Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим зүйл тодрууллаа.
-Та Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарын оронд өөр хүмүүсийг Элчин сайдаар томилуулах санал гаргасан. Шалтгаан нь юу вэ?
-Тэднийг татаж, оронд нь шинэ хүмүүс дэвшүүлэх талаар ярьж байгаа. Үүнээс гадна бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбоотойгоор шинээр томилох ёстой 10 гаруй Элчин сайд ч бий. Гадаад харилцааны яам тэднийг нэгтгэж танилцуулахаар бэлтгэж байна. Элчин сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийг ойрын хугацаанд танилцуулна.
-Оронд нь ямар хүмүүс томилох талаар мэдээлэл өгч болох уу?
-Одоогоор нэрсийг нь хэлэх боломжгүй. Суух улс, хүмүүсийн нэр солигдох магадлалтай. Ямар ч байсан яамны түвшинд саналаа боловсруулчихсан.
-Манайхаас шалтгаалан Элчин сайдаа томилж чадахгүй байгаа нь цаад улстай тогтоосон харилцаанд сөрөг нөлөөтэй биз дээ?
-Дипломат албаны үйл ажиллагаа хэзээ ч тасалддаггүй. Элчин сайдыг нь томилоход тодорхой хугацаа шаардлагатай. Энэ хооронд түр хамаарагч ажилладаг учраас төрийн ажил тасалддаггүй. Австрали, Тайландад Элчин сайд нар нь одоо ч ажиллаж байгаа, эгүүлэн татаагүй.
-Элчин сайдаар томилохыг албан тушаалын шагнал мэтээр ойлгох нь бий шүү дээ.
-Төрийн албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Ажлын ур чадвар, туршлага, хичээл зүтгэл, сэтгэлийг нь үнэлж нэр дэвшүүлнэ.
-Манай улс ШХАБ-д элсэх үү?
-Энэ талаар мэргэжлийн хүмүүс судалж байгаа. Үүнийг олон нийтээр ил тод хэлэлцүүлсний дараа УИХ шийдвэрээ гаргана.
-Энэ тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Судалгаанд тулгуурлаж шийдвэрээ гаргана. Сэтгэлийн хөөрлөөр хандахгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд юу чухал байна түүнийг илүүд үзэж, шийдвэрээ гаргана.
Зарим хүн уг асуудалтай холбогдолтой материал, баримт сэлттэй гүйцэд танилцаагүй атлаа санал бодлоо илэрхийлэх нь өөр хэрэг.
-Манайх Беларусь улсад Элчин сайдын яам нээх шаардлага байгаа юм уу?
-Улаанбаатар хотод аль болох олон Элчин сайдын яам байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын олон улсын харилцаа Улаанбаатарт төвлөрч, бодит төлөөлөлтэй байх нь манай хөгжил дэвшил, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг зангиддаг.
Манайд Элчин сайдын яамаа нээсэн улсад харилцан Элчин сайдын яамаа нээхгүй гэсэн тохиолдол бий. Үүнтэй холбоотойгоор тухайн улс Элчин сайдын яамаа хаах тухай асуудал ч сөхөгдөж байсан. Улаанбаатарт нээгдсэн нэг ч гэсэн Элчин сайдын яам хаагдах ёсгүй гэсэн байр суурь би баримталдаг.
Намайг сайдаар томилогдоход хойд хөрштэй хийх транзит тээврийн хүндрэлийн улмаас манай бизнес эрхлэгчдэд тулгарч буй олон бэрхшээлийн талаар гишүүд хөндөж байсан. Үүнийг Беларусь улсад төлөөллөө суулгалгүйгээр шийдэх нь маш хэцүү. Ялангуяа Европтой хийдэг худалдааны чөлөөт байдлын эрх ашиг энд хөндөгддөг.
-Малайзад Ш.Алтантуяагийн амь насыг хороосон хэргийг шүүх хурал болж байна. Үүнд Гадаад харилцааны яам хэр анхаарч байна вэ?
-Манай Консулын газраас байнга анхаарал тавьж ирсэн. Талийгаачийн аав С.Шаарийбууг миний бие хүлээн авч уулзсан. Бангкок дахь манай Элчин сайдын яамнаас төлөөлөгч очиж, шүүх хуралд оролцож байгаа.
Малайзын талаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд Монгол Улс маш тааламжгүй хандаж буйгаа бид тэдэнд мэдрүүлэхүйц байдлаар, дипломат хэлбэрээр илэрхийлсэн.