“Авьяаслаг монголчууд” шоуны үзэгчдийн анхаарлыг татсан оролцогчдын нэг бол Б.Дуулал. Тэрбээр бидний өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэдэг сонин, содон зүйлийг ашиглан хөгжим бүтээж, түүгээрээ хөгжимдөн тус шоуны хөтлөгч Б.Мандуулаас алтан баззер хүртсэн юм.
СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн багш, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хөгжимчин Б.Дуулалтай ярилцлаа.
-“Авьяаслаг монголчууд” шоунд хоёр дахь удаагаа оролцлоо. Таны үзүүлбэр хүмүүсийн сонирхлыг их татсан. Гарын доорх материал ашиглан хөгжим босгож, түүгээр тоглох санааг анх хэрхэн олсон бэ?
-Тус шоунд эхний удаа оролцохдоо хагас шигшээд шалгарч чадалгүй хасагдсан. Хасагдсаныхаа дараа дахиад оролдоод үзье, сонирхолтой үзүүлбэр сэдэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Бүтэн жил шахам энэ үзүүлбэрээ бэлдсэн. Эхлээд юу юу ашиглах, тэдгээрийг хэрхэн дуугаргах, юу тоглох вэ гээд л их удаан бодож, бэлдсэн.
Цохивор хөгжим үүсэл, хөгжлийн маш урт түүхтэй. Ахуйн хэрэглээний болоод мод, яс, чулуу гээд олон сонирхолтой элементээр хөгжмийн зэмсэг хийж, түүгээр тоглож, хөгжүүлж ирсэн түүхтэй. Эл түүхээс санаа авч, хүмүүсийн сайн мэддэг материалууд ашиглахыг хичээсэн юм.
Аливаа биет болгон бүтцээсээ хамаараад өөр өөр авиа, чимээ гаргадаг. Тэдгээрийн зохицлыг олж, хоршуулж чадвал хөгжим болно.
-Хэр олон зүйл тогшиж, дуугаргаж байж хэрэглэх материалуудаа олсон бэ. Нидрүүлэг, будгийн хувин, труба гээд хүмүүсийн мэддэг зүйлсийг хоршуулан сонирхолтой хөгжим болгохын тулд тайрах, хөрөөдөх, хасах гэх зэргээр янз бүрээр олон удаа туршиж үзсэн байх.
-Өвөрмөц, сонирхолтой санагдсан зүйл л таарвал тогшиж үзээд л, оролдоод л явдаг байлаа. Гол нь хүмүүсийн маш сайн мэддэг, тэгсэн хэрнээ хөгжим болно гэж огт төсөөлөөгүй зүйлсийг л ашиглахыг зорьсон.
Туршлагагүйтэх, бүтэлгүйтэх үе зөндөө байлаа. Тэгэх бүрт дахиж оролдоод, шинээр засаж янзална.
-Алтан баззер авна гэж бодсон уу?
-Ёстой төсөөлөөгүй. Гэхдээ хөгжилтэй нь, шоуны зураг авхуулах үеэр зохион байгуулагч, арын албаныхнаас “Бүх шүүгч алтан баззераа дарчихсан уу” гээд сонирхоод асуутал “Хөтлөгч дараагүй. Шүүгч нар дарчихсан” гэдэг юм байна.
Тэгэхээр нь тоглоод “Өө, тэр чинь минийх” гээд хэлчихсэн. Гэтэл яг миний үзүүлбэрт хөтлөгч Б.Мандуул алтан баззер дарсан.
-Та Хөгжим бүжгийн коллеж төгссөн юм билээ. Ямар хөгжмөөр мэргэшив?
-Би цохивор хөгжимчин. Хөгжим бүжгийн коллежийг 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд нийслэлийн “Улаанбаатар” чуулгад ажиллаж байна.
-Яагаад бөмбөрт хорхойссон юм бол?
-Багаасаа л сонирхсон. Би хөгжмийн зэмсгүүдийг бөмбөр болон бусад гэж ангилдаг гэж боддог. Цохивор хөгжмийн 200 гаруй төрөл дотроос хамгийн сонирхолтой нь бөмбөр. Дээр нь маш их эрч хүч мэдрүүлдэг.
-Хөгжмийн зэмсгүүд дотроос бөмбөр нэлээд үнэтэйдээ ордог. Уран бүтээлчид хөгжмөө цуглуулах нь бий. Хэдэн бөмбөртэй вэ?
-Ер нь өртөг өндөртэй шүү. Дундаж бөмбөр гэхэд “Приус-20” машины үнэтэй. Эд ангиудыг нь салгаж худалдаж авдаг. Цан, бөмбөр, хөл, хальс, цохиур гээд бүгдийг тусад нь авч, угсардаг.
-“Хурд” хамтлагийн бөмбөрчин Д.Отгонбаатар “Жинсэн өмднүүдийг задалж оёод, дотор нь элс хийж, тэрийгээ норгож бэлдэнэ. Дээр үеийн орос сандалны хөлнүүдийг тайрч аваад л бэлдсэн элсээ нүддэг байв.
Тэр нь их мөлгөр, хүнд болохоор гарын дасгал хийхэд их боломжийн санагддаг байлаа” гэж ярьсныг саналаа. Та анх хэрхэн сурч, бэлтгэл хийдэг байв?
-Бөмбөрт хорхойсох болсон шалтгаан минь Д.Отгонбаатар ах шүү дээ. Бөмбөр тоглож байхыг нь зурагтаар хараад л “Энэ хөгжмийг ингэж тоглож сурах юм сан” гэсэн бодол анх төрсөн. Хамгийн анх хоолны савх барьж байгаад л дэрэн дээр цохиж үзсэн.
Дараа нь хоолны сав, таг цохиж болох бүгдийг л балбадаг байлаа. Бөмбөр харахаар л очоод цохичихмоор санагдаад л. Тэгж л хорхойсож сурсан даа. Аливаа хөгжмийг сурахад хугацаа шаардана. Ялангуяа бөмбөр тоглож сурахын тулд их хугацаа зарцуулдаг.
Хаа дуртай газартаа бэлдэх боломжгүй, заавал тусгай орчинд сургуулилалт хийх шаардлагатай учраас цаг заваа бүрэн зориулж байж сурдаг.
-Хамтлагт тоглож байв уу?
-Аль нэг хамтлагийн гишүүн биш. Гэхдээ “Алтан ураг”, “The colors”, UFO зэрэг хамтлагтай хамтран тоглож, уран бүтээл хийж байсан. Миний зорьж буй зүйлээс арай өөр болохоор хамтлагт харьяалагддаггүй.
-Юунд зорьж буй гэж?
-Гоцлол уран бүтээл хийхийг хүсэж байгаа юм.
-Үлгэр дуурайл авдаг, суралцдаг бөмбөрчин байдаг уу?
-Цохивор хөгжимчин Б.Ганхөлөг, Ц.Энхбаяр ахыг нэрлэнэ. Гадаадаас гэвэл АНУ-ын Эрик Мүүр, Австралийн Томас Ланг зэрэг мундаг бөмбөрчнөөс суралцдаг. “Гёте” институтээс хэрэгжүүлдэг “Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим” (GMUB) төслийн жааз хөгжмийн сургалтад гурван жил суралцсан.
Тэнд суралцах хугацаандаа ХБНГУ-ын олон мундаг бөмбөрчнөөр хичээл заалгаж байв. Залуу уран бүтээлч учраас мундаг хүмүүсээс үргэлж суралцаж, шинэ зүйл туршихыг хүсдэг юм.
-Бөмбөр тоглох үедээ юу мэдэрдэг вэ?
-Дуртай зүйлээ хийж буй болохоор маш их сэтгэл ханамж мэдэрдэг. Тоглолтоо хүргэсний дараа үзэгчдийн сэтгэл хангалуун байгааг харах сайхан байдаг. Хамгийн сайхан мэдрэмж гэхэд хилсдэхгүй.
-Ядардаг уу. Маш их хүч зарцуулж, байнга хөдөлдөг шүү дээ.
-Хүмүүс ингэж их асуудаг. Бэлтгэл сургуулилалт тасралтгүй хийхээр дадаж, бүх биеэ хянаад сурчихдаг. Гол нь бэлтгэл хийж, зөв цохиж сурах хэрэгтэй. Зөвхөн ур чадвартаа анхаарах бус, тоглож буй хөгжмөө үзэгчдэд хүргэдэг байх нь чухал. Тэгж их ядардаггүй ээ.
-Гэр бүлийнхэн тань таныг хэр дэмждэг вэ?
-Би аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Бүгд намайг маш их дэмжиж, үргэлж урам хайрладаг.
-Ойрын хамаатан, гэр бүлийн дунд тань урлагийн, тэр дундаа хөгжимчин хүн байдаг уу?
-Байхгүй ээ. Манай өвөө жолооч, эмээ барилгачин байсан. Тийм болохоор хүүхдүүдийнх нь олонх барилгын салбарт ажилладаг.
-Одоо СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуульд багшилдаг гэсэн. Хүүхдүүдэд хөгжим заах сонирхолтой юу?
-Өнгөрсөн есдүгээр сараас тус сургуульд багшилж байна. Өмнө нь “Орчлон” сургуулийн сурагчдад дугуйлан хичээлүүлдэг байсан. Охид ихэвчлэн цохивор хөгжим, хөвгүүд бөмбөр заалгадаг. Хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой шүү.
Хөгжим сонирхож буй хүүхдүүдэд суурийг нь зөв тавьж өгөхийг хичээдэг. Тухайн хүүхдийн хүсэл сонирхлыг нь асууж, тэр чиглэлээр нь заахыг эрмэлздэг. Бага насны хүүхдүүдтэй ажиллаад сурчихсан байхад бусад ямар ч хүнтэй ажиллаж, ойлголцож чадна гэж боддог юм.
-Багшилдаг, мөн чуулгад ажилладаг болохоор бөмбөрөө давтах, уран бүтээл хийх цаг, боломж хомс болчихсон уу?
-Оюутан байсан үеэ бодвол зав маш бага болсон. Оюутан байхад өглөө хичээлдээ явчихаад өдөр мэргэжлийн хичээлдээ сууж, 16.00 цагаас хойш бөмбөрөө давтдаг байлаа. Өдөрт багаар бодоход 5-6 цаг сургуулилалт хийдэг байв.
-Түрүүн бөмбөрийн гоцлолууд үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй гэсэн. Хэзээнээс хүргэх вэ?
-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоны дараа олон хүнээс “Уран бүтээлээ хүргээрэй. Битгий алга болчихоорой” гэсэн үг сонссон. Аль болох хурдан хүргэхийг хичээнэ ээ.
Морин хуур, лимбэ, эвэр бүрээчин зэрэг 10-аад хөгжимчин хамтран уран бүтээл хийж буй. Гайхалтай нь бүгд цохивор хөгжим тоглодог. Бид шинэ уран бүтээлээ ирэх онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн.
-Бие даасан цомог гаргах бодол бий юү. Дан бөмбөрийн гоцлолоор гаргасан цомог байдаггүй байх.
-Бөмбөрийн хичээл бол байдаг. Харин дан гоцлолоор гаргасан цомог одоохондоо байхгүй. Ер нь хэцүү болов уу. Хүний аливааг тогтвортой сонсох хугацаа 3-5 мин. Түүнээс хэтрэхээр ямар ч гоё зүйлээс уйддаг. Тэгэхээр энэ чиглэлийн цомог гаргах боломжгүй байх.
-Хөгжмийн бусад төрлийг бодвол бөмбөр сонирхогчдод зориулсан гарын авлага, товхимол харьцангуй ховор. Яваандаа эх хэл дээрээ энэ чиглэлийн гарын авлага гаргах бодол бий юү?
-Одоохондоо энэ талаар бодсон зүйл алга. Би залуу байна. Өөрөө дөнгөж суралцаж байна. Сурах, мэдэх зүйл ч их бий.
-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн зүйлсээсээ хуваалцаач?
-Түрүүн хэлсэн хамтран ажилладаг хөгжимчидтэйгөө аялан тоглолт хийнэ. Мөн ирэх жил “Авьяаслаг азиуд” шоунд оролцохоор төлөвлөсөн.
-“Авьяаслаг азиуд” шоуны шалгуур хэр өндөр вэ. Бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн үү?
-Дөрвөн шаттай. Эхний шатанд үзүүлбэрээ бичлэг хэлбэрээр явуулах ёстой юм билээ. Тэнцвэл Сингапур улсад очиж хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцоно. Тэндээсээ хагас шигшээд өрсөлдөх эрх авна. Бэлтгэлээ базааж байгаа.