Ц.Зориглон хэмээх энэ залууг монголчууд сайн танидаг гэвэл худлаа ч тодорхой хэсгийнхэн андахгүй гэдэг нь гарцаагүй үнэн. Тодорхой хэсгийнхэн гэдэг нь дуулж, хөгжимдөх сонирхлоороо нэгдсэн залуучууд, мөн амьтанд хайртай хүмүүс.
Маркетингийн менежер мэргэжилтэй түүнийг “Азтай савар”-ын Зориглон ч гэдэг юм билээ. Эзэндээ гологдсон, эсвэл эзэнгүй тэнүүчлэн, өвдөж, шаналсан, бэртэж гэмтсэн, үхлийн ирмэгт очсон гээд өч төчнөөн муур, нохой түүний болон “Азтай савар” ТББ-ын гишүүдийн ачаар аврагдаж, сайн асран хамгаалагчтай болсон.
Өөрөөр хэлбэл, Зориглон бол жинхэнэ буянтай, энэ цагт ховордсон зан чанартай залуу. Нөгөөтээгүүр, “X Vit” хамтлагийн аргил гитарчин гэж байгаа. Ийм нэгэн залуутай танилцана уу. Тэрбээр энэ нийгмийн залуу эд, эсийн хувьд юунд сэтгэл зовж явдаг, юу хийхээр зорьж буйгаа ярилаа.
-Хувийн бизнесийнхээ хажуугаар олон ажил амжуулдаг талаар тань сонссон. Тэдгээрийн нэг нь гудамжинд аюул, эрсдэлд орсон амьтдыг аварч, эмчилгээ, асаргаанд хамруулж, эзэнтэй болгох том үйл. “Азтай савар”-ын ТУЗ-ийн даргаар таван жил ажилласан та ер нь яаж яваад нохой, мууранд “дурлачихсан” юм бэ?
-Намайг багад манайх гэр бүлээрээ гадаадад нэг хэсэг амьдарч байгаад 1990 онд Монголдоо ирсэн. Тэр үед зургаан настай байсан би гудамжнаас нэг гөлөг олоод, тэжээсэн. Ер нь тухайн үеийн хүүхдүүд нохой их тэжээдэг байжээ. Багаасаа л үеийнхэнтэйгээ нийлээд гудамжны амьтантай “хөөцөлдөж” явсаар таны хэлдгээр нохойд бүр “дурлаж, зууралдсан”.
Эхэндээ ганц, хоёр амьтан аврахаар явж байгаад, эцэст нь ийм өргөн хүрээний ажилтай болсон. Амьтанд хайртай болсон өөр нэг шалтгаан нь ном, зохиол. Жек Лондоны гоё зохиолуудыг манай үеийнхэн их уншдаг байлаа. Дээрээс нь зураач аавын минь нөлөө ч их. Аав номын зураг их зурдаг, тэдгээрийн дотор амьтантай холбоотой нь нэлээд байсан.
“Азтай савар” гэдэг буянтай байгууллагыг 2012 онд Төрийн шагналт, зураач С.Cаранцацралт болон хөтөч нохой эзэмшдэг Уянга хэмээх бүсгүй, энэ чиглэлээр ажилладаг хоёр америк хүнтэй хамтран байгуулж, би гишүүн нь болсон. Нэг хэсэг үйл ажиллагаа нь зогсонги байдалтай явж, 2013 онд идэвхжиж ирсэн. Өнөөдөр манай хамгийн идэвхтэй 10 гаруй гишүүн тэр үед нэгдээд, эл байгууллагыг үргэлжлүүлэн авч явах болсон юм.
Бид фэйсбүүкийн групп нээж, үйл ажиллагааныхаа тухай болон амьтны талаарх мэдээ, мэдээлэл түгээж эхэлсэн. Өдгөө фэйсбүүкийн дэмжигч 76 мянган хүнээс гадна үйл ажиллагаагаа идэвхтэй авч явдаг 20-иод гишүүн бий. Бид 2013 оны өвөл анх 50 шахам гөлөг аварч байлаа. Нэг талаар багагүй тоо ч гэлээ энэ нь хангалтгүй.
Цаана нь хэдэн зуун гөлөг, нохой, муур хөлдөж үхэх аюултай байсан. Харамсалтай нь, бидний хүчин чадал, мөнгө санхүү хаанаа ч хүрэхгүй тул яах ч аргагүй. Харин тийм нөхцөл байдлаас гарах гаргалгаа нь хүмүүс тэжээвэр нохой, муурныхаа үржлийг эмнэлгийн аргаар зогсоох нь илүү үр дүнтэй гэдгийг судалж, мэдээд энэ талаар иргэд болон албаныханд мэдээлэл түгээж эхэлсэн.
-Спэй буюу тухайн амьтанд үржил зогсоох мэс засал хийснээр золбин муур, нохой олшрохоос хамлгаалдаг болохыг гадаадын олон орны туршлагаас харж болно. Та бүхэн ч энэ тал дээр зүтгэлтэй ажилласны хүчинд амьтан тэжээдэг хүмүүс багагүй мэдээлэлтэй болжээ. Үүнээс өөрөөр үржлийг нь зогсоох боломжтой юу. Мөн золбин нохой, муур устгахад бусад улсад ямар арга хэрэглэдэг бол?
-Амьтны үржил зогсооход спэй л хийнэ. Олон оронд үр дүн нь батлагдсан. Нэг нохойд спэй хийснээр зургаан жилийн хугацаанд дунджаар 67 мянга болж өсөхөөс хамгаалж чадна. Зөвхөн нэг нохойны хувьд ярьж байна шүү дээ. Тэгэхээр энэ арга ямар үр дүнтэй нь ойлгомжтой. Үүнээс улбаалаад эдийн засгийн асар хэмнэлттэй.
Өөрөөр хэлбэл, замбараагүй үржиж, өссөн золбин амьтдыг буудах, булж, шатааж устгах, үүнийг хийх хүн, хэрэгсэл зэргээр зардал асар багасна, нөгөөтээгүүр, ариун цэвэр, халдваргүйжил гээд энэ асуудлыг тойрсон олон зүйл цэгцэрнэ. Тиймээс “Азтай савар” энэ ажлыг өөрийн зардлаар эхлүүлж, 150 гаруй нохойд спэй хийлгэж байлаа.
Энэ асуудлаар 2016 оны намар НИТХ-д танилцуулсан. Гэтэл “ТВ 8”, “С 1” зэрэг телевизээр спэй хагалгааны талаар ташаа мэдээлж “Таван тэрбум төгрөгөөр золбин муур, нохдод ерөндөг тавина” гэчихсэн. Энэ нь нэлээд зорилготой мэдээлэл байсан юм билээ. Ингэж улс төрийн намуудын “тоглоомд” жирийн иргэдийн ажлыг чирсэн.
Улсаас жил бүр хэдэн тэрбум төгрөгийг нохой, муур устгахад зарцуулж байна. Зөвхөн нийслэлийн нохой, муурнуудыг жилд дунджаар тэрбум төгрөгөөр устгаж байна. Эл зардал 500, 800 сая гэхчлэн өссөөр нэг тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Гэр хорооллынхны нохойг тасралтгүй гурван жил ийм мэс засалд хамруулчихвал нийслэлийн энд тэндгүй тэнүүчлэх золбин амьтан эрс цөөрөх, цаашлаад үгүй болох боломжтой.
С.Бат-Үүл даргын үед би 2014 оноос эхлэн энэ талаар тайлбарлаж, ажлаа танилцуулах гэж таван удаа оролдсон. “Бүтэхгүй, ямар хачин юм бэ” гээд л өнгөрсөн. Харин өнөөгийн удирдлага, ялангуяа хотын ерөнхий менежер Т.Гантөмөр арай өөр өнцгөөр, зөв хардаг хүн шиг санагдсан. Нэг сонинд өгсөн ярилцлагыг минь уншчихаад намайг дуудаж уулзсан.
-Олон улсад золбин амьтдыг хэрхэн устгадаг бол. Бууддаг бол манайхан шиг иргэдийн нүдэн дээр, өглөө, өдөр, үдэшгүй аллага, яргалал гэж хэлмээр бүдүүлэг байдлаар устгадаггүй байх.
-Европын орнуудад ч бууддаг байсан. Гэхдээ мэдээж, тодорхой хугацаанд, хатуу чанга дүрэм журмаар ийм устгал хийдэг байсныг халж, спэй заслаар үржлийг нь зогсоодог болсон. Өдгөө шаардлагатай бол унтуулах тариа хийдэг юм байна.
Дархан-Уул аймагт золбин муур олширч, хортой хоол өгч туршсан юм билээ. Харамсалтай нь, хордсон муурнууд үхэж чадахгүй тарчилж, энд тэндгүй бөөлжиж, суулгаж, орчин бохирдуулж илүү чирэгдэлтэй байсан учраас хориглосон гэнэ лээ.
Ингэж хордож үхсэн амьтны цогцсыг булах нь элдэв өвчин тархах асар эрсдэлтэй. Ер нь манайхан буудсан нохой, муурыг хөрсөнд булаад л “устгачихдаг”. Хөрсний бохирдол, агаарт дэгдэх хорт бодис гээд асуудал их.
-Монголд устгасан нохой, муур шатаадаг жигтэйхэн мундаг, хүчин чадал сайтай зуух барьсан биз дээ. Гэтэл өчнөөнөөр нь булдаг гэдэг нь юу гэсэн үг вэ?
-2015 оны хавар Э.Бат-Үүл дарга нохой, муур устгах зардлыг нэмсэн. Ингэснээр нэг нохой буудахад 5000 төгрөг байсан бол 12 500 болж өссөн. Үүнээс гадна иргэдээс амьд нохойг 7500 төгрөгөөр худалдаж авах зэрэг жихүүцэм шийдвэр гаргасан. Ингээд болоогүй Цагаан давааны хогийн цэгийн хажууд нохой шатаах зуух барьсан.
Үүнд 500 сая төгрөг зарцуулсан гэдэг. Иргэдийн тушаасан нохойг тэнд нядлаад, шатаахаар төлөвлөсөн юм билээ. Урт, томхон ширээний дайтай тэр зуух нь нэг удаа 30 хүртэл нохойг дөрвөн цагийн хугацаанд шатаах хүчин чадалтай. Хэвийн хэмд очтолоо хөрөх буюу дараагийн ажиллагаа хүртэл мөн л дөрөв орчим цаг болохоос гадна өдөрт 80-100 литр түлш зарцуулна.
Гэтэл Улаанбаатарт өдөрт 150-250 нохой буудаж, устгадаг гэсэн статистик бий. Дийлэнхийг нь урьдын л адил булна гэсэн үг шүү дээ. Хамгийн хачирхалтай нь, үүний дараа жил нь Испани Улсаас байгаль, экологи, амьтны эрхийн талаар бичдэг сэтгүүлч Улаанбаатарт ирж таарлаа. Бид түүнд нөгөөх зуухыг үзүүлэхээр очсон ч сэндвичин хавтангаар барьсан амбаарыг нь дангитал цоожилчихсон, үйл ажиллагаа явуулдаг шинжгүй байсан.
Би энд нэг зүйлийг тодруулж яримаар байна. Амьд нохойг 7500 төгрөгөөр худалдаж авдаг болсноор нийгэмд ямар сөрөг нөлөө, үр дагавар гарсныг судалсан хүн байна уу. РС тоглоомын газарт тоглох мөнгөө олохын тулд бага, дунд ангийн сурагч, өсвөр насныхан торонд хоёр, гурван гөлөг хийчихээд тушаах гэж явсантай би олон таарсан. Иргэд ч ярьдаг. Зарим нөхдийн хувьд архины мөнгө олох арга нь нохой үржүүлж, гөлгийг нь тушаах болсон.
Хашаандаа охин гөлөг уячихаад, үржүүлдэг айл одоо ч бий. Нийгмийн сэтгэл зүйд ийм хөнөөлтэй шийдвэр шүү дээ. Үүнээс ч муухай үр дагавар хожим илрэхийг үгүйсгэхгүй. Олон улсад “Кобра эффект” гэсэн нэршил бий. Энэтхэгт колончилж байсан англичуудаас үүдэлтэй.
Англичууд нутгийн иргэдээс могойн толгой худалдаж авах шийдвэр гаргасан. Ийм замаар эл амьтнаас сална гэж тооцжээ. Гэтэл үнэн хэрэгтээ энэтхэгчүүд кобрагаа үржүүлж, өсгөөд, бүр бизнес болгосноор устгах биш, тоо толгойг нь богино хугацаанд өсгөсөн гэдэг. Ийм явдал Францын колончлолын үед Вьетнамд бас болсон.
-Уучлаарай, зарим хүн “Ядуу хүнээ яая гэж байхад юун золбин муур, нохой аврах вэ” гэсэн хандлагатай, мөн “Азтай савар”-ыг доромжилж, харддаг хүмүүс байдаг гэсэн үү?
-Золбин амьтан аврахын оронд ядарсан хүмүүст нүүрс авч өгөөч гэж уурлах нь бий. Бид хотын соёлыг, мөн амьтанд ээлтэй байхыг, тэгснээр гэр бүлд, хүүхдэд ямар сайн талтайг хүмүүст ойлгуулахаар зорьж яваа жирийн л иргэд. Зүгээр л үглээд, цахим хуудсаар элдэв үг цацах биш, зорилготой, буянтай үйлсийг үлгэрлэн хийхээр сэтгэл нийлсэн төрийн бус байгууллагынхан. Бид мөнгө ихтэйдээ ингэж яваагүй.
Өөрсдийн халаасыг тэмтрэн, бас хандиваар “Азтай савар”-аа авч явдаг. Цаад зорилго нь амьтанд энэрэнгүй хандах, нийгэмд эерэг хандлага бий болгох. Энэ л зорилгынхоо хүрээнд бид 2018 онд 400 нохойнд спэй хийлгэв. Үүний зардал болох 50 орчим сая төгрөгийн нэлээдийг хандиваар цуглуулсан. Багагүй хэсгийг манай гишүүд гаргасан. Энэ жишгээр бид чадлынхаа хэрээр авраад, улс нь буудаад л явбал эцэс төгсгөлгүй юм болно. Үүнийг зогсооход хүмүүсийн хариуцлагыг өндөрсгөж, нохой, муурны тухай маш нарийн заалттай, хатуу чанга хуультай болмоор байна.
-Амьтан тэжээнэ гэдэг нь маш буянтай, бас хариуцлагатай ажил. Нөгөөтээгүүр, хүүхдийн төлөвшилд ч эерэг нөлөөтэй. Гэтэл сүүлийн үед хотын иргэд сэтгэл хөөрлөөр, хүүхдээ эрхлүүлэх хэрэгсэл болгохоор амьтан, ялангуяа нохой худалдан авдаг болжээ.
Тэгээд уур нь хүрэхээр, эсвэл үгэнд орохгүй байна гээд гаргаад хаячихдаг. Бас өсвөр насныхан нохойг хувцас, цүнх шиг бодож, гангараа болгодог явдал нэлээд байна. Ийм муйхар, буруу хандлагыг яаж болилуулах ёстой вэ. Та бүхэн энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Өнөөдөр энэ асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Хэдийгээр амьтан ч гэсэн бидний үр хүүхдээс ялгаагүй гэдгийг юуны түрүүнд ойлгож, ухамсарлах ёстой. Тэр нохойг гэр бүлийнхээ гишүүн болгож чадах уу, тэгэхийн тулд өдөрт 2-3 удаа салхилуулж, бие засуулахаас эхлээд өчнөөн ажил, асаргаа шаардлагатайг мэдэж, хариуцлага хүлээх үү гэхчлэн олон талаар бодож, ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй.
Нохойгоор гангардаг явдал хүүхэд гэлтгүй томчуудын дунд ч байна. Амьтныг хайрлаж, сайхан асарч, хайрлаж, өөрийн үр хүүхэд шиг өсгөж, тэжээдэг хүн Монголд олон байгаа. Тэгж чадахгүй бол амьтнаар тоглож болохгүй гэдгийг л хэлмээр байна. Хэдхэн жилийн өмнө спаниель, хаски ямар гоё амьтан байлаа. Гэтэл өнөөдөр гудамжаар дүүрэн, золбирчихлоо. Энэ бол замбараагүй үржүүлгийн балаг.
Нохойгоо ганц удаа үржүүлгэд оруулчихвал л боллоо гэж ярьдаг хүмүүст хандаж “Таны хайртай амьтны үр төл хаа нэг газарт хоол ундгүй, хүнд адлагдаж явааг мэдэх үү. Тэд цааш хэд болж үржээд, хэд нь машинд дайруулж, хэчнээн нь эрэмдэглүүлж, бас буудуулсан бол. Энэ талаар бодож байж үржүүлэх үү, спэй хийлгэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй” гэж хэлье. Миний бодлоор, амьтны үр төлөөр бизнес хиймээргүй байгаа юм. Хэрэв худалдвал нэлээд өндөр үнэтэй баймаар санагддаг.
Тэгсэн тохиолдолд хэн дуртай нь сэтгэл хөөрлөөрөө гөлөг авахгүй. Нөгөөтээгүүр, багагүй мөнгөөр авсан амьтнаа гаргаж хаях магадлал бага. Тэгэхгүй бол нохой геометрийн прогрессоор өснө. Тэр хэрээр их мөнгө зарлагадаж, буудаж, утсгана. Хамгийн аймаар нь ил цагаан газарт, заримдаа хашааных нь хажууд хүүхэд, багачуудын нүдэн дээр нохой буудаж байгаа нь хойч үеийнхэнд ямар дуурайл болох вэ.
Ганцхан жишээ хэлэхэд, манайд хөл нь хугарсан жижигхээн гөлөг авчирсан юм. Тэр амьтныг хүүхдүүд зодож, бэртээгээд, бүх биеийг нь ахуйн будгаар будчихсан байсан. Энэ мэтээр хүний нөлөөгөөр бэртэж, гэмтсэн амьтан манайд олон бий. Саяхан бид Нугасаа нэртэй, гурван хөлтэй нохойгоо алдчихлаа. “Азтай савар”-ын гишүүд маань андахгүй болсон тэр амьтан ч гөлөг үедээ нэг хөлнөөсөө салсан байсан.
Бас нохой зодолдуулж зугаацдаг, мөнгө олдог хүмүүс байдаг. Тийм арга хэмжээ зохион байгуулж болохгүй гэсэн хууль манайд байхгүй учраас болно л гэсэн үг. Энэ мэтээр асуудал их бий. Монголд ирсэн гадаадын жуулчид хүртэл нохой буудаж байгааг, амьтанд балмад хандсан зүйл харсан талаараа ярьж байна лээ шүү дээ.
-Та нарын тооцоолсноор, нийслэлд орон сууцанд амьдардаг, нохой, мууртай айл хэчнээн байна вэ. Эзэнгүй буюу золбин нохой, муурыг бүртгэлжүүлэх боломжтой юу?
-Бид 2015 оны есдүгээр сард ДЭМБ-ын санхүүжилтээр Улаанбаатар хотод халдварт өвчний судалгаа хийсэн юм билээ. Энэ хүрээнд нохой, муураар халдах өвчнийг судалжээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Үндэсний статистикийн хороо хамтран түүврийн аргаар тооллого явуулснаар Улаанбаатарт 300 гаруй золбин нохой байна гэж тооцсон.
Орон сууц болон гэр хороололд тэжээдэг нохой 180-аад мянга гэсэн дүн гарсан байдаг. Ийм олон амьтны үржлийг яаралтай зохицуулж, зогсоохгүй бол бид удахгүй “живнэ“. Тиймээс л спэйг тусгай журмаар, олон нийтийг хамруулсан ажил болгох шаардлагатай.