“Гиннесийн ном”-д бичигдэнэ гэдэг монголчуудын хувьд хүрч гарамгүй оргил, мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Тэгвэл 16 настай Энхтуяагийн Лхагвадулам энэ жил ДАШТ-ээс есөн медаль хүртэхдээ Хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн.
Улмаар 30 минутад 5597 цифр цээжлэн, алдалгүй санасан амжилтыг нь “Гиннесийн ном”-д бичих болсноор бахархахгүй байх аргагүй. “Ажнай” корпорац, Монголын оюун ухааны академийн тамирчин тэрбээр ой тогтоолтын спортоор гурван жил хичээллээд ийм амжилт гаргасны сацуу дэлхийн өсвөр үеийн 10, насанд хүрэгчдийн хоёр рекорд эзэмшин, амьд “компьютер”-уудын мөрөөдөл болсон олон улсын их мастер цол хүртэв.
Түүний ээж З.Энхтуяа “Охин минь ДАШТ-д өндөр амжилт гаргах байх гэсэн совин ер нь төрсөн шүү. Тэмцээн эхлэнгүүт л хариу нь хурдан гараасай гээд догдлон хүлээсэн. Монгол хүн “Гиннесийн ном”-д бичигдэх болж, тэр амжилтын эзэн нь миний охин гэж бодохоор бахархмаар.
Охин минь багаасаа бие даасан, хатуужилтай, даруухан, хөдөлмөрч. Тэг, ингэ гэж ер хэлүүлдэггүй. Нэг зүйл хийхээрээ заавал дуусгадаг, үр дүнг нь үздэг шаргуу зантай. Цаашид өнөөгийнхөөсөө өндөр амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн явдаг. Бүх боломжоороо дэмжинэ” гэв. Өсвөрийн дэлхийн аварга, УАШТ-ий хоёр түрүүтэй Э.Лхагвадуламтай ярилцлаа.
-Энэ жил гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм билээ. Нийслэлд Шинэ жилийн баяр тэмдэглэх ямар байв?
-Хамаатнуудтайгаа, ээжтэйгээ сайхан баярлалаа. Улаанбаатарт Шинэ жилийг гоё тэмдэглэдэг юм байна. Оны өмнө Хонконгод зохион байгуулсан 27 дахь удаагийн ДАШТ-д өсвөр үеийн ангиллын 10 төрөлд оюунаа сорихдоо дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.
Насандаа дэлхийн дэд аварга болж, багаараа хүрэл цом өргөлөө. Тэгэхдээ Хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилснийг минь “Гиннесийн ном”-д бичих болсон нь баяр дээр баяр нэмсэн. Ийм сайхан амжилтаар 2018 оныг үдсэн болохоор өмнөх Шинэ жилүүдээс илүү гоё, утга учиртай байлаа.
-Ийм амжилт гаргана гэж бодов байв уу?
-Төсөөлж ч байгаагүй. Энэ жил ДАШТ-д өрсөлдөхдөө чансаагаа ахиулъя, өсвөр үеийн дэлхийн хошой аварга больё л гэж зорьсон. Ой тогтоолт хэмжигдэхүүнтэй спорт тул багцаа авах боломжтой. Тамирчид бие биеийнхээ амжилтыг андахгүй. Тиймээс тухайн тэмцээнд ямар амжилт гаргахаа багцаалахад дөхөм байдаг.
Хэр баргийн тамирчин бэлтгэлийн үеэрх амжилтаа томоохон тэмцээнд давтаж, ахиулж чаддаггүй. Үүнд сэтгэл зүй нөлөөлдөг байх. Би бэлтгэлийн үеэр 30 минутад 6000 гаруй цифр цээжлэн, тэр хавьцаа дөхүүлж санасан. Түүнийгээ ахиулахгүй юм гэхэд давтахад л дэлхийн дээд амжилтын эзэн болох боломжтой байв.
Тиймээс бүх зүйл надаас л шалтгаалсан. Энэ жил ДАШТ-д өрсөлдөхдөө 5597 цифр алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон. Эл амжилтыг өмнө нь олон улсын их мастер Н.Энхшүр (5445) эзэмшиж байсан. Түүний амжилтыг 152 цифрээр ахиуллаа.
-Хоёртын тоолол төрлийн дүрмийг сонирхуулахгүй юу?
-Цээжлэх тоонууд зөвхөн тэг, нэг гэсэн хоёр цифрээс бүтнэ. Тэгэхдээ 001, 10, 111 мэт өөр, эсвэл 11, 11 гээд давхардаж байрлаж болно. Нэг нүүр 25 мөртэй. Мөр тус бүр 30 цифртэй. Тэгэхээр нэг нүүр 750 цифртэй гэсэн үг. Энд, тэнд нь байрлуулсан тоонуудыг 30 минутад тогтоон, цагийн дотор алдалгүй санадаг.
Түүнийгээ яг дарааллынх нь дагуу цаасан дээр бичнэ. Тэгэхдээ тухайн мөрнөөс нэг цифр алдвал 15 оноо авна. Хоёрыг буруу санавал оноо авахгүй. Цагтаа амжихгүй, сандраад андуурч бичих тохиолдол бишгүй. Найман хуудас гаруй, дунджаар 6000-аад цифрийг санаж, бичихдээ би лав цагийн хугацаанд арайхийж амжуулдаг.
-Онцгой амжилтын эзэн болсон талаараа сонсоод юу бодсон бэ?
-Хоёртын тооллын төрөлд өрсөлдсөн даруйдаа амжилт гаргаснаа мэдээгүй. Орой нь монгол тамирчидтайгаа хамт амарч байхад тэмцээний дүн гарсан юм. Хятадын нэг тамирчин надтай цахим хуудсаар холбогдон зургийг минь илгээснээ “Баяр хүргэе” гэсэн.
Тэр зургийн тайлбарт “Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ” гэсэн байсан. Бөөн баяр бололгүй яах вэ. Маргааш нь Олон улсын ой тогтоолтын холбооноос намайг дэлхийн дээд амжилт шинэчлэн, “Гиннесийн ном”-д бичигдэх болсныг хэлсэн.
16 настай тамирчин насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн дээд амжилтын эзэн боллоо гээд тэд их олзуурхан, онцоллоо. Тэмцээний дүнгийн талаар ээж надаас өмнө сонссон байсан. ДАШТ-ий албан ёсны сайтаас мэдээлэл авсан гэнэ лээ. Баярт мэдээгээ ээжид хэлэхэд аль хэдийн мэдчихсэн “Баяр хүргэе. Охиноороо бахархаж байна” гэсэн.
-16 нас хүрээгүй байхдаа насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн дээд амжилтын эзэн болсон монгол тамирчин бий юү?
-Байхгүй байх.
-Өнгөрсөн жил 15 насандаа олон улсын их мастер болсон нь монголчуудаас анхдагч амжилт уу?
-Тийм байх. Монголд ийм цолтой 7-8 тамирчин бий. Тэдний олонх нь 16 настайдаа ой тогтоолтын оргил цолд хүрсэн.
-Та өнгөрсөн жил дэлхийн өсвөрийн аварга болсон. Энэ жил түүнийгээ батлан, хошой аварга болохыг зорьсон нь мэдээж. Ийм амжилтын эзэн боллоо гэх бахдал, зорилгодоо хүрч чадсангүй гэх харамслын аль нь илүү төрж байна вэ?
-Сэтгэл хангалуун байна. Монголын оюун ухааны академийн салбарыг гурван жилийн өмнө Дархан-Уул аймагт нээхэд анхны тамирчдын нэг нь болсон, би. Ээжийнхээ зөвлөснөөр 13 насандаа эл спортоор хичээллэсэн. Жил гаруйн дараа УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэв.
Тэр онд ДАШТ-д анх оролцоод Нэг цагийн олон багц төрөлд мөнгөн медаль хүртэн, өнгөрсөн жил өсвөрийн дэлхийн аварга болсон. Ихэнх орны тамирчид бэлтгэлээ өдөрт дунджаар 12 цаг хийдэг. Гэтэл бид санхүүгийн хүндрэлийн улмаас тэгж чаддаггүй. Тэмцээний өмнө сар гаруйн хугацаанд базаагаад л оролцдог.
Энэ жил ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ ч тэгж хийсэн. Дэлхийн шилдгүүдтэй оюунаа сорьсон болохоор бүх төрөл эн тэнцүү өрсөлдөөнтэй байлаа. Ялангуяа БНХАУ, БНАСАУ-ын тамирчдыг онцолъё. Хятад ой тогтоолтоор хичээллэдэг 40 гаруй мянган тамирчинтай. Тэднээс шигшээд дэлхийн дэвжээнд 200 гаруйг нь сойсон гэсэн.
Ямар нэгэн тэмцээнд өмнө нь огт оролцож байгаагүй Хойд Солонгосын тамирчид энэ жил цахиур хагаллаа. Хятад гэлтгүй ихэнх орны тамирчид жилийн турш бэлтгэл хийдэг, улсаас нь үргэлж дэмждэг юм билээ. Бэлтгэлийн зөрүү асар их ч ур чадварын хувьд бид тэднээс дутдаггүй. Монгол тамирчдыг төрөөс дэмжин, бэлтгэлээ гаднынхан шиг хийвэл өнөөгийнхөөс ч өндөр амжилт гаргах боломжтой.
Энэ жил ДАШТ-д манай улсаас ихэвчлэн шинэ, туршлагагүй тамирчид оролцсон. Олон улсын анхныхаа тэмцээнд оюунаа сорьсон тэд туршлага нэлээд хуримтлуулсан байх.
-Ирэх жилээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Бусад төрөлд, дээд насандаа дэлхийн рекорд шинэчлэх нөөц хэр байгаа бол?
-Их бий. Насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн хоёр дээд амжилт эзэмшдэг, энэ жил ДАШТ-д гаргасан амжилтаараа бүх тамирчнаас тавдугаарт бичигдсэн нь үүний илрэл болов уу. Дэлхийд өнгөлөх боломж, нөөц зөвхөн надад бус, хүн бүрт бий. Аливаа зүйлийг удаан тогтоодог, амархан мартдаг хүн ч ийм боломжтой.
Тухайн хүний хичээл, зүтгэлээс л бүх зүйл шалтгаална. Ой тогтоолтоор бүх насныхан хичээллэх боломжтой. Тамирчин болохгүй ч аливаа зүйлийг богино хугацаанд цээжилдэг, мартдаггүй болчихвол амьдралд хэрэгтэй шүү дээ. Олонх тамирчин бусдын утас, дансны дугаар зэргийг ер хадгалдаггүй.
Тэрний утасны дугаар хэд билээ гэж бодоод л шууд санана. Би ч тэгж чадна. Ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцдог 400 гаруй тамирчин Монголд бий ч ивээн тэтгүүлдэг, харьяалагддаг байгууллагатай нь хуруу дарам. Төрөөс дэмждэггүйн улмаас олонх нь тэмцээнд тэр бүр өрсөлдөж чаддаггүй.
-Таныг ивээн тэтгэдэг байгууллага бий юү?
-Намайг “Ажнай” корпорац ивээн тэтгэдэг. Өнгөрсөн жил тус байгууллагын тамирчин болсон. Намайг үргэлж дэмждэг “Ажнай” корпорац, Х.Хатанбаатар захиралтай Монголын оюун ухааны академийн хамт олон, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан багш, ээждээ маш их баярладаг.
-Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгссөн ч дээд сургуульд элсээгүй гэж дуулсан. Амжилтын төлөө гаргасан эл шийдвэрийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав?
-Би ээжтэйгээ амьдардаг. Ээжтэйгээ ярилцаж байгаад ингэж шийдсэн юм. Сургуульд сурдаг байхдаа хичээл гэсээр бэлтгэлдээ бүрэн анхаарал хандуулж, цаг гаргаж чаддаггүй байсан. Тиймээс спортдоо бүхнээ зориулахын тулд сурахаа нэг жил хойш тавьсны үр дүн гарлаа.
-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Одоохондоо тодорхой шийдээгүй, эргэлзээд л байна. Инженер юм уу, банк санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмших бодол бий. МУИС, ШУТИС-д сурах урилга ирсэн. Ямар мэргэжлээр, аль сургуульд сурахаа ээжтэйгээ ярилцаж байгаад шийднэ.
Хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор удахгүй гадаад явна. Ер нь ирээдүйд гадаадад боловсрол эзэмших бодол бий. Түүнийгээ эх орныхоо хөгжилд зориулж, Монголдоо амьдрахыг хүсдэг.
-Багаасаа бусдаас онцгой байв уу. Эсвэл уйгагүй бэлтгэл, хөдөлмөрийн үр шимээр өнөөгийн амжилтад хүрсэн үү?
-Шүлэг хурдан цээжилдэг байсныг эс тооцвол бусдаас онцгой байгаагүй ээ. Өнөөгийн амжилтад хүрэхэд авьяасаас илүү зөв системтэй бэлтгэл, хөдөлмөр нөлөөлсөн болов уу. Гадаадад тэмцээнд оролцоод ирэхэд хичээлээсээ нэлээд хоцордог байв.
Ганцхан шөнө давтаад л түүнийгээ нөхчихдөг байсан. Тэмцээн, бэлтгэл гэсээр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад огт бэлдэж чадаагүй ч ангийнхнаасаа хамгийн өндөр оноо авсан нь ой тогтоолтоор хичээллэдгийн л өгөөж.
-Эл спортын аль төрөлд нь илүү дуртай вэ. Онцолж бэлтгэл хийдэг үү?
-Бүгдэд нь дуртай. Аль нэгийг нь онцолж бус, бүгдийг нь жигд хийдэг. Миний сонирхлыг Хурдны хөзөр төрөл их татдаг. Эл төрлийн дэлхийн дээд амжилтыг Б.Шижир-Эрдэнэ эзэмшдэг.
Түүний багц буюу 52 хөзрийг 12 секундэд цээжлэн, алдалгүй санасан амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байна.
-Бөхчүүд барилдан, буудлагынхан буудаж бэлтгэл хийдэг. Ой тогтоолтынхон бэлтгэлээ хэрхэн базаадаг нь сонирхол татаж байна.
-Тамирчин бүхний арга барил ондоо. Би өдөр бүр бэлтгэл хийдэггүй. Тэмцээний өмнө л базаадаг. Ойрд оролцох тэмцээнгүй тул бэлтгэл хийхгүй байгаа. Мэдээж зав гарсан үед гэртээ хөнгөн бэлтгэл базаадаг.
-Ээж нь ой тогтоолтын спортыг хэр сонирхдог вэ. Хичээллэе гэдэг үү?
-(Инээв). Ёстой сонирхдоггүй. Миний хамгийн эрхэм хүн бол ээж. Намайг үргэлж дэмжин, бүх зүйл дээр миний талд бат зогсдог. Тэмцээнд явахад “Миний охин чадна. Битгий сандраарай. Охиноороо бахархдаг шүү” гэж урам өгдөг.
Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн, “Гиннесийн ном”-д бичигдэх болсноос илүү ээжийгээ баярлуулж, ачийг нь жаахан ч атугай хариуллаа гэж бодохоор сайхан байна. Ээжийгээ баярлахыг харах хамгийн сайхан.
Өвөө минь дайнд оролцож явсан. Эх орныхоо төлөө амиа үл хайхран зүтгэснийг нь үнэлсэн медалиуд нь одоо ч манайд бий. Тэдгээрийг нь хараад өвөөгөөрөө бахархан, улам хичээх урам авдаг.
-Медалиа тоолдог уу. ДАШТ-ий хэчнээн медалиар энгэрээ мялаагаад байгаа вэ?
-ДАШТ-ий 20 гаруй медаль бий байх. Медалиа огт тоолж үзээгүй. Ойролцоогоор 100 гаруй бий.
-Н.Энхшүр, Н.Мөнхшүр хоёр ОХУ-ын “Россия 1” телевизээс бэлтгэдэг “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцон, Э.Энхмөнх, С.Марал нар “Авьяаслаг монголчууд” шоунд өрсөлдөн олны талархал хүлээсэн. Гадаад, дотоодын шоуны урилга авсан уу?
-Одоохондоо ирээгүй байна.
-Хэрвээ санал тавибал зөвшөөрөх үү?
-Тухайн үеийн байдлаас шалтгаалах байх. Бэлтгэл сайтай байвал зөвшөөрнө. Оролцох хугацаа нь тулчихсан бол бодож байгаад шийднэ.