БНСУ-д ажиллаж, амьдарч буй залуу найруулагч Г.Нандин-Эрдэнэтэй цахимаар холбогдон, ярилцлаа.
-Хэзээнээс найруулагчийн мэргэжилд хорхойсов. Ихэнхдээ эрчүүд эзэмшдэг энэ мэргэжилд дурласан шалтгаан тань юу вэ?
-Би 2004 онд “Ди энд Эл” продакшны “Хүүхдийн ертөнц” нэвтрүүлгийг хөтлөх болсноор телевизийн урлагтай холбогдсон. Дунд ангид орсон жил өвөө минь надад жижиг камер авч өгсөн. Түүнээс хойш гэр бүлээрээ аялалд явах бүрт бичлэг хийж, нэвтрүүлэг бэлтгэх сонирхолтой болсон.
Улмаар “Загасан нүд” наадамд оролцон, 2010 онд “Аялал” номинацын ялагч болдог юм байна. Ахлах ангидаа МҮОНТ-д 300 хүүхэдтэй өрсөлдөн шалгуулж, “Цоглог” хүүхдийн хөтөлбөрийн “Алим агентлаг” нэвтрүүлгийн сурвалжлагч, хөтлөгчөөр гурван жил ажилласан.
Тэр үед тус телевизийн уран бүтээлчид “Хэцүү анги” олон ангит кино бүтээж байсан юм. Киноны зураг авах явцыг ойроос харах нь надад маш сонирхолтой байлаа. Тэгэхэд л кино бол миний хэлэх гэсэн санааг өнгө, дүрстэй илэрхийлж чадах урлаг юм байна гэдгийг ойлгож, найруулагч болохоор шийдсэн.
-БНСУ-д суралцсан гэсэн. Яагаад тэнд суралцахаар шийдэв?
-Дунд сургуулиа төгсөөд, СУИС-ийн кино найруулагчийн ангид шалгуулахаар хүлээж байхдаа энэ чиглэлээр сургадаг гадаадын сургуулиудыг судалж эхэлсэн. Багаасаа бүрэн хэмжээний болон олон ангит кинонуудыг нь үзэж өссөн болохоор тэр үү БНСУ их ойр санагдаж, урлагийн сургуулиудынх нь цахим хуудсуудыг нэлээд “ухсан”. Ингээд Солонгосын урлагийн үндэсний их сургуульд тэтгэлгээр суралцах боломж байгааг мэдсэн юм. Шалгуулж, тэнцээд их баярласан даа.
-Тэндхийн сургалтын арга барил манайхаас ямар ялгаатай вэ?
-Тус сургуульд дөрвөн жил суралцахдаа олон төрлийн хичээл заалгасан. Манайхаас ялгаатай нь онолоор “бөмбөгдөх” биш, ажлын байран дээр дадлагажуулдаг. Нэгдүгээр дамжаанд ороход л оюутнуудыг баг болгон хувааж, долоо хоног бүр 1-10 минутын бичлэг, богино хэмжээний кино бүтээх даалгавар өгдөг байв.
Оюутнуудыг эхний хоёр жилд кинотой холбоотой бүхий л мэргэжлээр жигд сургаж, дадлагажуулдаг. Ингэсний дараа оюутнууд цаашид ажиллах мэргэжлээ сонгон, гүнзгийрүүлэн судалдаг. Энэ арга барил нь их таалагдсан. Анхандаа хэлний бэрхшээл тулгарч, багаа ахалж ажиллахад амаргүй байлаа. Гэхдээ хичээвэл боломжгүй зүйл үгүй.
-Алдартай хүмүүсээр хичээл заалгаж байв уу?
-Манай сургууль урлагийн чиглэлээр БНСУ-д нэгдүгээрт эрэмбэлэгддэг учраас мундаг багш олон. Тэднээр хичээл заалгасан минь азтай. “Old boy” киногоороо алдаршсан найруулагч Пак Чан Вүк, тус улсын шилдэг 10 киноны гурвынх нь зураглаачаар ажилласан Ким Хён Гүгээр хичээл заалгаж байв. Сургуулиа төгсөхөөсөө өмнө хийсэн богино хэмжээний киноны минь зааварлагч багшаар “The man from nowhere” киноны найруулагч И Жён Бом ажилласан.
-Ямар уран бүтээлд анх ажиллав?
-Сургуулиа төгсөөд л ажил хайсан. Хэл ярианы чадвар хамгийн их шаардагдах нарийн мэргэжлийн нэг учраас найруулагчийн багт гадаад хүн орж ажиллана гэдэг үнэндээ хэцүү. Тиймээс хэсэг хугацаа алдсан. Ингээд зураглаачийн багт багтаж, туршлага хуримтлуулъя гэж бодсон юм. Сургуульд киноны бүх мэргэжлийг адилхан заалгасан учраас камер, гэрэлтүүлэг, дуу гээд аль ч хэсэгт нь ажиллаж чадна.
Ингээд хамгийн анх жүжигчин Пак Мин Юны тоглосон KBS телевизийн “Seven days queen” түүхэн киноны гэрэлтүүлгийн багт туслахаар тэнцэж, зураг авах талбай руу шууд хөдөө явж байлаа. Тэнд багаасаа зурагтаар хардаг байсан мундаг жүжигчид, уран бүтээлчидтэй танилцаж, хамт ажиллах болсон. Тэр үед телевизийн олон ангит киноны баг ямар их ачаалалтай, хурдтай ажилладгийг хараад гайхаж байлаа.
KBS, MBC, TvN, JTBC гэхчлэн томоохон телевизийн уран бүтээлд мундаг жүжигчидтэй хамт ажилласнаараа бахархдаг. Киноны зураг авах багийн ганц гадаад хүн болохоор содон харагддаг уу, тэд ч надаас Монголын талаар их асууж, сонирхдог. Тэр болгонд нутгаа сурталчилна шүү дээ.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн кино, клип, зар сурталчилгаанд ажилласан бэ?
-Бүрэн хэмжээний нэг, телевизийн олон ангит гурван кино, хоёр клип бүтээхэд оролцоод байна. Зар сурталчилгааны хувьд тоог нь сайн санахгүй байна. Нэлээд хэд бий.
-Одоогоор туслах найруулагчаас гадна зураглаачийн багт багтан ажилладаг юм билээ. Мөн л ихэнхдээ эрчүүд хийдэг ажил. Эмэгтэй хүнд хүнддэхгүй юү?
-Түрүүн хэлснээр анх гэрэлтүүлгийн багт ажилласан. Тэр үед мэргэжил нэгт мундаг ах, эгч нартай танилцсанаар дараа дараагийн уран бүтээлийн саналууд ирдэг болсон. Удалгүй зураглаачийн албанд ажиллаж, өөрийгөө сорьж үзье гэж бодох болсон. Тэр бодлоо ч биелүүлж байна.
Зөвхөн зураглаач гэлтгүй тухайн уран бүтээлд ажиллаж буй хүн бүр маш завгүй, ачаалалтай ажилладаг. Халуунд халж, хүйтэнд даарч, хоногт хоёр цаг унтаж, гэртээ сард тоотой хэдхэн хонох тохиолдол олон. Туршлагажих тусам хамгийн хариуцлагатай алба болох найруулагчийн багт ажиллах боломжтой болсон.
-Бие даан уран бүтээл хийх бодол бий биз дээ. Энэ тухай хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Бодолгүй яах вэ. Хамгийн том мөрөөдөл минь. Монголынхоо арвин түүхийг харуулсан түүхэн кино хийх мөрөөдөлтэй. Гэхдээ цаг нь болоогүй. Надад сурах зүйл их байна. Бэлэн болтлоо өөрийгөө сорьж, төрөл бүрийн кино зохиол бичиж, найруулах бодолтой. БНСУ-д ажиллах хугацаандаа зураг авах онцлог, арга барилд илүү суралцаж, туршлагажиж байж бие даан уран бүтээл хийнэ.
-“Найруулагч, зураач, зураглаач нь киноны тулгын гурван чулуу”, бас “Кино бол хуурах урлаг” ч гэдэг. Та уран бүтээлдээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?
-Одоогоор найруулсан өөрийн гэсэн томоохон уран бүтээл байхгүй. Гэхдээ оюутан байхдаа богино хэмжээний гурван кино хийсэн. Кино зохиолоо өөрөө бичээд, найруулдаг учраас яалт ч үгүй миний үзэл бодол, онцлог илэрнэ. Ажих нь ээ, би гэгээлэг сэдэвт их дуртай. Хүмүүсийн тэр бүр анзаардаггүй жаргал, сайхан зүйлсийг уран бүтээлээрээ өгүүлж урам өгөхийг хүсдэг.
-Гадаадын алдартай найруулагч нар уран бүтээл бүртээ онцлогоо шингээж “тамгалдаг”, эсвэл хүндэлдэг уран бүтээлчээсээ эш татах нь бий. Та тэгэх үү. Хэн гэдэг найруулагчаас эшлэхийг хүсдэг вэ?
-Дээр үеийн кино найруулагчдыг судалж, суралцдаг. Тухайн найруулагчийн бүтээл тэр хүнийг илэрхийлж байдаг. Би дээр хэлсэнчлэн гэгээлэг, сургамжтай зүйлсийг уран бүтээлдээ түлхүү тусгах байх.
Яг намайг илэрхийлэх өөрийн гэсэн өнгө, уур амьсгалыг бүрдүүлэх юм сан гэж боддог. Одоогоор дөнгөж гараагаа эхэлж буй залуу хүн өөрийгөө олоогүй, олон найруулагчаас суралцаж, мэдэх гэж хичээж явна.
-Киноны зураг авах явцад зөвхөн найруулагчид л тулгардаг бэрхшээл юу вэ. Хамгийн хэцүү нөхцөлд ажилласан кино тань аль нь вэ?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сараас үзэгчдэд хүргэсэн “Revenger” бүрэн хэмжээний адал явдалт киноны зургийг БНСУ-д нэг, Индонезэд хоёр сарын хугацаанд авсан. Тухайн үед хоёр орны уран бүтээлчид хоорондоо ойлголцох, бүгчим халуунд ширэнгэн ой, далайн эрэг, хадны орой дээр өдөржин зураг авах гээд бэрхшээл олон байсан.
Цаг агаарын гэнэтийн нөхцөл, тохиолдсон асуудлуудад бууж өгөлгүй ажилласан найруулагчаараа их бахархсан. Зураг авахад оролцож буй багийн олон хүнийг, тэнд болж буй бүх асуудлын өмнө хариуцлага хүлээдэг удирдагч нь найруулагч гэдгийг тэгэхэд илүү ойлгосон.
-Бүтээлч байдлаа өдөөх, нэг үгээр онгод оруулах ямар нэг үйлдэл хийдэг үү. Хийж буй зүйл тань гацсан үед яадаг вэ?
-Зохиол бичиж байгаад гэнэт гацах үе олон. Тэр үед зүгээр л гудамжинд сандал дээр суугаад хүмүүсийг ажиглах, хэн нэгэнтэй ярилцах, өдрийн тэмдэглэлүүдээ унших гэх мэтээр өөрийгөө өдөөж, санаагаа олдог.
-Нэгэнт энэ салбарт ажиллаж байгаа хойно бусад уран бүтээлчийн киног мэдээж үздэг байж таарна. Хамтарч ажиллахыг хүсдэг найруулагч бий юү?
-БНСУ-ын найруулагч Бон Жүн Хогийн багт ажиллахыг мөрөөддөг. Олон киног нь шимтэн үздэг, түүнийг биширдэг. Бас уран бүтээл бүрээрээ үзэгчдийг татаж байгаа “Фантастик” продакшны ах нартай хамтран ажиллах юм сан гэсэн хүсэлтэй.
-Яг одоо ямар уран бүтээл хийж байна вэ?
-TvN телевизийн “Boy friend” олон ангит кинонд ажиллаад дууслаа. Үзэгчдийн сайн мэдэх “Миний байшин”, “Гурван марал од” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Сун Хе Гю энэ кинонд тоглосон. БНСУ-д салбараа нээгээд удаагүй “Netflix” кино компанийн “Hollo” олон ангит кинонд ажиллана.
-БНСУ-д нэлээд хэдэн жил сурч, ажиллалаа. Тэндээс юуг нь эх орондоо нутагшуулах юм сан гэж хүсдэг вэ?
-Маш их бий. Ялангуяа кино урлагийн хувьд солонгосчууд Холливудын системийг тэр чигт нь оруулж ирж, тэр зарчмаар ажилладаг. Энэ нь тухайн кино чанартай, дэлхийд үнэлэгдэх хэмжээний бүтээл болдог.
Ажилчдын хариуцлагатай байдал, багаар ажиллах чадвар зэрэг суралцах зүйл олон. Зөвхөн кино гэлтгүй хуулиа ягштал мөрддөг, ажилсаг, эртэч, соёлтой гээд иргэдээс нь суралцах зүйл зөндөө.
-Таны эмзэглэж явдаг сэдэв юу вэ. Хэзээ тэр сэдвээ уран бүтээлдээ тусгах бол?
-Монголын нийгэмд тулгамдсан асуудал олон. Түүнийг дагаад хүмүүс ч стресстэй, хувиа хичээж, өөрсдийгөө л бодох нь их. Энэ байдал БНСУ-д амьдардаг монголчуудаас ч харагддаг. Залуучууд илүү идэвхтэй хөдөлмөрлөж, ирээдүйнхээ төлөө хичээдэг болоосой гэж боддог.
Энэ бүхнийг уриалсан уран бүтээл хийх төлөвлөгөөтэй яваа. Заавал бүрэн хэмжээний кино гэлтгүй теле зохиомж, богино хэмжээний бүтээл хийж болно шүү дээ.
-Арилжааны биш, уран бүтээлчийнхээ чансааг сорьсон бүтээл хийхийг хүсдэг л биз дээ. Магадгүй арт хаус төрлийн кино хийхийг хүсдэг үү?
-Тийм шүү. Монголд үнэндээ арт чиглэлээр туурвидаг уран бүтээлчид ёстой л бор зүрхээрээ яваа. Харин БНСУ-д бол улсаас нь дэмжинэ. Төрөл бүрийн уралдаан зарлана.
Өөрийгөө олохыг эрмэлзэж байгаа учраас бүх төрлийг туршиж байна. Арт хаус төрлийн кино зохиол бичихээр нухаж сууна. Киноны амин судас нь зохиол. Сайн зохиол бичихийн тулд их уншиж, судлах хэрэгтэй. Чадахаараа хичээнэ ээ.