-Шинэ жилээ шинэ уран бүтээлтэй угтаж байгаа танд юуны түрүүнд баяр хүргэе. Оноо Монголдоо угтах уу? Америкт угтах уу?
-Баярлалаа. Шинэ оноо АНУ-ын Лос-Анжелес хотноо угтана. Одоогоор 2019 оны ажлын төлөвлөгөөнд Монголдоо очих эсэх тодорхой болгоогүй байна. 17 настайгаасаа хойш энд ирж, суурьшаад байгаа ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол руугаа ажлаар ирж, очих шаардлага гарч байсан. БНСУ-ын гадаад хэргийн сайд томилолтоор олон нийтийн дипломат найрамдлын элч үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж байсан болохоор ирэн очин байлаа.
-Хүлээлт үүсгээд байсан уран бүтээлээ өлгийдөн авлаа. Яарч болсон болоогүй зүйл гаргахаас илүү чансаатай бүтээл гаргахын тулд өнөөдрийг хүртэл хүлээсэн байх.
-Би Холивудад суурин амьдарснаараа маш олон сайн багш нараас суралцаж өөрийн дуулах ур чадвар хөгжүүлэх, Англи хэл дээр дуу зохиож, урын сангаа баяжуулах боломж гарсан. Мөн Америкиийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын холбоо АSCAP-ийн гишүүн болоод олон жил болж байгаа. Өөрийгөө хөгжүүлсний эцэст санаа нийлж ажиллах мэргэжлийн багтай Америкийн Радонай рекордс-ийн нөмөр доор уран бүтээлээ хийж байгаадаа баяртай байна.
-Та гаднын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Тэдний онцлогийг тодотгож өгөхгүй юу?
-Миний шинэ "Kiss Me at midnight" дуу саяхан та бүхэнд хүрсэн. Клипний зохиол болон бүжгийн найруулгыг Холивудын мэргэжлийн баг хийсэн бөгөөд бүжиг дэглээч нь Sarah Von Gillern гэж хүн бий. Тэр хүн бол Justin Bieber, Avril Lavigne, Sia-ийн бүжигчид гэх мэт хүмүүстэй хамтран ажилладаг чадварлаг залуу эмэгтэй юм. Клип маань Америкт алдартай хөгжмийн фестивал Burning Man-ээс сэдэвлэж, та бүхний сайн мэдэх сонгодог үлгэр Үнсгэлжингээс санаа авч бүтсэн юм. Миний хамтарч ажилладаг гадна дотнын бүх хүмүүс чадалтайгийнхаа хэрээр даруу төлөв мөн хөдөлмөрч байдаг. Амжилтынх нь нууц тэр байх. Гав ганцаар юманд хүрсэн хүн гэж огт байдаггүйг тэд ухаарсан нь илт. Маш олон хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар аливаа хүн амжилтад хүрнэ. Ер нь урлагийн ертөцөд амжилтад хүрье гэвэл хаана ч байсан тухайн хүнээс маш их сэтгэлийн хат шаардана. Өөдрөг мөн өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй. Миний хувьд хар багаасаа олон жил хөдөлмөрлөсний эцэст дуучин хүний хувьд дэлхийн алдартай тайзуудад дахин дахин уригдаж олон улсын шүүмж бичигчдээс өндөр үнэлгээ авсан маань маш их урам хайрласан. Залуу уран бүтээлч миний хувьд цаашид байнга суралцаж хөгжих зорилготой байгаа. Ер нь бүх нөхцөл байдлаас эерэг сайхныг хайж, мөн аливаа хүндрэлийг сургамж болгож авах дуртай болохоор хаана ч байсан гомдоллох зүйлгүй явдаг гэж хэлж болно. Ер нь Интэрнэтийн эрин үеийн нэг сайхан зүйл нь гэвэл гадаад дотоод гэлтгүй бүх зах зээл нэг болсон юм шиг санагддаг.
-Монгол дуучид хязгаарлагдмал хэдэн сэдэв дээр эргэлдээд байх шиг анзаарагддаг. Ялангуяа сүүлийн үед гарч буй дууны үг, хүргэх гээд байгаа санаа нь ойлгомжгүй. Харин таны сонсогчиддоо хүргэхийг хүсдэг зүйл юу вэ?
-Уран бүтээлч болгон өөрийн гэсэн эрх чөлөөтэй учраас миний хувьд өөрийн бодол стил жанртаа тохирсон бүтээлүүдийг таалагдах хүмүүст нь хүргэх сонирхолтой байгаа. Хүн болгонд таалагддаг хүн гэж байхгүй болохоор уран бүтээлч хүн аль болохоор өөртөө үнэнч байвал зүгээр гэж боддог. Бусад уран бүтээлчдийн сонголт бол өөрсдийнхөө амьдралын хэв маягт үнэнч байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Насанд хүрсэн хүмүүст зориулсан контентыг хүүхдүүдэд үзүүлэхгүй байх нь том хүмүүсийн үүрэг болов уу. Хүүхдүүд хэрхэн сошиалыг ашиглаж, ямар дуу амандаа аялж байгааг анзаарах нь зүйн хэрэг байх.
-Шинэ уран бүтээлийнхээ зохиомжин дээр их анхаарсан юм шиг санагдсан. Орчин үеийн үнсгэлжин залууг бүтээсэн байна лээ. Энэ тал дээр юу ярих вэ?
-Үнсгэлжин биш Үнсгэлжав байхгүй юу даа. (Инээв) Диснейн үлгэрийг эмэгтэйчүүдий эрин үед тохируулсан юм. Эмэгтэйчүүд урлагийн ертөнцөд маш ихийг бүтээх болсон. "Wonder women" киноны найруулагч гэхэд тэрбум доллар шахуу орлого олсон киноны анхны эмэгтэй найруулагч болсон. Миний клип бол маш хөгжилтэй сэдэвтэй. Эрэгтэй эмэгтэй дүрүүдийн байрыг сольсон. Үнсгэлжав болон клипний төгсгөлийн тайлал хошин шогийн байр сууринаас бүтсэн учраас өнөөгийн нийгэмтэй харьцуулж арай л болохгүй болов уу.
-"Яг түүн шиг шоу" дуучин Б.Маралжингоо, жүжигчин Т.Бархүү нарыг ямар чансаатай уран бүтээлчид вэ гэдгийг үзэгчдэд батлан харуулж өгсөн. Магадгүй энэ шоунд та оролцвол хоолойн чадлаараа ялгарч гарах нь дамжиггүй. Хэрэв “Яг түүн шиг” шоунаас оролцох санал ирвэл та хэрхэн хүлээж авах вэ?
-Тухайн шоуг спонсорлодог өөрсдийгөө сурталчилж байгаа компаниуд миний үзэл баримтлал, амьдралын хэв маягтай нийцэж байвал яагаад болохгүй гэж.
-Хэд хэдэн дуу коверлож дуулсан байсан. Маркетенгаа хэрхэн хийж байгаа вэ?
-Би саяхан YouTube-д хуудас нээсэн. Тэр сувагтаа олон сайхан дууг өөрийнхөөрөө дуулж фэнүүддээ зориулж байгаа. Манай компаний миний дуулсан бүх ковер дуунуудын албан ёсоор худалдан борлуулах эрхийг авсан байгаа бөгөөд iTunes, Spotify гэх мэтчилэн бүх онлайн сайтууд дээр тавигдсан байгаа.
-Сонсогчиддоо хандаж хэлмээр байгаа зүйл байна уу?
Миний шинэ https://www.youtube.com/embed/JnCIjLaLxL0 хуудсыг дагаж, Subscribe хийгээрэй. Би Америкиийн pop R&B Soul дуулалтаар мэргэшхээс гадна дэлхийн хамгийн том сонгодог тайз болох Carnegie Hall Stern auditorium, Lincoln Center David Geffen Hall mun Cardiff дахь Wales-ийн үндэсний оперын оркестртай 5-10 хэл дээр дуулж байсан мэргэжлийн дуучин хүний хувьд өөрийн туршлагаасаа багачууд болон үеийн залуустайгаа хуваалцах төлөвлөгөөтэй байгаа. Суваг дагаж байгаа хүмүүсийн хүсэлтээр хийх гэж байгаа. Та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг хүргэе.