АИХ-ын орлогч дарга, АИХ-ын 55 дугаар тойргийн депутат асан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр тохиож байна. “Эцэг” хуулийг эх барилцсан депутатын хувьд танаас эхлээд тэр үеийн нөхцөл байдал хийгээд түүхэн үйл явцын талаар асуумаар байна?
-1990 оны зургадугаар сард шинэ сонгууль явуулахын өмнө Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг боловсруулж, батлах шаардлагатай болсон. Тэр ажлын хэсэгт миний бие Монголын социал демократ намыг төлөөлж орсон юм. Ажлын хэсгийн ахлагчаар Чимид гуай томилогдсон.
Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн уулзалтад бүх нам өөр өөрийн гэсэн шинэ хуулийн төсөлтэй орж ирээд, нэлээд ширүүн маргаж мэтгэлцэж билээ. МАХН, АИХ-аас боловсруулсан хуулийн төслөөс гадна Монголын ардчилсан намынхан “Их чуулган”, манайх “Монгол Улсын Үндсэн хууль” гэдэг төсөлтэй орсон.
Манай намын хувьд шинээр байгуулагдах дараагийн төрийн тогтолцоог парламентын засаглалтай байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Бид 1989 оны сүүлчээр ардчилсан хувьсгалын тэмцэл хийж байх үедээ л цаашид манай улсын шинэ төр, засгийн тогтолцоо ямар байхыг ярьдаг байв.
Хуульч Энэбиш, Гадаад явдлын яамны дипломат ажилтан Энхтайван бид гурвыг гадаад орнуудын Үндсэн хуулийг уншиж, судлах үүрэг намаас өгсний дагуу 30-аад улсын туршлагаас судалсан.
Ингээд АИХ-аас боловсруулсан төсөлд үндэслэн, бусдаас нь авах зүйлүүдээ нэмээд Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталсан. Тэнд шинээр байгуулагдах төр, засгийн тогтолцоог авч үзэхдээ Монгол Улс Ерөнхийлөгчтэй, АИХ-тай байна, АИХ-аас Улсын Бага Хурлыг болон Ерөнхийлөгчийг сонгоно, мөн Ерөнхий сайдыг томилно гэж тогтсон юм.
Үндсэн хуулийн нэмэлтийн хуульд орхигдсон нэг зүйл нь хүний эрхийн асуудал. Гэхдээ төр, засгийн шинэ тогтолцоо бүрдсэний дараагаар ардчилсан Үндсэн хууль батлахдаа энэ асуудлыг тусгайлан авч үзэх биз гээд үлдээсэн хэрэг.
-1990 онд ардчилсан зарчмаар анхны сонгууль явуулахад ямар саад бэрхшээл тулгарч байв. Нийгмийн сэтгэхүйг богино хугацаанд өөрчлөх амаргүй байж таарна?
-Олон жилийн турш нэг намын дэглэмд ноёлуулж, захирагдаад дадчихсан, “Энхрий хайрт МАХН” хэмээн шүтдэг нийгмийн сэтгэхүйг өөрчлөхөд үнэхээр амаргүй байсан. Төвийн хэвлэлүүдээр ардчилсан хүчнийхнийг “төрийн хутган үймүүлэгчид”, үл бүтэх залуус мэтээр ойлгуулчихсан, хөдөөгийн ард иргэд цаг үеийн бодит мэдээллээс хол хөндий үе шүү дээ.
Хэдий тийм боловч хүмүүстэй нүүр нүүрээ харж ярилцаад, учир зөвийг нь ойлгуулж тайлбарлахаар олон нийтийн хандлага өөрчлөгддөг юм билээ. Орон нутгуудаар өвөлжин, хаваржин явж шинэ тогтолцооны тухай ухуулж, ярьсны эцэст хүмүүсийн ойлголт, сэтгэхүй жаахан наашилж, зургадугаар сард сонгууль болоход АИХ-д тодорхой хэмжээгээр ардчилсан хүчний төлөөлөл орж ирсэн. Монголын ардчилсан намаас 13, Монголын үндэсний дэвшлийн намаас дөрөв, манайхаас мөн дөрвөн хүн депутатаар сонгогдож байв.
-Тухайлбал, та хаанаас сонгогдсон бэ?
-Би Архангай аймгийн Хангай сумаас сонгогдсон. Уг нь XIII хороололд МАХН-ын “халзан” Очирхүүтэй хамт нэр дэвшээд байв. Гэтэл манай Хангай сумынхан намайг нутагтаа ирж сонгуульд дэвших хүсэлт ирүүлсэн юм. Хавар нь би намын даалгавраар Архангай аймагт ардчилсан хувьсгал өрнүүлэх ажилтай очихдоо Хангай сумаараа орж, хүмүүстэй уулзаж ярилцан, намын салбар зөвлөлөө байгуулаад байсан хэрэг л дээ.
Ингээд Хангайд нэр дэвших өргөдлөө явуулчихаад хотод намынхаа сонгуулийн штабыг удирдаж байтал сурталчилгаа ид эрчимжих үеэр би Малайзад олон улсын хуралд оролцох болов оо. Тэгэхээр нь би өөрийнхөө шадар туслагчаар тэндхийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажилладаг хамаатны хүнээ томилоод, багуудаар уулзалт хийхийг захиад явлаа.
Тав, зургаа хоноод Малайзаас иртэл Н.Алтанхуяг онгоцны хоёр тасалбар барьчихсан тосоод, “Маргааш өглөө долоон цагт Архангай руу нис. Тэндээсээ ногоон онгоцоор Хангай руу явуулахаар ярьчихсан. Нөгөө шадар туслахыг чинь сонгогчид авч хэлэлцэхгүй байна гэнэ” гэдэг юм байна.
Тэр үед Цахир, Хангай хоёр нийлсэн байсан учраас найман багтай, том сум байв. МАХН-аас нэр дэвшигч, сумын нэгдлийн орлогч дарга Сэрээнэнхоролтой хамт эхний багуудаараа ороод сурталчилгаа хийж явтал Ноёнхангайн нэг хот айлынхан намайг гадаа тавгийн идээтэй сүйд болж угтаад буруутчихаж байгаа юм. Нөгөө өрсөлдөгч дарга маань надтай хамт сурталчилгаанд явахгүй гэсэн тул эмнэлгээс акталсан “УАЗ-469” машин гаргаж өглөө.
Дөрвөн дугуй нь “халзан”, хаалга нь хаагддаггүй машин учраас уначих гээд манай жолооч бүхээгтээ сураар баглана (инээв). Айлын гадаа очихоороо жолооч өнөөх сураа тайлахаас нааш би бууж чадахгүй хөглөж явсаар сурталчилгаагаа дуусгасан.
Нэгдүгээр шатны сонгуулийн дүнгээр би 44 хувь, нэгдлийн орлогч дарга маань 30, нөгөө хоёр нэр дэвшигч үлдсэн саналыг авсан байсан. Ингээд нөгөө нэгдлийн орлогч дарга бид хоёр дараагийн шатны сонгуульд дахин өрсөлдөж эхэлж байтал ажил явдал гараад хот руу буцах болчихож байгаа юм. “Эхний сонгуулиар надад итгэж саналаа өгсөн нутгийн ахан дүүстээ баярлалаа. Ар гэрийн гачигдал гарсан тул би буцах боллоо.
Та бүхний мэргэн сонголт мэдэх биз ээ” гэсэн аман мессэж ойр дотныхноороо тараалгасан. Хөдөөд сайн, муу мэдээлэл тарахдаа амархан шүү дээ. Тэр үеийн сонгуулийн сурталчилгаа бол нүүр тулж уулзаад харилцан ярилцах, мэтгэлцэх. Их сургуулийн багш байсны хувьд хүмүүст үзэл бодол, үйл хэрэг, хүсэл зорилгоо ойлгуулахад дөхөм байсан биз. Эцэст нь сонгуулийн дүн гарахад би 56 хувийн санал авч, АИХ-ын депутатаар сонгогдсон.
-Сонгуулиар ийн эмхлэн байгуулагдсан АИХ-ын 430-аад депутат анхны ардчилсан Үндсэн хуулийг батлах гэж 76 хоног хуралдсан гэдэг байх аа?
-Олон ургалч үзэл ярьсан тэр олон депутатын уур амьсгалыг зөөллөж, гол ажил руу нь удирдан чиглүүлэхэд АИХ-ын дарга Гомбожав гуай их үүрэг гүйцэтгэсэн. АИХ дөрвөн орлогч даргатай байсны нэг нь би. Есдүгээр сард болсон АИХ-ын анхны хуралдааныг удирдахаар депутатуудын өмнө тавуулхнаа гарахад бараг л өвдөг чичирсэн.
Тэр хурлаар БНМАУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг сонгоод, Улсын Бага Хурлаа байгуулсан түүхтэй. Улсын Бага Хуралд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, зах зээлийн харилцаанд шилжихэд шаардлагатай гол гол хуулиудыг батлах даалгавар өгснийг байнгын ажиллагаатай парламент маш сайн биелүүлсэн. Хэдийгээр олон намын төлөөлөлтэй, үзэл баримтлал, бодлого нь өөр боловч нэг зорилгын төлөө нэгдэж ажиллаж байсан. Одоогийнх шиг авлига, хээл хахуульд орооцолдож, албан тушаал булаалдаж байгаагүй. АИХ-аасаа ч их айж эмээдэг.
Улсын Бага Хурал 1991 он гэхэд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлсэн. Зөвлөлтийн тусламж дэмжлэггүй болсон, хоёр нийгмийн шилжилтийн ороо бусгаа үед олон депутат “Ард түмний амьдрал хэцүүдлээ. Энэ Засгийн газрыг огцруулъя. Улсын Бага Хурлыг тараах ёстой” гэж бидэн дээр орж ирдэг байв.
Тиймээс депутатуудын шаардлагыг биелүүлж, уур амьсгалыг намжаахын тулд зун нь дөрвөн газарт бүсчилсэн уулзалт зөвлөгөөн хүртэл зохион байгуулав. Ингээд шинэ Үндсэн хуулийнхаа “араг яс”-ыг эцэслэн босгоод, арваннэгдүгээр сарын 8-нд хэлэлцэж эхэлсэн. АИХ-ын депутатууд маань харин “Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө Улсын Бага Хурлыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудлыг ярина. Үндсэн хуулиар ер нь яах юм” гээд жигтэйхэн бухимдалтай байсан.
Тэгэхээр нь хурал даргалагч бид ухаан сийлж, депутатуудын хийг дарахын тулд эхлээд хуралдааны дэгээ тав, зургаа хоног хэлэлцүүллээ. Дараа нь Үндсэн хуулийн төслөө хэлэлцүүлсэн юм. Тэгэхээр яг ч бас 76 хоног Үндсэн хуулийг хэлэлцээгүй байгаа биз. Уг нь арваннэгдүгээр сардаа багтаад шинэ Үндсэн хуулиа баталчихна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм шүү дээ. Анх оруулж ирсэн төсөл нь “Их цааз” нэртэй байснаа сүүлдээ “Их засаг” гэх зэргээр өөрчлөгдөөд эцэстээ Үндсэн хууль гэдгээрээ батлагдсан.
Олон намуудын төлөөлөлтэй Ардын Их Хурал. Өвөр эгнээнд, зүүн гараас Л.Дашням, Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, арын эгнээнд З.Алтай, Н.Батбаяр, Ц.Адъяасүрэн, Д.Ганболд нар. 1990 он.-Шинэ Үндсэн хуульд таны санаачилж оруулсан заалт хэр олон бэ?
-АИХ-ын орлогч даргын хувьд шинэ Үндсэн хуулийн талаар бодож явдаг санаануудаа “Ардын эрх” сонинд би өмнөхөн нь нийтлүүлж байв. Нэн тэргүүнд, улсынхаа нэрийг өөрчилж Монгол Улс болгоно, хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлыг голлож авч үзнэ, төрийн тогтолцоо нь парламентын засаглалтай байна, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн гол санаанууд тэнд бий.
Энэ санаануудаа хамгаалж, Үндсэн хуульд авч үлдэхийн төлөө үхэн хатан зүтгэсэн дээ. Депутатуудын хамгийн их тэмцэлдсэн зүйл нь төр, засгийн тогтолцоо. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг дээр их маргасан. МАХН-ын олон депутат тэр үед Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг дэмжиж, зүтгүүлж байв. Өдгөө “Би парламентын засаглалыг анхнаасаа л дэмжиж байсан” гэж ярьдаг олон хүн угтаа Ерөнхийлөгчийн засаглалын төлөө тэмцэж байсан.
АИХ дахь олон бүлгийн удирдлагыг Ерөнхийлөгчтэй зөвшилцүүлж, бүлэг бүлгээр нь тусад нь хуралдуулж байж гол гол зарчмаа тохирсон. Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн тэр 70-аад хоногт депутатууд улс төрийн сургуульд суралцаад төгссөн гэж би хэлдэг юм.
Учир нь тэр үед МАХН-ын орон нутгаас сонгогдсон депутатууд сангийн аж ахуй, нэгдлийн дарга нар голдуу байсан. Ерөнхийлөгчийн засаглал ямар сул болон давуу талтай байдаг, парламентын засаглалын онцлог, ач холбогдол нь юу юм гэдгийг тэдэнд тайлбарлаж, ойлгуулах гэж их юм болсон доо.
-Өнөөгийн болж бүтэхгүй байгаа бүх зүйл тогтолцооны хямралаас үүдэлтэй тул Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдэг хүн цөөнгүй. Зарим нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ч ярьдаг. Парламентын засаглал манайд яагаад чухал вэ?
-Үндсэн хуулийн гол зорилго нь ард түмний төр, засагтайгаа хийж буй гэрээ юм. Төрийн зүгээс ард иргэдийг дарангуйлах, хүний эрхийг зөрчих, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх явдал бишгүй байдаг. Иймд ардчилсан төр, засагтай улс орнууд Үндсэн хууль боловсруулан баталж, түүгээрээ дамжуулан хүний эрх, эрх чөлөөг хангадаг. Бид шинэ Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж чадсан нь маш том ололт юм.
Гэтэл энэ Үндсэн хууль хэрэгжсэн энэ 27 жилийн хугацаанд Монголд хүний эрх их зөрчигдөж ирснийг судлаачид нотолж байна. Энэ нь бид муу төртэй байжээ гэсэн үг. Төрийн хүнд суртал, авлигыг арилгаж чадаагүй нь үе үеийн эрх баригчдын алдаатай бодлоготой холбоотой. Түүнээс биш Үндсэн хуулиас болоогүй. Тэд төрийн үйл ажиллагааг зөв менежментээр явуулж чадахгүй, нам төвтэй бодлого явуулсныхаа үр дагаврыг Үндсэн хууль руу чихэх санаатай байдаг.
Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд төрийн бүтэц, тогтолцоогоо ямар байхыг эхлээд Үндсэн хуульдаа сонгож авдаг. Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог манайх шиг жижиг улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад хамгийн тохиромжтой хувилбар нь парламентын засаглал гэж үзээд тэр үеийн депутатууд Үндсэн хуульдаа сонгосон.
Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол нэг хүний дарангуйлал тогтоход маш хялбар байв. Хамгийн гол нь түүний цаана юу болж байгааг олон нийт тэр бүр мэдэх аргагүй. Магадгүй тухайн үед Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өнөөдөр бид наанадаж хүний эрх, эрх чөлөөний тухай өдий зэрэгтэй яриад сууж байх байсан уу гэдэг эргэлзээтэй.
Цаашлаад энэ улсын ирээдүй хаашаа эргэсэн байхыг ч таашгүй. Харин парламентын засаглалтай байгаад, сөрөг хүчин, бүлэглэлүүд бий болсны хүчинд төрд бугшаад буй элдэв бузар булхай илэрч байгаа юм. Хэдийгээр өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол Улс ардчилсан замаар явахын тулд элдэв саад бэрхшээл туулж, онож, алдаж байгаа нь үнэн ч үүнийг ард түмэн мэдэж байгаа нь давуу тал. Тиймээс одоо энэ булхайг яаж засах вэ гэдэг л чухал.
-Таныхаар одоо энэ тогтолцооны хямралаас гарч, буруу булхайг өөрчлөн, авлига хээл хахуулийг цэгцлэхийн тулд яах ёстой вэ. Өдгөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж буй түшээдийн яриад байгаа зарчмын шинэчлэлийн талаар та юу хэлэх вэ?
-Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудаас 200 гаруй нь л одоо мэнд сэрүүн байна. Бид эх барьж авсан Үндсэн хуулийнхаа гол гол зарчмыг хамгаалахыг ямагт хичээж ирсэн. Өдгөө Лүндээжанцангийн оруулж ирж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг харахад их хүчтэй Ерөнхий сайдтай болох тогтолцооны өөрчлөлт байна билээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлж, гишүүдээ томилдог байхын зэрэгцээ парламентаа ч тараах эрхтэй байх юм. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог, танхимаа бүрдүүлэх эрхтэй байх нь хэрэгтэй гэдгийг Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд би дэмждэг.
Манай АИХ-ын депутатууд ч үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ нэгэнт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд УИХ-аар хэлэлцээд эхэлбэл үндсэн зарчмыг нь орвонгоор нь эргүүлчих вий гэж эмээж байна. Тэгж орвонгоор нь өөрчиллөө гээд одоогийн энэ буруу булхай гаж тогтолцоо хэвээрээ үлдэх тун магадлалтай.
Тиймээс хэрэв үнэхээр Үндсэн хуульд “гар хүрэхээр” болбол АИХ-ын депутатууд бид УИХ-ын гишүүдтэй зөвшилцөөд, “эцэг” хуульд өөрчлөлт оруулах бус, нэмэлт хийе гэдэг бодолтой байгаа юм.
Монголын нөхцөлд зайлшгүй хоёр шаттай парламенттай байх нь зохистой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёр шаттай парламентын тогтолцоог холбооны улсуудад тохирох хувилбар гэж зүтгэх хуульч байдаг ч энэ бол тийм биш. 1990-1992 оных шиг Ардын Их Хуралтай байгаад, сум, хороо болгоноос томилогдсон депутатууд дундаасаа Байнгын ажиллагаатай парламентаа байгуулах нь зөв юм шиг байна.
Байнгын ажиллагаатай парламент нь хууль тогтоох ч Үндсэн хуулийг зөвхөн АИХ тогтоох эрхтэй байх юм. АИХ-аас Ерөнхийлөгчийг сонгож, Ерөнхий сайд, Улсын Ерөнхий прокурор, Дээд шүүхийн даргыг томилдог. Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газрын гишүүдээ сонгож аваад, Байнгын ажиллагаатай парламентад оруулж батлуулдаг. Ерөнхий сайд танхимаа тараах эрхтэй ч парламентыг тараах ёсгүй гэсэн үг.
АИХ нь Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг давхар хянаад, шаардлагатай тохиолдолд парламентын гишүүнийг эргүүлэн татаж болдог, Ерөнхийлөгчийг ч огцруулах эрхтэй байх нь оновчтой юм гэдэг дээр манай депутатуудын олонх нь санал нэгдсэн. АИХ-ын депутатууд Улсын Бага Хурлын гишүүдээс зарим нэгийг нь огцруулж, эргүүлэн татаж байсан түүх ч бий.
Улсын Бага Хурлын хуралдаанд Засгийн газраас оруулж ирсэн бодлогын асуудлыг гадагш нь задруулсан нэг нөхрийг эргүүлэн татаж байв. Ийм тогтолцоотой болбол өнөөгийн улс төрийн хямрал, гажуудал цэгцэрч, авлига, албан тушаалын шунал, наймаа арилах болно. Зөвхөн энэ тохиолдолд л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийнэ гэвэл бид зөвшөөрнө.