Монголын чөлөөт бөхөд Батцэцэг гэдэг нэртэй тамирчин олон. Тэднээс шударга зан, шулуухан яриа, гаргасан амжилтаараа эрс ялгардаг нь Баатарзоригийн Батцэцэг. “Баавгай” хочтой түүнийг залуучуудын олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Монголын анхны тамирчин гэдгээр нь уншигчид андахгүй.
Харамсалтай нь, тэрбээр алдарт тамирчдын залгамж халаа болох ирээдүйтэйгээ батлан, олны хүндлэлийг хүлээн, ид цахилж явахдаа бэртсэн. Хөлнийх нь бэртэл ужгирсаар өдий хүрсэн ч Б.Батцэцэг бууж өгөөгүй, дэвжээндээ эргэн ирэх мөрөөдлөө орхиогүй.
Залуу аваргынхаа барилдааныг дахин харахыг монголчууд олон жил хүсэн, чих тавин хүлээсэн. Энэ нь биелэх дөхсөнийг дуулгахад таатай байна. “Чадвал энэ жил дэвжээндээ эргэж ирнэ, УАШТ-д оролцоно” гэсэн түүнтэй ярилцлаа.
-Хүүхдээ харахын хажуугаар бэлтгэл хийх амаргүй. Та энэ бүхнийг хэрхэн амжуулж байна даа?
-Амаржаад жил болж байна. Нөхөр бид хоёр охиноо ээлжилж хардаг. Ажилтай үед нь би хүүхдээ бэлтгэлдээ авч явдаг. Нэг иймэрхүү байдлаар л амжуулдаг.
-Та барилдахаа болиод нэлээд удлаа. Бэлтгэлийнхээ хажуугаар ямар ажил хийдэг вэ?
-Дэвжээнд гаралгүй дөрвөн жил шахам болж. Хамгийн сүүлд буюу 2014 онд “Монголиа опен”-д оролцсон. Одоохондоо охиноо харан, бэлтгэлээ хийгээд явж байна.
-Нэг хүний цалингаар амьдралаа авч явна гэдэг хэцүү. Яаж болгож байна вэ?
-Мэдээж яаж хүрэх вэ дээ. Гэхдээ аль болох болгохыг хичээдэг. Өдөр бүр бэлтгэл хийж, дахин барилдахын төлөө зүтгэж буй шалтгааны нэг нь энэ. Амжилт гарган, нөхөртөө дэм болохыг хүсэж байна.
-Тантай гурван жилийн өмнө утсаар холбогдоход “Эмнэлэгт нөхрөө сахиж байна” гэсэн. Одоо бие нь сайн байгаа юу?
-Тэр үед автын осолд орж, эмнэлэгт хэвтэж байсан юм. Бие нь сайн тэнхэрч, эдгэсэн.
-Сүүлийн үед нам гүм амьдарч байна. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө эрт босдог, 06.00 цаг өнгөрөөгөөд л. 09.00 цагаас бэлтгэлтэй. Түүнээс өмнө гэрээ цэвэрлээд, охиноо хувцаслаад гарна даа. Бэлтгэл ихэнхдээ цаг хагас үргэлжилнэ. Тэгээд гэртээ ирж, охиноо хооллоно. Жаахан амарч байгаад дараагийн бэлтгэлээ 17.00 цагт хийдэг. Оройны бэлтгэл хийх үеэр аав нь охиноо хардаг. Миний нэг өдөр иймэрхүү л өнгөрдөг. Өдөржин завгүй гүйж явтал орой болчихсон байдаг юм.
-Эх болох сайхан ч хариуцлага нэмэгдэнэ. Ээж болсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Уйлсаан, ээж болоход үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Ээжийгээ улам ойлгон, хүндэлж, хайрлах болсон. Үрийн зулай үнэрлээд миний амьдралд олон өөрчлөлт гарлаа. Бүх зүйлийг эергээр, сайхнаар харж, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг болсон. Хүүхэдтэй болохыг би үнэхээр хүсэж, хүлээсэн. Охиноо заавал тамирчин болгоно гэхгүй ээ. Ирээдүйд юү хүсэж, мөрөөдөх нь вэ. Түүнийг нь харгалзана. (Инээв). Сайн ээж, сайн хань байхыг үргэлж хичээдэг.
-Хөлийн тань бэртэл одоо хэр эдгэсэн бэ. Бэлтгэл хийхэд зовиурладаг уу?
-Ер нь эдгэсэн. Хөлөндөө аль болох ачаалал өгөхгүй, хөндөхгүйн тулд хөнгөн бэлтгэл хийж байна. Тийм болохоор зовиурладаггүй. Бэлтгэлээ Д.Мөнхбаяр багшийнхаа удирдлагад базаадаг.
-Дахин мэс засал хийлгэх шаардлагатай юу?
-Байхгүй гэж бодож байна.
-Солонгос эмч нар мэс засал хийхдээ хөлийг тань хадсан гэв үү?
-Хөлний шөрмөс бага багаар сэмэрч байсан юм билээ. Надад зовиур ер мэдрэгдээгүй. Тэгсээр 2012 онд бэлтгэл хийж байхад тасарсан. Бэртлээ ГССҮТ-д үзүүлэн, шөрмөс залгах хагалгаа хийлгэх болов. Тэр үед БНСУ-аас эмч нар ирэн, мэс засал үнэгүй хийгээд өгье гэсэн юм.
Бэртлээ хурдан эдгээхийн хүслэн байсан би баярлаад л зөвшөөрсөн. Тэд “Хөлийг чинь хуванцар хадаасаар хадсан. Хурдан эдгэнэ. Санаа зовох зүйлгүй” гэсэн. Гэтэл гурван жилийн дараа “Сонгдо” эмнэлэгт мэс засалд ороход хөлнөөс төмөр гарч ирсэн. Тэгсэн нь хөлний бэртэл улам үрэвсэхэд маш их нөлөөлсөн гэнэ лээ. Анхнаасаа төмөр хадаасаар хадна гэсэн бол би юу гэж тийм мэс засал хийлгэх вэ.
-Тэгэхээр танд худал хэлсэн болж таарах нь. Тэдэнд гомдол гаргасан уу?
-Хөлөнд төмөр хадаас хадсаныг гурван жилийн дараа мэдсэн, нэгэнт болоод өнгөрсөн болохоор хэл ам хийхийг хүсээгүй. Үүний сацуу тухайн үед бэртэл сайн эдгээгүй байхад сэдрээсэн нь миний буруу. Тэгснээс болж хугацаа их алдлаа.
-Хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бэртсэний дараа хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн” гэсэн. Хамгийн хэцүү нь юу байв?
-Үл ойшоох, ашгүй бэртчихэж гэж байгаа юм шиг хандах л хамгийн хэцүү байсан.
-Бэртэл эдгэхгүй удахын хэрээр дэвжээндээ эргэн ирэх мөрөөдөл улам замхрах хэцүү байдаг нь мэдээж. Өвдөг сөхрөлгүй өдий хүрэхдээ юунаас эрч, хүч авсан бэ?
-Ингээд бүх зүйл дууслаа, барилдах боломжгүй боллоо гэж бодохоор харамсаад баршгүй. Шантармаар, барилдахаа больё гэмээр олон бэрхшээл тулгарсан ч даван туулсаар өдий хүрэхдээ би ээжийгээ л бодож, урам авсан.
Ээжийгээ дахин баярлуулан, ачийг нь хариулахын төлөө ухарч болохгүй шүү гэж өөрийгөө өдөр бүр хурцалдаг. Одоо харин эрч хүч авах хүн нэгээр нэмэгдсэн нь миний охин. Охин минь амьдралд гэрэл гэгээ, утга учир нэмсэн.
-Анхнаасаа спортоор бус, өөр салбарт хүч сорьсон бол ийм эрсдэлтэй тулгарч, бэртэхгүй байсан гэж бодохоор харамсалтай санагдах юм уу?
-Чөлөөт бөхөөр барилдан, тамирчин болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Миний л сонгосон шийдвэр, миний л амьдрал шүү дээ.
-Багадаа Та мисс болохыг мөрөөддөг, гэр бүлийнхэн тань Б.Батцэцэгийг циркчин болгох сонирхолтой байсан гэдэг. Чөлөөт бөхөөр хичээллэхэд юу нөлөөлөв?
-Д.Мөнхбаяр багш. Тавдугаар ангид сурч байхад эл спортоор хичээллэхийг надад зөвлөсөн. 2005 онд “Эрдмийн оргил” цогцолбор сургуульд чөлөөт бөхийн дугуйлан нээхэд нь төрсөн өдрөөрөө (арваннэгдүгээр сарын 11) бүртгүүлэн, шавь нь болж билээ.
Тэгж эл спортод хөл тавьсан. Дараа жил нь УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан. Би эхээс гурвуулаа, хоёр дүүтэй. Эмэгтэй дүү минь чөлөөт бөхөөр барилддаг байсан ч больсон.
-Залуучуудын олимпын аварга болсноор тань монгол түмэн өдгөө ч бахархдаг. Бээжингийн олимпоос хос аварга төрсөн амжилтыг буухиалсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Манайх тийм ч хангалуун амьдралтай айл байгаагүй ээ. Аав уурхайд ажилладаг, ээж хөгжлийн бэрхшээлтэй. Залуучуудын олимпод оролцохынхоо өмнө тухайн үед гурван настай байсан дүүгээсээ “Эгч нь ямар медаль авах вэ” гэж асуухад хананд өлгөсөн медалиудыг харж байснаа алтан медалийг зааж билээ.
Сингапур явахдаа ээжид “Охин нь заавал олимпын аварга болж, таныгаа баярлуулна” гэж амласан юм. Шагналын тавцанд зогсож байхдаа монгол хүн болж төрснөөрөө их бахархсан. Ээжтэйгээ “Би чадлаа” гээд утсаар ярьж байснаа өчигдөр болсон мэт тод санаж байна. Тэгж би амлалтдаа хүрч, дүүгийн зөгнөл биелсэн юм.
-Олимп, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад амласан зүйлээ өгдөг хүн ховор гэдэг. Хүмүүс танд амласнаа өгсөн үү?
-Тэр үнэн юм билээ. Олон хүн, янз бүрийн юм амлаад л байсан ч өгөөгүй ээ.
-Зарим тамирчин бусдад мартагдахаас айдаг. Та айдаг уу?
-Айдаггүй. Алдар нэр мөнх бус шүү дээ.
-2014 онд залуучуудын олимпоос мөнгөн медаль хүртсэн Б.Дөлгөөн дасгалжуулагч Д.Мөнхбаярын шавь. Нэг багшийн шавь нар ижил спортын төрлөөр хоёр олимпод дараалан аваргын төлөө барилдсан нь ховор тохиолдол.
-Тийм шүү, үнэхээр ховор тохиолдол. Д.Мөнхбаяр багшийн ур чадварын илрэл. Түүний хөдөлмөрийг төр үнэлэхгүй байгаад харамсдаг. Монголын чөлөөт бөхийн тамирчид залуучуудын олимпоос гурван медаль авсны хоёр нь дасгалжуулагчийн маань амжилт шүү дээ, уг нь.
-Спортын хүрээнийхэн Б.Батцэцэгийг “Баавгай” хочоор андахгүй. Хэн ийм хоч хэн өгсөн бэ?
-Чөлөөт бөхийн тамирчдын хамтарсан бэлтгэлийн үеэр “Алдар” спорт хорооны Цэвэгмэд эгч намайг “Баавгай” гээд дуудахаар нь өөрийн мэдэлгүй эргээд харчихаж билээ. Тэрнээс хойш хүмүүс намайг “Баавгай” гэх болсон. Хочиндоо дуртай.
-Спорт залуу насны ажил. Өөр салбарт хүч сорих, эсвэл сурах бодол бий юү?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Дэвжээндээ дахин гарахыг л хүсэж байна. Би бүжиглэх авьяастай ч хөгжүүлье гэж боддоггүй. Бүжиг миний сонирхол. Харин чөлөөт бөх бол амьдралын минь салшгүй хэсэг.
-Таныг спортдоо эргэн ирээсэй гэж спортын хорхойтнууд хүлээж байгаа нь мэдээж. Амжилт гаргах боломж хэр байгаа вэ?
-Мэдээж байгаа. Байгаасай ч гэж хүсэж байна. Ер нь хүнд жинд барилдвал амжилт гаргах боломж илүү бий. Энэ талаар багштайгаа ярилцаж байгаа. Төрсний дараа нэлээд жин нэмсэн. Тиймээс юуны түрүүнд жингээ хасах чухал. Чадвал энэ жил дэвжээндээ эргэн ирж, УАШТ-д оролцоно. Тэгэхийг юу юунаас ч илүү хүсэж байна.
-Энэ жил УАШТ зургадугаар сард болох тул бэлтгэлээ чамбайруулах хугацаа хангалтай байна. Ер нь хэдэн кг-д барилдахаар төлөвлөв?
-Одоохондоо шийдээгүй байгаа. Багштайгаа ярилцаж байгаад шийднэ.