Хүний бие олон төрлийн эсээс тогтдог. Нүд, чих, хамар, элэг, бөөр зэрэг дотор эрхтэн бүгд нэг эсээс ялгаран хөгждөгийг шинжлэх ухаан аль хэдийн баталсан. Тэдгээр нь маш нарийн зохицуулалттай. Хүн өвдөж, гэмтсэн тохиолдолд эсүүд нь мөн үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж, үхжсэн, гэмтсэн эсийг шинэчлэн, нөхдөг юм байна. Тиймээс үүдэл эсүүд биднийг эрүүл байлгаж, хөгшрөхөөс хамгаалдаг, бие дотор уйгагүй ажилладаг “бичил эмч” гэж хэлж болох нь.
Үхсэн эсийг нөхөн төлжүүлдэг чанарыг нь ашиглан аливаа өвчнийг ялан дийлэх боломж бүрдээд буй. Жишээ нь, зүрхний шигдээстэй өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгаснаар харвалтын үед үүссэн зүрхний гэмтлийг эмчилж болохыг судлаачид баталсан юм байна. Хорт хавдар, цус харвалт, нуруу нугасны гэмтэл зэрэг түгээмэл тохиолдох олон төрлийн өвчнийг эмчлэхэд үүдэл эс чухал үүрэгтэй нь нэгэнт тодорхой болжээ.
Тэгвэл манай улсын залуу эрдэмтэн, анагаах ухааны доктор Б.Хонгорзул өнчин тархины урд хэлтрийн үүдэл эсийн зохицуулалтыг судалсан байна. Түүний судалгааг хөгжүүлбэл Монголд түгээмэл тохиолдох хавдрын эмчилгээнд ашиглаж болох гэнэ. Тэрбээр “Өнчин тархины үүдэл эсийн үйл ажиллагааг зохицуулах боломжтой, эсэхийг би судаллаа. Үүнийг цаашид хөгжүүлбэл хавдрын эмчилгээнд хэрэглэж болно. Судалгаагаа сайжруулахаар Японы багш нартай хамтран ажиллаж байна. Эсүүд өөр хоорондоо мэдээлэл дамжуулдаг.
Энэ мэдээлэл амжилттай дамжих, эсэхээс шалтгаалаад үүдэл эс ялгаран хөгжих, олшрох үгүйгээ тодорхойлдог. Мөн “E-cadherin” нэртэй наалдамхай уураг энэ үйл явцад ямар үүрэгтэй оролцдогийг судалгаагаараа тогтоосон. Тэгэхээр энэ бүх механизмыг бүр нарийн тайлбарлахын тулд үндсэн хоёр шатанд судалгаа хийх ёстой. Нэгдүгээрт, үүдэл эсийн үр хөврөлийн шат, хоёрдугаарт нас бие гүйцсэн үеийг нарийвчлан судална.
Үр хөврөлийн шатны үүдэл эс нь бүх төрлийн эс болон ялгаран хөгждөг. Бидний бүх эрхтэнд үүдэл эс бий. Хүний эд, эрхтнүүд хөгширдөг ч үүдэл эсүүд устаж алга болдоггүй. Тухайн хүний эд, эс гэмтсэн тохиолдолд нөхөн төлжиж, шаардлагатай үедээ шинэчлэгддэг гэсэн үг. Хавдрын эс болох боломжтой, буруу програмчлагдсан эсүүд хүний биед өдөр тутам үүсэж байдаг.
...Үүдэл эсүүд өөрийн гэсэн үүртэй, шувууны үүр шиг. Шувуу үүрэндээ өөрт хэрэгтэй хоол, хүнсээ хадгалж, хамгаалдаг шиг үүдэл эс ч мэдээлэл дамжуулахад хэрэгтэй бүх зүйлээ хадгалдаг. Энэ үйл ажиллагаанд наалдамхай уураг, эсийн дохиоллууд, шингэний зохицуулалт зэрэг маш олон зүйл нөлөөлдөг...
Түүнийг үүдэл эс таниад, өөрөөр хэлбэл, мэдээлэл аваад устгадаг юм. Энэ мэдээллийг яаж дамжуулдаг нь их сонирхолтой. Үүдэл эсүүд өөрийн гэсэн үүртэй, шувууны үүр шиг. Шувуу үүрэндээ өөрт хэрэгтэй хоол, хүнсээ хадгалж, хамгаалдаг шиг үүдэл эс ч мэдээлэл дамжуулахад хэрэгтэй бүх зүйлээ хадгалдаг. Энэ үйл ажиллагаанд наалдамхай уураг, эсийн дохиоллууд, шингэний зохицуулалт зэрэг маш олон зүйл нөлөөлдөг. Эсийн дохиолол болон наалдамхай уургууд нь үүдэл эсийг үйл ажиллагаа явуулахад хэрхэн нөлөөлж байгааг би судалсан.
Энэ уураг үнэхээр хэрэгтэй юү, үгүй юү. Хэрэгтэй бол аль шатанд нь оролцож, яаж нөлөөлөн, цаашид хэрхэх гэх мэт. Ингэхдээ өнчин тархи буюу гипофиз гэдэг эрхтэн дээр ажилласан юм. Өнчин тархи бол хүний бие махбодын дотоод бодисын солилцоог зохицуулалдаг, маш олон төрлийн даавар ялгаруулдаг, өмнөд, завсрын, урд гэсэн гурван хэсгээс бүрддэг. Урд хэлтрийг нарийвчлан судлаад хамгийн гол дааврууд ялгардгийг мэдсэн.
Жишээ нь, эмэгтэй, эрэгтэй хүний бэлгийн бойжилт, бөөрний дээд булчирхайг дэмжигч нийт зургаан төрлийн эсээс есөн төрлийн даавар ялгардаг. Тэдгээр нь хүний бүх эрхтэнд хүрч, зохицуулалт хийдэг. Эл даавруудыг үүсгэдэг гол эсүүдийг судалчихвал түүнийг хэзээ, хаана, яаж идэвхтэй хөгжүүлдгийг мэдэх боломжтой. Цаашлаад тэдгээрийг удирдаж болно гэсэн үг.
Энэ утгаараа би өнчин тархины үүдэл эсийн нас, бие гүйцсэн үеийг судалж, яаж ялгаран хөгжиж, түүнийг нь “хэн” зохицуулж, оролцож, дарангуйлдгийг тайлахыг оролдлоо. Эсийн дохиолол болох уураг энэ үйл явцад оролцдог юм билээ. Үүдэл эс нөхөн төлжих, эсвэл шинээр ялгаран хөгжих, эс үүсэх үйл явцад эл дохиоллууд нөлөөтэйг тайлбарласан. Цаашдаа түүнийг дарангуйлж чадвал шаардлагагүй үед нь хөгжлийг зохицуулж, эсвэл идэвхжүүлэх боломжтой. Монголд элэгний хавдрын өвчлөл их байгаа учраас энэ төрлийн судалгааг өргөжүүлэх бодол бий.
Үүнийг эхлүүлэхийн тулд лабораторийн орчныг сайжруулах хэрэгтэй. Эрдэмтэн, багш нар ямар нэг судалгаа хийхдээ хувиасаа мөнгө гаргах тохиолдол элбэг. Манай сургууль биднийг судалгаа хийхэд шаардлагатай мөнгийг боломжийнхоо хэрээр олгодог. Гэвч ганц сургууль дэмжих нь хангалтгүй. Судалгаагаа япон багш нартай хамтарч буйг дээр дурдсан. Тэд өөрийн талд ашигтай үр дүн гарах хүртэл л биднийг санхүүжүүлнэ. Монголоос Шинжлэх ухаан технологийн сангаас судлаачдад санхүүжилт өгдөг юм билээ. Бидэнд хөрөнгө оруулах өөр байгууллага хайж байгаа” гэсэн юм.
Тэрбээр энэ төрлийн судалгаагаа амжилттай хийснийхээ төлөө саяхан Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн. Нобелийн шагналтнуудын 68 дахь удаагийн уулзалтад оролцож, дэлхийд алдартай эрдэмтдээс судалгааны ажлаа сайжруулах зөвлөгөө авчээ. Тэрбээр, судалгаа, шинжилгээгээ хөгжүүлж, лавшруулах нь шинжлэх ухааны салбарт том нээлт хийх түлхүүр болох боломжтой гэдгийг онцолсон.
Энэ уулзалтад нэг хүн ганцхан удаа сонгогддог төдийгүй хоёр дахь удаа оролцох эрх нь зөвхөн өөрөө Нобелийн шагнал хүртсэн тохиолдолд нээгддэг аж. Энэ мэт чадалтай судлаачдаа дэмжвэл манай улсын анагаах ухааны салбар хөгжих нь гарцаагүй. Хүмүүс ямар нэг шалтгаанаар хүнд өвчлөх, эсвэл эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Б.Хонгорзулын хийж буй үүдэл эсийн судалгааг цаашид хөгжүүлбэл хавдар үүсгэгч эсийн дохиоллыг хаагаад, өвчилсөн эд, эсийн оронд эрүүлийг нь суулгах боломж бүрдэх юм.
Тодруулбал, хүнийг өөрийнх нь эд, эсээр эмчлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Түүний судалгааг АШУҮИС-ийн анхан шатны туршилтын цөм лабораторид эхний удаа туршихад амжилттай болжээ. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрсөн суурь судалгааны үр дүнг Монголд турших боломжтойн нэг илрэл гэсэн. Түүний судалгааг хөгжүүлэх боломжтой ч санхүүжилт дутмаг байгааг тэрбээр хэлж байв. Хөгжингүй орнууд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа нэн тэргүүнд тавьдаг.
Түүнд зарцуулах санхүүжилт ч сайн байдаг аж. Харин манайд энэ мэт суурь судалгаанд олгодог санхүүжилт 4-5 жилийн өмнөхтэй харьцуулахад сайжирсан ч, хангалтгүй хэвээр байгаа аж. Судлаачид ивээн тэтгэгч байгууллагатай хийсэн гэрээнийхээ хугацаанаас хамааран нэг төсөлд 20-50 сая төгрөг олгодог гэнэ. Түүнийг нь 1-2 жилийн турш судалгаагаа сайжруулахад хэрэглэнэ.
Энэ нь их мөнгө юм шиг сонсогдож болох ч бусад орны эрдэмтдийнхтэй харьцуулбал 1-3 сарын л санхүүжилт гэнэ. Японд гэхэд нэг туршилтад 20 сая төгрөг зарцуулдаг. Судалгааны үр дүн бодитой, эсэхийг батлахын тулд багадаа 3-5 удаа давтан туршилтаар шалгах ёстой. Гэтэл Монголд өгч буй дээрх мөнгө баттай үр дүн гаргаж авахын тулд 3-5 удаа давтан туршилт хийхэд л хаана нь ч хүрдэггүй гэсэн. Бусад орны эрдэмтэдтэй монгол судлаачид хөл нийлүүлэн алхахын тулд тэднийг дэмжих олон улсын байгууллага хэрэгтэйг залуу багш нар онцолж байлаа.
Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн байгууллага бий аж. Өнгөрсөн есдүгээр сард Монголын нейросайнсын нийгэмлэгийнхэн Нобелийн шагналтнуудыг улсдаа урьсан. Энэ нь гадагшаа явж сурах боломжгүй, чадварлаг судлаачдын хувьд туршлага судлах, мэдээлэл солилцох том боломж юм.
Цаашлаад Нобелийн шагналтнуудыг урих нь монголчууд анагаах ухааны салбарт амжилттай явааг дэлхийд сурталчлах “цонх” ч болж мэдэх юм. Уригдаж ирсэн эрдэмтэд ч манай судлаачдын талаар “Мэдэхгүй байхаасаа ичдэггүй, мэдэхийн төлөө зүтгэдэг нь тэдний хамгийн сайн чанар” гэж онцолсон байдаг.