Райан Томас Гослинг. Алтан шаргал үстэй, цэнхэр нүдтэй, өндөр нуруутай, булчин шөрмөс болсон энэ залууг хараад Холливудын жүжигчин байхгүй өөр хэн байх билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх аж. Тэрбээр “Ой санамжийн дэвтэр” (Notebok) хэмээх чин үнэнч хайрын тухай киноны ялдам царайтай романтик залуугаас авахуулаад “Хөтөч”(“Drive”), “Аллагын тоо” (“Murder by Numbers”) зэрэг акшн бүтээлүүдэд хүч бяраа гайхуулсан супербаатарын дүрүүдээрээ XXI зууны дэлхийн дэлгэцэнд хүч түрэн орж ирсэн нэгэн. Харин өнгөрсөн жилийн “Алтан бөмбөрцөг”, “Оскар”, Венецийн кино наадмаас хэд хэдэн шагнал шүүрээд авсан Ла-Ла Лэнд кинонд залуу жүжигчин “өөрийгөө цоо шинээр нээж дээ” гэсэн бодол маань тун ч хоцрогдсон зүйл байв. Райан Гослингын намтрыг сонирхвол түүний дуулж, бүжиглэх бас хөгжимдөх авьяас бүр багаас нь илэрчээ.
Райн Гослинг багадаа ба одоо
Өнгөрсөн зууны 60-аад оноос эхэлсэн АНУ-ын телевизийн “Микки Маусын клуб” нэртэй хүүхдийн шоу маш их алдартай байлаа. Эл шоунд Америкийн өнцөг булан бүрээс урлагын авьяастай хүүхдүүд ирж оролцдог аж. Эл шоунаас Бритни Спирс, Жастин Тэмбэрлейк, Кристина Агилера зэрэг алдартнууд төрсөн. Бас тэдний хамт манай өнөөдрийн баатар Райн Гослинг дуулж бүжиглэдэг байв. Гэвч түүний од рок попын тайзанд биш дэлгэцэнд гялалзах учиртай байж.
Райн Гослинг "Микки Маузын Клубд"
Райан Гослингийн багын зургийг харж байхад зөв хүмүүжилтэй зөөлөн хүүхэд шиг харагдана. Харамсалтай огт тийм биш байв. Тэрбээр 1980 оны 11 дүгээр сарын 12-нд Канадад төржээ. Эцэг нь цаасны үйлдвэрт жирийн ажилчин, эх нь дунд сургуульд бичиг хэрэг эрхэлдэг байв. Райан Гослингийн өөрийнх нь хэлснээр түүний гэр бүл нийгмийн “дунд ангид ч багтаж чадахааргүй” тарчиг байж. Гэр бүл нь Онтарио мужаас ийш тийш нүүж шилжээгүй ч Райан хэд хэдэн дунд сургууль сольсон байдаг. Энэ нь бяцхан хөвгүүний бэрх зан авиртай холбоотой аж. Ямар сайндаа түүний хоч нь “Гай” байх вэ дээ. Райаны тоглоом хатуу байсан болохоор түүнтэй найзалж нөхөрлөх хүүхэд тийм ч олон биш байв. Тэрбээр нэг удаа ангидаа хэдэн хутга авчираад хүүхдүүд руу шидэж гарчээ. Зурагтаар алдарт “Рембо” кино үзээд гол баатрыг дууриаж байгаа нь тэр гэнэ. Дэггүй хүүхдийн аюултай тоглоомыг тэр дор нь таслан зогсоосноор хүн амьтан бэртсэнгүй. Харин Райан ээлжит сургуулиасаа хөөгдөж, дуртай акшн кино үзэх эрхээ бүр мөсөн хасуулсан гэдэг. Ингээд зогсохгүй Райан гэрээрээ хичээлээ заалгах болсон байна. Түүний энэхүү хэцүү зан авир эцэг эхийнх нь салалтаас шалтгаалсан гэж хожим жүжигчин өөрөө өчсөн байдаг.
Багын найз Жастин Тимберлейктэй
Ер нь Райаны бага, өсвөр насыг тодорхойлох юм бол цочмог, тэрслүү бас маш их хаалттай гэж хэлэхээр. Түүний цочмог занг номхтгоход түүний эгч маш их нөлөөлжээ. “Би багаасаа эгч ээж хоёртойгоо өссөн. Тиймээс эмэгтэй хүнийг хэнээс ч илүү ойлгож чадна. Бага насны минь хамгийн сайн найз, зөвлөгч эгч минь байлаа. Би түүний зөвлөснөөр бүр сонгодог балетаар хүртэл хичээллэсэн гээд боддоо” гэж жүжигчин эр нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Мөн эгчтэйгээ хоршин янз бүрийн арга хэмжээн дээр дуулдаг байв. Ингээд эгчийнхээ зөвлөснөөр Райан авьяаслаг хүүхдүүдийн “Микки Маус” шоунд шалгуулан тэнцсэн аж. Түүнтэй цуг Ж.Тимберлейк, К.Агилера, Б.Спирс гээд үнэхээр гоц авъяастай хүүхдүүд оролцож байв. Микки Маус клуб Гослингын хувьд урлагт хөл тавих анхны тайз нь болсон ч тэрбээр эл үеэ амьдралынхаа хамгийн “сэтгэлийн шаналал ихтэй” үе гэж үздэг аж. Райан эргэн тойрондох гоц авьяастай хүүхдийн дэргэд өөрийгөө ихээр голох болсноор маш их хаалттай зожиг болжээ.
Оскарын шагналт "Ла Ла Лэнд" кино
“Арван хоёрхон настай хүүхэд өөрийгөө эргэн тойрондоо байгаа хүүхдүүдийг гүйцэх авьяастай биш юм байна гэдгээ ойлгох маш гунигтай” гэж Гослинг дурссан удаатай. Хэрэв хөвгүүн тэр үед сэтгэлээр унан бууж өгсөн бол өнөөдрийн од Райн Госслинг гэж байхгүй байсан биз. Түүний тэрслүү бас шазруун зан үүнийг давахад хэрэг болсон аж. Райан ээжээсээ зөрөн байж 15 настайдаа гэрээсээ явж Лос-Анжелесыг зорьсон байна. Түүний зорьсон хэрэг бүтэх нь тэр. 1995 онд Гослинг телевизийн олон ангид “Айдас” гэдэг кинонд тоглосноор дэлгэцийн урлагт хөл тавьжээ. 2001онд дэлгэцэнд гарсан “Фанат” кинонд бүтээсэн дүр Райаныг тэр дор нь алдарт гаргаж, Холливудын шинэ эрины шинэ од болгосон юм. “Фанат” киноны гол онцлог нь 20 настай еврей гаралтай неофашист залуугийн тухай биш харин Райан Гослингын гайхамшигтай үнэмшилтэй чин сэтгэлийн жүжиглэлт байлаа гэж тухайн үед хэвлэл шуугиж байв.
Гайн Гослинг Эмма Стоун хоёр
Райан Гослинг нийт 40 гаруй киноны дүр бүтээжээ. Ингэхдээ тэрбээр хэзээ ч мөнгөний төлөө хөөцөлддөггүй бөгөөд нэг хэв маягийн дүрээс аль болох зугтахыг хичээдэг аж. Шил шилээ даран гарсан акшн кинонуудынхаа дараа “Заримдаа би хоёрдмол амьдралаар амьдраад байх шиг санагддаг. Дэлхийн нийтээрээ мэдэх дэлгэцийн Райан Гослинг бодит амьдрал дээрх Райан Гослинг хоёр огт өөр хүмүүс. Би дэлхий ертөнцийг аврагч баатар биш би ердөө л жүжүигчин” гэж тэрбээр өгүүлсэн байдаг. Тийм дээ ч найруулагч Ник Кассаветын санал болгосон “Ой санамжын дэвтэр” киноны гол дүрийг маш олзуурхан хүлээж авчээ. Үнэхээр ч эл бүтээл Райаныг Холливуудын хэвшмэл ойлголт болсон царайлаг, баатарлаг залуугийн дүрээс салган илүү дотоод сэтгэлийн драмын жүжигчин гэдгийг харуулсан билээ.
Райн Гослинг Рэйчел Макадамс хоёр мөн л хосуудын дүрд тоголж байгаад дотно харилцаатай болсон
“Ой санамжын дэвтэр” Гослингын хувьд онцлох уран бүтээл болсон төдийгүй хувийн амьдралд нь ч гэсэн өөрчлөлт авчирсан аж. Тэрбээр дээрх кинонд хамтран тоглосон жүжигчин Рэйчел Макaдамстай хайр сэтгэлийн холбоотой болж, хэвлэл мэдээллийн баатар болов. Тэд нэг хотод төрсөн бүр нэг эмнэлэгт төрсөн гээд л ёстой л нэг нэгэндээ зориулагдсан хос шиг санагддаг байлаа.”Рэйчел үнэхээр гайхалтай бүсгүй. Чухам тэр л намайг бүх зүйлийг дээд зэргээр сайн хийх урам зоригийг өгдөг. Тэрбээр киноны зохиолыг ядрахгүй залхахгүйгээр 100 дахин уншдаг. Бас Рэйчел үнэхээр үзэсгэлэнтэй” гэж Райан хайртай бүсгүйнхээ талаар бахархан ярьж байв. Харамсалтай нь тэдний харилцаа богинохон настай байж. Гурван жилийн дараа жүжигчид хоёр тийшээ болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Холливуудын статистиктай харьцуулвал Райаныг сахил хүртсэн юм биш байгаа гэх хэлэхээр цөөхөн бүсгүйтэй нэр холбогдсон байдаг. Харин нэг хачирхалтай зүйл нь тэдгээр бүсгүйчүүд нь бүгд түүнээс эгч аж.
Гайн Гослинг хамгийн дотны хүмүүс ээж дүү хоёр нь
Рэйчел хоёр насаар эгч байсан бол Оскарын шагналт жүжигчин Сандра Баллоктай бүр 16 насны зөрүүтэй байж. Райан Холливудын жүжигчдийн адил хайр дурлалынх нь адал явдал зураг авалтын талбайгаас л эхэлдэг аж. Одоогийн хамт амьдарч байгаа Ева Мендестай мөн л “Царс модны сүүдэр дор” киноны зураг авалтын үеэр дотносжээ. Тэд хоёр охинтой аж. “Райан маш ухаантай бас өргөн мэдлэгтэй. Түүнтэй аль ч салбараар маргаад дийлэхгүй. Түүнээс гадна тэрбээр англи, франц, итали, испани хэлийг өндөр төвшинд эзэмшсэн. Тэгэхээр би найз нартайгаа ч юм уу дүү нартайгаа испаниар нууц зүйл ярих боломжгүй” гэж Ева хүүхдүүдийнхээ эцгийн тухай ярьсан байдаг (Ева Мендес испани гаралтай жүжигчин).
Райн Гослинг одоогийн найз бүсгүй Ева Мендесын хамт
Райан Гослинг тийм олон хэл мэддэг гэдгийг олон нийтэд Ева дэлгээгүй бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байв. Хэдий тэрбээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болсон ч хаагдмал байдал нь арилалгүй, тэрний нэг тал болж үлдсэн бололтой. Түүнд одоо ч гэсэн их дотны найз үгүй аж. Бас ердөө л гуравхан бүсгүйтэй л холбогдсон гэж үү? Олон зочид урьж найр наадам хийдэггүй. Тэрний оронд “Dead Man’s Bones” гэдэг өөрийн байгуулсан хөгжмийн хамтлагтайгаа дуулж хуурдаж суухыг илүүд үздэг. Холливудын одуудын адил тансаг амьдралд бас дургүй гээд хачирхал төрүүлэх зүйл энэ уран бүтээлчид цөөнгүй. Бас цаана нь хичнээн нууц хадгалагдаж байгааг хэн мэдэх.
Гослингийн гэр бүл Хэллоуний баяраар
Гослингийг маш сайн аав гэж Ева ярьдаг