Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл алтан дуулга” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-“Хөвсгөл алтан дуулга” компани нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн зах зээлээс 3.74 тэрбум төгрөг босгосон. Ямар шалтгаанаар нэмэлт хувьцаа гаргаж, бизнесээ өргөжүүлэх шийдвэр гаргав?
-Нэмэлт хувьцаа гаргах шийдвэрийг олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн. Манайх өмч хувьчлалын үед цэнхэр тасалбараар хувьчлагдсан сангийн аж ахуй буюу хөдөө аж ахуйн хувьцаат компани. “Хөвсгөл алтан дуулга”-ыг хувьд шилжүүлж авсан ч хувьцаат компани хэлбэрээр нь байлгаж байсан нэг гол зорилго нь нэмэлт хувьцаа гаргах байлаа.
Хэзээ нэгэн өдөр хөрөнгийн зах зээлд хувьцаагаа нэмж гаргана гэсэн стратегитай ажиллаж ирсэн. Манай хувьцаа эзэмшигчдийн олонх нь орон нутагт амьдардаг. Компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, хөгжил нь хувьцаа эзэмшигчдэд нээлттэй байдаг. Мөн хувьцааны тоо ширхэг цөөхөн байсан. 110 гаруй мянган ширхэг хувьцааг нийт 300 орчим хүн эзэмшиж байлаа.
Компанийнхаа үйлдвэрлэл, үйл ажиллагаанд илүү ахицтай зүйл хийх, хөрөнгө оруулалт татах цаг болсон гэж үзээд өнгөрсөн онд нэмэлт хувьцаагаа гаргасан. Өмнө нь шаардлагатай санхүүжилтээ банкнаас авч шийдвэрлэж ирсэн. Харин хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгосноор зээлээс хамаарсан эрсдэлүүд буурч, хувьцаа эзэмшигчдэдээ илүү ашиг хүртээх боломж бүрдэнэ гэж үзсэн. Тиймээс хөрөнгийн биржид арилжаагаа идэвхжүүлэх шийдвэр гаргасан.
Энэ маань ч амжилттай болж, үр дүнд хүрлээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар манай компани 238 хувьцаа эзэмшигчтэй болсон байна лээ. Нэмэлт хувьцаагаа нэгжийг нь 850 төгрөгөөр үнэлж борлуулсан. Одоо 1029 төгрөгт хүрч, компанийн зах зээлийн үнэлгээ 16.1 тэрбум төгрөг болоод байна.
Компани хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахын тулд олон ажил хийсэн байх ёстой. Жишээлбэл, хөрөнгөө үнэлүүлсэн байх шаардлагатай. Манайх мэргэжлийн байгууллагаар хөрөнгөө хамгийн сүүлд 2008 онд үнэлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зээл авахын тулд банкны ажилтнууд л үнэлгээ хийдэг байлаа.
Хувьцаа гаргахын тулд BDO компанийг сонгож, хөрөнгийн үнэлгээгээ хийлгэсэн. Үүнээс гадна хувьцаат компанийг өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн хувьд зөв удирдсан уу, алдаатай зүйл хийсэн байна уу гэдэгт дүгнэлт гаргуулсан. Үүнийг “МDS Хаанлекс” компани хийсэн. Хувьцаат компани жил бүр санхүүгийн аудит хийлгэдэг.
Хөрөнгийн шинэ үнэлгээний дагуу санхүүгийн аудит дахин хийлгэсэн. Ингээд хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэсэн хөрөнгийн болон хууль эрх зүйн үнэлгээ, санхүүгийн дүгнэлт эерэг гарсан учир нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө босгох зоригтой алхам хийлээ.
-Босгосон мөнгөөрөө компанидаа ямар хөрөнгө оруулалт хийж байгаа вэ?
-Босгосон хөрөнгөөрөө юу хийх зорилт, төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагчдадаа танилцуулсан. 3.7 тэрбум төгрөгөөс 3.1 тэрбум орчмыг нь үйл ажиллагаандаа зарцуулна. Зардал өндөртэй хөрөнгийн эх үүсвэрийг бууруулахад 950 сая, 2.1 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэлийн түүхий эдээ бэлтгэхээр төлөвлөсөн.
Түүхий эд авахаар урьдчилж хийсэн гэрээний төлбөрийн үлдэгдлийг хийх болон гурилын үйлдвэртээ тоног төхөөрөмж авахад 600 гаруй сая төгрөг зарцууллаа. Хөрөнгө оруулалтаа төлөвлөгөөний дагуу зарцуулснаар эерэг үр дүн гарч эхэлснийг дурдах нь зүйтэй.
-Компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагаа ямар байв?
-Манайх газар тариалан, гурил үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө аж ахуйн компаниас хүнс үйлдвэрлэгч компани болсон. Газар тариалангийн хувьд 4000 гаруй га талбайд тариалсан. Га-гаас 12.12 центр улаан буудай хураахаар төлөвлөсөн байлаа. Нийт тариалсан талбайгаас хурааж авсан ургацаа ургамлын төрлөөр нь ангилахгүйгээр бодож үзэхэд төлөвлөгөөгөө 40 хувиар давуулж биелүүлсэн.
Улаан буудайн ургацаа төлөвлөснөөс 60 орчим хувиар давуулан хураалаа. Өөрөөр хэлбэл, нэг га-гаас 15.5 центр буудай хурааж авсан гэсэн үг. Энэ жил байгаль, цаг уур ч таатай байлаа. Орон нутгийн газар тариаланчид ч ургац сайн авсан. Тиймээс орон нутгаасаа гурилын үйлдвэрийнхээ түүхий эдийн нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Тэгэхээр дараагийн ургац хураалт хүртэл үйлдвэр маань түүхий эдээр тасрахгүй гэсэн үг.
Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоос өмнө гурилын үйлдвэрийнхээ хүчин чадлын 30 хувийг л ашигладаг байсан. Энэ нь түүхий эдээ бүрдүүлж чаддаггүй байсантай холбоотой. Нэгдүгээрт, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг учир орон нутгаасаа түүхий эдээ бэлтгэдэг гэсэн шалтгаан бий. Хоёрдугаарт, санхүүгийн гачигдлаас болоод түүхий эдээ дор бүр нь хангалттай хэмжээнд татаж авч чаддаггүй байсан.
Өнгөрсөн онд сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад үйлдвэрлэлийнхээ хэмжээг 2.2 дахин өсгөсөн. Манай компани төлөвлөсөн ажлаа 100-гаас илүү хувиар гүйцэтгэсэн гэж хэлж болно. Өнгөрсөн онд найман тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн байсан.
Үүнийгээ ч биелүүлсэн. Энэ онд илүү борлуулалт хийхээр төлөвлөөд байгаа. Ирэх намар дахиад түүхий эдээ бэлтгэнэ. Газар тариалангийн үйлдвэрлэл цаг агаараас шалтгаалдаг ч олон аж ахуйн нэгжээс буудай авч, үйлдвэрлэлийн түүхий эдээ бүрдүүлэх боломжтой.
-“Алтан дуулга” гурилаа хаана хаана борлуулж байна вэ. Улаанбаатарын зах зээлд оруулж ирсэн үү?
-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг Хөвсгөл аймагт, бусад зах зээлд үлдсэнийг нь борлуулдаг. 2017 оны арванхоёрдугаар сараас борлуулалтын багтай болж, Улаанбаатар хэмээх том зах зээлд хөл тавьсан. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулах зорилготой оруулж ирсэн.
Хэрэглэгчид ам сайтай байгаа. Улаанбаатар дахь нийт гурилын зах зээлийн борлуулалтын гурав орчим хувийг манайх эзэлж байна. Хүмүүс тууштай хэрэглэгч болж, бүтээгдэхүүний маань чанар танигдлаа. Хийсэн ажлын үр дүн гарч байна гэсэн үг. Орон нутаг дахь манай борлуулалт сайн байгаа.
Хөвсгөлөөс гадна Орхон, Завхан, Өвөрхангай, Архангай аймагт бүтээгдэхүүнээ борлуулж байна. Саяхнаас Улаанбаатараас говийн аймгууд руу нийлүүлэлт хийгээд эхэлсэн. Бүтээгдэхүүнээ таниулах зорилго маань биелж л байна.
-Хөвсгөл аймгийн гурилын хэрэгцээний хэдэн хувийг хангаж байгаа вэ?
-Хөвсгөлийн гурилын хэрэгцээний 50 орчим хувийг хангадаг гэсэн судалгаа өмнө нь хийсэн. Өнгөрсөн оны борлуулалтын тайланга гаргаад байна. Үүнээс үзвэл 60 орчим хувийг нь хангажээ.
-“Алтан дуулга” гурил чанартай гэдэг юм билээ.
-Чанартай гэсэн үнэлгээ өгнө. Өөрийнхөө хийж байгаа бүтээгдэхүүний чанарт итгэлтэй байдаг. Онцлог нь юу юм бэ гэж хүмүүс асуугаад байдаг юм. Монголын хөрсөнд тариалсан буудайгаар хийсэн учраас бусадтай адил гэж боддог байх.
Гэхдээ хөрс болгон өөр. Хөвсгөл аймаг газар тарилангийн хувьд уулын өндөрлөг бүсэд хамаардаг, цаг агаар нь эрс тэс. Энэ их сорилтыг давж, ийм газрын хөрсөнд ургасан буудайгаар үйлдвэрлэснээрээ манай гурил онцлогтой. Манай тариалсан буудай дунджаас дээгүүр цавуулагтай, уургийн хэмжээ нь өндөр.
Гурилын үйлдвэртээ олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх гэж олон жил ажилласан. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээгээ саяхан гардаж авлаа. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн нэг нотолгоо энэ.
-Танай үйлдвэрийн хүчин чадал хэдэн тонн вэ. Цаашид бүрэн ашиглах уу?
-Хүчин чадлаа бүрэн ашиглавал манайх жилд 30 гаруй мянган тонн буудай тээрэмдэнэ. Өнгөрсөн онд 12 мянган тонн буудай тээрэмдэнэ гэж төлөвлөсөн. Энэ онд 18 мянга, 2021 он гэхэд 24 мянган тонн буудай тээрэмдэж, гурил үйлдвэрлэнэ. Гурилын үйлдвэр маань хоёрхон тээрэмтэй байсан бол хоногт 100 тонныг үйлдвэрлэдэг болсон.
Үйлдвэрийн инженер, технологич хоёр нийлж, тоног төхөөрөмжөө өөрсдөө зохиож хийлгэсэн. Технологич нь бүс нутгийн буудайн чанар, цавуулаг, хатуу, зөөлөн, цэвэршилтийн байдлыг харж, судалж байгаад ийм дамжлагаар буудайгаа дээд гурил болгоё, үүнийг ингэж хийх боломжтой гэж технологийн схемээ гаргасан юм.
Ингээд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө өөрсдийн захиалгаар Хятадад үйлдвэрлүүлсэн. Сонирхуулахад, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг хятадууд анх “Энэ монголчууд юу яриад байгаа юм бэ” гэж хүлээж авсан. Инженер, технологич хоёр маань тэдэнтэй хоёр өдөр ярилцсаны эцэст ойлгуулж, тоног төхөөрөмжөө хүссэн схемээрээ үйлдвэрлүүлж чадсан.
Үүгээрээ бусад үйлдвэрийг бодвол арай өөр стандарттай. Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн үйлдвэр гэж болно.
-Хөвсгөл аймгаас 30 мянган тонн буудай авах боломж бий юү?
-Боломж бий. Манай үйлдвэр байрладаг Тариалан сум тариалангийн 18 мянган га талбайтай. Жилд үүнийхээ 60 хувьд нь буудай тариалдаг. Нэг га-гаас дунджаар 12-14 центр буудай авна гэж тооцвол 14-15 мянган тонн буудай хураах боломжтой.
Үүнээс тэжээлд шилжинэ, үрэнд авч үлдэнэ гээд тооцвол зөвхөн Тариалан сумаас 10 мянган тонн таваарын буудай авах боломжтой. Ойролцоох Рашаант сумаас 4000, Эрдэнэбулганаас 3000 тонн буудай авах боломж бий. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг зэрэг залгаа сумын тариаланчдаас ч буудай авах боломж байгаа.
Тариаланчид га-гаас авах ургацынхаа хэмжээг нэмэхийг зорьдог болсон. Зорилт нь үр дүнд хүрэх байх. Тэгэхээр орон нутгаас 30 мянган тонн буудай авах бүрэн боломжтой. Илүүг ч бэлтгэх боломж үүснэ гэж хардаг.
-Тэгвэл үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэх үү?
-Үйлдвэр маань 2012 онд ашиглалтад орсон. Ямар ч байсан 15 жилийн хугацаанд үйлдвэрээ энэ чигээр нь ажиллуулана. Түүнээс хойш үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага гарна гэж бодож байна.
-Танайх хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Стандарт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дээд, нэг, хоёр, гуравдугаар гурил, хивэг, хүүхдийн будаа үйлдвэрлэдэг. Дээдийн дээд, ширхэгтэй дээд гурил үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ манайх хийдэггүй. Тийм болохоор дээд гурилын чанар бусад үйлдвэрийнхтэй харьцуулахад илүү.
-Бизнесмэнүүд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймаг гээд хүн ам олноор төвлөрсөн газар хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулдаг. Гэтэл танайх сумын төвд гурилын үйлдвэр байгуулсан. Ойр хавьд тань өрсөлдөгч бий юү?
-Тариалан суманд манайхаас гадна хоёр үйлдвэр бий. Хүчин чадал нь манайхаас арай бага. Газар тариалан эрхэлж буй хүмүүс гурилаа өөрсдөө үйлдвэрлэхийг хүсэж байна. Тиймээс үйлдвэр барьдаг. Манайх үйлдвэрээ нээж байхад Хөвсгөл аймгийн хэмжээнд Эрдэнэбулган, Рашаант суманд тус бүр нэг, Тариаланд гурилын таван үйлдвэр байсан.
Хүний нөөцийн хүрэлцээ, технологиосоо шалтгаалсан уу зарим нь үүдээ барьчихлаа. Одоо Хөвсгөл аймагт манайхаас гадна хоёр үйлдвэр ажиллаж байна.
-Компани хэдэн хүний ажлын байр бий болгосон бэ?
-Өнөөдрийн байдлаар 73 хүн ажиллаж байгаа. Энэ бол байнгын ажлын байр. Намар ургац хураахад 20 гаруй түр ажлын байр бий болдог.
-Ажилчдын дундаж цалин хэд вэ?
-Цалингаа тогтмол нэмэхийг хичээж л байна. Том үйлдвэрүүдтэй харьцуулахад өндөр биш. Орон нутагтаа бол боломжийн гэж үздэг. Дундаж цалин 500 мянган төгрөг.
-Орон нутгийн төсөвт хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлдэг вэ?
-Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлнө. Нийгмийн даатгал гэхэд жилд 140-150, хүн амын орлогын албан татварт 120 гаруй сая төгрөг төлдөг. Дээрээс нь бусад татвар нэмэгдэнэ. Ерөнхийдөө жилд 350-400 сая төгрөгийн татвар, шимтгэл төлдөг юм.
-Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд компани хэр ашигтай ажилласныг сонирхож таарна. Санхүүгийн тайлангаа гаргасан уу?
-Санхүүгийн тайлан гараагүй байгаа. Аудитаар баталгаажсаны дараа ашгийн тухай ярина. Ямартай ч төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийсэн. Эдгээр ажлыг хийхэд зардал ч их гарсан.
Хөрөнгийн зах зээлд нэмж хувьцаа гаргах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх, үүнийгээ таниулах маркетинг хийх гэх мэтээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа илүү хөдөлгөөнд орж, зардал нэлээд гаргасан. Ямартай ч санхүүгийн тайлан ашигтай гарах нь тодорхой. Хэдэн төгрөгийн ашигтай гарахыг хэлж мэдэхгүй байна.
-Компанийн засаглал хэрхэн сайжрав?
-Хөрөнгийн биржийн гуравдугаар самбарт ямар компаниуд байдаг билээ. Муухан компани л байдаг гэсэн ойлголт хөрөнгө оруулагчдын дунд бий. Гэхдээ манайх арилжааны идэвх муутай гэсэн шалтгаанаар гуравдугаар ангилалд бүртгэгдсэн ч санхүүгийн тайлан болон бусад шаардлагатай баримт материалаа хуулийн хугацаанд хөрөнгийн биржид өгч, үүргээ сайн хэрэгжүүлж ирсэн.
Нэмэлт хувьцаа гаргаснаас хойш хоёрдугаар ангиллын самбарт бүртгэгдсэн. Үүргийн хэрэгжилтийн хувьд Хөрөнгийн биржээс сайн гэсэн үнэлгээ авдаг. Хөрөнгийн биржээс гаргасан үүргийн хэрэгжилт сайтай компанийн жагсаалтад багтсаар л байна.
Мэдээллийн ил тод байдлаа хангах, хувьцаа эзэмшигчдийн хурлаа цаг тухайд нь хийх зэргээр хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж байгаа. Цаашид засаглалаа улам сайжруулна.
-Биржийн нэгдүгээр ангилалд руу орох тэмүүлэл бий юү?
-Дэвших боломжтой, эсэхийг судалж үзнэ. Нэг алхам урагшилчихсан юм чинь боломж гарвал улам сайжруулж, амжилтаа ахиулахыг бодно. Хөрөнгийн зах зээлд нэмэлт хувьцаа гаргахад хамтарч ажилласан байгууллагуудын дэмжлэг чухал үүрэгтэй байлаа.
Бидний үйлдвэрлэл, үйл ажиллагаа, зорилго, зорилтыг дэмжиж ойлгосон Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газар, Монголын хөрөнгийн биржийнхэнд талархал илэрхийлье. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор орон нутгаас зориглосон компанийг ойлгож, дэмжсэнд баярлалаа.
Хөрөнгийн үнэлгээ хийсэн BDO, хууль зүйн дүгнэлт гаргасан “MDS Хаанлекс”, хувьцааг маань олон нийтэд танилцуулсан “Бумбат-Алтай” брокер, андеррайтерын компанийнхан, санхүүгийн хөндлөнгийн аудит хийж өгсөн “Од бүртгэл” компанийнханд баярлалаа.