Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн, Данийн болон “Манчестер юнайтед” клубийн тамирчин Петер Шмейхель өчигдөр манай улсад ирлээ. Европын АШТ, “Аваргуудын лиг”- ийн аварга, Английн “Прьемер лиг”-ийн таван түрүүтэй тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар зочилж буй.
Бүх цаг үеийн шилдэг 100 тоглогчийн нэгээр шалгарсан түүнтэй цөөн хором ярилцлаа. 55 настай тэрбээр өчигдөр орой Монголын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулсан “Алтан бөмбөг” арга хэмжээнд оролцсон.
-Монголд анх ирэхдээ ид хүйтэн, утаатай үед таарчихлаа, та. Анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Монгол Улсыг дэлхийд Чингис хаан, Н.Түвшинбаяр аваргаар илүү сайн мэддэг. Бас хараа цуцам тал нутаг, түүхэн дурсгалт газар, археологийн олдворууд нь олны сонирхлыг үргэлж татдаг. “Ямар орон бол” гэдэг асуулт жилийн турш намайг ээрлээ.
Монгол явах болсноо хүмүүст хэлэхэд “Ёстой алт шиг иргэдтэй, алт шиг улс бий” гэж цөөнгүй нь хариулсан. Тэгж хэлсний учрыг энд ирээд бүр ч мэдэрлээ. Тэд зөв тодорхойлж, яг тийм юм байна. Монголчууд үнэхээр найрсаг, зочломтгой ард түмэн юм байна. За, тэгээд монгол нутгийг тодорхойлоход сайхан үг багадах болов уу.
Тулгамдаад ч тэр үү, гайхамшигтай гэхээс өөр үг орж ирдэггүй ээ. Хэдийгээр Монголд ирээд хэдхэн цаг болж байгаа ч худал магтаж байна гэж битгий бодоорой. Хүйтнийг эс тооцвол бүх зүйл тааламжтай байна. Энд (Монголын хөлбөмбөгийн холбооны байр)-ээс байрласан буудал руугаа яаж явна аа. Даарах байх даа (Инээв). Гэхдээ би алзахгүй.
-Монголын хөлбөмбөгийн холбооныхны урилгыг хэрхэн хүлээж авав?
-Дуртайяа зөвшөөрсөн. МХБХ-ныхон жил бүр алдартай хөлбөмбөгчнийг эх орондоо урьдаг уламжлалтай юм билээ. Энэ удаа намайг онцолсонд олзуурхаж байна.
-Тэрийг л засаж, залруулах сан гэж харамсаж явдаг зүйл бий юү?
-Байхгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Тийм зүйл байсан ч засахыг хүсэхгүй. Амьдралыг алдаа, оноо хоёулаа чимдэг гэдэг шүү дээ.
-Хүү тань “Лестер сити” клубийн хаалгач. Мэдээж тан шиг болохыг мөрөөддөг байх. Та хүүгээ хаалгач болох гэж зөвлөсөн үү, эсвэл өөрийнх нь сонголт байв уу?
-Аль аль нь түүнийг хаалгач болоход нөлөөлсөн байх. Хүүгээ хаалгач болгохыг би ч хүссэн. Каспер Шмейхель авьяастай, бас шартай. Надаас ч илүү тамирчин болж магадгүй.
-Түүнд ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ?
-Би нэг их юм хэлдэггүй. “Дуртай юм аа л хий. Хэрвээ өөр салбарт хүч сорьмоор бол өөрийгөө битгий хүлээрэй” гэдэг.
-Манай улсын хөлбөмбөгийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын ур чадварын талаар ямар бодолтой явдаг бол?
-Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан энэ жил Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдсөн нь яавч чамлах амжилт биш. Гэв гэнэт олон шилдэг тамирчин төрж, дэлхийд өнгөлөх хэмжээнд хүрэхгүй.
Алхам алхмаар урагшилдаг. Эл амжилт урагшилж буйн илрэл болов уу. Буцахаасаа өмнө танай хөлбөмбөгчидтэй уулзан, боломжийнхоо хэрээр тусалж, зөвлөгөө өгөхийг хүсэж байна.
-Таны хараанд өртсөн монгол хөлбөмбөгчин бий юү?
-Нуугаад яах вэ, энэ талаар судлаагүй. Монголын хамгийн шилдэг тамирчин хэн гэдгийг өнөө орой мэдэх байх.
-“Алтан бөмбөг”-ийн эзэн танаас шагналаа авна гээд догдолж байгаа болов уу?
-Би ч бас догдолж байна. Харамсалтай нь, шахуу хуваарийн дагуу яваа болохоор түүнтэй тухтай уулзаж чадахгүй нь. Гэхдээ аль болох цаг гаргахыг хичээлгүй яах вэ. Дахин мөд уулзаж, Монголд ирж чадахгүй байх.
-Та нутаг руугаа хэзээ буцах вэ?
-Маргааш өглөө (өнөөдөр) буцна. Дани руу явахаасаа өмнө Чингис хааны хөшөөтэй газрыг (Цонжин болдог) очиж үзэхийг хүсэж байна. Даанч амжихгүй бололтой. За яах вэ, дахин ирэх боломж гарах байлгүй. Тэгэхээрээ заавал үзнэ ээ.