Цусны даралт ихсэх өвчинд сүүлийн үед хөгшчүүд бүү хэл хүүхдүүд ч өртөх болсон. Энэ нь буруу зуршил, хооллолтоос үүдэлтэйг эмч нар хэлдэг.
Тэгвэл цусны даралт ихэссэн үед уламжлалт хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа гүүний айргаар бууруулдаг болохыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Мөнхжаргал туршилтаар тогтоожээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Яагаад заавал уламжлалт хүнсний бүтээгдэхүүнийг цусны даралт бууруулах судалгаанд ашигласан юм бэ?
-Монголчуудын дунд цусны даралт ихсэх өвчин түгээмэл байна. Эл өвчнийг дан ганц эмэн эмчилгээ буюу антибиотикт найдаад орхиж болохгүй гэж бодсоны үндсэн дээр хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа цагаан идээнд цусны даралт бууруулах идэвх хэр байгааг судаллаа.
Миний аав энэ өвчнөөр өөд болсон юм. Цагаан идээнээс эхлээд гүүний айргийг сонгон судалсан. Гадаадын эрдэмтэд урьд нь хүнсний бүтээгдэхүүнээр цусны даралт бууруулах судалгаа хийж байсан юм билээ. Судалгаандаа ашигласан хүнсний бүтээгдэхүүнүүдэд нь байнга давтагдсан нэг зүйл нь сүүн хүчлийн бактери байсан.
Тиймээс би исэлдсэн бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй гэж үзэн гүүний айргийг судалсан юм. Үүнээс гадна тараг, ингэний хоормог судалгаандаа ашиглаж, туршилт хийвэл ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Японд даралт бууруулах үйлчилгээтэй тараган ундаа худалддаг юм билээ.
Энгийн таргаас арай шингэн, ундаа шиг зүйл л дээ. Мөн Хятад, Өвөрмонгол болон Иран, Ирак зэрэг лалын шашинтай орны судлаачид энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг.
-Айраг уувал цусны даралт буурна гэж ойлгож болох уу?
-Бид эхлээд хуруу шилэнд туршлаа. Айрагт агуулагдах бүх нэгдэл нь даралт ихэсгээд байгаа элементүүдийн 60 гаруй хувийг устгаж байгаа нь туршилтаар нотлогдсон. Гэхдээ хуруу шилэнд хийсэн туршилтаар эцсийн дүгнэлт гаргаж болдоггүй.
Учир нь хуруу шилэндээ холих, найруулах явцад цаг хугацаа алдсанаас буруу хариу гарах тохиолдол бий. Тиймээс айрагт байдаг нэгдлүүдийг томруулж харахад үргэлжилсэн урт урт байдаг юм. Урвалж ашиглан, тэдгээрийг богинохон болгож “тайрсан”. Айраг, сүү зэрэг нь цагаан өнгөтэй харагддаг шүү дээ. Нэгдэл, элементүүд нь цул, үргэлжилсэн, урт учраас тэгж харагддаг юм.
Түүнийг нь тасдаж, жижиглэснээр өнгө нь хувирч, ус шиг харагддаг. Цул байгаа нэгдлүүд буюу амин хүчлүүд уртаараа байвал цусны даралтын эсрэг ямар нөлөө үзүүлэх үү, жижиглээд тайрчихвал яах вэ гэдгийг судаллаа. Туршилт хийхдээ албаар хархыг даралт ихсэх өвчтэй болгож, биеийн жинд нь тохирсон уусмалаа уулгасан. Хархны даралтыг цаг тутамд хэмжсэн.
Ингэхдээ юуг нь ч ялгаагүй айраг, хэрэгтэй нэгдлүүдийг нь ялгасан айраг гээд хоёр төрлөөр турших шаардлагатай болов. Туршилтын явцад хэрэгтэй нэгдлүүдээ ялгаагүй айраг уулгасан хархны даралт эхний зургаан цагийн турш бууснаа долоо дахь цагаас буцаад ихэссэн.
Харин хэрэгтэй нэгдлүүдээ ялгасан айраг уусан хархны даралт найман цагийн турш бууж, хэвийн хэмжээнд барьсан. Учир нь тухайн бүтээгдэхүүн хархны ходоодонд хоёр цагаас дээш хугацаанд илүү их задарч, шингэснээр айргийн даралт бууруулах нөлөөлөл нь багасдаг юм билээ.
-Туршилтаа хэзээ хийсэн бэ. Патент авсан уу?
-Өнгөрсөн оны тавдугаар сард патентаа авсан. Судалгааныхаа санааг 2012 онд олсон юм. Ингээд 2014 онд Японд бүх туршилтаа хийж дуусгаад, Оюуны өмчийн газарт 2015 оны наймдугаар сард өгч хоёр жил гаруйн дараа патентаа авлаа.
Энэ хугацаанд Оюуны өмчийн газрынхан ийм төрлийн судалгаа Монголд болон гадаадын улсад хийж байсан, эсэхийг шалгадаг юм байна. Бид амьтан дээр судалж, туршсанаараа давуу талтай. Дээр хэлсэнчлэн бусад орны судлаачид даралт бууруулдаг гээд хуруу шилэнд туршилт хийж, баталсан боловч амьтанд туршаагүй байсан юм билээ.
-Дараагийн хийх ажил юу вэ. Өөр бүтээгдэхүүнийг судлах уу?
-Бидний дараагийн ажил бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, энэ чиглэлээр судалгаа явуулах юм. Айраг ууж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл даралт ихсээд байвал тухайн хүнд хэрхэн хүргэх гэх мэт судалгаа хийнэ. Монголчууд дээр үеэсээ зун, намрын цагт байнга л айраг уудаг байсан шүү дээ. Одоо ч хэрэглэдэг хүмүүс бий.
Тэгвэл зун, намрын улиралд айргаа уугаад байхад яагаад даралт нь ихсээд буйг судлах шаардлагатай. Хамгийн чухал нь бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдэд хүргэх. Хүнсний үйлдвэрүүд биднийг дэмжиж ажиллаасай гэж боддог. Бид үйлдвэрүүдэд танилцуулж үзсэн. Хамгийн гол нь нэг литр айрагнаас 240 орчим мг бүтээгдэхүүн гарч буй.
Ийм бага учраас бизнес эрхлэгчдэд ашиггүй санагдсан юм байлгүй, ойшоогоогүй. Мөн бусад цагаан идээг ч судлах сонирхол бий. Яг адилхан исдэг ингэний хоормог ч бас цусны даралт бууруулах нөлөөтэй ч юм билүү.
-Цусны даралт ихсэх өвчин яагаад түгээмэл болсныг давхар судалсан уу?
-Даралт ихсэх нь маш олон зүйлээс шалтгаалдаг юм билээ. Жишээлбэл, давсны хэрэглээ хэт их байх, өөх тостой хоол идэх нь үүнд нөлөөлж байгааг тогтоосон шүү дээ.
-Судалгаа хийхэд гарсан хүндрэл бэрхшээл юу байв?
-Манай улсад судалгаа хийхэд гардаг гол хүндрэл нь багаж, тоног төхөөрөмж байдаггүй. Мөн бодис, урвалж ч байдаггүй. Гадаадаас авч болох ч өндөр үнэтэй. Жишээлбэл, даралт бууруулах судалгааг хийх бодисын нэг урвалжийн 100 мг нь хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй.
Тиймээс яалт ч үгүй гадаадын эрдэмтэдтэй хамтрах шаардлага тулгардаг. Аз болоход эл судалгааг хийхэд Японы эрдэмтэд туслахад бэлэн байсан. Мөн хоёр талын онгоцны зардлыг МУИС-иас, очоод байрлах зардлыг Японы талаас гаргасан. Түүнчлэн миний багш, доктор, профессор Н.Цэвэгсүрэн агсан хамтран ажиллаж байлаа.