хатан хаан I Елизавета
Бараг орон болгоны түүхэнд улс гүрнээ мандан бадраасан гарамгай агуу удирдагчид тэмдэглэгдсэн байдаг. Ийм агуу удирдагчдын үед агуу суут ухаантнууд төрдөг гэдэг. Учир нь тэдгээр удирдагчдын агуу үйл хэргүүд нь эх орон нэгтнүүдийнхээ оюун ухаанд хувьсгал гаргадаг ажээ. Англичуудын хувьд энэхүү агуу удирдагч нь яахын аргагүй I Елизавета хатан хаан билээ. Эмэгтэй хүнээс гарахааргүй холч ухаантай, нарийн мэдрэмжтэй, олон талын авьяастай, өндөр боловсролтой I Елизавета эмэгтэй хүнийхээ хувьд аз жаргалтай хүн байсан болов уу гэвэл харамсалтай нь үгүй байжээ.
Елизаветагийн эцэг VIII Генрих Тюдор хаан ширээг залгамжлах тал дээр маш их будлиан тарьсан нэгэн аж. Үүнд түүний хүүхэмсэг зан нөлөөлсөн гэж бүрэн хэлж болох юм. VIII Генрих хаан амьдралдаа зургаан удаа гэрлэсэн бөгөөд тэдгээр эхнэрүүдийнх нь хувь заяа ямагт эмгэнэлтэйгээр төгсдөг байжээ. Тэрбээр хоёр эхнэрээс салж, хоёр эхнэрээ цаазаар аван, нэг эхнэр нь учир битүүлгээр нас барсан байдаг. Елизавета бол VIII Генрихийн хоёр дахь эхнэр Анна Болейнаас төрсөн охин. Тэрээр багаасаа их сийрэг ухаантай, авьяастай охин байсан гэдэг. Арван настайдаа грек, Италиар,франц, латынаар чөлөөтэй ярихын зэрэгцээ эдгээр хэл дээр шүлэг зохиодог байж. Түүний боловсролыг Кембрижийн Их сургуулийн шилдэг багш нар хариуцдаг байсан учир аргагүй ч биз. Елизабет төрөхөд VIII Генрих түүнийг хаан ширээ залгамжлах үр гэж зарлажээ. Гэвч ердөө гуравхан жилийн дараа хаан ээлжит дурлалтайгаа учирсан, түүнтэйгээ гэрлэхийн тулд эхнэр Анна Бойлейныг өөр хүнтэй янаг амрагийнявдалд гүтгэн цаазаар авсан байдаг. Ердөө долоо хоногийн дараа Генрих гурав дахь удаагаа гэрлэсэн тул Елизаветагийн хааны титэм зүүх бүх эрх үгүй болжээ. Бурхан тэнгэр Английг харж үзсэн үү яасан 1547 онд VIII Генрих өөд болохоосоо өмнө Елизаветагийн хаан ширээнд суух эрхийг эргэж сэргээсэн байдаг.
I Елизаветагийн эцэг эх VIII Генрих ба Анна Болейн
VIII Генрихээс хойш Английн хаант төр маш тогтворгүй болсон юм. 1547 оноос 1558 он хүртэлх хугацаанд Английн хаан ширээнд гурван ч залгамжлагч суусан байдаг. 1554 онд Томас Уайтт гэгч протестант шашныг номлогч эр хатан хаан Мария болон Испанийн хаан Филипп хоёрын гэрлэлтийг эсэргүүцсэн бослогыг Кентод зохион байгуулжээ. Босогчдын гол зорилго хааны титмийг Елизаветад шилжүүлэх байсан ч хатан хаан Мариягийн түшмэдүүд олзлогдсон босогчдоос Елизаветагийн эсрэг ямар нэгэн мэдүүлэг авч чадаагүй байна. Гэсэн ч хатан хаан Мария эцэг нэгт дүү Елизаветаг Тауэр цамхагт хорьж чадсан билээ. Тэр үед Тауэр цамхагт Елизаветагийн багын найз Роберт Дадли гэгч хоригдож байв. Елизавета, Роберт хоёр өдөр болгон салхилах үеэрээ уулзан яриа өрнүүлдэг болсон нь ирээдүйн хатан хааны зовлонт хайр дурлалын эхлэл болсон гэдэг. Роберт Дадли Елизаветагаас түрүүлж цагаадан, суллагдаж, бүх хэргэм зэрэг нь сэргээгдсэн бол харин Елизаветаг хатан хаан Мариягийн нөхөр Испанийн хаан Филипп Гетфильд хэмээх алслагдсан цайз руу шилжжээ. Роберт Дадли Елизавета хоёрын урьдын хэвээр үлдсэн ч үүнийгээ нууцлах шаардлагатай байв. Роберт сэжиг авахуулахгүйн тулд язгууртан гэр бүлээс гаралтай Эмме Робсарт гэгч бүсгүйтэй гэрлэсэн аж. Хайрт залуугийнх нь энэхүү шийдэл ирээдүйн хатан хааны зүрхийг шархлуулсан ч тэрбээр юуг ч өөрчилж чадахгүйгээ ойлгож байсан гэдэг.
I Елизавета өсвөр насандаа
Ингээд 1558 онд хатан хаан Марияг нас барсны дараа Тюдорын удмын хамгийн сүүлчийн хүн Елизавета Тюдор Английн хаан ширээнд заларчээ. 25-хан настай хатан хаан тухайн үеийн Европын хамгийн хүсэмжлэгдсэн сүйт бүсгүй болсон нь ойлгомжтой. Дэлхийн бүх орны эхнэргүй эсвэл бэлэвсэн хаад, хун тайжууд, язгууртан гаралтай залуучууд Елизаветатай гэрлэн Английн хаан ширээг захирахыг хүсэж байлаа. Энэ нь хойноосоо асар их хэл ам, хуйвалдаан дагуулж байсан юм. Гэвч хатан хаан Елизавета хэний ч эхнэр болоогүй билээ. Тэрбээр хаан ширээнд залрах ёслол дээр “Би дэлхий дахинд улс орноо эрэгтэй хүнээс дутахгүй удирдаж чадах эмэгтэй Англид байдаг гэдгийг нотлох болно. Харин одоо би Англи оронтой гэрлэснээ мэдэгдэж байна. Намайг тэнгэрт хальсны дараа миний хөшөөн дээр “Онгон хатан хаанаараа амьдарсаар онгон хатан хаанаараа үхсэн” гэж сийлээрэй” гэсэн үг хэлжээ. Түүнийг тухайн үеийнхэн нь тооцоотой, зальтай, цэвдэг сэтгэлтэй, худалч хуурмаг хэмээн янз бүрээр хэлдэг ч чухамхүү яагаад хүнтэй гэрлээгүй гэдгийг хэн ч тааж чадаагүй билээ. Түүний амьдралын цорын ганц хайр болох Роберт Дадли ч үүнийг ойгоогүй өнгөрсөн юм. Нортамберлендын бэйсийн хүү Роберт Дадли нь царайлаг, биеэ маш сайхан авч явдаг, ямар ч эмэгтэйн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадах гайхалтай авьяастай, Английн хааны ордны тод томруун түүхэн хүүний нэгэн байжээ. Тэрбээр Елизаветагаас нэг насаар ах байсан бөгөөд хэзээ нэгэн цагт хатан хаан өөртэй нь гэрлэнэ гэсэн найдварыг насан эцэс болтлоо тээсээр өнгөрсөн гэдэг. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг шиг Роберт зөвхөн Елизаветад хайртайдаа биш Английн хаан ширээний ард суух хүсэл түүний сэтгэлд мөн л байсан аж. 1560 онд Робертын эхнэр Эмма Робсарт хүндээр өвчлөн эмч нарын дүгнэлтээр эдгэх найдваргүй болжээ. Хатан хаан Эммаг нас барсны дараа Робертад өөртэй нь гэрлэнэ гэж ам гарчээ. Тэд ирээдүйнхээ амьдралыг сайхнаар харан төлөвлөж байв. Гэтэл тэдний харьцааг мэдсэн ордныхон Роберт Дадлиг хатан хаантай суухын тулд эхнэрийгээ хордуулж алах гэж байна гэсэн цуу яриа дэгдээжээ. Хэдий Робертын эхнэр Эмма өвчний улмаас нас барсан ч энэ цуу яриа дурлалт хоёрын ирээдүйн төлөвлөгөөг нураасан юм. Амлалтаа биелүүлж чадаагүй хатан хаан хайрт залуугаа үнэтэй бэлгээр булдаг байсан төдийгүй Лестерийн гүн хэмээх цоол олгожээ. Энэ цол алдар нэрэнд дуртай Робертад хангалтгүй санагдах болсон аж. Дадли нэгэн удаа Елизаветаг өөрийн Кенилвуртын шигтгээндээ урихад хатан хаан ч дуртай зөвшөөрөн гүнгийн эдлэн рүү явсан аж. Түүнийг шигтгээний босгыг алхангуут дотор байсан бүх цагууд зогсож орхисон гэнэ. “Таны энд морилон ирсэн мөчийг би үүрд зогсоомоор байна” хэмээн гүн энэ үед хатан хааны чихэнд шивнэсэн ажээ. Елизавета тэр үеэс хойш маш аз жаргалтай харагдах болжээ. Тэрбээр гүнтэнд үнэхээр хайртай байсан болохоор Робертын хүссэн болгоныг биелүүлдэг байв. Роберт хатан хааны дэмжлэгтэйгээр хувийн болон арилжаа наймааны төдийгүй улс төрийн асуудлыг хүртэл шийдэж чаддаг нэгэн болсон юм. Гэсэн ч тэр нэг л юмыг тооцоолж чадаагүй юм. Хатан хаан түүнтэй гэрлэж хаан ширээгээ хуваах хүсэлгүй гэдгийг ойгоогүй билээ. Магадгүй түүний эцэг VIII Генрихын олон эхнэрүүдийн золгүй хувь заяа хатан хааныг “Нөхөртэй хатан байснаас, ганц бие гуйлгачин явсан дээр” гэсэн зарчим баримтлахад хүргэсэн байж болох юм.
I Елизаветын дүү Мария
1572 онд Лестерын гүн Роберт хоёр дахь удаагаа гэрлэжээ. Энэ удаа тэрбээр английн баян гүн Дуглас Говардын бэлэвсэн эхнэрийг сонгосон байдаг. Роберт Дадли гэрлэлтээ хэдий нууцаар хийсэн ч энэ тухай хатан хааны сонорт удалгүй хүрсэн байна. Өөрийнх нь хайр сэтгэлийг доромжиллоо гэж үзсэн хатан хаан Лестерийн гүнг тэр даруй эхнэрээсээ салахыг тулгажээ. Айж балмагдсан гүн эхнэрээсээ салж хатан хааны хүслийг биелүүлсэн аж. “Тэр намайг хардаж хор шар нь гозойж үхэх гэж байна. Одоо л надтай гэрлэх байх” гэсэн Роберт Дадлигийн мөрөөдөл мөн л талаар өнгөрчээ. Гэрлэх санал тавьсан гүнд хатан хаан татгалзсан хариу өгсөн аж. Үүнээс хойш 3 жилийн дараа Роберт Дадли Испанийн хаан II Филиппид нууц захидал илгээжээ. Роберт тэрхүү захидалдаа “Хэрэв Испанийн хаан II Филипп та Английн хатан хаан Елизаветаг надтай гэрлэхийг ятгаж туслах юм бол гүн би Испанийн ашиг сонирхлын төлөө үхэн үхтлээ зүтгэнэ” гэдгээ илэрхийлжээ. Эх орноосоо урвасантай дүйцэхүйц энэ хуйвалдааны талаар Елизаветаа мөн л олж мэдсэн байдаг. Аюултай улс төрийн тоглоомыг эхлүүлсэн гүнг яаж шийтгэх бол гэж ордныхон хүлээж байсан ч хатан хаан Роберт Дадлийг шийтгээгүй өнгөрсөн юм. Гэхдээ хатан хаан тэр явдлаас хойш гүнд итгэхээ болиод зогсохгүй түүнтэй гэрлэх эсэх талаарх сэтгэлийг нь олон жил зовоосон тээнэгэлзлээсээ салсан гэдэг. Елизаветад гомдож өсөрхсөн Роберт хаан ширээг хүчээр булаахыг санаархаж тохирох мөчийг андаг болов. Үүнээс болж хатан хааны ордонд хэл ам, атаа жөтөө, тэмцэл газар авчээ. Энэхүү атгаг санаагаа Роберт Елизаветаг улаан бурхан хэмээх өвчин тусаад, үхэл амьдралын зааг дээр байх үеийг далимдуулан гүйцэтгүүлэхээр хэдэн мянган зэвсэгт цэргийг хураагаад байжээ. Тэрбээр Елизаветаг үхсэний дараа Төрийн Нууц Зөвлөл залгамжлагчийг тодруулахаас өмнө хаан ширээг булааж авах төлөвлөгөөтэй байсан аж. Гэвч энэ удаа ч мөн ялгаагүй бурхан тэнгэр Английг харж үзжээ. Гүнгийн төлөвлөгөө биелэгдээгүй бөгөөд Елизавета аюулт өвчнөөс аврагдсан аж. Хайртай хүнийхээ энэ аймшигт урвалтыг мөн түүнд өгсөн хайр сэтгэлээ бүр мөсөн мартахын тулд Елизавета өөрт нь дурласан олон залуучуудын нэг болох Уолтер Рэли гэгч залууд илүү анхаарал тавих болов. Уолтер Рели гэгч ухаалаг үнэнч шударга залуу аяллын шинжилгээний анги бүрдүүлэн Америкийг зорьж хайрт бүсгүйдээ зориулан шинэ колони байгуулжээ. Тэрбээр тэрхүү колонид “Виржини” \англиар онгон гэсэн утгатай үг\ гэсэн нэр өгсөн бөлгөө. Хатан хаан Уолтер Религийн үнэнч шударга занг үнэлэн хэргэм зэргээр шагнаж багагүй цаг хугацааг түүнтэй өнгөрөөх болсон нь Роберт Дадлигийн хор шарыг улам малтаж байлаа. Тэрбээр Елизаветаг Уолтер Религэс хөндийрүүлэхийн тулд хатан хааныг өөрийн гурав дахь эхнэрийнхээ дагавар хүү Роберт Эссекстай танилцуулжээ. Маш царайлаг сайхан биетэй, нарийн тооцоотой тэр залуу нас хэвийж яваа хатан хааны сэтгэлийг булааж чадсан байдаг. Зоригтой, үнэнч шударга Релийг хатан хаан удалгүй мартсан байна. Арван есөн настай Роберт Эссекс нь гүнгээс илүү алдар нэрэнд дуртай нэгэн байсныг хойд эцэг болох Роберт мэдээгүй аж. Роберт одоо Релийг биш харин дагавар хүүгээ хатан хаанаас яаж холдуулах вэ гэдэг шинэ толгойны өвчтэй болсон ч санаад оромгүй юм болж 1588 оны есөн сард Лестерын гүн Роберт Дадли өөрөө гэнэт нас баржээ. Роберт гурав дахь эхнэртээ өгөх гэж байсан хортой дарсыг өөрөө андууран ууснаас болж нас барсан гэлцдэг аж. Робертыг нас барсныг сонсоод хатан хааны нүдийг насан эцэс болтол нь арилаагүй гуниг бүрхсэн гэдэг.
I Елизавета болон Роберт Дадли
Удалгүй түүний сэтгэлийг тэр үед эзэмдээд байсан Эссекс хатан хааны зүрхийг улам нэмж шархлуулсан юм. Тэрбээр 1599 онд Ирландад Английн хатан хааны эсрэг гарсан бослогыг дарах гэж яваад Ирландын цэргүүдэд дийлдэн, энхийн гэрээ байгуулж эх орноосоо урвасан хэрэгт унажээ. Энэ урвалтын Елизавета өршөөгөөгүй билээ. 1601 оны хоёр дугаар сарын 25-нд гүн Эссекс цаазаар авахуулсан юм. Гүн Эссексийг цаазаар авахуулсны дараа хатан хаан хэнтэй ч юу ч ярихгүй , юу ч идэхгүй өрөөнөөсөө гаралгүй арав хоносон гэдэг. 1603 онд буюу Эссексээс хойш хоёр жилийн дараа хатан хаан Елизаветаа өөд болжээ. Тэрбээр нас барахаасаа өмнө өөрийн эцэг нэгт эгч Мария Стюартын хүү Яковыг Английн хаан ширээний залгамжлагчаар тодруулсан билээ.Елизавета улс төрийн тогтворгүй байдалд, ядарч туйлдсан эдийн засагтай орны хаан ширээнд залран дөч гаруй жил суугаад тэнгэрт халихдаа хүчирхэж бэхжсэн аугаа Англи гүрнийг үлдээсэн аугуу түүхэн хүн мөртлөө жаргал үзээгүй эмэгтэй юм.