Аливаа улсын тэргүүн нар хамгийн их бэлэг өгдөг бас авдаг хүмүүс байдаг байх. Харин тухайн улсын хуулиас шалтгаалаад тэдгээр бэлэгүүд нэг бол улсын фондонд үлдэж нэг бол Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хувь хүнд үлддэг аж.
Хуучин социалист лагерийн орны коммунист намын удирдагч нар бэлгээ хувийн хэрэгцээндээ ашиглаж хэрэглэдэг байсан бөгөөд тухайн улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, тэргүүн нар нь албан тушаалаасаа огцорсон хойно л тэдгээр бэлэг сэлт нь олон нийтийн хүртээл болж байжээ. Чех, Польш, Румынд тэдгээр эрдэнэсийг хэсэг үзүүлэн болгож байгаад заримыг нь дуудлага худалдаагаар зарж, зарим нэгийг нь урлагын үнэт бүтээл хэмээн улсынхаа музейд шилжүүлсэн байдаг.
Манай хойд хөршийн одоогийн Ерөнхийлөгч энэ асуудлыг хэдийнээ өөрийнхөөрөө шийдвэрлэсэн байна. Ерөнхийлөгчийн нэр дээр ирсэн, түүнд гардуулсан бүх бэлэг кремлийн номын санд болон нэгдүгээр корпусын тусгай архивт хадгалах ёстой аж. Харин бэлгэнд ирсэн амьд амьтдыг архивт хадгалж болохгүй учир Путин өөртөө үлдээдэг аж. Тэрбээр амьтанд их хайртай учир түүнд амьтан бэлэглэх нь цөөнгүй гэнэ. Тэдгээр амьтад дотор сибирийн эрээн бар ч байдаг аж. Хамгийн сүүлд Путинд оросын нэрт хошин урлагын жүжигчин Г.Хазанов өөрийнхөө 70 насны ойг тохиолдуулан оросын хааны титэмийн хувилбарыг бэлэглэжээ. Хэдий дууриамал ч гэсэн асар үнэтэй эл бэлгийг ерөнхийлөгч гардан авахдаа “Генадий Викторович, та арай даруу бэлэг барихгүй дээ. Энэ титэм чинь улсын фондод шилжинэ шүү дээ” гэжээ.
Хэрэв ОХУ-ын төрийн тэргүүн цалингийн доод хэмжээг 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх бэлгийг хувьдаа авч үлдэх эрхтэй бол АНУ-ын хууль бүр ч чанга аж. Тус улсын төрийн тэргүүн бусад орны тэргүүн нараас конгрессын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн бэлэг авч болохгүй гэж үндсэн хуулиндаа заажээ. Хэрэв конгресс зөвшөөрсөн бол ерөнхийлөгч авсан бэлгээ Америкийн Үндэсний архивт шилжүүлэх ёстой аж. Гэхдээ таалагдсан бэлгээ төрийн тэргүүн маань мөнгийг нь төлөөд авч болдог гэнэ. Америкийн одоогийн ерөнхийлөгч Обама хамгийн үнэтэй бэлгээ 2014 онд Саудын Арабын хаан Абдулла ибн Абдул-Азизаас авчээ. Арабын хаан түүнд бугуйн алтан цагийг бараг атгаар нь өгсөн аж. Тэдгээр цагны үнэ хэдэн зуун мянган ам.доллар хол давсан бол эхнэр Мишель Обамад нь сая долларын үнэтэй эрдэнийн чулуун шигтгээтэй хэд хэдэн ээмэг бөгж бэлэглэжээ.
Төрийн тэргүүн нар дандаа Арабын шейхын бэлэг шиг үнэтэй бэлэг авдаг гэвэл үгүй аж. Жишээ нь Их Британийн хунтайж Вильям АНУ-ын ерөнхийлөгчид өөрийнхөө хөрөг зургийг бэлэглэсэн бол Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюнь өөрийн дуулсан дууны цомгоо бэлэглэжээ.
Ерөнхийлөгч асан бага Жорж Бушд Их Британийн ерөнхий сайд асан Тони Блейэр 114 ам.долларын үнэтэй ноосон цамц бэлэглэж хошигносон байдаг.
2000 онд Францын Саран хотод тус улсын ерөнхийлөгч асан Жак Ширак төрийн тэргүүний алба хашиж байхдаа авсан бэлгийнхээ музейг нээсэн байдаг. Эл музейд түүнд бэлэглэсэн гурван мянга гаруй бэлэг хадгалагдаж байдаг аж. Ерөнхийлөгч асаны хэлснээр бол дэлхийн орон бүрээс ирсэн тэдгээр бэлгүүд орчин цаг үеийн дүр зургийг гайхалтай тод харуулж байгаа аж.
Тухайн үедээ Иракийн удирдагч Саддам Хусейн ч мөн адил өөрт нь өгсөн бэлгийнхээ музейг нээж байжээ. Тэрхүү музейд гараар нэхсэн хивс, ХV зууны үеийн шатар, алмаазан шигтгээтэй алтан сэлэм гээд ёстой л дорнын улсын эзэнд байх ёстой зүйл бүгд хадгалагдаж байжээ. Тэр үзмэрүүдийн дунд ОХУ-ын төрийн Думын гишүүн В.Жириновскийн бэлэглэсэн самовар (ус буцалгагч) хүртэл байдаг гэнэ лээ.
Ерөнхийлөгчид зөвхөн гадаад орны зочид төлөөлөгчид бэлэг өгдөггүй билээ. Төрийнхөө тэргүүнд тухайн улсын ард иргэд нь бэлэг барьдаг гэдгийг та бид сайн мэднэ. Жишээ нь Хойд Солонгосд улсынхаа удирдагч Ким Ир Сенд ард түмэн нь өндөр уулан дээр найрамдлын ордон барьсан байдаг.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй болох Германы Канцлер Ангела Меркель ч мөн ялгаагүй хоосон хоцордоггүй нэгэн. Саяхан түүнийг Энэтхэг улсад айлчлах үеэр алтан сари (энэтхэгийн үндэсний хувцас) бэлэглэсэн байна. Харин канцлерын өөрийнх нь Хятадын удирдагч Си Цзиньпинд өгсөн бэлэг багагүй шуугиан тариад авсан билээ. Тэрбээр 1740 онд германы эрдэмтэн судлаач Миттиас Хазегийн бүрдүүлсэн дэлхийн газрын зургийг бэлэглэсэн байна. Гагцхүү тэр газрын зурган дээр Өвөр Монгол, Манжуур, Синьцзян, Тайвань, Төвд зэрэг нь Хятадын газар нутагт ороогүй тэмдэглэгдсэн байжээ.
Харин манай улсын Ерөнхийлөгч нар бэлгээ ядаг юм бол?