Бүтэн болон хагас өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хурууны хээг бүртгэж, цахим сан бүрдүүлсэн байна. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс тодрууллаа.
-Манай улсад эмзэг бүлгийн хэчнээн хүүхэд байна вэ. Үүнээс хэдэн хүүхдийн хурууны хээг бүртгэв?
-Асрамжийн газар болон эмзэг бүлгийн 17 000 хүүхдийн хурууны хээг нэгбүрчлэн бүртгэж, цахимжууллаа. Ингэснээр хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянахаас гадна аливаа эрсдэл гарсан тохиолдолд хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад эрсдэлт бүлгийн 20 000 гаруй хүүхэд бий.
-Тэднийг даатгуулсан гэсэн байх аа. Даатгалд хамрагдсанаар ямар үйлчилгээ авах вэ?
-Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн. Жишээ нь, хурдан морь унадаг хүүхэд уралдааны үед гэмтсэн бол 20 сая хүртэлх төгрөгийн эмчилгээний зардал авах боломж бүрдсэн.
Хурдны морь унадаг 3700 хүүхэд Монголд бий. Тэднийг даатгахаас гадна хурууны хээг нь бүртгэсэн. Мөн 26 жил хориглоод дийлээгүй өвлийн морин уралдааныг энэ жил зогсоож чадлаа.
-Эрсдэлтэй бүсүүдэд хамгаалах байр байгуулсан гэв үү?
-Хамгийн их асуудал гардаг Замын-Үүд, Алтанбулагт хамгаалах байр байгууллаа. Хамгаалах байранд мэргэшсэн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, өмгөөлөгчийн баг ажиллаж, хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
Өнгөрсөн онд манай байгууллагынхан 21 аймагт ажиллаж гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн ажилтнуудыг чадавхжуулж, ажлыг нь жигдрүүлсэн. Өчигдрөөс (уржигдар) 34 хүний бүрэлдэхүүнтэй баг есөн дүүрэгт хуваарилагдан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч эхэллээ.