Чөлөөт бөхийн дэлхийн болон Азийн дэд аварга, УАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальтай, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Банзрагчийн Оюунсүрэнтэй ярилцлаа.
Олон улсын дэвжээнд хоёрхон жил өрсөлдөхдөө оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртэн, “Истанбул-2011” ДАШТ-д үзүүрлэн гялалзаж явсан тэрбээр бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан юм.
Үүний сацуу дэлхийн дэвжээнд ганцхан удаа барилдахдаа дэд аварга болсон түүний амжилтыг төрөөс үнэлээгүйд өдгөө ч спортын хорхойтнууд харамсаж явдаг.
-Чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбосон дурсамжаар тань ярилцлагаа эхэлье. Ер нь та багаасаа бөхөд хорхойссон уу?
-Үгүй ээ, багадаа эмч болохыг мөрөөддөг байлаа. Хичээлдээ ч ангидаа толгой цохидог байсан сан. Аав, ээж хоёр миний мөрөөдлийг их дэмжинэ. Би эхээс зургуулаа байсан ч нэг ах минь бурхан болсон. Дөрвөн ахтайгаа барилдаж, ноцолдож өссөн болохоор эршүүд гэж жигтэйхэн.
Намайг зургадугаар ангид байхад манайх Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Аав минь сумын заан цолтой, өвөө барилддаг байв. Намайг аравдугаар ангид байхад аав, ээж хоёр авто ослоор бурхан болсон. Хоёр эрдэнээ хамтад нь алдах үнэхээр хэцүү. Тийм үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдаг юм билээ. 16 настай байсан надад их хүнд тусаж, амьдрал утгагүй юм шиг хүртэл санагдсан.
Сэтгэлээр унан, яах учраа олохгүй явахдаа Монголд болсон чөлөөт бөхийн оюутны ДАШТ-ийг үзсэнээ ер мартдаггүй. Барилдахынх нь өмнө тамирчны нэрийг зарлахдаа тэрний тэр гэж аавынх нь алдартай хамт дуудсан нь миний сонирхлыг их татаж билээ. Тэр үед “Эмч мэргэжил эзэмшвэл зүгээр л сайхан амьдарна. Харин тамирчин болбол аавынхаа нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгах боломжтой.
Томоохон тэмцээнд “Банзрагчийн Оюунсүрэн” гэж дуудуулан барилдвал сайхан аа” гэж бодсон юм. Тэр бол чөлөөт бөхийн спортод хорхойсохын, амьдралаа холбохын эхлэл байв. Намар нь МУИС-ийн эрдэс, материалын химичийн ангид элслээ. Нэг удаа ангийнхантайгаа Зайсан орохоор Спортын төв ордны урдуур алхаж явав. Гэтэл чөлөөт бөхийн заал руу орж үзмээр санагдаад болдоггүй ээ.
Тэгээд ортол Монгол, Солонгос тамирчид хамтарсан бэлтгэл хийж байна. Тэднийг Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багш удирдаж байсан юм. Шууд л багш дээр очоод “Чөлөөт бөхөөр барилдах хүсэлтэй. Таны шавь болох гэсэн юм” гэчихлээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид тэгж хэлдэг мөн ч бөх зүрх шүү.
Багш надаас нэлээд юм асууснаа “Маргаашнаас бэлтгэл хийгээрэй” гэсэн. Тэгээд л чөлөөт бөхийн спортыг багшаараа заалгасан юм. Оюутан болсныхоо дараа эл спортод хөл тавьсан болохоор хүүхдүүдийн дунд дэнхийсэн юм зогсоно, ганцаараа хамгийн зөнөг нь байлаа.
-Багаасаа эмч болохыг мөрөөдсөн таныг гэнэт чөлөөт бөх рүү урвахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Гурван ах минь иймэрхүү юманд орж, тэг, ингэ гэж ярьдаггүй. Том эгч биднийг ерөнхийд нь зангидна. Барилдаж буйгаа эгчид хэлж зүрхлээгүй ээ, баригдахаас их айдаг байв. Өглөө хичээлдээ явлаа гэж гэрээсээ гараад өдөржин бэлтгэл хийгээд харина. Унтахаасаа өмнө өмсгөлөө нууцаар угаадаг байв.
Тиймэрхүү маягаар зургаан сар гаруй бэлтгэл хийлээ. Гэтэл 2007 онд болсон хүүхдийн их наадмаас медаль хүртэхдээ яалт ч үгүй баригдчихав. Тэгэхэд эгч зэмлэснээ “За, нөхөр минь сургуулиа хаяхгүй шүү. Бэлтгэл, хичээлээ хоёуланг нь зэрэг амжуул. Хичээлээ тасалж болохгүй” гэсэн. Би ч бөөн баяр “Дүү нь удахгүй дэлхийн аварга болоод эгчийгээ баярлуулна” хэмээж билээ. Амьхандаа аль болох зохицуулахыг хичээсэн ч хичээл, бэлтгэлээ зэрэг амжуулахад бэрх байв. Аргагүйн эрхэнд МУИС-иас гарсан.
Хэдийгээр эмч болох, их сургууль төгсөх зорилгоо орхисон ч аавынхаа нэрийг дэлхийд дуурсгах мөрөөдөл минь намайг улам хурцалсан юм. Тэгсэн мөртлөө их хэнэггүй. Ямар сайндаа зуны амралтаар хөдөөгүүр явж, идээ цагаа эргүүлсээр намар ирээд багшид загнуулна. Тэгэхэд Т.Сүхбаатар дасгалжуулагч “Байгалиас заяасан авьяас, мэдрэмжтэй мөртлөө ийм зөнгөр байж болохгүй. Чамаас муу барилддаг байсан хүүхдүүд зунжин бэлтгэл хийгээд ямар их сайжирсныг хар. Чамд лав ялагдахааргүй болж. Бөхөнцөр болмооргүй байвал бэлтгэлээ тууштай хий” гэсэн.
Багшийн тэр үг намайг их ухааруулж, 2007 оны намраас бэлтгэлээ тууштай, тогтмол хийж эхэлсэн юм. Дараа жил нь насанд хүрэгчдийн Бүх ард түмний спартикиадад үзүүрлэн, 2009 онд залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтав.
2010 онд болсон нэгэн нээлтэй тэмцээнд БНХАУ-ын бөхтэй барилдсан минь санаанаас ер гардаггүй юм. Эрэгтэй хүн шиг булчинтай, биетэй түүнтэй аваргын төлөө хүч сорив. Эхний үед хөлөө алдахдаа дээгүүр нь давж үсрэн, ард нь гарч оноо аваад ялсан. Тэр өрсөлдөөн миний барилдааны хэв маягийг их өөрчилсөн шүү.
Ер нь би богино хугацаанд амжилт гаргасан тамирчин. Хоёрхон жил (2010, 2011 онд) олон улсын дэвжээнд өрсөлдсөн юм. Сая хэлсэн нээлттэй тэмцээний дараа И.Ярыгины нэрэмжит “Алтан гран при”-д зодоглохдоо ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт орос тамирчныг ялж, хүрэл медаль хүртсэн. Түүний дараа Азийн АШТ-ээс мөнгө, оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав.
Дараа жил нь Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байхад өвдөг бэртэн, чагтан холбоос нь тасарсан. Улмаар тус тэмцээнийг өнжин, Шведийн олон улсын тэмцээнд барилдаад хүрэл медаль авлаа. Тэндээс Монгол руугаа буцаж явахдаа Буриадын Ерөнхийлөгчийн цомд үзүүрлэн, намар нь насанд хүрэгчдийн дэлхийн дэд аварга болсон.
ДАШТ-ий дараа, “Mongolia open”-ы өмнөх бэлтгэлийн үеэр мөр бэртчихдэг байгаа. Ингээд өвдөг, мөр бэртэлтэй болсон. Хоёр чухал эртхэн бэртчихээр яаж олигтой барилдах вэ. “Mongolia open”-д бэртэлтэй барилдахдаа ДАШТ-д ялсан Японы бөхөд дийлдээд мөнгөн медаль хүртэв.
Ерөнхийдөө бэртлийн улмаас тэгээд л барилдах боломжгүй болж, 2012 оны эхээр өвдөгний мэс засалд орон, тэр жилийнхээ есдүгээр сард дасгалжуулагчийн албанд шилжсэн дээ. Миний тамирчны замнал нэг иймэрхүү. Ёстой цахилаад өнгөрсөн байгаа биз.
-Олон улсын дэвжээнд хоёр жил барилдахдаа ганзага хоосон хоцорсон тэмцээн бий юү?
-Хоёр удаа барилдсан ганцхан тэмцээн байдаг нь “Алтан гран при”. Тус тэмцээнээс өмнөх жил нь хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах гэж бэртэлтэй барилдаад чадаагүй.
Түүнээс болон олимпоос бусад олон улсын тэмцээнд тус бүр ганцхан удаа зодоглохдоо бүгдээс нь медаль хүртэн, түрүүлсэн.
-Тухай үед бэртлээ эмчлэх боломж байсан уу?
-Байлгүй яах вэ. Юу юунаас илүү бэртлээ хурдан эдгээн, дэвжээндээ эргэн ирэхийг хүссэн ч санхүүгийн хүндрэлийн улмаас чадаагүй. Юуны түрүүнд өвдгөө эмчлүүлэхийн тулд хагалгааны мөнгөний эрэлд гарав. Тухайн үед би “Хангарьд” спорт хорооны тамирчин байлаа.
Тус хорооны Эдийн засаг хариуцсан захирлаар ажиллаж байсан Жаргалсайхан ах надад 10 000 ам.доллар өгсөн. Хүн тэгж дэмжиж байхад зүгээр суумааргүй санагдаад 2012 оны Бүх ард түмний спартикиадад зодоглон, “Хангарьд”-ын нэрийг гаргахыг хүсэв. Гэтэл тэмцээний өмнөх өдөр бэлтгэл хийж байгаад мөрний бэртлээ сэдрээсэн. Өвчин намдаах эм уугаад л барилдав. Ямар ч байсан хоёр яллаа.
Хэсгийн аваргын төлөө Чанцалнямаа эгчтэй өрсөлдсөн юм. Гэтэл хоёрдугаар үед миний мөр мултарчихав. Тэгэхэд хүмүүс “Бэртлээ улам сэдрээчихнэ, барилдахаа боль, дэмий” гэсэн. Одоо бодоход би омголон, хор шартай, ялахын төлөө юу ч хийхээс буцдаггүй байжээ. Ялахын төлөө тэмүүлэн, шар гозойгоод өвдөж буйг ч юман чинээ тоогоогүй. Эмчээр мөрөө оруулж байгаад л өрсөлдсөн.
Мөр үендээ орох дуу нь үзэгчдэд сонсогдсон гэдэг. Тэгээд барилдаанаа үргэлжлүүлтэл дахин мултарсан. Тэр миний хамгийн сүүлчийн барилдаан. Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Чадахгүй, дийлэхгүйдээ бус, өөрөөсөө үл шалтгаалах зүйлийн улмаас ид үедээ, 22-хон насандаа зодог тайлах үнэхээр хэцүү юм билээ.
Одоо бодох нь ээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа түр завсарлан, бэртлээ эдгээчихээд барилдах минь яав даа. Оюунсүрэн л 67 кг-д хүч сорихгүй бол манай бөхчүүдийн амжилт ухарчих юм шиг андуу бодож явж. Үргэлж барилдан, амжилтын төлөө зүтгэх юм шиг эндүүрч явсан цаг хугацааг ухраачихдаг ч болоосой.
Тамирчны замнал минь богино байсан ч аавынхаа нэрийг дэлхийд дуурсгах мөрөөдөлдөө хүрсэн болохоор харамсдаггүй.
-Хэдийгээр 2011 онд дэлхийн дэд аварга болсон ч өмнөх жилийнх нь форм таны оргил үе байсан гэж би боддог. Ер нь 2010 онд таныг яагаад ДАШТ-д барилдуулаагүй юм бол?
-Би ч бас тэгж боддог, чамтай санал нийлнэ. 2010 он миний барилдаан, ур чадвар, бэлтгэлийн оргил үе байсан. Тэр жил оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртэн, ДАШТ-д оролцох болзол хангачихсан байхад зодоглуулаагүй. Адаглаад л би бэртээгүй байсан шүү дээ.
-Дараа жил нь таны өвдөг бэртсэн. Б.Оюунсүрэнг ДАШТ-д оролцуулахыг нэлээд олон хүн эсэргүүцсэн гэдэг.
-Үнэн л дээ. “Өвдөгний бэртлийн улмаас ялагдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Оронд нь өөр бөх өрсөлдүүлье” гэж олон хүн шүүмжилсэн. Монголын чөлөөт бөхийн холбооныхны санал хуваагдахад Д.Дагвадорж аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, Ардын багш Ч.Дамдиншарав, Т.Сүхбаатар багш тэргүүтэй хүмүүс “Өнгөрсөн жил өнгөтэй байхад нь өрсөлдүүлээгүй. Тиймээс энэ удаа залуу бөхөд боломж олгоё” гэж дэмжсэнээр би ДАШТ-д оролцсон юм. Гэхдээ тэд надад нэг болзол тавьсан.
-Тэр нь юу байв?
-Надаас өөр тамирчин өрсөлдүүлэх хүсэлтэй хүмүүс тэдэнд “Бэртэлтэй тамирчныг зүтгүүлсээр байгаад оролцуулах боллоо. Хариуцлагыг нь та нар хүлээнэ шүү” гэсэн юм билээ.
Тэгэхэд намайг дэмжсэн хүмүүс надад “Сайн, муу барилдах хамаагүй. Дэлхийн дэвжээнд бэртлээс болж ялагдах ёсгүй” гэсэн. Тухайн үед зоригтой байжээ, би. “Дэлхийн аварга болно. Би чадна” гээд л өрсөлдсөн.
-Энэ бүхэн танд сэтгэл зүйн дарамт болсон уу?
-Болоогүй. Тэмцээний үеэр энэ талаар ер бодохгүйг хичээсэн. Харин бэртэл барилдаанд их нөлөөлсөн. Хэчнээн хичээгээд өмнөх шигээ хүч сорьж чадаагүй. Аав, ээжийн минь буян заяа түшин дэлхийн дэд аварга болсон. Хагас шигшээд Японы бөхийг ялан, мөнгөн медалийн болзол хангаад магнайгаа хагартал баярлаж билээ.
Тэглээ гээд би амжилтдаа ханаагүй ч алтан медалийн төлөө Хятадын бөх Ли Лүожүомад ялагдсан. Тэр барилдааныг үзэх бүртээ харамсдаг. Тухайн үед дэлхийн аварга болчихсон бол юм өөрөөр эргэх байсан. Адаглаад миний амжилтыг төр үнэлэх байсан шүү дээ.
-Шагналын тавцанд зогсож байхдаа өөрөөрөө бахархсан байх. Учир нь та аавынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж, мөрөөдлөө биелүүлсэн шүү дээ.
-Үнэнийг хэлэхэд медалиа хүртэж байхад ялагдсан барилдаанаас өөр зүйл бодогдоогүй. Хэрвээ түүнийг өвдөг шороодуулчихсан бол түрүүлэх байлаа гэж харамсаад л. Шагналын тавцангаас буун, багш, тамирчидтайгаа уулзсаны дараа л жаахан сөхөө орж “Намайг дэмжсэн хүмүүсийг хөөдөхөөргүй боллоо, итгэлийг нь алдсангүй.
Найзтайгаа (О.Насанбурмаа) хамт медаль хүртэн, нэг багшийн хоёр шавь чадлаа. Аавынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгах мөрөөдлөө биелүүллээ. ДАШТ-ий мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэн гэж зарлуулахаар болов” гэж бодсон. Аав, ээж хоёр минь амьд сэрүүн байсан бол их баярлах байсан даа.
Нөмөр нөөлөг, орон зай нь их үгүйлэгдэж билээ. Охиноо тэнгэрийн орноос харж, бахархсан байх аа. Тэр жил надаас гадна ДАШТ-ээс Д.Отгонцэцэг мөнгө, О.Насанбурмаа хүрэл медаль авч, бид багийн дүнгээр хүрэл цомын эзэн болсон юм. О.Насанбурмаа бид хоёр Монгол руугаа буцаж явахдаа “За, ямар ч байсан дэлхийн медальтан боллоо. Амьдрал сайхан тэгширч, юм юмтай болох байх” гэж ярилцсан.
Олны хүндлэлийг хүлээн, монголчууд минь таньдаг болсноос өөр онцын өөрчлөлт миний амьдралд гараагүй. Яагаад ч юм бэ, тэр жил ДАШТ-ээс медаль хүртсэн бид гурвын амжилтын дуулиан тэгсхийгээд их хурдан намжсан.
Д.Отгонцэцэгт ч Гавьяат тамирчин цол өгөөгүй. Тэрбээр бүр сүүлд буюу 2016 онд ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэнийхээ дараа Гавьяат болсон шүү дээ.
-Улсын цол хүртсэн бөхчүүдийг хэрхэн шагнаж, урамшуулдгийг хүмүүс сайн мэднэ. Дэлхийн дэд аваргынхаа амжилтыг хэрхэн мялаав?
-Улсаас тав, “Хангарьд”-аас 20-иад сая төгрөг бэлэглэж, манай аймгийн Нутгийн зөвлөлөөс “Вансэмбэрүү” шагнал өгсөн.
-Тэгэхээр таныг тухайн үед “Алтан гадас”- аар шагнаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс хоёр жилийн дараа эл одонгоор шагнасан шүү дээ.
-Чөлөөт бөхийнхний амжилтыг үнэлэхдээ олимпын болон олимпын бус жинд барилддагаар нь ялгавартай ханддаг.
Зарим хүчтэн дэлхийн дэд аварга болчихоод хоосон хоцорч байхад хүрэл медалиар энгэрээ мялаан Гавьяат тамирчин цол хүртсэн цөөнгүй тамирчин бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өрөөсгөл, буруу ойлголт яах аргагүй мөн. Би хэдийгээр олимпын бус жин болох 67 кг-д ДАШТ-ээс мөнгөн медаль авсан ч бусад бөхөөс цөөн цагаар бэлтгэл хийн, эхний хэдэн тойрогт хийлээгүй. Яг л бусадтай адил хөдөлмөрлөн, дэл хийн шилдгүүдтэй өрсөлдсөн.
Энэ жил ДАШТ-ээс О.Насанбурмаа дөрөв, Б.Шоовдор, Т.Түвшинтулга нар анхны медалиа хүртлээ. Хэдийгээр гурвуулаа олимпийн бус жинд медаль авсан ч анхдагч болсон найзад минь Хөдөлмөрийн баатар, нөгөө хоёрт нь Гавьяат тамирчин цол олгож яагаад болохгүй гэж. Хэрвээ тэгвэл тэд улам урамшин, өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөх нь лавтай.
Их зүйл золиослон, хувийн амьдралаа хойш тавин байж өнөөгийн амжилтад хүрсэн шүү дээ. Ер нь аливаа шагнал халуун амьсгаан дээрээ илүү үнэ цэнтэй, утга учиртай. Амжилтыг нь цаг тухайд нь үнэлээгүйгээс болж хохирч яваа тамирчин надаас гадна цөөнгүй бий.
Тэднээс ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Э.Сумъяа, хүрэл медалийн эзэн Б.Одончимэг (чөлөөт бөх), М.Анхцэцэг (хүндийг өргөлт) нарыг онцолъё. Олон хүнд олгохоор шагналын нэр хүнд унадаг гэдэгтэй би лав санал нийлэхгүй.
-Ид гялалзаж явсан 22-хон насандаа бэртлийн улмаас зодог тайлан, амьдралаа олигтой төвхнүүлж, амжилтаа Төрдөө үнэлүүлж чадалгүй үлдэх танд хэцүү байсан нь мэдээж. Тухайн үед юу бодогдов?
-Ам руугаа алгадуулж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Чөлөөт бөхөөр бэлтгэл хийх гээд сургуулиа орхичихсон, барилдахаас өөр чадах юмгүй хүн чинь юу хийх, яах учраа олохгүй нэлээд сандарсан. Тухайн үед “Улсаас амжилтыг минь үнэлсэнгүй дээ. Алсдаа болох байлгүй” гэж бодсоноос гомдож, туниагүй.
Ер нь зөнгөр, хэр баргийн зүйлд ач холбогдол өгдөггүй зан иймэрхүү юманд дэмий юм билээ. Үүний сацуу зодог тайлсныхаа дараа юу хийхээ бодоогүй явсан нь миний алдаа. Сургуулиа орхиогүй байсан бол барилдахаа больсон ч мэргэжлээрээ ажиллаад л явна.
Гэтэл надад тэгэх боломж байгаагүй. Би шавь нартаа “Та нарын цөөн нь спортдоо үнэнч үлдэнэ, амжилтад хүрнэ. Тиймээс хичээлээ цалгардуулж огт болохгүй” гэж захидаг.
-Энэ жил мөрний мэс засалд орсон. Одоо хэр эдгэж байгаа вэ?
-Би “Женко” клубт дасгалжуулагчаар дөрвөн жил ажилласан. Өсвөрийн тамирчдад мэх, техник заахад мөр үргэлж хөндүүрлэнэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа мултарсныг бүү мэд, тоймгүй их. Сүүлдээ бүр унтаж байхад хүртэл мултарчихдаг болсон.
Тэгэнгүүт нь өөрөө оруулаад зүтгээд байлаа. 2016 онд ажлаа Т.Сүхбаатар багшид хүлээлгэж өгөн, БНСУ-ын эмнэлэгт үзүүлэхэд яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Дахиад л санхүүгийн хүндрэлтэй нүүр тулав. Тийм үед Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн гэр бүл, монгол түмэн минь туслан, тэднийхээ дэмжлэгээр энэ жил мөрөндөө мэс засал хийлгэлээ.
Надад туслах аяныг зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон, найз Доёддорж, “Жудаг” группийн Жагаа, Батбаяр ах, ОХС компанийн захирал Бямбадорж, “Алдар”- ын дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарт баярлаж явдаг. Одоогоор мөрөндөө эмчилгээ хийлгэж байгаа. Хөдөлгөөний чадвар нь хараахан 100 хувь сэргээгүй.
-Та “My voice” шоуны шилдэг оролцогчдын нэг. Урлагийн салбарт хүч сорих, бүтээл туурвих бодол бий юү?
-Байгаа. Дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсний дараа “Хожим харамсаж суухаар “My voice”-д оролцон, өөр салбарт өөрийгөө сорьё” гэж бодсон. Уг нь бэртэх, гэмтэх эрсдэлгүй болохоор дуулах амар ч юм шиг. Мэдээж олон цагийн хөдөлмөр, хичээл зүтгэл шаардлагатай. Нэг хэсэг дуулсан.
Цалин, хангамж сайтай ч уйтгартай юм билээ. Сүүлд би “Тамирчид дуулж байна” шоунд өрсөлдсөн. Тэр шоуны шилдгүүд Дундговь аймагт тоглолт хийхээр төлөвлөсөн юм билээ. Намайг урьсан, монгол түмнээ хүндлээд очно оо. Одоохондоо дасгалжуулагчийн ажлаас түр хөндийрч, МУБИС-д мэргэжлээрээ магистр зэрэг горилж явна.
Тамирчдын зохистой хооллолт сэдвээр судалгааны ажил бичиж байгаа. Өөрийнхөө чадаагүй, дутуу үлдсэн амжилтдаа шавь нараа хүргэх, мөрөө гаргаж чадаагүй оргилд тэднийгээ гаргахыг хүсэж байна.