Британийн мөрдөгчид Юлия, Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт шууд оролцоотой байх магадлалтай гурван этгээдийг олж тогтоосон нь ОХУ-ын ГРУ-д харьяалагддаг тусгай ажилтнууд гэнэ. Сүүлд тогтоогдсон хүн нь хэргийг гардан гүйцэтгэсэн гэх Петров, Боширов хоёрт мэдээлэл цуглуулж өгөхөөр Солсбери хотод очиж, Сергей Скрипалийн очдог газар, ордог хаалга зэрэг мэдээллийг цуглуулсан этгээд ажээ. Тэгвэл Британийн Цагдаагийн газар Александр Петров, Руслан Боширов хоёр Солсбери хотод очсоныг батлах бичлэгийг дэлгэлээ. Бичлэгт гарснаар тэд гуравдугаар сарын 4-нд 11.48 минутад Солсбери хотын төмөр замын станц дээр ирсэн байх бөгөөд 11.58 минутад Уилтон Роуд гудамжин дахь шатахуун түгээх газарт очсон байна.
Тус газар Юлия, Сергей Скрипалийн амьдрах гэрээс холгүйхэн оршдог аж. Оросын тангуулын ажилтнууд ингэж явахдаа Скрипалийн гэрийн хаалганы бариул дээр “Новичок” хэмээх хорт бодисоо түрхсэн байх магадлалтай гэнэ. Харин гурав дахь бичлэг тухайн өдрийн 13.00 цагт бичигджээ. Залуус вокзал дээр буцаж очсон байх бөгөөд тэндээс галт тэргэнд суун Лондон хотыг зорьж, тэр оройноо Москва руу нисчээ. Энэ оны зургадугаар сард олдсон бодис шахагчийн гарал үүслийг мөрдөгчид тогтоохыг оролдсоор байна. Дээрх зүйлийг Чарли Роули, Дон Стержесс хэмээх хог түүгч англи иргэд олсноос “Новичок”-т хордож, Стержесс нас баржээ.
Энэ оны гуравдугаар сарын 4-нд 66 настай Сергей болон түүний охин 33 настай Юлия нарыг хордуулсан хэрэг мандаж дэлхий нийтийг шуугиулсан билээ. Тэд Английн Солсбери хотын итали ресторанд хооллосон бөгөөд түүнээс хэдэн цагийн дараа The Maltings худалдааны төвийн сандал дээр ухаан алдаж унасан байна. Орос иргэдийг ямар нэгэн химийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээллийг Цагдаагийн газар тухайн үед өгч байв. Удалгүй, мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт хүч болгон 180 цэргийн албан хаагч, химийн аюулаас сэргийлэхэд мэргэшсэн 40 тэнгисийн явган цэрэг, Хатан хааны агаарын цэргийн хүчний 20 офицерээр татан оролцуулжээ.
Өргөн хүрээтэй мөрдөх ажиллагааны дүнд аав, охин Скрипалийг цэрэг дайны зориулалттай А-234 зэрэглэлийн “Новичок” хэмээх бодисоор хордуулсан болохыг тогтоосон бөгөөд уг бодис хуучны ЗХУ-д бүтээгдэж, хэрэглэддэг байсны тогтоожээ. Харин ОХУ-ын зүгээс “Новичок”-ийг гаргаж авах үйл явц зөвхөн Орост бус бусад цөөнгүй улсад боловсруулагдаж байгаа” гэсэн мэдэгдлийг хийв. Гэсэн хэдий ч Британийн таль Скрипалийг хордуулах ажиллагаанд ОХУ-ыг хардаж, ОХУ нь АНУ, Британийн тусгай албыг уг асуудалд сэрдсэнээр нөхцөл байдал улс төрийн хямралын хэмжээнд хүрсэн. Улмаар хоёр улс дипломат ажилчдаа харилцан татан авч, бие биедээ тодорхой хориг арга хэмжээнүүдийг авсан юм.
Тухайлбал, Британи ОХУ дахь 23 дипломат ажилтнаа татан авсны дараагаар Европын холбооны олонх улс, АНУ, Канад, Австрали мөн ийм шийдвэрийг гаргасан. “Новичок” хорын талаарх мэдээлэл түгээмэл бус байх бөгөөд зарим цэргийн мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар эмчлэгдэхэд хүнд төрлийн хор гэнэ. Тиймээс ч аав, охин Скрипальд тусламж үзүүлсэн Солсбери хотын эмч нар тэд нарын биеийн байдлыг анх үзээд эмчлэгдэнэ гэдэгт нь ихэд эргэлзэж байсан тухай Британийн хэвлэлүүд мэдээлж байв. Энэ хугацаанд Сергей, Юлия Скрипалийн биеийн байдал аажмаар сайжирч ирсэн бөгөөд охин нь харьцангуй хурдан тэнхэрч дөрөвдүгээр сард эмнэлгээс гарсан бол Сергей удалгүй тэнхэрчээ.