“Болор цом-36” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Базарсадын Баттулгатай ярилцлаа.
-Олон жилийн турш үзэгч, уншигчдын хүсэн хүлээсэн найрагч Янжинлхамын хишгийг хүртэж “Болор цом”-ын эзэн боллоо. Танд баяр хүргэе. Утас тань тасралтгүй яриад байгаа дохио өгөх юм, өргөн олны баярын сэтгэгдэл хөвөрсөөр байна уу?
-Их баярлалаа. Жанжин Чойрын нутгийн тэнгэр ивээж, эгшиглэнт эхийн хишиг хүртсэндээ баярлаад баршгүй. Алтан тэвнийн үзүүр дээр ганц арвай тогтож үлдэхтэй адил ховорхон хүмүүн заяаг эрхшээж төрөхдөө яруу найраг хэмээх урлагийн хамгийн дээд төрөл зүйлээр бүтээж туурвих хувь ерөөлтэй учирсан нь сайхан хэрэг.
Тэгээд МЗЭ-ийнхээ 90 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан, тэр тусмаа монгол туургатны найрагчид тал талаас цугласан өргөн дэлгэр наадамд түрүүлэх хувьтай байжээ хэмээн бэлгэшээж сууна. Үнэндээ өөрийгөө энэ жил “Болор цом”-ын эзэн болно гэж зүүдэлсэнгүй явлаа. Шагналаа аваад зогсож байхад “Булган чиг нударгыг шалчийтал нь уйлав аа хө” гэдэг ардын дууны үг санаанд эрхгүй ороод мэлмэрүүлж байв шүү (инээв).
Энд тэндээс олон хүн залгаад, “Нүдээ олсон шагнал байлаа” хэмээн баяр хүргэж байна. Утас л тасралтгүй хангинах юм даа. Сая нэг танил дүүдээ утсаар хүртэл ярилцлага өглөө. Ах нь ямар хүнд томорч, ихэрхэж чадах биш. “Тулгаа ах аа, тэгмээр байна” гэвэл “За” л гэдэг.
-Таныг тийм сэтгэлтэй хүн гэдгийг олон хүн мэднэ шүү дээ. Янжинлхамын хишигт найрагч болсон баяраа та хамгийн түрүүнд хэнтэй хуваалцахыг хүссэн бэ?
-Хайртай гэргий, үр хүүхэдтэйгээ баяраа хуваалцахаар яарсан. “Тулгаа ах аа, машинтай хүмүүс байна. Яарч байвал бидэнтэй түрүүлээд буцаж болно шүү” гээд дүү нар хэлсэн л дээ. Гэхдээ хэчнээн удах байсан ч гэсэн галт тэргээр, нөхөдтэйгөө эргэсэн. Учир нь би очихдоо галт тэргээр явсан.
“Болор цом”-ын эзэн болонгуутаа нөхдөөсөө тасрахыг хүсээгүй. Намайг түрүүлээд явлаа гэхэд манайхан ойлгоно л доо. Гэвч миний дотор хэзээнээсээ л хүн гомдоохгүй байх сан, бусдын сэтгэлд юм хийчихгүй явах сан гэдэг бодол байдаг юм.
Ирэх замдаа Буриадын яруу найрагчдын купенд зочилж, Оросын мөнгөн үеийн утга зохиолын төлөөлөгчдийн тухай хуучилж, шөнөжин хөгжицгөөлөө. Монгол туургатныхаа халуун голомтод ирж, яруу найргийн наадамд оролцоод буцаж буй тэр хүмүүс сэтгэл өег хангалуун, дурсамж дүүрэн байх учиртай. Ямар ч байсан тэд маш сайхан сэтгэгдэлтэй үлдсэн.
Би өөрөө Монголын мөнгөн үеийн яруу найрагчдын төлөөлөлд багтдаг. Манай зохиолч, яруу найрагчдаас энэ жил хэчнээн сайхан нөхөд минь бурхны оронд заларч, уй гуниг хурсныг уншигчид андахгүй. Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдэйн Эрдэнэбаатар, Баттөрийн Мягмаржав, Лхамсүрэнжавын Ганзул нар минь амьд сэрүүн байсан бол бүгдээрээ л “Болор цом”-доо очиж, уралдах нь уралдан, мялаалгын шүлэг унших нь уншаад гэгээн сайхан дурсамж бүтээх байлаа.
Цаг нь болохоор бүгд л насны оньс огтолдог ч 2018 он бол Монголын яруу найрагт дэндүү харамсалтай, хэтэрхий том гарз хохиролтой жил байв. “Болор цом”-ын тайзнаас тэднийгээ дурсан санахад өөрийн эрхгүй гуниг хавж хөндүүрлээд, нулимсаа барьж дийлээгүй ээ.
-Нуулгүй хэлэхэд, сүүлийн жилүүдэд “Болор цом”-ын нэр хүнд их унасан. “Ядаж зохиолчдын байгууллагынхаа 90 жилийн ойгоор “Болор цом”-оо шударга зохион байгуулчихаасай” гэдэг хүлээлт, итгэл сэтгэлийг Таны шагнал үүрээд гарлаа гэж ойлгож байгаа.
-“Нүдээ олсон шагнал” гэдэг үгийн цаана олон хүний итгэл, хайр хүндэтгэл байгааг би мэдэрч, ойлгож байгаа. Тиймээс энэ шагнал надад урам зориг өгснөөс гадна том хариуцлага үүрүүллээ. Яруу найргийн үндэсний хэмжээний наадамтай улс орон дэлхийд тийм ч олон биш байх.
Тэртээ 36 жилийн өмнө агуу их Дэндэвийн Пүрэвдорж агсны санаачилсан “Болор цом” наадмын нэр хүндийг бид өндөрт өргөж явах учиртай юм. Угаасаа яруу найраг гэдэг маш их тэнгэрлэг ойлголт. Тэрийг жинхэнэ агуулгаар нь өндөрт өргөж явах зохиолч, яруу найрагчдын түүчээ нь бидний мөнгөн үеийнхэн гэж би боддог.
Энэ ачааг даах нуруутай байхыг цаашид улам хичээнэ. Хүн болгон нь шахам яруу найргаар ярилцдаг цэцтэй, мэдрэмжтэй ард түмний яруу найрагч байна гэдэг өөрөө том шалгуур. Тиймээс одоо миний боддог зүйл бол асар даруу дорд сэтгэлийг барьж, уран бүтээлдээ ул суурьтай хичээнгүй хандаж, чансаатай, даацтай бүтээл хийхийн төлөө бийр дундалж суух.
-Та дараа дараагийн “Болор цом”-д оролцох уу?
-Наадмын тов гараад, бүтээлээ хүлээн авч байна гэдэг зар сонсоод догдолдог, маш сайхан шинэ шүлэг бичиж оролцох сон гэдэг тэр хүсэл тэмүүллээрээ оролцсоор л байна.
-Сүүлийн шатанд “Гүн ухааны сүлжээ бодролууд” хэмээх эрхин сонет уншсан нь “Болор цом”-ын тайзан дээрх анхны тохиолдол байсныг мэргэжлийн хүрээнийхэн онцолж буй. Үзэгч, сонсогчдын хувьд их урт юм шиг санагдахыг мэдсээр байж яагаад эрхин сонет уншсан юм бол?
-Сүүлийн шатанд есөн яруу найрагч тунаж үлдэхэд тайзнаа гараад уншчих товхийсэн сайн шүлэг надад байсан л даа. Гэхдээ яруу найраг гэдэг дотроо ийм олон төрөлтэй юм шүү гэдгийг нэгдүгээрт, уншигчдад уншиж сонирхуулахыг хүссэн юм. Үнэндээ яруу найрагчийн мэдрэмж, авьяас, чадал чансааг сорьдог нэг хэлбэр нь сонет.
Тэр тусмаа эрхин сонет. Үүнийг Монголын яруу найрагт жинхэнэ утга агуулгаар нь нэвтрүүлсэн хүн бол Дамдинсүрэнгийн Урианхай ах. Түүний 14 мөрт эрхин сонетууд үнэхээр гайхамшигтай. Ийм сайхан хүмүүстэй нэг тэнгэрийн дор амьдарч, амьсгалж яваагийн хувьд хүсэл зорилго, үйл хэргийг нь ойлгож, мэдэрч, чадал чадвар хүрвэл дэмжихийг хичээдэг.
Хоёрдугаарт, би угийн “урт” хүн л дээ. Урт бичдэг, урт үстэй болохыг хүсдэг. Чойжилсүрэнгийн Ууганбаяр гээд манай Завханы яруу найрагч “Урт үс бол мэдрэмжийн суваг” гээд үсээ жигтэйхэн гоё ургуулдаг байв. Даанч миний үс буржгар учраас урт ургуулах аргагүй (инээв).
-Зарим яруу найрагчийн хувьд шүлэг бичих шалтгаан нь ердөө “Болор цом”-д түрүүлэх юм шиг л байдаг. Таны хувьд шүлэг бичих шалтгаан юу вэ?
-Би өөрийгөө яруу найргаас ангид ойлгож чаддаггүй. Дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа л шүлэг бичсэн. Шүлэг бичих нь хэрэгтэй юү, үгүй юү гэж би боддоггүй. Нэг их гоё санаа зурсхийн ороод ирэхэд түүнийг буулгахгүй байхын аргагүй.
Гэрт, автобусанд, гудамжинд, хүмүүстэй уулзаад суухад, хичээл зааж байхад гээд хэдийд ч хамаагүй уран гоё санаа орж ирдэг. Миний онгод намайг хаана ч байсан хамт явдаг юм. Халгисан, чимчигнэсэн тийм гоё санаа ороод ирэх үед би хэзээ, хаана, хэнтэй байгаагаас үл хамааран, үзэг, цаасаа гаргаад суучихна. Дараа нь харин тэр тэмдэглэсэн гоё санаагаа сайн шүлэг болгохын төлөө ажилладаг.
-Таны бодлоор өнөө цагийн яруу найрагч хүнд байх ёстой хамгийн эрхэм чанар юу вэ?
-Ядарсан, гуньсан, баярласан, цөхөрсөн, харамссан, эргэлзсэн энэ олон сэтгэл хөдлөлтэй яруу найрагч хүн хэзээд хамт байдаг. Ялангуяа өнөө цагийн яруу найрагчдын өмнө эх орон, эгэл ардынхаа хувь заяаг бодох үүрэг ирээд байна гэж би хардаг.
Өвөг дээдсийн бидэнд үлдээсэн энэ сайхан эх орон, газар нутаг, өндөр заяат монголчуудынхаа цаашдын ирээдүй, хувь заяаны төлөөх шаналангаа яруу найргаар илэрхийлж, Очирбатын Дашбалбар шиг гал цогтой үгээ хэлэх цаг нь болжээ.
Цогтой тэмцэгч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон-оюун санаа-яруу найраг” наадамд би 2015 онд түрүүлэхдээ энэ эрхэм хүмүүний үзэл санаа, үйл хэргийг яруу найргаараа үргэлжлүүлэх ёстой юм байна гэдгээ илүүтэй мэдэрсэн.
Миний хувьд бодит амьдралаас ургасан гоё сайхан мэдрэмжээр эх оронч санаагаа гаргахыг хичээдэг. Сая тухайлбал, “Болор цом”-ын эхний даваанд “Дүүгүүрийн чулуу” гэдэг шүлэг уншлаа. Архангай аймгийн Цахир суманд өвгөн Гэсэр лам гээд мундаг эрдэм чадалтай хүн байсан нь одоо ч нутаг усныхаа зон олныг ивээсээр байгаа гэж үздэг юм.
Нэг түүх өгүүлэхэд, Тэрхийн голын эхэнд ном хурж байсан Гэсэр ламын номын үсэг дунд Тариатын хүрээн дэх гэртээ амаржиж чадахгүй зүдэж байгаа залуу бүсгүйн төрх харагдсан гэдэг. Тэгэхээр нь Гэсэр лам чулуу авч тарнидаад, дүүгүүрдэн шидэхэд өнөөх бүсгүйн гэрийн тооноор гэрэл болж очоод эхийн хэвлийг оноход эсэн энх амаржсан гэдэг түүх домог буй. Эндээс улбаалан гол санаагаа олж, цааш нь хэрхэн эх оронч сэтгэлгээтэй холбон яруу найраг болгох вэ гэдгээ бодож бичсэн.
...Эдүгээ гэмээнэ тэр дүүгүүрийн
чулуу исгэрэн исгэрсээр
Эх оронд минь шунасан бүхний
тархийг хагална
Эх орноосоо урвасан бүхний зүрхийг
бутална
Исгэрэх дуу нь дэлхий дайдын энгээр
хангинана
Аяа энэ дүүгүүрийн чулуу
Ачлахуйн увдисаар тарнидах аваас
Ижий бүхний хайрын манцуйтай
сүүн чулуу
Зээ энэ дүүгүүрийн чулуу
Хамгаалахуйн шидээр цэнэглэх аваас
Харь бүхний зүрхэнд тусгалтай
сум чулуу
гэж төгсдөг шүлэг л дээ. Монголчууд бид хайрлах эх оронтой, хамгаалах сүр сүлдтэй гайхамшигт ард түмэн. Монголын тал нутаг эзгүйрлээ л гэдэг. Гэвч эзэнгүй юм шиг тэр уул толгод, хээр тал чинь цаанаа харж, ивээж явдаг лус савдагтай, овоо тахилгатай. Зөвхөн Улаанбаатар руу хошуураад, утаагаа яриад, хэрэлдэж хэмлэлдэж суух бус, үүнээс том асуудал цаана нь бийг мартаж болохгүй. .
-Эх орон, ард түмний төлөөх шаналангаа зарим нь уурлаж, нэг хэсэг нь загнаж, нөгөө нь хараах маягаар илэрхийлдэг. Харин таны шүлгүүдээс бухимдал гэхээсээ илүү гэрэл гэгээ үнэртдэг нь өөрийн тань дотоод мөн чанартай холбоотой байх, тийм үү?
-Магадгүй ээ. Тэртэй тэргүй энэ орчлон бүхэлдээ уйтгар гуниг, хагацал зовлонтой. Нэгэнт учирсны эцэст хагацах нь тодорхой замбуулинд гэрэл гэгээг, сайн сайхныг дуулах ёстой гэж би боддог. Миний “Мөнгөн шөнөөр” шүлгийг олон хүн “Баттулга орчлонгоос явах гэж байгаагаа дуулжээ” гэж хүлээж авсан байдаг. Гэтэл яагаад энэ шүлэг хүмүүсийн зүрх сэтгэлд хамгийн их хүрэв гэдэг нууцыг би хэлье.
“Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн
гэгээнд уусна
Ийм аяллаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно” гэдэг дөрвөн мөртөөр эхлэл, төгсгөлөө зангидсан нь учиртай. Буцах цагийн тухай биш, ирж буй цагийн тухай дуулж, өөрийгөө хамгаалах хаалтыг хийсэн юм шүү дээ. Хэрэв тэгээгүй бол магадгүй би тэр жилийн “Болор цом”-оос хойш удалгүй нас барчихыг хэн байг гэх вэ. Үг гэдэг тийм хүчтэй, шидтэй.
Хүн ямагт сайн сайхныг бодож, амнаасаа нандин тунгалаг үг унагаж байвал амьдрал аяндаа бүтдэг. Ийм сайхан өргөн уудам орчлонд хүмүүн заяаг олж төрчихөөд, хэтэрхий хайран цаг хугацаагаа атаа хорсол, шунал хүсэл, уур бухимдалд зарцуулж үрээд яах юм бэ.
-Гэмгүй, гэгээн, гэнэн аж төрсөөр хорвоог туулж болно гэдгийг яруу найрагч л амьдралаараа баталж магадгүй. Гэхдээ тэр амьдрал ямар үнэ цэнтэйг хүмүүс ойлгох болов уу?
-Хүний амьдралын утга учрыг тодорхойлох зөв есөн эрмэлзэл гэж байдаг юм билээ. Зөв санаж, зөвийг хүсэж, зөвийг зөв хийх гээд олон зүйл бий. Зөв, шударга амьдарсны ач тус үр хойчид нь заавал ирдэг гэдэгт би итгэдэг.
“Миний аав ийм сайхан сэтгэлтэй, ийм ач тустай, ийм л олонтойгоо явсан хүн шүү” гэдэг бахархалт амьдрал, дурсамж үлдээх нь үр хүүхдэдээ хэчнээн их өв хөрөнгө үлдээхээс илүүтэй замыг нь засдаг байх аа. Орчлонг, амьдралыг танина гэдэг их чухал. Үр хүүхдэдээ зах зухаас нь таниулж чадвал бүр ч хэрэгтэй.
-Галт тэрэгнээс таныг гэр бүл ойр дотнынхон болоод сургуулийн хамт олон тань тоссон гэсэн. Нүүдлийн шувуу шиг хөдөө сумдын ерөнхий боловсролын сургуулиудаар дамжин багшилж байсан хүн хэзээнээс хотод суурьшин ажиллах болов оо?
-2017 оноос “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуульд багшилж байна. Үүнээс урьд бол Архангай аймгийн Эрдэнэбулган сум буюу Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд багшилж байв. Хот, хөдөөгийн хооронд ирүүт очуут нүүдэллэн ажиллаж, амьдарч байгаад одооноос эндээ суурьших санаатай. Би уг нь Завхан аймгийн Их-Уул сумын уугуул.
-Дорнодын Чулуунхороотоос Ховдын Дуут хүртэл буюу эх орны зүүн хязгаараас баруун зах хүртэл хэсэж амьдрах хүсэлтэй гэсэн. Тэр хүсэл тань одоо ч хэвээрээ юү?
-Гэгээн сайхан хүсэл мөрөөдөл минь одоо ч хэвээрээ. Гэхдээ одоохондоо бол Улаанбаатар хот хэмээх энэ их айлын хөл хөдөлгөөнд учир зүйгээ олж, гэрээ төвхнүүлэх гээд зүтгэж явна. Ачтай буянтай хоёр сайхан хөгшний хаяанд гэрээ дугуйлаад, нэр хүндтэй сургуульд багшилж байна.
Гэр, ажил хоёр маань ойрхон учраас амар юм аа. Манайх гурван хүү, хоёр охинтой. Хань минь өнөө маргаашгүй зургаа дахь хүүхдээ төрүүлэх гэж байна. Зарим найз минь бэлгэшээгээд “Зургаа дахь хүүхэд чинь хүү юм бол “Болор цом” гэдэг нэр өгчих” гэж хүртэл зөвлөлөө (инээв). Би бас бодоод л байна. Хүний нэр гэдэг их утга учиртай.
-Таныг “Болор цом”-ын эзэн болсны дараа нутгийн зөвлөлийнхөн тань ярьж, баяр хүргэсэн гэсэн. Улсын наадамд түрүүлсэн бөхөд нутгийн зөвлөлийнхөн нь “Төдөн өрөө байр өглөө” гэхчлэн өч төчнөөн бэлэг сэлт ар араасаа цувардаг. Оюун санааны улсын наадамд түрүүлсэн “бөхөө” нутгийнхан тань мялаах байлгүй дээ?
-Завхан аймгийн болон Их-Уул сумын удирдлага баяр хүргэсээн. “Манай нутгаас төрсөн энэ яруу найрагч хэзээ нэгэн цагт “Болор цом”-ын тэргүүн шагналыг хүртэх биз ээ” гэж манай завханчууд, тэр дундаа Их-Уул сумынхан сонирхож энэ наадмыг үздэг, харж явдаг байх аа. Цаст Отгонтэнгэр хайрхны минь буян хишиг, нутгийн зон олны минь итгэл сэтгэлийн хүчийг юутай ч зүйрлэшгүй.
Та нэгэнт бөх ярьсан учраас нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Манай Их-Уул сум бол хүчтэний өлгий. Монголын хамгийн олон бөхтэй сум бол Увсын Тэс, Архангайн Батцэнгэл, Завханы Их-Уул гэдэг. Цагийн цагт хүчит бөхчүүд олноороо төрдөг газарт заавал нэг гайгүй сайн яруу найрагч төрдөг ёсон байдаг гэнэ.
Яагаад гэхээр өнөөх хүчтэнүүдээ магтан дуулах хүн зайлшгүй хэрэгтэй болдог гэж үздэг юм билээ. Тиймээс магадгүй нутаг ус минь энэ цагт намайг төрүүлсэн юм болов уу. Нөгөөтээгүүр, манай завханчууд угийн оюунлаг ард түмэн. Оюун ухааныг эрхэмлэн дээдэлдэг тэр сайхан ард түмний дундаас төрсөн хүү учраас сэтгэлийн үзүүрт тийм итгэл найдвар байдаг аа.
Хэрэв үнэхээр тийм сайхан зүйл тохиогоод, өөрийн гэсэн орон сууцтай болбол манай гэр бүлд төдийгүй, миний уран бүтээлд ч том тус болно. Аль нэг булан тохойг нь би ажлын өрөө болгоод эзэн суучихна шүү дээ (инээв).
-Таныг Архангай аймгийн Цахир суманд багшилж байхдаа шавийгаа эхнэрээ болгосон гэдэг юм билээ. Зургаан хүүхдийн тань ээж, халамжит ханийнхаа тухай ярихгүй юү?
-Тийм ээ. Бурхнаас надад заяасан дээдийн бэлэг ханьдаа баярлаад баршгүй. Миний ажил, амьдралын хэмнэлд тааруулаад, ийш тийш нүүдэллэж явахдаа огтхон ч түүртэж цааргалалгүй өдий хүрсэн түшиг тулгуур минь юм шүү дээ. Ханьтайгаа танилцсан түүх ярихын тулд бас нэг бяцхан дурсамж сөхөх хэрэгтэй болно оо.
Би МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1994 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд, Монголын үндэсний телевизийн “Улс төрийн хоёрдугаар танхимаас ярьж байна” гэдэг нэвтрүүлэгт дагалдан сурвалжлагчаар орлоо. Тэгтэл удалгүй хөдөөнөөс “Ээжийн тань бие тааруу байна” гэдэг цахилгаан ирэв ээ.
Ажлаасаа долоо хоногийн чөлөө аваад Завхан явсан. “Долоо хоногийн дараа гэхэд ажилдаа ирэхгүй бол дараагийн хүн чинь бэлэн шүү” гэсэн хатуу даалгавартай. Гэтэл ээж минь намайг хөдөө аваачихын тулд хуурамч цахилгаан явуулсан байдаг байгаа. “Би чамайг их сургуульд таван жил сурахад чинь тэсэн ядан хүлээсэн. Одоо чи хөдөө гарч амьдар” гээд гурван сум зааж өгөв. Нэг нь Завханы Их-Уул буюу нутагтаа амьдрах.
Нөгөө нь Архангай аймгийн Цахир сум. Учир нь тэнд миний эмэгтэй дүү айлд бэр болж очоод байсан юм. Гурав дахь нь ээжийн өөрийнх нь төрсөн нутаг буюу Хөвсгөл аймгийн Жаргалант суманд очиж амьдрах. Ингээд бодож бодож отор нүүдэл хийхэд ч амар юм гээд Архангайн Цахирыг сонгоод, сургуулийн захиралтай нь ирж уулзтал “Манайд монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш байхгүй, ашгүй” гээд уухайн тас зөвшөөрлөө.
Тийнхүү манайх Цахирт нүүж ирсэн түүхтэй. Тэгэхэд манай хүн наймдугаар ангийн сурагч байлаа. Сургуулиа төгсөхөд нь бид гэр бүл болж, тоонот гэрт толгой холбосон.
-Танаас гоёл зүүсгэлийн тухай асуух илүүц байж мэднэ. Гэхдээ эр хүний чимэг гоёл гэвэл та юуг хэлэх вэ?
-Би өвөл, зун ч малгай огт өмсдөггүй. Манай Баттөрийн Мягмаржавын нэг сайхан мөрт байдаг юм. “Тэнгэрийг өмссөн мэт эрхэмсэг алхдаг аа би” гэж. Малгайны тухайд бол ерөөс хувь хүний онцлог байх л даа. Харин миний хувьд ямар хувцсыг эрхэмлэж өмсдөг вэ гэхээр хромон гутал.
Энэ нь бага залуу насны минь дурсамжтай холбоотой. Манайх бараан хээр голдуу олон сайхан адуутай айл байв. Барагдавч бараан хээрийн минь үлдэгдэл хаачих вэ, одоо манай дүү нар адуу малаа хариулдаг. Би хөдөө очихоороо дэлийг нь сайхан зассан, унаган хатираатай морь унах их дуртай. Сайхан морьтой дүүхэлзэж явах ч бас эр хүний жаргал шүү дээ.
Саарал даавуу дээлийг би гурван наадамд өмсжээ
Сайхан морьтой эр хүнд дээлийн өнгө ч яамай юу даа... гэдэг Арлааны Эрдэнэ-Очирынхоо хоёр мөртөд хачин дуртай. Үнэхээр ганган сайхан хэлсэн байгаа биз дээ. Залуудаа би саарал даавуу дээл өмсөөд, хромоор гангардаг байлаа.
Тэрбээр ийн хэлээд мөрөө ханхалзуулан тас тас хөхрөх нь яг л бага залуу насандаа очсон мэт санагдав. Шуудангийн унаа хүлээх зууртаа гудамжны саваагүй тоглоомчдод хууртан, замын зардлаа юу ч үгүй алдаад, 22-ын товчоо руу явган алхсан “бүдүүн зүрхтэй эр”-ийг өөрийнх нь сүүн сэтгэл шиг алтан шар зам аяны туршид нь ивгээсээр гурав хоногийн дараа Завханы Их-Уулдаа хүрсэн санаанд багтамгүй түүх түүнийх. Хэнтийн Хурхын Сангийн аж ахуйд оюутны дадлагаар очоод, яруу найргийн наадамд түрүүлж байнд авсан хургаа нутагтаа, Их-Уулд аваачихын тулд трактор, “ЗИЛ-130”, онгоц, мотоцикл гээд моторт төмөр хөлөг бүхнийг “дайчилсан” дэндүү зоргоороо араншин бас түүнийх.