлэхгүй байх бас нэг шалтгаан болж байна.
1992 оны Үндсэн хуульд намыг төрд үүрэг гүйцэтгэж байгаа институцийнх нь хувьд томьёолж багтааж чадаагүй юм. 1960 оны Үндсэн хуульд “МАХН бол удирдан чиглүүлэх хүч мөн” гээд нэг намыг шууд тунхаглачихсан байсан. Үүнээс татгалзаж, олон намын тогтолцоог бий болгохын тулд 1990 оны гуравдугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ үед нийгэм МАХН-аар намыг төсөөлж, маш их харлуулж байлаа. Бодитой зүйл ч байсан л байх.
Гүтгэсэн, дэвэргэсэн нь ч бий. Тухайн үед хуучин Улс төрийн товчооны гишүүдэд тойрон хүрээлэгчдийн хэрэг гээчийг үүсгэчихсэн. Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлж, төсвөөс завшсан, тусгай эрх ямба эдэлж байсан гэж шүү дээ. Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж, батлах явцад энэ бүх нөхцөл бүрдчихсэн байсан учраас тухайн үедээ нам гэдэг зүйлээс цэрвэсэн хандлага ажиглагддаг.
Тиймдээ ч Үндсэн хуульд намын талаар дахин дурдаж, үүрэг, оролцоог нь өндөр болгочих вий, төрийн дээр гарчих байх гэсэн болгоомжлол байжээ. Намын талаар Үндсэн хуулийн “Хүний эрх” буюу хоёрдугаар бүлэгт зурвас тусгасан. Энэ бүлгийн суурь нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт юм. Түүний хүрээнд хүний эрхийн хэсгийг томьёолжээ. Тодруулбал, “Улс төрийн эрх, эрх чөлөө” хэсэгт эвлэлдэн нэгдэж, нам байгуулах эрхтэй гэх агуулгаар л тусгасан.
Парламентын бүгд найрамдах төрд намын гүйцэтгэх үүргийн талаар түрүүнд дурдсан шүү дээ. Намын бодлого төрийнх болж хэлбэрждэг. Тэндээс шилж, сонгосон хүмүүс, боловсон хүчин нь төрийн бодлогыг тодорхойлоход шууд оролцдог. Гэтэл ийм институцийг ямар хэмжээ хязгаарт, юуг нь хориглож, юуг нь дэмжих вэ, нам ямар үзэл онол, зорилготой байх вэ, тэр нь Үндсэн хуулийн зорилго, агуулгатай хэрхэн нийцэх вэ гэдгийг Үндсэн хуульд заасангүй. Ийм нэг нөхцөл бас бий.
“МАФИ” ГЭЖ ТОДОРХОЙЛООД БАЙГАА ЗҮЙЛ РҮҮ АН, МАН ДӨХӨЖ ОЧСОН
-Парламентын бүгд найрамдах төрийн нөгөө багана гэж таны нэрлэж байгаа төрийн мэргэшсэн алба бас манайд алга.
-Төр, нам хоёр, өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албыг улс төрийнхөөс зааглалгүй, холиод ирэхээр л болохоо байчихаж байгаа юм. УИХ-ын гишүүнээс буугаад яамны Төрийн нарийн бичгийн дарга болчихож байна шүү дээ. Бизнес эрхэлж байгаад УИХ-д сонгогдсон тэр хүн шууд Төрийн нарийн бичгийн дарга болчихож байгааг юу гэж ойлгох вэ. Уг нь зарчим ёсоор тэр хүн төрийн албанд орвол хамгийн доороос эхлэх ёстой.
Улстөрч байх уу, төрд зүтгэх үү гэдэг замналаа эрт салгах ёстой, эргэж нийлэхгүй байсан нь дээр. Өнөөдөр төрийг нам дөрөв, дөрвөн жилийн настайгаар байгуулаад буй нь бид хөгжихгүй байгаагийн шалтгаан. Төрийн мэргэшсэн албаны потенциалыг нам, шуудхан хэлэхэд, 76 гишүүн өөрсдийнхөө дагуул, гар хөл болсон хүмүүсээр бүрдүүлж байна. Яг хэрэг дээрээ дөрөв ч биш, нэг, хоёр жилийн “настай” Засгийн газрууд солигдох тоолондоо төрийн албыг дахин шинээр эмхэлж байна. Үүнийг зөв шийдэхгүйгээр бидэнд ирээдүй байхгүй дээ.
Тэгээд ч зогсохгүй улстөрчид, явцуу сонирхол бүхий эдийн засгийн бүлэглэлүүд хийсэн нүглээ, ирээдүйд хийх хууль бус үйлдлээ халхлахын тулд хууль хамгаалах тогтолцоог бүхэлд нь худалдаж авч, нурааж, өөрийн хүмүүсээр дүүргэдэг. Энэ үйл явц 1990-ээд оны дунд үед анх цагдаагаас эхэлсэн. Улсыг аюулаас хамгаалах газрыг татан буулгаж, ТЕГ болгон өөрчилсөн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Шүүхийн захиргааны хууль баталснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг Ерөнхийлөгч томилж байна.
Шүүгчийг сонгон шалгаруулах, огцруулах, тэр байтугай хаана ажиллуулах, сэлгэх, мэргэжил, чадварыг нь шалгаж үнэлэх бүх эрх Шүүхийн ерөнхий зөвлөлд бий. Үүнийг буруу гэж шууд хэлэхгүй. Гэхдээ уг зөвлөлийн таван гишүүнийг хэдийгээр өөр өөр байгууллагаас нэр дэвшүүлж байгаа ч Ерөнхийлөгч ганцаараа томилно гэдэг нь шүүхийг бүхэлд нь хянаж байгаа хэрэг. Үүнийг буруу гэж бодож байна. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийг “улс төрийн байгууллага” болголоо. ТЕГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог жишиг тогтоогоод 2016 оны сонгуультай золгосон шүү дээ.
АТГ-ын даргын томилгоонд ч Ерөнхийлөгч чухал үүрэгтэй. Шүүгч, прокурорыг томилохоос бусад Ерөнхийлөгчийн эрхийг Үндсэн хуульд заагаагүйг дахин тэмдэглэе. Ерөнхийлөгч ийм эрхтэй байх асар их сонирхолтой байгаагаас гадна эдгээрийг хууль болгон батлуулж чадаж байгаа нь түүний хууль тогтоох байгууллагад үзүүлж буй нөлөө их гэдгийг илтгэж байгаа юм. Ингээд өнөөдөр намыг хагалж, парламент нь төрийг удирдах чадавхгүй байлгаж байгаад, цаашид төрийн хэлбэрийг солих оролдлого руу чиглүүлж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, парламентын бүгд найрамдах төрийг Ерөнхийлөгчийнхөөр солих оролдлого юм.
Анх тавьсан асуултад тань ул суурьтай хариулахын тулд энэ бүхнийг ярилаа. Одоогийн тогтолцоог ерөнхийд нь тоймлосон гэх үү дээ.
-Тэгвэл одоо миний анхны асуултад хариулахгүй юу?
-Ийм л учраас үүнийг яаж гэтлэн давах вэ гэж эрэлхийлж байна шүү дээ. Эх оронч улстөрчид, сэхээтнүүд нэгдэж, “Сонгогч” гэдэг хөдөлгөөн байгуулан, нэр дэвшигчдийг гаргаж ирэх юм билээ. Харьцангуй “эрүүл”, мэдлэгтэй хүмүүсээр комисс бүрдүүлж, тэр нь нэр дэвшигчдийг тодруулан, өнөөгийн байдлыг хэрхэн засах талаар хоорондоо ярилцаж, тохиролцох сонирхол Баабар гуайд байх шиг байна. Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн, иргэн Д.Ламжав, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ИЗНН-ын дарга асан С.Оюун, П.Жасрай гуайн Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан Э.Бямбажав, хамба Д.Чойжамц нарын хүмүүс үүнийг санаачилсан гэж сонссон.
-Тэдний санаачилга үр дүнд хүрэх боломж нь хэр бол. Бие даагч талаас нь харвал өнгөрсөн УИХ-ын сонгуульд хамгийн олон хүн бие даан нэр дэвшсэн байх шүү. Гэхдээ нэг нь л сонгогдсон.
-Бие даагчид гарч ирлээ ч ажиллах нь учир дутагдалтай. Улс төрийн нам уг нь хамгийн тохиромжтой нь. Тиймээс намыг шинэчлэх талаар байнга хөнддөг ч улстөрчид үүнийг хүсдэггүй. Хэдийгээр нэр хүндтэй, нөлөөтэй боловч улс төр дэх оролцоо нь хязгаарлагдмал тэдний сонгосон арга зам нь л энэ байх шиг. Байж болох хувилбар л даа. Гэхдээ энэ хөдөлгөөнд итгэхгүй байна.
Тэдэнтэй л адил цөхөрч яваа хүний хувиар санаачилгыг нь зөв, зүйтэй хэмээн дэмжиж байна. Эцсийн эцэст өнөөдрийн тогтолцоог хадгалж үлдье л гэвэл нам, төрийн мэргэшсэн албаны эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн тогтолцоог бүхэлд нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэх ёстой. Үндсэн хууль руу л муу, муухайгаа чихээд байна. Түүнээс манай Үндсэн хууль тийм яахаа алдсан биш шүү. Улстөрчид ёс зүйгүй, хуульгүйгээр аашилж байгаад л бүх учир байна.
-Та яагаад бие даагчдад итгэхгүй байгаа юм бэ?
-Бие даагчид ялаад гараад ирэг. Тэдэнд нэгдсэн мөрийн хөтөлбөр байхгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулж, санаачилж, баталсан хуулиудыг нь ард түмэн яаж хүлээж авах бол. Хоёрдугаарт, гарч ирээд хийж чадна гэх баталгаатай юу. Чадахгүй бол хэнтэй, хэрхэн хариуцлага тооцох вэ. Намтай бол бүхэлд нь хариуцлага тооцох хөшүүрэг бий.
-Тэгвэл яасан нь дээр гэж бодож байна вэ?
-Зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж, өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд нам болж ажиллавал яадаг юм бол. Тэр долоон хүн нийлж нам үүсгэн байгуулаад, “Манайхаас ийм ийм хүн нэр дэвшинэ, мөрийн хөтөлбөр нь энэ” гээд танилцуулбал илүү дээр санагдах юм. Нөлөөлөл нь ч илүү байна.
Дараагийн сонгууль хүртэл бас ч гэж хугацаа байна шүү дээ. Нөгөө талаас бие даагчид дундаа нэг мөрийн хөтөлбөртэй байж болох юм. Хэлбэрийн хувьд нам биш боловч явуулж буй үйл ажиллагаа, үйлдэл нь нам шиг байхуйц гэсэн үг.
-Намуудын нэр хүнд навс уначихсан учраас үүнээс зайлсхийж, хөдөлгөөн байгуулсан байж болох л юм.
-Одоогийн МАН, АН бол үнэндээ нам биш л дээ. Улс төрийн шинжлэх ухааны ойлголтоор нам нь үзэл баримтлал, гишүүд, дэмжигчид, улс орныг удирдах судалгаа, төлөвлөгөө, хөтөлбөртэй, тэр нь хүлээн зөвшөөрөгддөг байх ёстой. Гэтэл эрүүгийн эрхэд “зохион байгуулалттай гэмт бүлэглэл” буюу “мафи” гэж тодорхойлоод байгаа зүйл рүү өнөөдрийн хоёр том нам дөхөж очихоор байна.
Парламентын бүгд найрамдах төрийн хэлбэр нь намаас ил тод санхүүжилт, төр дэх оролцоо нь хэмжээ хязгаартай, нарийн журамлагдсан харилцаатай байхыг шаарддаг. Энэ нь манайд байхгүй. Тиймээс “Сонгогч” хөдөлгөөнөөс томьёолоод байгаа схемээр явахад хүртэл нэр дэвшигчид нэгдсэн мөрийн хөтөлбөртэй байх нь хамгийн оновчтой болов уу.
Тэднээс УИХ-д сонгогдвол шууд төр барих хэмжээнд очно гэхээс илүүтэй эхний ээлжинд парламентад эрүүл уур амьсгал бүрдүүлэх талаас нь харж, горьдож байна. Магадгүй найм, есөөс илүү хүн сонгогдчихвол “Нам байсан бол бүлэг байгуулчихна шүү дээ” гэж харамсах вий гэж бодож байна.
“ЦАГААН СОНГОЛТ”-ЫГ ОРЛОХ ИДЭВХТЭЙ ҮЙЛДЭЛ НЬ БААБАР НАРЫН САНААЧИЛСАН ХӨДӨЛГӨӨН БАЙЖ МЭДНЭ
-“Сонгогч” хөдөлгөөн яг энэ хэлбэрээрээ сонгуульд оролцох хууль, эрх зүйн орчин байгаа юу?
-Чөлөөтэй оролцож болно. Хуулиар хориглосон зүйл байхгүй.
-Сая ярьсан болохгүй, бүтэхгүй байгаагаа засаж, залруулахын тулд яах ёстой юм бэ?
-Юутай ч хувьсгал, мөргөлдөөн хийж болохгүй. Юуны түрүүнд, хүний жам ёсны эрхүүдийг бататгасан хуультай байх ёстой. Тэр нь тэгш, шударга үйлчилдэг байх учиртай. Үүний тулд нам, мэргэшсэн төрийн албыг бие даалган, зааг тогтоох ёстой гээд байна л даа. Ер нь энэ бүхний шийдэл нь сонгогчдын гарт л байгаа.
Сонгогчийн ухамсар, соёл, итгэл үнэмшилд л тулж ирчихээд байна. Улс орны хөгжил “нийгмийн ухамсрын дундаж”-ийн “татах хүч”-нээс уяатай байдаг. Улс орны хөгжлийг устөрөгчөөр дүүргэсэн агаарын бөмбөлөг гэж үзээд, өндөрт хөөрөх тусам сайн гэж төсөөлье. Тэгвэл түүнээс зүүлттэй чулуу нь “нийгмийн ухамсар, соёлын дундаж” юм.
Өөрөөр хэлбэл, бүх асуудал хүн дээр л тулж очоод байгаа биз. “Сонгогч” хөдөлгөөнийхөн ч нэр цэвэр хүмүүс рүү эхэлж хандаад, нөлөөллөө тэлэх замаар нийт сонгогчид хүрч, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө л явж байгаа. Энэ нь нөгөөх “татах хүч”-ийг гэтлэх гэсэн хэрэг. Хүлээн зөвшөөрөгдсөн хэсгээс хүч нөлөөг нь тэлье гэж төлөвлөж байна л даа.
Нөгөө талаас бид сүүлийн 27 жилийн хугацаанд улс үндэстнээрээ хаана, ямар аргаар хэдийд очоод, юунд хүрэх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөө, зорилгогүй явж ирлээ. Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилготой ч тэр нь чухам юу хэлээд байгааг гүн гүнзгий ойлгосон зүйлгүй, ямар замаар хэдийд хүрэхээ мэдэхгүй явна. Ерөөсөө Монголын цорын ганц баялаг бол хүн шүү дээ.
Гэтэл хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилгын хүрээнд монгол хүн өөрөө ямар байх вэ гэдгийг нэгтгэж, томьёолсон зүйл алга. Угтаа энэ нь эрүүл, хүмүүжилтэй, үндэсний онцлогоо шингээсэн, дэлхийд түгээмэл тогтнож байгаа соёл иргэншлийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг, хавтай болсон дэлхийн хамтлагийн нэгэн гишүүн болж амьдарч чадах боловсрол, чадавхтай монгол хүний тухай л ойлголт шүү дээ. Харин хөх толботой төрдөг, эзэн Чингис хааны үр сад гэсэн романтизмаа энэ удаа түр орхих ёстой.
Дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргээ үгүйсгэх гээгүй ч үүнийг өдөр болгон, голдуу архи уухдаа ярьж, сагсуурахаа болих хэрэгтэй. Чингис хааны тухай ярихаар нэг сургаал нь санагддаг юм. “Хүнийг эзэлье гэвэл сэтгэлийг нь эзэл. Сэтгэлийг нь эзэлбэл бие нь хаачих вэ” гэсэн сургаалыг өнөөгийн төр, засаг умартсан нь харамсалтай. Монгол хүн хаанаас гараад өнөөдөр хэн болов, айдаг ичдэг, үнэлж хүндэлдэг, зорьж хүсдэг зүйл нь юунаас юу болчихов, цаашид эдгээр нь юу байх вэ гэдгийг судлахгүй, боловсруулахгүй, үүнийг таньж тусгаж төлөвлөхгүй байна л даа, энэ төр.
Ард түмэн ухаантай. Мөнгөөр сонголтоо худалддаг гэж тэднийг шүүмжилдэг. Тэр хүний мөнгөний хэрэгцээг давсан сонголт байхгүй байгаад л учир нь бий. Сонгуульд АН, МАН гэсэн хоёр хулгайч гараад ирэхээр арай ахиу мөнгө өгснийг нь л сонгочихож байгаа юм. Үнэхээр итгэл үнэмшил, сэтгэлийг нь эзэмдсэн, бодлоготой, зорилготой, ёс зүйтэй хүн, хүч гарч ирвэл ард түмэн сонголтоо хийхэд бэлэн байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хар л даа. МАН-аас нэр дэвшигчийн талд одоогийн тогтолцоо, төр тэр чигээрээ үйлчилсэн гэж би хардаг.
Тийм байхад ард түмэн өөр хүн гаргаж ирж чадсан. Харин гарч ирсэн хүн нь ярьж байсан шигээ ажиллаж байгаа юу, ажиллах уу гэдэг нь тусдаа асуудал. Энэ нь ард түмэн улстөрчдийн төсөөлдөг шиг тийм ч мунхаг биш гэдгийг харуулж байгаа юм.
-Сүүлийн сонгуулиудад “Цагаан сонголт” буюу хэнийг ч сонгохгүй байх явдал нэлээд газар авсан шүү дээ.
-“Цагаан сонголт” яг зөв, байгаа оносон үйлдэл биш. Эс үйлдэл буюу юу ч хийхгүй байснаараа төрд нөлөөлнө гэж яриад байгаа юм. Үр дүн нь юу юм бэ. “Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж үзсэнээс барилдахгүй байсан нь дээр” гээд хэвтэж байгаатай л адил шүү дээ. Яах вэ, “нүгэл хийхэд оролцсонгүй” гэж бүтэн нойртой байж болох юм.
Өнөөгийн төрийн тогтолцоог боловсронгуй болгоход илүү идэвхтэй, ухамсартай сонголт л хэрэг болохоос бус, хэнийг ч сонгохгүй, оролцохгүй байх нь дэндүү их өртөгтэй тусна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдлыг бодох хэрэгтэй байх. Хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн байсан шүү дээ. Гэхдээ “Цагаан сонголт” нэг хүний шийдвэр байж болох ч нийгмээрээ ийм шалтгаанаар сонгуулиас зугтаж болохгүй. Ардчилал бол дэглэм. Өдөр тутам биднээс хариуцлага, хүчин чармайлт нэхдэгийг л ойлгох ёстой.
Магадгүй “Цагаан сонголт”-ыг орлож гарч ирэх идэвхтэй үйлдэл нь Баабар тэргүүтэй хүмүүсийн санаачилсан энэ хөдөлгөөн байж мэднэ. Энэ бол Монголын нөхцөл байдлыг сайн ойлгосон, хавьгүй идэвхтэй үйлдэл. Эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг, ухаалаг хүмүүс, улс үндэстний хувь заяа, нэгэн түүхэн үе солигдох энэ цаг мөчийг зөв мэдэрсэн учраас муухайгаар хэлэхэд, үхэхээсээ өмнө өнгөрсөнд бий болгосон нэр хүнддээ дулдуйдан, нийгмийн хариуцлагаа үүрээд, хулгайч нарын гараас Монголыг салгах ёстой гэсэн хувь хүний бодол, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн үүнийг хийж яваа болов уу. Би тэдэнтэй уулзаж, ярилцаж үзээгүй болохоор ингэж л тааж байна.