БНХАУ-д өнгөрсөн долоо хоногт болсон латин америк бүжгийн ДАШТ-д түрүүлсэн Германы “Grun gold” хамтлагийн гишүүн Нэргүйн Онондарьтай ярилцлаа.
Өдгөө Герман улсад амьдардаг тэрбээр монгол бүжигчин дэлхийн шилдэг болсон анхны жимийг гаргасан юм. Хэдийгээр Н.Онондарь өөр орныг төлөөлөн ДАШТ-д оролцож, алтан медаль хүртсэн ч дэлхийн ес, Германы 12 удаагийн аварга хамтлагийн бүрэлдэхүүнд багтана, тэдэнд тоогдоно гэдэг том амжилт билээ.
-Дэлхийд алдартай “Grun gold” хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан тань сонирхол татаж байна. Тэдний босгыг хэрхэн давав?
-Юуны өмнө уншигчдын хүндлэлийг хүлээсэн “Өнөөдөр” сонинд ярилцлага өгч буйдаа олзуурхаж байна. Багаасаа Германд сурах хүсэл маань 2015 онд биелсэн. Анхандаа хэл сурахын зэрэгцээ нийгмийн ажлаар тэнд очсон юм. Германд жил бүр болдог фестивальд оролцож байх үеэр дасгалжуулагч Роберто Албанесе надтай уулзан, хамтлагтаа бүжиглэхийг урьсан.
Миний ур чадвар, гадаад төрх, бусадтай харилцах чадвар түүний анхаарлыг татсан гэсэн. Мэдээж юу гэж шууд “Grun gold”-ын гишүүн болгох вэ. Дасгалжуулагч “Манай хамтлагийнхантай бүжгийн бэлтгэл хий. Ур чадварыг чинь нь харгалзаж байгаад явцын дунд хэрхэхээ шийднэ” гэж хэлсэн. 2016 онд хамтлагийнхантайгаа хоёр сар бэлтгэл хийсэн.
Тэр жил Германы болон ДАШТ-д оролцохын төлөө зүтгэсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас чадаагүй. Улмаар тухайн оныхоо аравдугаар сард Монголдоо ирж, жил гаруй эмчилгээ хийлгэн, биеэ тэнхрүүлсэн.
Тэгээд 2017 оны арваннэгдүгээр сард Германд буцаж очин, жил гаруйн хугацаанд багийнхантайгаа бэлтгэл хийгээд дэлхийн аварга боллоо. Хамтлаг доторх өрсөлдөөн асар их. Энэ онд л гэхэд “Grun gold” хамтлагийнхан жилийн турш 16 бүжигчин бэлдэж, наймыг нь сонгоод ДАШТ-д оролцуулсан.
-17 жил тээсэн мөрөөдөлдөө хүрч, ДАШТ-ий алтан медальтай анхны монгол бүжигчин болоход юу бодогдох юм бэ?
-Олон жилийн өмнөөс дэлхийн аварга болохыг зорьж, түүндээ хүрэхийн тулд “Grun gold” хамтлагт нэгдсэн. Тиймээс ДАШТ-д түрүүлэхэд гэнэтийн зүйл шиг санагдаагүй. Нэлээд догдолж, сандрах болов уу гэж бодтол тэгээгүй. За, ингээд дэлхийн аварга боллоо, зорилгодоо хүрлээ л гэж бодсон.
Би дэлхийн шилдгүүдтэй гурав дахь удаагаа өрсөлдсөн болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. ДАШТ-д өмнө нь 2012, 2014 онд Монголоосоо бүжиглэн, зургаан жилийн өмнө X байрт шалгарсан.
-Олон хүн урам хайрлаж байгаа нь мэдээж. Хамгийн сайхан үгийг хэн хэлэв?
-Намайг дэмжиж, баяр хүргэсээр байгаа бүх хүнд баярлалаа. Төдийгөөс өдий хүртэл намайг юу туулж, ямар бэрхшээл давсныг хамгийн сайн мэддэг, үргэлж дэмждэг хүн бол яах аргагүй аав, ээж хоёр минь. Тэдний минь “Охиноороо бахархаж байна” гэсэн үг сэтгэлд хамгийн тод үлдсэн.
Дасгалжуулагч, хамтлагийнхны маань урмын үг намайг их хурцалж байна. Тэднийхээ дэмжлэг, тусламжгүйгээр өнөөгийн амжилтаа төсөөлөхийн аргагүй. ДАШТ-ий үеэр үзүүлбэртээ төвлөрөхийн тулд гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй.
Тэмцээн дууссаны маргааш цахимаар холбоо барихад бөөн баяр болсон. Баярт мөчөө хамгийн эрхэм хүмүүстэйгээ хуваалцахаас илүү жаргал гэж юу байх вэ.
-Аливаа амжилт урам өгөхийн зэрэгцээ улам хичээх хариуцлага дагадаг. Таныг дэлхийн аварга цолоо давтаасай гэж спортын хорхойтнууд хүсэж байгаа нь мэдээж.
-Тэгэлгүй яах вэ. Дэлхийн аварга болсны дараа надад яг ийм бодол төрсөн. Бүх зүйл одоо л эхэлж байна. Би өмнө нь ДАШТ-ээс алтан медаль авахыг зорьдог байсан.
Харин одоо түүнийгээ батлах том даваа миний өмнө хөндөлслөө. Өмнөхөөсөө илүү их үүрэг, хариуцлага надад ногдож байгаа.
-Танай хамтлагийнхан тэмцээний үеэр гурван үзүүлбэр үзүүлсэн. Та өөрийнхөө хувьд үзүүлбэрээ 100 хувь гүйцэтгэж чадсан уу?
-Эхний хоёр шатанд хийх ёстойгоо 100 хувь бүжиж чадсан. Харин шигшээд өрсөлдөх үеэр гар хальтиран, азгүй тохиолдлоор том алдаа гаргалаа. Ёстой шоконд орсон. Багийнхныгаа хөөдчихлөө, амжилтаас нь хойш татчихлаа гэж бодохоор л харамсаад, хэцүү байсан.
Тэмцээний дүн гартал санаа зовлоо. Тийм хүнд байдалд орох үнэхээр хэцүү юм билээ. Хамтлагийнхан маань бусдаас илт илүү байсных нь өгөөжөөр миний алдаа нөхөгдсөн байх.
ДАШТ-д бүжсэн шинэ үзүүлбэрээ зургаан сараас хойш уйгагүй бэлдэн, давтаад түрүүллээ, бид. Манай хамтлагийнхан тогтмол бэлтгэл хийдэг, долоо хоногийн таван өдөр. Ажлын гурав, амралтын хоёр өдөр бэлтгэлээ базаан, алдаа оноогоо ярилцан, бүжгийн шинэ санаа эрдэг.
-Бусдаасаа ялимгүй түрүүлж юм уу хоцорч хөдлөхөд л алдаа гардгаараа бүжгийн спорт эрсдэл ихтэй. Тэр нь үзэгчдэд ил харагддаг шүү дээ. Та өмнө нь алдаа гаргаж байсан уу?
-Хамтлагийн төрөлд бүжиглэхийн хамгийн хэцүү нь энэ. ДАШТ-ий үеэр гаргасан энэ алдаа хамгийн анхных бас хамгийн аймаар байлаа.
-“Grun gold”-той хэдэн жилийн гэрээ байгуулсан бэ. Түүнийгээ сунгах бодол бий юү?
-Гурван жилийн гэрээ байгуулсан. Мэдээж хүсвэл сунгах боломжтой. Тэгэхгүй байсан ч болно. Гэрээнийхээ хугацааг дуустал бүхнээ дайчлан, зүтгэнэ. Тэгснийхээ дараа хэрхэхээ шийдэх бодолтой байна.
-Германы хамтлагийн гишүүн болсноор та өөрийгөө олон зүйлээр нээсэн нь мэдээж. Хамгийн онцолмоор нь юу байв?
-Бүжиглэх чадвараа сайжруулснаас гадна маш олон зүйл сурсаар байна. Өөрийнхөө давуу болон сул талыг улам нээн, өөртөө үнэнч байх чадварыг өмнөхөөсөө илүү төлөвшүүлж буйгаа онцолъё. Германчууд бүжгийн спортоор дэлхийд өнгөлдөг. Цаг барих, бусдыг хүндлэх тэдний соёлоос үргэлж суралцмаар. За гэвэл ёогүй байж чаддаг, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг.
-Гадаадын хамтлагт бүжиглэх, алдартай сургуульд сурахын аль нь таны сонирхлыг илүү татав?
-Юуны түрүүнд сурахыг зорьсон. Очсоныхоо дараа бүжгээ хөгжүүлэх боломж олдох байх гэж бодсон маань андуу байгаагүй.
-Олон бүжигчин нэг хүн мэт бүжиглэн, бие биенээ мэдрэх амаргүй. Таны хувьд бүжгийн спортын хамгийн сайхан нь юу бол?
-Эл спортыг хөдөлмөр, хичээл зүтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хосоор бүжиглэхэд олон цагийн бэлтгэл, бие биенээ мэдрэх нь чухал. Зөвхөн хамтрагчаа бус бусад долоон хосынхоо алхаа гишгээнээс авхуулаад амьсгалахыг нь хүртэл нэгэн зэрэг мэдрэх хамгийн сайхан.
-Монгол, Германы бүжгийн спортын дэг, сургуулилалт ондоо. Хүний нутагт амьдрахад хэлний бэрхшээл, соёлын ялгаанаас авхуулаад “зовлон” их. Таны хувьд дасахад хамгийн хэцүү зүйл юу байв?
-Германд ирээд удаагүйг хэлэх үү, энэ жил бүх зүйл амаргүй байлаа. Тэглээ гээд юу гэж бууж өгөх вэ, аль болох зохицуулахыг хичээж байна. Бусадтай ойлголцох, санал бодлоо илэрхийлэхээс авхуулаад хамгийн чухал зүйлийн нэг нь яахын аргагүй хэлний бэрхшээл.
Тиймээс герман хэлийг улам сайн сурахын төлөө нойр, хоолоо умартан шамдаж байна. Бүжиглэж, сурахын зэрэгцээ цагийн ажил хийдэг маань нэлээд дэм болдог. Бусадтай харилцах тусам хэлний мэдлэг улам ахисаар байгаа. Германд амьдрахад бас нэг чухал зүйл бол ажилдаа хариуцлагатай хандах, хэлсэндээ заавал хүрэх. Бусдын итгэлийг алдвал тэгээд л дуусна.
-Тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлыг улсаас даадаг уу. Эсвэл та бүхэн өөрсдөө зохицуулдаг уу?
-Бүх зардлыг цаанаасаа даадаг. Бид холбоондоо сар бүр хураамж төлдөг. Үүний сацуу манай хамтлагийнхан томоохон арга хэмжээ, хүлээн авалтад бүжиглэж олсон мөнгөөрөө санхүүгийн зарим асуудлаа шийддэг.
-Тэнд л бүжиглэх сэн, ажиллах юм сан гэж мөрөөддөг хамтлаг бий юү?
-Байхгүй. “Grun gold”-д л бүжиглээд л баймаар байна. Би яг ийм хамтлагийн гишүүн болохыг багаасаа мөрөөдсөн.
-Та Германд хэнтэйгээ амьдардаг вэ?
-Ганцаараа, оюутны байранд амьдардаг. Германы Бремен хотын их сургуульд спортын сэтгэлзүйч мэргэжлээр сурч байна. Ирээдүйд мэргэжлээрээ ажиллан, Монголынхоо олон тамирчныг амжилт гаргахад нь дэм болохыг хүсдэг.
-Бүжгийн спортоор хичээллэн, сурахын зэрэгцээ хажуугаар нь ажил хийдэг гэсэн. Хэрхэн амжуулдаг вэ. Их ядардаг байх.
-Анхандаа их ядардаг байлаа. Одоо дассан, ажрахаа больсоон. Бүх ажлаа нарийн хуваарийн дагуу төлөвлөдөг болохоор амжуулахаас өөр аргагүй. Тэгэхгүй л бол бусдын итгэлийг алдана. Би өглөө хичээлдээ яван, үдээс хойш ажлаа хийж, орой бэлтгэлээ хийдэг.
Ер нь 24.00 цаг дөхүүлээд харьдаг. Заримдаа ажил амжихгүй явсаар шөнө харих нь бишгүй. Хичээлээ давтах цаг гаргахыг хичээдэг ч тэр бүр санаснаар болдоггүй. Аз таарсан үед л тийм боломж гардаг. Тэгээд л унтахынхаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөнө.
-Германд амьдрахад өртөг өндөртэй. Цалин нь хангалттай хүрэлцдэг үү. Та хэрхэн зохицуулдаг вэ?
-Цагийн ажил хийдэг болохоор цалингаараа бүхнийг зохицуулахад бэрх. Заримдаа цалин маань хэрэглээнд хараахан хүрдэггүй. Тийм үед эцэг, эхээсээ санхүүгийн тусламж хүсдэг. За тэгээд юм юмхнаар болгож байна.
-Та дэлхийн аварга болсныхоо дараа цахим хуудсандаа “Уйлаад орондоо орсон мөч олон байсан” гэж нийтэлсэн байна билээ. Шантарч, Монгол руугаа буцмаар санагдсан үедээ юунаас эрч хүч авдаг вэ?
-Тийм үедээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцан, амрахаар сэтгэл уужран, тайвширдаг. Сайхан унтчихаар сэргэчихдэг шүү.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Нэг их том биш ээ. Хэний ч өмнө хэлэх үгтэй, хийсэн юмтай, нүүр бардам амьдарвал л болоо. Мэргэжилдээ тэргүүлэх хэмжээнд өөрийгөө хөгжүүлж, бүжгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг.
-Таныг таван настайгаасаа хойш бүжиглэж байгаа гэж дуулсан. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу. Ер нь багаасаа бүжгийн спортод хорхойссон уу?
-Тэгсэн. Таван настай байхад ээж надаас “Төгөлдөр хуур, бүжгийн аль нэгээр нь сурах хэрэгтэй. Алийг нь сонгох вэ” гэж асуухад нь бүжиг гэж хариулснаа ер мартдаггүй. Тэгэхэд ээж намайг Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд оруулсан юм.
Тухайн үед бүжгийн спорт Монголд дөнгөж хөгжиж байлаа. Тэнд 11 нас хүртлээ бүжиг заалгаад Мөнгөнхуяг багшийн шавь болсон. Манай гэрийнхэн бүгдээрээ бүжгийн спортод эвсэлтэй, хорхойтой, элэгтэй.
-Ганцхан жил хичээллээд бодибилдинг, фитнесийн улсын аварга болсон ховор амжилт таных. Германд тэмцээнд хэр оролцдог вэ?
-Эл спортоор 2015 онд хичээллэж эхлэн, тэр жилээ улсын аварга болсондоо өөртөө итгэж ядан явсан (инээв). Одоо эрүүл мэндийн шалтгааны улмаас бэлтгэл хийн, тэмцээнд оролцож чадахгүй байгаа.
-Бүжгийн болон бодибилдинг, фитнесийн спортоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?
-Бүжгийн спортоор 17 дахь жилээ хичээллэж байна. УАШТ-ий тав бил үү зургаан алтан медальтай. 2011 онд “Би бүжиглэж чадна” шоунд түрүүлсэн. Бодибилдинг, фитнесээр хоёр жил хичээллэхдээ олон амжилт гаргасан, нэлээд түрүү бий.
Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Усанд сэлэн, ном унших дуртай. Эсвэл өдөржингөө орноосоо босолгүй унтах дуртай, гоё шүү дээ. Бүжиглэх, бодилдинг, фитнесээр хичээллэхээс өөр авьяас байхгүй ээ. Нээрэн хоол маш сайн иддэг (инээв).
-Монголдоо хамгийн сүүлд хэзээ ирэв. Ойрын хугацаанд ирэх бодол бий юү?
-Жилийн өмнө Германд ирснээсээ хойш эх орондоо очоогүй. Боломж л олдвол Монголдоо очихыг хүсдэг ч санаснаар болохгүй юм аа. Хичээл, бэлтгэл, ажил гээд завгүй гүйж явдаг болохоор хэзээ зав гарахыг урьдчилан хэлэхэд бэрх. Болдог сон бол одоо ч гэсэн эх орондоо гүйгээд хүрмээр байна.