“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалан ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү, дээрх үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг тэргүүтэй хүмүүсийг шалгаад багагүй хугацаа өнгөрч буй.
Энэ хэргийн шалгалт удахгүй дуусах юм байна. Саяхан Үндсэн хуулийн цэцийн гишүүний суудлаасаа буусан, тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарын гарын үсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалах баталгаа болсон хэмээн шалгуулж буй юм.
Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдуулан хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах болсон ч зарим шаардлагатай ажиллагаа хийлгэхийн тулд түр хойшлуулаад байгаа аж. Энэ талаар болон олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой зарим хэргийн явц ямар байгаа талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад АТГ-аас өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулсан юм.
-УИХ-ын гишүүд тэдний хамаарал бүхий хүмүүс ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэдэн гишүүн тайлбар өгсөн бэ?
-Улс төрийн албан тушаал хашиж байгаа болон тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авсан хэрэг тогтоогдон, мөрдөн шалгаж байна. 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон аж ахуйн нэгжийг хамарсан учраас цаг их орж буй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргүүдийн талаар бид тухайн үед нь мэдээлээд явна.
УИХ-ын нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэдний хамаарал бүхий компаниуд зээл авсан учраас нөлөөлсөн, эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байгаа. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгсөн.
-Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурор гаргасан гэсэн. Үнэн үү?
-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байгаа. Нэрсийг одоогоор дурдах боломжгүй. Хэргийн үйлдэл, аргачлалын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Зарим зүйлийг хуулиар хязгаарласан тул хариулах боломжгүй.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэмээх мэдээлэл гарсан. Гэтэл таныг ташаа мэдээлэл цацсандаа уучлалт гуйсан гэж яриад байгаа шүү дээ. Үүнд хариулт өгөөч.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг аваагүй байсан. Өмнөх хурал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм ээ” гэж хариулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийтэд хэд хэдэн мэдээлэл хийлээ.
Түүн дээр “Мөрдөгч хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа сандарч, хоёр ч УИХ-ын гишүүн рүү ярьж надаас уучлалт гуйсан” гэсэн байсан. Би уучлалт гуйгаагүй. Сэтгүүлчид мэдээд надаас асууж байхад худлаа ярих шаардлага надад байхгүй.
Тухайн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаж байсан нь үнэн учир надад уучлалт гуйх шаардлага байхгүй. Худлаа яриад мэдээлэл хийчихсэн бол би хүнээр дамжуулахгүй, өөрөө уучлалт гуйх чадамжтай хүн.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой, цагдаагийн ажилтнууд холбогдсон хэрэг хэрхэж байгаа вэ. Зарим хүнийг батлан даалтад гаргаж, эхнээсээ ажилдаа орсон байна лээ. Хураасан 1.3 сая ам.долларыг нь буцаан өгсөн гэж үнэн үү?
-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Цар хүрээ нь өргөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон төрийн албан тушаалтанд их хэмжээний хээл хахууль өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Сэжиглэн шалгасан хүмүүсийг гэм буруутай, эсэхийг тогтоох ажил хийж байна. Цагдан хорьсон хүмүүсийг батлан даалтад гаргаж, эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ шүүхээс авсан. 1.3 сая ам.долларыг буцаан олгосон гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл. Буцааж өгөөгүй. Мөрдөн шалгаж, ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буцааж өгөх асуудал байхгүй.
-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу?
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжав бусдаас дөрвөн сая ам.доллар авсан тухай мэдээлэл нийтэд ил болж, үүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь гадаад улс руу явчихсан учраас уулзаж чадаагүй. Хэрэгт холбоотой бусад нотлох баримтыг шалгаж байна.
-БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт шалгаж эхэлсэн. Түүнээс гадна хэчнээн хүнийг байцааж байна вэ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлыг хариуцаж байсан албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж байна. “Цэвэр агаар” сантай холбоотойгоор мөрдөн шалгах ажил дөнгөж эхэлсэн учраас хэдэн албан тушаалтныг холбогдуулан шалгаж буй талаараа одоогоор тодорхой хэлэх боломжгүй.
Улсын ерөнхий прокурорын тушаалаар цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг дараагийн хурлаар илүү тодорхой өгөх боломжтой болох байх.
-“60 тэрбум”-ын гэх хэргийг шалгах ажлын хэсгийн гишүүдэд өөрчлөлт оруулсан гэж үнэн үү?
-60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долдугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд ТЕГ, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан ажлын хэсэг гарган, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон.
Харин хэрэгжсэн үү, үгүй юү гэдэг нь асуудлыг шалгахын тулд олон иргэнийг нэгбүрчлэн дуудаж мэдүүлэг авах ажиллагаа хийж прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байсан. Харин ТЕГ-аас энэ хэрэгт мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна гэж үзсэний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэргийг сэргээгээд, мөрдөн шалгах шаардлагатай гэж ажлын хэсэгт даалгасан.
Ажлын хэсэгт ажиллаж байсан цөөн албан тушаалтан өөрчлөгдсөн тул тушаалд өөрчлөлт оруулж, мөрдөн шалгах ажиллагааг тагнуулын байгууллага өөрсдөө шалгаж байгаа. Тэд тогтоосон нөхцөл байдлаа үнэлж, хуульд заасан шийдвэр гаргуулахаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэх учиртай.
-ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар тэргүүтэй хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаад удаж байна. Шүүхэд шилжүүлэх болсон гэх мэдээлэл бий. Хэдийд шилжүүлэх бол?
-Нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, оролцогчдод хэргийн материал танилцуулах ажиллагаа явуулж байна. Ойрын үед прокуророос хэргийг шүүхэд шилжүүлнэ.
-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих хөрөнгөөс завшсан гэх хэргийн зарим үйлдлийг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Гол холбогдогчдынх нь үйлдэл хэрхэж байгаа вэ?
-Төмөр замын гэх хөрөнгөөс залилан мэхэлж авсан хэрэгт холбогдсон гадаад улсын иргэнтэй холбоотой хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Гадаад улсад гарсан этгээдийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй.
Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана гэдэг, ялангуяа авлигатай холбоотой асуудлыг богино хугацаанд шалгаж, шийдэх боломжгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд олонх нь халдашгүй дархан бүрэн эрхтэй. Мөн олон хүний оролцоотой, нарийн зохион байгуулалттай үйлддэг тул цаг хугацаа авч байна. Бид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулдаг. Прокуророос өдөр бүр хяналт тавьж байгаа.
Г.Равжаа