Монголчууд бөхийн спортын төрлөөр анхны эмэгтэй дэлхийн аваргаа 1990 онд өлгийдсөн түүхтэй. Эл бахдам амжилтын эзэн бол Гавьяат тамирчин Лхамаасүрэнгийн Бадамсүрэн билээ. 18 насандаа самбо бөхийн төрөлд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр ДАШТ-д түрүүлсэн Монголын дөрөв дэх (түүнээс өмнө Д.Дэмбэрэл, З.Ойдов, Х.Баянмөнх), эмэгтэйчүүдээс хоёр дахь тамирчин. Самбогоор олон улсын ганц ч тэмцээнд өрсөлдөж үзээгүй байхдаа ДАШТ-д анх зодоглоод л монгол бүсгүйчүүд бөхийн төрлөөр барилдан, түүгээр ч үл барам дэлхийн аварга болж чадахыг баталсан нь яахын аргагүй бахдам амжилт.
Эмэгтэй хүн бөх барилдахыг төдийлөн таашаадаггүй, эсэргүүцдэг байсан цаг үед эл амжилтыг гаргаж, олонд үлгэрлэсэн тэрбээр 19-хөн насандаа Монголын самбо бөхийн спортоос мэндэлсэн анхны Гавьяат цолтон болсон юм. Үүний сацуу анхны гэх тодотгол бүхий олон амжилт түүнийх. Жүдогоор хичээллэсэн, олимпын болон Азийн дэвжээнд зодоглосон, олон улсын тэмцээнээс төдийгүй Азийн АШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчдын нэг Л.Бадамсүрэн 1990-ээд онд ёстой од болон гялалзаж явсан нэгэн.
Тухайн үед Монголын хамгийн алдартай тамирчны нэг нь тэр байв. Харамсалтай нь, зах зээлийн ороо бусгаа үе түүнийг ч бас тойроогүй. Амжилтаа батлах, дэлхийн хошой аварга болох, олимпоос медаль хүртэх гээд олон зорилго тавин зүтгэсэн ч амьдрахын эрхэнд 24 насандаа спортоос хөндийрөн, харийн орныг зорьжээ. Улмаар 2007 онд эх орондоо ирсэн юм. Ярилцлага авахынхаа өмнө түүний талаар судлахад тоймтой ярилцлага, нийтлэл ер олдсонгүй.
Тэр ч бүү хэл “Википедиа”-д тавигдсан ДАШТ-ээс медаль хүртсэн монгол самбочдын тухай нийтлэлд нэр нь ч байдаггүй нь хачирхалтай. “Энд, тэндээс ярилцлага авах санал тавихаар нь би зугтчихдаг. Ойр дотнынхон маань “Мартагдах вий гэж хүмүүс айдаг. Зарим нь хэвлэлд ярилцлага өгье гэж гуйдаг гэнэ лээ. Хэний ч өмнө нүүр бардам ярих амжилттай мөртлөө яах гэж зугтдаг юм бэ” гэж намайг загнадаг” хэмээсэн Л.Бадамсүрэнтэй ярилцлаа.
-Та жүдогоор төдийгүй бөхийн төрлөөр хичээллэсэн Монголын анхны эмэгтэй тамирчдын нэг. Эмэгтэй хүн бөх барилдахыг анхандаа нэлээд эсэргүүцэж, дургүйцсэн гэдэг юм билээ. Та эл спортод хэрхэн хөл тавьж байв?
-Би Завхан аймгийн Сантмаргац сумынх. Аав аймгийн арслан, авга ах улсын начин цолтой. Уран гараат хэмээх Г.Баттогтох шүү дээ. Би эхээс зургуулаа, гурван ах, хоёр эмэгтэй дүүтэй. Манайх гэр хороололд амьдардаг байв. Мод хагалах, усанд явахаас авхуулаад хар бор ажил юу эс мундах вэ. Тэр бүхэн биеийн хүчний бэлтгэл болдог байж. Үнэнийг хэлэхэд багадаа спортод хорхойсоогүй ч биерхүү, бяртай байсан.
Ер нь эмэгтэй хүн жүдогоор барилддагийг мэддэг хүн Монголд ховор байв. Би л гэхэд сураг сонссон төдий, зурагтаар л барилдаан үздэг байсан. Жүдог сонирхон, хичээллэхэд манай удам нөлөөлсөн гэдэгт би итгэдэг. Эл спортод хорхойссоор 1988 оны гурав бил үү, дөрөвдүгээр сард найзтайгаа (Баярмаа) хамт Спортын төв ордонд очлоо. Жүдогийн шигшээ багийн танхим руу орон “Эмэгтэйчүүд жүдогоор хичээллэдэг үү. Бэлтгэл хийх гэсэн юм” хэмээхэд Ш.Баясгалан багш Ч.Машбат дасгалжуулагчтай уулзахыг зөвлөв.
Самбогийн танхимд очтол нэг цагаан толгойтой багш сууж байна. Жүдогоор барилдах хүсэлтэйгээ хэлэхэд “Монголд жүдогоор эмэгтэй хүн барилддаггүй. Би шинээр хөгжүүлэх гэж байгаа. Та хоёр 10-аад хоногийн дараа ирээрэй” гэв. Тэгж есдүгээр ангид сурч байхдаа жүдогоор хичээллэж билээ. Кимоно нүдний гэм тул биеийн тамирын хувцастай бэлтгэл хийнэ. Багш маань Монголд анх удаа эмэгтэйчүүдийг жүдогоор барилдуулах суурийг тэгж тавьж, бэлтгэл хийлгэхэд 10-аад тамирчин бүртгүүлсэн.
Бэлтгэлээ анхандаа долоо хоногт нэг удаа хийдэг байв. Түүнийгээ алхам, алхмаар ахиулсан. Зарим хүүхэд шантран больсон ч шинээр нэмэгдэж ирсээр байлаа. Жүдо барилдаж буйгаа аав, ээжид хэлж зүрхлэлгүй нэлээд удав. Хичээлээсээ ирэнгүүтээ бэлтгэл гээд гэртээ тогтохгүй болохоор гайхсан байх. Нэг удаа асуухаар нь “Сагсан бөмбөгийн дугуйланд явж байгаа” л гэчихэв. Гурван сар гаруй нууцаар хичээллэснийхээ дараа үнэнээ хэлэхэд азаар хориглоогүй. Биднийг хүмүүс төдийгүй улсаас их эсэргүүцсэн.
Эрэгтэй жүдочид хүртэл “Эмэгтэй хүн дэвжээн дээр гаргахгүй. Сүлд хийморь доройтно” гээд дургүйцэв. Сүүлдээ бүр биднийг Спортын төв ордонд бэлтгэл хийхийг, жүдогоор барилдахыг хориглож билээ. Багш “Улсаас биднийг тарахыг шаардлаа” гэсэн. Бид бууж өгөхийг хүсээгүй, энд тэндхийн спорт танхим гуйн бэлтгэл хийсээр байв. Үнэхээр болгоё, бүтээе гээд хоёргүй сэтгэлээр зүтгэвэл зорьсондоо хүрдэг юм билээ. Ч.Машбат багш жүдог хөгжүүлье гэсэн үнэнхүү сэтгэлийнхээ хүчээр л тэр бүхний ард гарсан.
Эмэгтэйчүүд жүдогоор барилдаж болдог гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд бид томоохон арга хэмжээний нээлтэд үзүүлэх тоглолт хийдэг байв. Барилдахгүй, мэх, техникийг нь түлхүү сонирхуулна. Тэр бүхэн эмэгтэйчүүд жүдо барилдаж чадахыг бусдад ойлгуулахад их нөлөөлсөн. Одоо бодох нь ээ, багш минь үнэхээр алсын хараатай, холч ухаантай хүн байжээ. Дараа жил нь нэрэмжит тэмцээн зохион байгуулж, биднийг Хөх хотын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийлгэн, олон улсын дэвжээнд зодоглосон нь амжилтад их дэм болсон.
-Монголд зохиосон анхны тэмцээнийг хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Жүдогийн үзүүлэх тоглолтыг олноор хийн, нэлээд сурталчилсан тул монголчууд сайхан хүлээж авсан. Тухайн үед “Эмэгтэй хүн барилдаж болох юм байна” гэх бодол хүмүүст төрсөн байх. Тэмцээний үеэр бид өрсөлдөхдөө олны сонирхлыг татах, аль болох сонирхолтой, үзүүштэй мэх хийхийг хичээсэн.
-Та бөхийн спортоор хоёрхон жил хичээллээд дэлхийн аварга болсон тамирчин. 1990 оны ДАШТ-ээс өмнө самбогоор ямар нэгэн тэмцээн, хамтарсан бэлтгэлд оролцсон уу?
-Оролцоогүй. Жүдогоор Хөх хотод хамтарсан бэлтгэл хийн, гадаадын бөхчүүдтэй барилдаад үзчихсэн нь амжилтад нөлөөлсөн. Учир нь самбо, жүдогийн барилдаан хоорондоо нэлээд төстэй. Самбогийн ДАШТ-ий өмнө жүдогоор Азийн наадамд Монголоос Х.Эрдэнэт-Од, С.Дашдулам, Ч.Оюунтунгалаг нарын хамт өрсөлдөхдөө медаль аваагүй ч их туршлага хуримтлуулсан. Тэгээд л 1990 онд ОХУ-ын Москва хотод болсон ДАШТ-д 10-уулаа оролцож билээ. Монголын эмэгтэй самбочид дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн нь тэр.
- Самбогоор ганц ч тэмцээнд оролцож үзээгүй танд ДАШТ-ээс медаль хүртэх, түрүүлэх итгэл хэр байв?
-Мэдээж амжилт гаргаж чадна л гэж бодсон. Би мундаг, авьяастайдаа бус, багш бэлтгэлийг минь үнэхээр сайн хийлгэсний ачаар түрүүлсэн шүү дээ. Тэр жил би ерөнхий боловсролын сургууль төгссөн. МУБИС-ийн түүх, философийн ангид элсэх зорилготой байсан ч чадаагүй. Дээд сургуульд элсэлгүй, бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулав. Бэлтгэлээ өдөрт хоёр удаа хийнэ. Манай дугуйлангийн ихэнх тамирчин үдээс өмнө хичээлдээ явдаг болохоор надтай бэлтгэл хийх хүн ховор.
Багшаас гуйж байгаад бэлтгэлээ Сарангоо, Алтантуяа хоёртой хамт хийх болов. Тэднийхээ тусыг би хэзээ ч мартахгүй. Тэгж миний бэлтгэлийг хангалцсан нь дэлхийн аварга болоход их нэмэр болсон. ДАШТ-д эмэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн. Манай жинд ес бил үү, 10 бөх зодоглосон юм. Тухайн үед дэлхийн дэвжээнд анх удаа оролцож байна, ийм мундаг, тийм амжилттай бөхтэй учраа таарлаа гэх бодол надад огт төрөөгүй. Эхний тойргуудад Франц, Итали, Чехийн бөхийг ялсан. Аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөхийн 10:2-оор өвдөг шороодуулан, 18 насандаа дэлхийн аварга болж билээ.
Ээж, аав хоёр миний тухай радиогоор сонссон гэсэн. Хурдан харьж, гэр бүлийнхэнтэйгээ уулзан, баярт мөчөө хуваалцах сан гэж хэчнээн яарсан гэж санана. Биеийн тамир, спортын газрын 40 жилийн ойгоор би дэлхийн аварга болсон юм билээ. Эх орондоо ирэнгүүтээ баярын хуралд оролцохыг үүрэгдсэн. Онгоцноос буугаад л гэртээ ч орж амжилгүй очсон юм. Аав, ээж хоёр намайг ДАШТ-д түрүүлсэн гэхэд итгэж ядсан. Тэр онд Эрдэнэт хотод болсон олон улсын тэмцээнд түрүүлж, дараа жил нь Гавьяат тамирчин цол хүртсэн.
-Олны танил, нэр хүндтэй байх амаргүй гэдэг. Амжилтдаа эрдэж, буруу замаар орсон хүн цөөнгүй. 19-хөн насандаа Төрийн том цол хүртэн, олны талархлыг хүлээн, гялалзаж явахдаа залуу насны аагаар амжилтдаа эрдэж, биеэ тоосон уу?
-Тэгсэн, тэгээгүй гээд хэлж мэдэхгүй нь. Хамаг томоохон арга хэмжээнд уригдан, хэвлэл мэдээллийнхэн жил гаруй намайг онцолж, ярилцлага авч, нийтлэл бичсэн. Сүүлдээ биеэ тоосон байж магадгүй. Зарим газар урихад нь бэлтгэл, тэмцээнтэй, завгүйгээ урдаа бариад очоогүй тал бий. Түүнээс биш амжилтдаа эрдэж, биеэ тоосон юм байхгүй ээ.
-1991 онд жүдогийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчдын нэг нь та бил үү?
-Тийм ээ. Тэр жил Японд болсон тэмцээнээс С.Дашдулам, Х.Эрдэнэт-Од бид гурав хүрэл медаль хүртсэн. Тэгж Монголын эмэгтэй жүдочид олон улсын дэвжээнээс анхны медалиа авсан түүхтэй.
-Та “Барселона-1992” олимпод улсынхаа эмэгтэй жүдочдоос анхудаа өрсөлдсөн. Тэгэхдээ бэртэлтэй байхдаа барилдсан гэдэг юм билээ.
-Тэгсэн. Олимпоос хэдхэн сарын өмнө хөл бэртэн, мэс засалд орсон. Яалт ч үгүй “Барселона-1992”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд миний нэр байсан болохоор хүч сорихоос өөр арга байгаагүй. Бэртээгүй бол медаль хүртэх боломж байсан болохоор харамсдаг. Тэр жил олимпод надтай хамт Х.Эрдэнэт-Од, Р.Дэчинмаа нар зодоглон, анхдагч болсон юм.
-Зах зээлийн шуурганд өртөн, спортоо орхисон Монголын олон тамирчны нэг нь та. Тухайн үеийн нийгэм таныг тийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оруулсан уу?
-Ер нь 1992 оноос Монголын спортын салбар уналтад орон, тамирчид тэмцээнд хувийн зардлаар оролцох болсон. Томоохон албан байгууллага, бизнесмэнээс дэмжлэг хүснэ, үүдийг нь сахина. Би ч бас тэгж явдаг байлаа. 1994 оны ДАШТ-д хувийн зардлаар оролцон, дараа жил нь оюутны дэлхийн наадамд зодоглохоор төлөвлөтөл зардал олддоггүй ээ.
Гүйсээр бай гаад Монголоос Японд очих зардлаа олоод өрсөлдсөн. Буцах зардалгүй тул тэнд хоёр сар ажиллан мөнгө олоод ирж билээ. Тэр хэрээр бидний амжилт буурсан, спортын хөгжил уруудсан. Тэмцээнд оролцох бүрт санхүүгийн хүндрэлтэй нүүр тулна. Спортдоо үнэнч үлдэн, зорилгодоо хүрэхийн төлөө хэчнээн зүтгэсэн ч санаснаар болоогүй.
Амьдрахын эрхэнд 1996 онд БНСУ-ыг зорьсон. 24-хөн насандаа барилдахаа болих хэцүү юм билээ. Амьдралдаа гаргасан хамгийн хэцүү шийдвэр маань тэр.
-Ярилцлага авахаар таны тухай судлахад хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл ер олдсонгүй. “Википедиа”-д тавигдсан, ДАШТ-ээс медаль хүртсэн самбочдын тухай нийтлэлд ч таныг дурдаагүй, нэр чинь алга байна билээ. Өнөөгийн залуус таны тухай төдийлөн мэдэхгүй, цагийн эргэлтэд мартаж буйд нь гомддог уу?
-Үгүй ээ, юу гэж тэгэх вэ. Түүх түүхээрээ л үлддэг. Хэн ч амжилтыг минь үгүйсгэж, баллуурдаж чадахгүй. Зах зээлийн хүнд үед монгол бүсгүйчүүд бөхийн төрлөөр дэлхийн аварга болж чадахыг баталснаараа, амжилт минь булган сүүлтэй байж чөлөөт бөх, жүдо, самбогоос олон шилдэг төрж, ДАШТ-д түрүүлсэнд бахархдаг.
Энэ бүхний эхлэл, суурийг бид Ч.Машбат багштайгаа хамт тавьсандаа олзуурхдаг. Түүнээс биш өнөөдөр намайг хүн бүхэн таньж, дурсаж, магтах чухал биш. Би өөрийгөө дөвийлгөх дургүй. ДАШТ, олимпод, Азийн АШТ-д надтай хамт оролцсон, Монголын эмэгтэй жүдочдын анхдагч болсон тамирчдаараа бахархдаг. Би дэлхийн аварга болсон, Гавьяат тамирчин цол хүртсэн нь тэдний л гавьяа.
-ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны тамирчин бол Дэмбэрэл. Хоёр дахь нь хэн бэ гэхэд таныг нэрлэх хүн цөөн. Учир нь хүмүүс таны тухай тийм ч сайн мэддэггүй юм билээ. Мартагдах вий гэж айдаг уу?
-Энэ талаар ёстой бодож байгаагүй. Бусад хүн намайг магтана уу, мартана уу огт чухал биш. Бүх зүйл цаг хугацаатай. Цаг хугацааны шалгуурыг давж чадах, эсэхээс үл шалтгаалан түүх түүхээрээ л үлдэнэ.
-Ер нь та хэвлэлд хамгийн сүүлд хэзээ ярилцлага өгсөн бэ?
-БНСУ-д олон жил амьдран, 2007 онд эх орондоо ирсний дараа МҮОНРТ-ийн сэтгүүлч Батжаргал ярилцлага авах санал тавихаар нь санаа зовоод “Солонгост олон жил ажил хийгээд ирлээ гэлтэй биш. Ярих юм байхгүй шүү дээ” гэсэн. Гэхдээ спортын хорхойтнууд таныг их санасан, хаана, юу хийж яваа бол гэж сурдаг гэхээр нь хүндлээд ярилцлага өгсөн.
Тэрнээс хойш хэвлэлд ганц ч ярилцлага өгөөгүй, зугтсаар өдий хүрсэн. Залуу үеийнхэн намайг төдийлөн танихгүй, мэдэхгүй байгаад миний ч буруу бий. Хэвлэлд ярилцлага өгөхгүй, олноос нууцлаг амьдрахаар арга ч үгүй биз дээ. Өө, нээрэн би хамгийн сүүлд “Таван цагариг”-ийн Ж.Батмөнхөд ярилцлага өгсөн юм байна. Бодох нь ээ, 10 гаруй жилийн өмнө юм уу даа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Жүдо, самбо сонирхдог уу?
-Нэг охинтой, 14 настай. Эх орондоо ирээд дэвжээндээ эргэж гарна гэж бодож явсаар хүүхдээ хожуу төрүүлсэн. Спорт нэг их сонирхдоггүй. Гадаад хэл, тооны хичээлдээ түлхүү дуртай. Жүдогоор хичээллэх үү гэж асуухаар “Барилдсан ч яах вэ” гэдэг.
-Ахмадын ДАШТ-д оролцох, дасгалжуулагч болох бодол бий юү?
-Монголдоо ирсний дараа ганц нэг тэмцээнд оролцсон. Одоо барилдахгүй байгаа. Ирэх жилээс жүдогоор барилдах, тэмцээнд өрсөлдөх бодол бий. 2020 оны ахмадын ДАШТ-д барилдахаар төлөвлөсөн.
Өөрийн гэсэн клубтэй болох, шавь бэлтгэх бодол байлгүй яах вэ. Миний үеийн тамирчдын олонх нь дасгалжуулагч болж, жүдо, самбогийн хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Би спортоос хөндийрөөд олон жил болсон, төсөөрсөн болохоор дасгалжуулагч хийхэд амаргүй байх нь ойлгомжтой.