Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар хэд хэдэн хүн шагнаснаас хамгийн анхаарал татсан нь Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдэг хүртсэн аврагч, ОБЕГ-ын харьяа, Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох байлаа. Тэрбээр тус албанд 13 дахь жилдээ ажиллаж буй юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Яагаад аврагч болохоор шийдсэн юм бэ?
-2005 онд Онцгой байдлын албанд “Аврагч сургаж авна” гэсэн зар хараад, очиж, шалгалт өгөөд, тэнцэж байлаа. Үндэсний аврах бригад тухайн үед Аврах тусгай анги гэдэг нэртэй байлаа шүү дээ. Түүнээс өмнө бол Иргэний хамгаалалтын 122 дугаар анги гэдэг байсан юм билээ. Намайг ажилд ордог жил гал түймэртэй тэмцэх газар, улсын нөөц, иргэний хамгаалалт гурвыг нэгтгэн Онцгой байдлын албыг үүсгэсэн. Эрэн хайх аврах салбарыг отряд байхад би нэгдүгээр бүлэгт нь усчин аврагчаар хуваарилагдсан.
-Цэрэг, цагдаагийн багууллагад ажилладаг хүмүүсийн олонх нь удам дамжсан байдаг. Танай гэр бүлд танаас өөр мөрдэстэн бий юү?
-Миний аав хилийн цэрэгт 26 жил ажилласан, офицер хүн. 1998 онд Увс аймгийн хил дээр үүрэг гүйцэтгэж яваад, зөрчилтэй тулгарч, цээж, гар, хөлдөө буудуулж байсан. Тухайн үед би бага байсан учраас нарийн учрыг нь мэддэггүй. Аав минь буудуулснаас хойш зургаан цагийн турш тусламж авч чадалгүй хэвтсэн гэдэг юм билээ. Түүнээс хойш 21 жил өнгөрлөө. Сүүлийн 2-3 жил хөлийнх нь шарх сэдрээд, өвдөж эхэлсэн. Тухайн үед манай гэр Увс аймгийн Сагил суманд, эгч бид хоёр аймгийн төвд сургуульд сурдаг байв. Нэг өдөр “Аав чинь эмнэлэгт ирсэн. Хүүхдүүдийг нь яаралтай уулзуул гэж байна” гэсэн хэл ирээд, эмнэлэгт очтол аавыг битүү цагаан зүйлээр ороочихсон байсан. Буудсан гурван сум нь биеийг нь нэвт гарсан юм билээ. Тэгэхээр найдваргүй гэж бодоод л яаралтай уулзуулсан байх. Аргагүй л байх. Буудуулсан газартаа зургаан цаг хэвтэж, 70-80 км газарт унаагаар тээвэрлээд авч ирэхэд хамаг цусаа юүлчихсэн байсан биз. Тэгж айхтар шархадчихсан мөртөө ганц удаа ёолохыг нь сонсоогүй. “Ямар их тэвчээртэй юм бэ” гэж ааваараа бахархсан. Удам дамжихыг бол аав зааварчлаагүй л дээ. Гэхдээ л цэргийн хүн болцгоочихдог юм билээ. Миний эгч цагдаагийн ахмад цолтой. Мөн эрэгтэй дүү минь хилийн цэрэгт ажилладаг. Ганц эмэгтэй дүү минь харин өөр чиглэлээр ажиллаж, амьдарч байна.
-Анхны дуудлагад явахдаа айж байв уу?
-Аврах ангид орохдоо усанд сэлж чаддаггүй байсан. Бусдын л адил зундаа гол, горхи бараадаад ганц, хоёр удаа сэлж үзсэнээс биш, мэргэжлийн түвшинд сэлж чадахгүй. Тиймээс аврах отрядод томилогдсоноор анх бассейнд явж, сэлж сурсан. Үүний дараа аврах тусгай ангийн хээрийн сургуулилалт, урсгал, тогтмол ус, нуурын болон хүндрүүлсэн нөхцөлөөр өвөл усанд шумбах дадлагад гарсан. Анх Туул голд дуудлагаар очсон. Буцалтгүй нэрвэгдэгчийг уснаас гаргах байсан. Мэргэжлийнхний хэллэг л дээ. Энгийн хүмүүсийнхээр бол нас барсан хүн гэсэн үг. Алга болоод 2-3 хоносон юм шиг байна лээ. Бид дуудлага авсан өдрөө л олсон. Уснаас гаргаж ирэхэд нүүр, нүд нь замаг, шороо болчихсон байсныг нь арилгаж, цэвэрлэсэн. Ар гэрийнхэнд нь арай аятайхан харагдуулах гээд л тэр. Бас нэг нүдэнд нь шороо чихчихсэн байсныг нь арилгасан. Ажиллагаагаа дуусгачихаад шөнө унтаж байхдаа нөгөөхөө зүүдэллээ. Нэг нүднийх нь шороог цэвэрлэж байсан чинь гэнэт хоёр нүд нь нээгдээд, өөдөөс харж байдаг юм. Аврагч ах нар “Үхсэн хүнээс бус, амьд хүнээс айж бай. Нас барсан хүнийг аав, ээж, ах, дүүгээ гэж бод” гэж захидаг байсан. Дараа, дараагийн ажиллагаанаасаа, туршлагажиж эхэлсэн.
-11 жил усчин аврагч хийх хугацаанд гарсан хүндрэл бэрхшээл юу байв?
-Хүндрэл, бэрхшээл гардаг л даа. Тухай бүрт нь өөрсдийнхөө нөөц боломжийг шавхаад л ажиллана. Нэг удаа хүн алга боллоо гэсэн дуудлагын дагуу очиход ар гэрийнхэн нь “Энэ нуур руу л орсон. Хувцас нь эндээс олдлоо” гэсэн юм. Хоёр хоног эрсэн ч олдоогүй. Гэтэл өөр аймагт амьд сэрүүн явж байна гэсэн мэдээ ирж ажиллагааг зогсоосон. 2009 онд Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц руу хүн унасан дуудлагад очсон.
Олон хоног хайгаад олдоогүй болохоор станц руу уначихлаа гэж таамагласан юм билээ. Тэнд 45 метрийн гүнд шумбасан. Доороо гурван хаалтын сэнстэй, дээр нь тортой. Сэнс нь усаа доош нь сордог юм билээ. Сэнсийг нь унтраалгаад 45 метрийн гүн рүү шумбаж ороод, тавцан дээр зогсоод хартал сэнсний дээд талын торонд нас барсан хүн наалдчихсан байсан. Татаж, салгаад, дээш нь хөвүүлчихээд, сэлэх гэтэл хөл алдаад, өөрөө торонд наалдчихсан. Арай л гэж хөндийрсөн. Энэ мэт эрсдэлтэй зүйлс тохиолддог.
-Гадаад улс руу энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан юм билээ. Хаашаа явж байв?
-2014-2015 онд Өмнөд Судан улсад нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэсэн. Буудагчаар явж байлаа. Цагийн байдал хүнд, өдөр, шөнөгүй буун дуу гарч, галт сум толгой дээгүүр шунгинадаг байсан. Монгол цэргүүд ямар ч газар очсон дасан зохицох чадвартай юм билээ. Мөн 2011 онд Японы цунамид нэрвэгдсэн иргэдийг эрэн хайх ажиллагаанд явж байсан. Манай үндэсний аврах бригадаас 12 алба хаагч явахад би багтаж, үүрэг гүйцэтгэсэн. Цунами болсон Сэндай хотод очиход олон улсын аврагч нарын баг хотхон байгуулчихсан байсан. Тус хот дандаа модон барилгуудтай байсан учраас бүгд нурчихсан, далай нь усаа татсан байсан юм.
Уг нь аврагч нар нурсан байшингууд дундаас дарагдсан хүмүүсийг олоод, техникээр авч, холдуулдаг юм байна. Гэтэл манай аврагч нар шууд өөрсдөө өргөж шидээд л яваад байсан. Манайхан дөрөв хоног үүрэг гүйцэтгээд, бусад улсынхан хоёр, гурав хоноод л буцаад байв. Биднийг гурав хонож байхад ОХУ-ын аврагч нар буцахдаа “Та нарт агаарт дэгдэж байгаа химийн бодис хэмжих багаж байхгүй юу, ядаж амны хаалт зүү. Хорт хийн хэмжээ өндөр байна” гээд бидэнд төхөөрөмжөө үзүүлсэн. Тэр төхөөрөмжөө бидэнд үлдээгээд явсан. Тус хот нь Фүкүшимагаас 100 гаруй км-ийн зайтай учраас хорт хий тархсан юм билээ. Бид маргааш нь ажиллагаагаа дуусгаад буцахад Өмнөд Африкийн аврагч нар л үлдсэн байх.
-Отгонтэнгэрт осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаа, Хөвсгөл нуурт живсэн машин татах гэх мэт нэлээд олон ажиллагаанд оролцсон юм билээ. Хөвсгөл нуурт живсэн машиныг татаж гаргах ажиллагааны үеэр таны амьсгал зогссон гэж сонссон. Юунаас болсон юм бэ?
-Машин 54 метрийн гүнд живсэн байсан. Хоёрдугаар сард шүү дээ. Гэтэл бидний багаж, хэрэгсэл хангалтгүй байсан. Машиныг татаж гаргахын тулд би 54 метрийн гүн рүү шумбаад, уяа уях ёстой байлаа. 2010 оны арваннэгдүгээр сард ОХУ-д 45 хоног гүний шумбалтын сургалтад суучихаад ирсэн байсан юм. Байгал далайд 45 метрийн гүнд шумбаж, дадлага хийсэн учраас би машинд уяа уях болсон. Усны гүнд ороод уяагаа холбоод, дуусаж байхад хүчилтөрөгчийн баллоны зуултуур гацаж, амь тэмцэж эхэлсэн. Тэгээд цооног руугаа хурдтай гарч ирсэн. Усны даралтаас бага багаар биеэ дасгаж байж гарахгүй бол азотын хордлогод ордог. Өөрөөр хэлбэл, хэт гүнд шумбасан хүн дээшлэхдээ гурван метр тутамд зогсож, даралтдаа биеэ дасгах ёстой. Гэтэл би амьсгалах боломжгүй болонгуутаа хамаг хурдаараа сэлээд, дээр ажиллаж байсан манайхан ч хурдан татсан. Цооног руу гараад ухаан алдсан юм билээ. Тухайн үед болсон үйл явцыг надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс илүү сайн мэднэ.
----------------------------------
Тухайн үед Ж.Баяртогтохтой хамт үүрэг гүйцэтгэж байсан П.Дэлгэрсайхан болсон үйл явдлын талаар “Бид Хөвсгөл нуурт живсэн машиныг татаж гаргахаар очихдоо дөрөв, дөрвөөрөө хуваагдсан юм. Хоёр нь доошоо шумбахад хоёр нь дээрээс татаж гаргах ёстой. Би Ж.Баяртогтохын хамгаалалтад зогсож байсан. Тэр шумбаснаас хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа гарлаа гэдэг дохио өгсөн. Дохионы дагуу дээш татаж байтал гэнэт хурдсаад эхлэхэд нь нэг зүйл боллоо гэдгийг ойлгосон. Хурдтай татаад гаргаад иртэл “Ярьж байснаараа холбочихлоо. Одоо татахад бэлэн” гэж хэлсэн. Т.Дулаацуулах байр болгож нэг машин халаагаад бэлэн байлгаж байсан юм. Түүнийг зааж өгчихөөд, би үлдсэн багаж хэрэгслүүдээ хурааж байтал гэнэт л хүмүүс орилоод эхлэхээр нь гайхаад эргээд хартал Ж.Баяртогтох дулаан машинаас эсрэг зүг рүү алхаж байгаад уначихсан.
Гэр рүүгээ оруулж, дулаан зүйлээр хучсан чинь эрүү нь зуураад, нүүр нь цайгаад, хамаг бие нь хөшиж, хөрч эхэлсэн. Азотын хордлогод орчихсон хүнд тариа хийж болдоггүй учраас халуун ус уулгая гэтэл эрүү нь зуурчихаад болохгүй байсан. Тэгээд л бүгд хөшсөн биед нь массаж хийж байтал арай гэж ухаан орсон. Тийм тохиолдолд хүн хамгийн түрүүнд муу л юм боддог юм билээ. Нүднээс нулимс урсаад эргэж очоод аав, ээж, ар гэрийнхэнд нь юу гэж хэлэх вэ гээд л бодогдож эхэлсэн. Сэрснийхээ дараа бас зүгээр юм шиг “Одоо зүгээр. Толгой жаахан өвдөж байна” гээд л бидэнтэй ярьж байснаа гэнэт “Би энд юу хийж байна” гээд эхэлсэн. Тэр хүртэл бүрэн ухаан ороогүй байсан юм шиг байна лээ. Тэр үйл явц цаг гаруй үргэлжилсэн гэдгийг нутгийн иргэд хэлсэн. Бид бол өөрсдөө цаг хугацааны ямар ч баримжаагүй, ингээд л нэгийгээ алдчихдаг юм байхдаа гээд л сандарсан. Уйлаагүй хүн байгаагүй, үнсээгүй хүн ч байгаагүй” гэсэн юм.
----------------------------------
-Та уснаас гарснаа санадаг уу?
-Усан дотор байхдаа холболтоо хийсэн гэсэн дохио өгснөө санадаг. Дараа нь уснаас гарчихсан алхаж байснаа санаад л өөр юм мэддэггүй. Сэргэхэд хүмүүс үнсээд л, толгой дээр хүн уйлаад, харанхуйд нэг дүрс тодроод, бүдгэрээд байсан. Ухаан алдаад сэрэхэд гэрэл ерөөсөө харагддаггүй юм билээ.
-Ийм айхтар, амь сөрсөн ажилд явахад таны эхнэр болон ар гэрийнхэн тань их л түгшүүртэй үлддэг байхдаа.
-Эхнэр анх их л дургүй байсан. “Заавал явах шаардлагатай юм уу” гэх мэтээр хорьдог байсан л даа. Одоо бол утас унтарчихсан байвал “Ажлаас чинь залгаж магадгүй” гээд цэнэглэчихдэг болсон. Дасаж байна л гэсэн үг байх. Харин Хөвсгөл нуурт ухаан алдсан гэдгээ бүр сүүлд нь хэлсэн.
-Үйлчилгээний гавьяат ажилтан цол авна гэдгээ хэзээ мэдсэн бэ. Хамгийн анх хэнд дуулгав?
-Гавьяатад тодорхойлсон гэдгийг сонсоод нэг их ойшоогоогүй. Өгөхгүй байх л гэж бодсон. Шагнал авахын урьд өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Таньд гавьяат цол олгохоор боллоо” гээд ярьсан. Хамгийн анх захирагчдаа хэлсэн. Яг хажууд зогсож байсан учраас тэгж таарсан байх. Тэгээд л захирагч баярлаад таарсан хүн бүрт хэлээд бөөн юм болсон. Одоо ч баяр хөөр нь дуусахгүй, хүмүүст онгироод л байгаа. Гэрийнхэндээ бүр орой дуулгасан.
-Яагаад шууд дуулгаагүй юм бэ?
-Мэдээж тийм мэдээ сонссон хүмүүс маш их баярлана. Тэгэхээр эрт хэлчихвэл орой ажлаа тараад очиход тэр баяр хөөр нь дуусчихсан байх юм болов уу гэж бодоод гэртээ харихынхаа өмнөхөн эхнэр, аав, ээждээ хэлсэн.
-Тэргүүн ахлагч цолыг Онцгой байдлын албаныхнаас анх удаа та авсан юм байна. Энэ цолны талаар тайлбарлаач?
-Зөвхөн зэвсэгт хүчинд байсан цол. Харин Онцгой байдлын албанынхнаас хүртсэн нь би анхных болж байна. Тэргүүн ахлагч бол захирагчийн орлогч гэж явдаг. Гэхдээ зөвхөн ахлагч бие бүрэлдэхүүнээ хариуцна. Миний хувьд Үндэсний аврах бригадийн тэргүүн ахлагч гэхээр Бригадийн захирагчийн зөвлөлийн гишүүнд орно, мөн бригадын хэмжээний ахлагч бие бүрэлдэхүүнээ хариуцан ажиллана гэсэн үг. Тэргүүн ахлагч цолоо гавьяатын дараа авсан ч албан тушаалдаа өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд томилогдчихсон байсан.
-Гэрийнхэн, хамт олон нь баярласан нь мэдээж. Харин таны хувьд хэр догдолж, баярласан бэ?
-Би нэг их баярлаж, догдлоогүй. Байдгаараа л байсан. Харин Төрийн ордноос гараад он жавуудыгаа хараад л огшчихсон. Гэхдээ гаднаа тэгж их ил гаргаагүй л дээ. Ер нь аврагч хүний онцлог гэх юм уу даа. Сэтгэлийн хөөрөл, хөдлөл бага байх ёстой юм шиг санагддаг. Учир нь аврагч хүн ямар ч зүйлтэй тулгарч мэднэ. Нэг ажиллагаанд очлоо гэхэд хүмүүс энд тэндгүй орилж байхад бид бас дагаад орилоод байж болохгүй биз дээ. Муугаар ярихад нас барсан хүн нь бидний ах, дүү, хамаатан садан, аав, ээж, үр хүүхэд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс аль болох сэтгэл хөдлөлөө дарах нь чухал. Хэт их сэтгэл хөдлөл аврах ажиллагаанд тээр болно. Тухайн мөчид сэтгэл хөдлөлдөө автчихвал буруу шийдвэр гаргах, анхаарал сарнивал өөрийгөө ч эрсдэлд оруулж мэднэ.