Нас бол тоо гэдгийг амжилтаараа батлан, үлгэрлэж яваа тамирчдын нэг нь яах аргагүй Ш.Лхагваа. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, 64 настай тэрбээр цэргийн алба хааж байхдаа хүндийг өргөлтөөр анх хичээллэжээ.
Залуудаа Монголдоо цойлж, УАШТ-д найман удаа түрүүлэн, улсынхаа дээд амжилтыг 16 удаа шинэчилсэн ч олимп, ДАШТ-д оролцох мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Улмаар гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа дутуугаа гүйцээхээр дахин зүтгэхдээ дэлхийн дэвжээнд хоёр удаа түрүүлээд амжив.
ДАШТ-ий гурван мөнгөн медальтай түүнд дөрвөн жилд болдог, олимпын бус төрлийн спортоор хичээллэдэг тамирчдын олимп гэгддэг дэлхийн наадмын гурван түрүү бий. Тэгэхээр Ш.Лхагваа гуай дэлхийн дэвжээнд сүүлийн 12 жил босоо яваа гэсэн үг.
Түүнд пауэрлифтингийн ДАШТ-ий хүрэл медаль бий. Дэлхийн дээд амжилтыг дөрөв, Азийнхыг гурван удаа шинэчлэн, өдгөө эзэмшдэг тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны оны шилдэг болж, “Алтан хараацай” шагнал хүртсэн. Эл шагналын эзнээр сүүлийн гурван жил дараалан тодорсон түүнтэй ярилцлаа.
-Амьдралаа хүндийг өргөлтийн спорттой хамгийн олон жил холбож яваа монгол тамирчдын нэг нь та. Эл спортоор хичээллэсэн дурсамжаасаа хуваалцана уу?
-Нэлээд хожим туйванч болсон хүн дээ, би. Цэргийн албанд татагдаж очсоныхоо дараа хүндийг өргөлтөөр хичээллэж билээ. Багадаа бөхийн спортод хорхойтой байлаа. Хөдөөний бусад хүүхдийн адил хурдан морь унан, дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн.
Тухайн үед Монголд хүндийг өргөлт төдийлөн хөгжөөгүй байсан болохоор хичээллэх боломж байгаагүй. Цэрэгт очсоныхоо дараа самбо, жүдогийн тэмцээнд оролцоод олны хараанд өртөв. Тэгж байтал манай цэргийн ангийнхан “Хүндийг өргөлтөөр өрсөлдөөд үз” гэж надад зөвлөлөө. Миний сонирхлыг ч бас татсан л даа. Чадах, эсэхээ сорихоор армийн аварга шалгаруулах тэмцээнд оролцтол хүрэл медаль авчихдаг байгаа.
Тэгэхэд олон хүн хичээллэхийг надад зөвлөсөн. Яах вэ гээд эргэлзэж байтал “Алдар” спорт хорооныхон тамирчнаа болгов. Бөөн баяр бололгүй яах вэ, урамшсан гэж жигтэйхэн. Эгэл жирийн цэрэг хүн үе үеийн шилдгээрээ алдартай спорт хорооны тамирчин болно чинээ төсөөлөө ч үгүй явлаа шүү дээ. Намайг туйванч болох үед манай улсад хүндийг өргөлт нэлээд хөгжин, техник хэрэгслээр хангагдчихсан байсан.
Сүхээ дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийн, жилийн дараа спортын мастер болж, 1980 онд ОУХМ цолны болзол хангасан. Надаас өмнөх үеийн тамирчид дунджаар 10 жил зүтгээд спортын мастер болдог байв. Нэг жил хөдөлмөрлөөд эл цолны эзэн болсон нь миний сайных гэвэл өөрийгөө дөвийлгөсөн болно. Мундаг дасгалжуулагчтай, техник, хэрэгсэл сайтай байсны л буян.
-Тухайн үед таныг армиас хэр дэмждэг байв?
-Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох бүх боломжоор хангадаг байлаа. “Алдар”-аас тусгайлан зассан өрөөнд намайг байрлуулан, хоол, хүнсээс авхуулаад бүх зүйлээр хангана. Амжилт гаргаж чадахгүй бол өөртөө л гомдохоос өөр аргагүй тэгж сайхан дэмждэг байв.
Тэр бүхэн миний амжилтад их нөлөөлсөн. Ер нь би 10-аад жил Монголдоо тасархай байсан. Одоо ингэж хэлэхээр залуу үеийнхэн гайхаж магадгүй. Мэдэх нэг нь мэднэ ээ. Би ямар худлаа онгирсон биш, үнэн юм чинь.
-Ахмадын ангилалд гаргасан таныг амжилтыг спортын хүрээнийхэн сайн мэднэ. Залуудаа, бүр тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд хэрхэн цойлж явсныг тань тэр бүр мэдэхгүй болов уу. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?
-Би ихэвчлэн 48, 52 кг-д өрсөлддөг байлаа. УАШТ-ий найман түрүүтэй, Ах, дүү армийн нэрэмжит тэмцээний хошой хүрэл, олон улсын тэмцээний цөөнгүй медаль бий. Улсынхаа дээд амжилтыг 16 удаа шинэчилсэн.
-Олимп, ДАШТ-д оролцох, бүр цаашлаад медаль хүртэх боломж байсан уу?
-Их байсан шүү, олимп, дэлхийн медальтан болоход нэлээд дөхөж очсон. Өөрөөсөө үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас оролцож чадаагүй. Амжилтаараа хохироод үлдсэн болохоор ярих нь байтугай бодоход ч харамсмаар байдаг. Цаг хугацааг ухрааж болох биш. Одоо энэ талаар ярих дэмий юм биш үү.
-Харин ч эсрэгээрээ ярих хэрэгтэй болов уу. Учир нь өнөөгийн залуус энэ талаар мэдэхгүй шүү дээ.
-1980 оны олимпод л гэхэд Жүгдэрнамжил, Энхбаатар бид гурвыг нэг жинд сойхоор бэлтгэж байлаа. Гол өрсөлдөөн бид гурвын хооронд өрнөнө. Тэр жил би УАШТ, олимпод оролцох тамирчдыг сорьсон тэмцээнд түрүүлсэн. Гэтэл намайг оролцуулаагүй. Олимпод Жүгдэрнамжил VIII байрт шалгарч, Энхбаатар өргөлтөө амжилттай гүйцэтгэж чадалгүй хасагдсан.
-Монголдоо шилдэг байсан таныг бус, тэднийг яагаад оролцуулсан юм бэ?
-Би “Алдар” спорт хорооны, тэд үндэсний шигшээ багийн тамирчин байсан юм. Тиймээс тухайн үеийн удирдлага шилдгээ бус, шигшээгийн туйванчаа дэмжсэн хэрэг. Үүнд нөлөөлсөн бас нэгэн шалтгаан нь дасгалжуулагчдын хандлага. Манай багш, шигшээгийн дасгалжуулагч нар хоорондоо түнжин муутай байв.
“Алдар”-ын багш нар намайг өмөөрөн, шударга байхыг шаардахаар шигшээгийн дасгалжуулагчид зэвүүцнэ. Тиймэрхүү шалтгааны улмаас зөвхөн 1980 оны Москвагийн олимп гэлтгүй цөөнгүй ДАШТ, Азийн АШТ-д хүч сорьж чадаагүй. Хэрвээ тухайн үед хүч сорьсон бол олимп, дэлхийн медальтан болох боломж дүүрэн байсан.
Тамирчид олимп, дэлхийн аварга болохдоо гаргасан амжилтыг би бэлтгэл дээрээ өлхөөн өргөдөг байлаа. Тэгэхээр харамсахгүй байхын аргагүй. Хэдийгээр ахмадын ангиллын ДАШТ-д олон түрүүлж, дэлхийн дээд амжилт эзэмшиж яваа ч харамсах зүйл байдаг.
-48, 52 кг-д таны ахиулсан Монгол Улсын дээд амжилт шинэчлэгдсэн бил үү?
-Надаас өөр тамирчин шинэчлээгүй, одоо ч миний нэр дээр бий. Хүндийг өргөлтийн жин шинэчлэгдэн, эрэгтэйчүүдийн ангиллын хамгийн хөнгөн нь 55 кг болсон болохоор ахиулах боломжгүй.
-Тэтгэвэрт гарсныхаа дараа хувийн бизнес эрхлэн, спортоосоо чамгүй олон жил хөндийрсөн юм билээ. Хүндийг өргөлтийн дэвжээнд эргэн ирэхэд юу нөлөөлөв?
-Дуртай, хайртай юмаа хийх шиг сайхан зүйл үгүй. Зодог тайлсныхаа дараа “Алдар” спорт хороонд дасгалжуулагч хийв. Тамирчдаа дасгалжуулахын хажуугаар тэмцээнд оролцоно. Багшийн цалин хүрэхгүй байхаар нь амьдрахын эрхэнд өөр ажил хийсэн. Тэгээд бүр хувийн компани байгуулан, зах зээлийн шуургыг сөрөв.
Тэгж явсаар бараг зургаан жил гаруй спортоосоо хөндийрсөн. Тэр хугацаанд компанийнхаа оффист байгуулсан тэнхимд бэлтгэл хийдэг байв. Хүндийг өргөлтөөр тууштай хичээллэн, спортдоо эргэж ирмээр санагдаад болдоггүй ээ. Сүүлдээ бүр зүүдэлж хонох болов. Тэгээд л 2005 оноос хойш ахмадын тэмцээнд оролцож байна.
-Зургаан жил гэдэг чамгүй урт хугацаа. Хэр төсөөрсөн байв?
-Огцом өргөлтөөр 140 кг өргөдөг байсан хүн чинь 50 кг-ыг ч дийлэхээ больчихож билээ. Формдоо хурдан орохын тулд өдөр, шөнөгүй зүтгэсэн.
-Өнөөг хүртэл оролцсон тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай, сэтгэлд тань тод үлдсэн нь аль вэ?
-2011 онд Турк улсад болсон ДАШТ. Тэр жил тус улсад газар хөдөлсний улмаас цуг оролцох гэж байсан тамирчид больчихсон. Тэгээд Монголоос ганцаараа хүч сорив. Өмнөх жил дэд аварга болсон дутуугаа гүйцээмээр санагдан, шар гозойсон гэж жигтэйхэн.
Гэтэл огцом шахалтаар 66 кг өргөөд мөнгөн медаль хүртэв. Түлхэлттэй өргөлтөөр дутуугаа нөхөн түрүүлж, нийлбэр дүнгээр бас алтан медаль авсан. Тэгэхэд монгол хүн болж төрснөөрөө, өөрөөрөө их бахархаж билээ. Тэрнээс хойш санхүүгийн хүндрэлийн улмаас тэмцээнд төдийлөн оролцож чадахгүй байна.
-Ахмадын ангиллын тамирчдыг төрөөс дэмждэггүй, амжилтыг нь урамшуулдаггүй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Гомдмоор шүү дээ. Бидний амжилтыг огт тоодоггүй, үнэлдэггүй. Айлын шоовдор хүүхэд шиг л байдаг. Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед бүх тамирчныг дэмжихэд санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж мэднэ. Тийм болохоор ядахдаа дэлхийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг тамирчдаа дэмжихэд тийм ч хэцүү биш байлтай. Бүхэл бүтэн улс байна даа, энэ чинь. Монголд дэлхийн дээд амжилт эзэмшдэг гуравхан туйванч бий.
Тэр нь Оюунчимэг, Балжинням бид гурав л даа. Гэтэл бид өдий хүртэлх хугацаанд улсаас нэг ч төгрөгийн урамшуулал авч үзээгүй. Бидний амжилтыг үнэлээд сард 200 000 төгрөгөөр урамшуулахад их дэм болно. Тэгэхгүй юм гэхэд тэмцээнд оролцоход жилд ганц удаа ч болтугай замын зардал даачихвал өөр хүсэх юм алга. Бэлтгэлээс илүү санхүүгийн хүндрэл хэцүү.
Би энэ жил БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхийн тулд тэтгэврийн зээл авсан. 2018 онд гадаад явж оролцсон ганцхан тэмцээн маань тэр. Амьхандаа мөнгөө хураан, энд тэндээс хуримтлуулж, зээлж байгаад хамгийн ойр болсон, чансаатай тэмцээнд хүч сорьсон юм л даа. Тэгэхдээ түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэндээс ирээд санхүүгээр нам гацсан.
-Та энэ жил ДАШТ-д өрсөлдөөгүй. Санхүүгийн хүндрэл нөлөөлсөн үү?
-Тэгсэн. Өнөө жил хань минь Швед явсан. Хуримтлуулсан хэдэн төгрөгөө ханьдаа өгч, ДАШТ-д оролцохоо хойш нь тавьсан юм. Энэ жил дэлхийн аварга болсон тамирчин 120 кг өргөөд алтан медалийн болзол хангасан байна билээ. Гэтэл би бэлтгэл дээр 140 кг өргөдөг шүү дээ.
Би ер нь тэмцээнд өрсөлдөхдөө эхний оролдлогоор л бусдаас тасардаг, илүүрхдэг. Түрүүлэхдээ мөнгөн медаль хүртсэн тамирчнаас дунджаар 10-20 кг-аар илүү өргөдөг. Надаас сэргээшийн шинжилгээ үргэлж авдаг. Төрөөс жаахан л дэмжчихвэл дэлхийд улам цойлмоор байна.
-Хүндийг өргөлтөөр ахмад байтугай залуу хүн хичээллэхэд бэрх. Ядардаг байх. Юунаас эрч хүч авдаг вэ?
-Дуртай юмаа хийж яваа болохоор сэтгэлийнхээ тэнхээгээр л өргөж явна. Заримдаа цүнхээ даахгүй шахам ядарна. Гэртээ унд ууж байгаад суугаагаараа унтчихна. Тэгтлээ ядардаг. Аминдэмтэй хүнс хэрэглэн, витамин уухыг хүсдэг ч санхүүгийн хүндрэлийн улмаас чаддаггүй.
Тэрийг авъя, хэрэглэе гээд зааж чадахгүй яваа над шиг олон монгол тамирчин бий. Гурилтай шөл идээд л амжилтын төлөө зүтгэж явна, би.
-Таны өрсөлддөг жин болох 55 кг-д хүч сорьдог тамирчин Монголд хэд байдаг бол?
-Хуруу дарам бий. Ер нь хоёрхон (Жүгдэрнамжил, Энхбаатар) юм байна. Тэд заримдаа л тэмцээнд оролцдог. Бэлтгэл хамт хийе гэхээр “Гар, хөл өвдөөд байна. Өргөж дийлэхгүй нь” гээд базаадаггүй. Би бэлтгэлээ долоо хоногт гурван удаа хийдэг.
-Амжилтын тань гол нууц юу вэ?
-Уян хатан чанар. Үүнд системтэй бэлтгэлээс гадна зөв хооллолт чухал.
-Хүүхдүүдээс нь таны үргэлжлэл болж яваа хүн бий юү?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хүү Гансүх минь хүндийг өргөлтөөр олон жил хичээллэж байна. Спортын мастер цолтой. “Алдар” спорт хороонд харьяалагддаг.
-Ирэх жил ДАШТ-д оролцох уу?
-Замын зардлаа олон, санхүүгийн асуудлаа шийдчихвэл өрсөлдмөөр л байна. 2019 оны ДАШТ наймдугаар сард болно. Тэр хүртэл мөнгө цуглуулна даа. ДАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртэн, дэлхийн дээд амжилт шинэчлэхийг хүсэж байна.